Энэ намар хураах буудайн ургац


Жил бүрийн намрын эхээр ирэх оныхоо гурилын хэрэгцээг тооцож  хураах ургацынхаа хэмжээг гаргадаг нь улс орон бүрд зайлшгүй хийгддэг ажил юм.Тэгэхдээ дулааны улирал урт удаан хугацаагаар үргэлжилдэг,тунадасны хэмжээ тохиромжой бөгөөд тогтмол буудаг,үржил шимтэй хөрс бүхий улс орнуудад   ургацаасаа  экспортод гаргаж ямар хэмжээний валют олох нь чухал байдаг бол манайд дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу, үгүй юү гэдэг дээр төр толгойгоо гашилгаж, тариаланчид нь гурилын үйлдвэр ямар үнээр авдаг бол авсан будааныхаа мөнгийг хэдийд өгдөг бол хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болно.Байгалийн нөхцөл (өгөөж) ийм л зөрүүтэй. Тэгвэл энэ зун ургац буй болоход нөлөөлдөг дээрх хоёр хүчин зүйл ямар байсныг бага зэрэг  тодруулъя . 

2024 оны хавар тариалангийн төв ба зүүн бүсүүдэд хөрсний угтвар чийг муугүйн дээр зарим газарт тухайлбал зүүн бүсэд болон төвийн бүсийн хэсэгчилсэн газарт бороо орсон нь үрийн соёололтод эерэг нөлөө үзүүлсэн. Харин төв  бүсээс хээрийн бүс үрүү шилжих газруудаар хөрсний чийг багасаж гүехэн (3 см –ээс илүүгүй гүнд) үрийг нь суулгадаг рапс соёолохгүй удсан бололтой.  Буудайн соёололт зохих хугацаандаа жигдэрсэн боловч гол хатгалтынхаа эхэн үед нэг хэсэгхэн зуур өсөлт нь удааширч бараг зогсолтын байдалд хүрчээ.  Ийм байдал Хөвсгөл, Архангай, Төв аймгийн тариатай газруудыг хамарч заримд нь бэлчээрийн ургамал хатаж өнгө нь шарлаад байсныг ярж  байна. Үүнтэй давхцаад хэт халуун өдрүүд үргэлжлэн заримдаа өдрийн 13-17 цагийн хооронд 34 хэмд хүрч байсан нь цаг уурын ажиглаглалтаар тэмдэглэгдэн үлджээ.Онолын үүднээс авч үзвэл агаарын температур гучин градус хүртэл халахад буудайн өсөлт бүрмөсөн зогсох ёстой. Үүгээр ч зогсохгүй орсон бороо нь жигд биш,хэсэг хэсэг зурвас газрыг хамраад өнгөрч  байсан байна.
Буудайн ургац буй болоход хамгийн эмзэг үе болох гол хатгалтаас түрүүлэх хугацаан дахь ийм нөхцөлийг дайрч өнгөрөөд байгаа ургацын байдлыг харахад өнгө нь шаргал,хөгжил нь аарцан бололт эхэлж ,ургацын хэмжээгээр 12-13 ц/га орчим байгаа нь гайхмаар санагдана. Төв аймгийн Борнуур Сүмбэр,Сэлэнгийн Баруун ба Зүүнхараад буудайн ургац ийм байдалтай байна. Эдгээр сумд бол  тариалангийн төв бүсээс хээрийн бүс рүү шилжих зааг буюу харьцангуй хуурай бөгөөд хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилон тархсан нутаг юм.  Эндээс хойшлоод улсын хил хүртэл хөрс сайжирч зуны тунадас арай ахиу буух хандлагатай байдаг,өөрөөр хэлвэл ургацыг буй болгодог нөхцөл нь сайжирна. Тэгэхлээр 


Сэлэнгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Цагааннуур болон бусад сумдад Төв аймгийн Борнуур Сүмбэрээс багагүй ургацтай байгаа гэж үзэх боломжтой.

Ийм баримжаагаар тооцоход 300 гаруй мянган тонн буудай хураахаар байгаа юм.Гэвч уутандаа хийж амжаагүй ургацын хэмжээг хэлж болдоггүй гэсэн тариаланчдын хэлц үгийг санаж  хураат ямар нөхцөлд явагдахыг тоймлон бодол санаагаа хэлье. Одоо аарцан болц нь эхэлж өнгө нь хувирчихаад байгаа тарианы хураалт бороо орохгүй бол 15- 20 хоногийн дараа эхэлж таарна, өөрөөр хэлбэл ерийн нөхцөлд хураадгаас хагас сарын өмнө эхлэх учраас техник,үтрем, тээврээ үүнээс өмнө бэлэн болгох шаардлага гарна. Гэтэл найман сард бороо орж сэрүүсэх мэдээтэй байгаа нь бүр ч хүндэрнэ гэсэн үг. Учир юу гэвэл хэнз түрүү үүсэхийн зэрэгцээгээр бүрэн бололт нь эхэлж байсан үрийн чийг нэмэгдэж дахин нялхрах, хог ургамал ихсэх гэх мэт ургацад  сөрөг нөлөө бүхий хүчин зүйлүүд цөөнгүй байдаг.Мөн тариа  налах, мөндөрт цохиулах, ангилан хураах үед хадаж хэвтүүлсэн тариа мөрөн дээрээ ургах явдал жил бүр  ямар нэгэн хэмжээгээр гардгийг бид олон удаа үзэж харсан болохоор сайн мэднэ. Ургац хэмжээтэй юм болохоор хураалтын явцад ийнхүү хорогдохоос гадна  чанар нь муудаж хүнсэнд хэрэглэх боломжгүй болох тохиолдол бас бий. Ийм үед малын тэжээлд хэрэглэж болдог ч үнэ нь буурдаг учраас тариаланчинд эдийн засгийн хувьд хохиролтой.  
Тариаланчид өнгөрсөн нам­рынх шиг буудай ишин дээрээ соёолох үзэгдэл давтагдахаас   ихээхэн болгоомжилж  байгаа бололтой.Миний мэдэхийн сүүлийн 60 жилд 1964,2024  онуудад тус бүр давтагдсан биологийн энэ гажигтай ховор бөгөөд хор хөнөөлтэй үзэгдэл уур амьсгалын хувьслын нөлөөгөөр давтамж нь ойртох тал байж болох ч өнөө жилийн хувьд цаг агаарын нөхцөл өнгөрсөн жилийхээс өөр байгаа болохоор гайгүй болов уу .                    
Байгалийн эдгээр бэрх­шээлүүдийн зэрэгцээгээр  бас хүний, зөвхөн монгол хүний хариуцлагагүй, амиа боддог арчаагүй зан болон  үйл ажиллагаанаас болж учирдаг саад бэрхшээлүүд бий.Манай тариалангийн талбайд жилийн аль ч улиралд мал бэлчээгүй байх тохиолдол тун ховор. Харин сүүлийн жилүүдэд хашаатай болсноос хойш ургалтын хугацаанд тариа малд нэрвэгдэх нь бага зэрэг буурсан ч хураалт эхлэхтэй зэрэгцээд л адуу үхэр комбайнтай уралдаад туучихдаг. Тэгээд ч зогсохгүй малын эзэд нь хашааны торыг тасдах, шонгийг нь хугалах, сугалах зэрэг шууд хорлон сүйтгэх ажил хийх нь ерийн хэрэг. Мөн хураалтын үед теникийн тохиргоо, бүрэн бүтэн байдал, комбайнчны анхаарал, ажлын хариуцлагаас болж ямар нэгэн хэмжээний хаягдал гардаг.Эдгээрийг багасаж чадвал 300000-аад тонн,магадгүй хэрэгцээгээ хангах хэмжээний ургац авахыг ч үгүйсгэхгүй. Үүл багатай, тэнгэр цэлмэг байвал хураалт төдийлөн хүндэрдэггүй.Харин цаг агаарын мэдээгээр зарлагдсан бороотой бүрхэг сэрүүн өдрүүд удаан үргэлжилбэл юуны өмнө болц жигд бөгөөд түрүүлж яваа талбайгаа шуудаар ч атугай хураах нь ашигтай байж болох юм. Ингэж хураасан ургацыг үтрэмд буулгасан даруйд нь цэвэлэж хог ургамлын ба нойтон үрнээс нь салгах хэрэгтэй. Болц жигд биш юм уу хог ургамалтай талбайн ургацыг ангилан хадаж мөрөн дээр нь сайн хатаагаад хамж цайруулбал зохино. Тарианы болц  ердийн жилүүдийнхээс эрт эхэлж байгаа болохоор цаг хугацааны хувьд ийнхүү ангилан хураах боломж гарна байх. Өнөө жилийн ургац хураалтыг хэр зэрэг оновчтой шуурхай зохион байгуулж, ямар үр дүн гарах нь удахгүй тодорхой болно.       
Б.Дорж

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 


0
angry
1
care
0
haha
2
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө