Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт урд хөршөөс шууд хамааралтай улаанбаатарчууд намрын эхэн сарыг хүлээдэг. Ургацаа хураасан тариаланчид ирэх хаврын бэлтгэлээ базаахаар зэхдэг бол нийслэлийнхэн шинэ ургацын ногооноос шим тэжээл авахаар эх орны хөрсөндөө тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хэрэглэдэг үе нь найм болон есдүгээр сар. Шинэхэн ургацын "өнгө" айл гэрийн ширээг хэсэгтээ л чимдэг цаг. Тиймдээ ч тусгайлсан байршлуудад зохион байгуулж буй шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг зорьцгоодог. Нийслэлчүүдийг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор өргөтгөсөн худалдааг 21 байршилд “Алтан намар”-ын түрүүчийн ургацыг дэлгэжээ. Төмөр замд бидний нэрлэж заншсан “Мянган машины зогсоол”-д гарч буй шинэ ногооны үзэсгэлэн худалдаанаас “Дугаарын сурвалжилга” бэлтгэлээ. Энд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр худалдаалж байв. Хүүхэд шигээ бөөцийлөн тариалсан бүтээгдэхүүнээ шинэ соргогоор нь худалдаалахыг ногоочид зорьдог. Улаанбаатар хоттой нутаг залгаа, авто замаар холбогдсон аймаг, сумын тариаланчид “Намрын ногоон өдрүүд"-эд өргөнөөр оролцдог. Алс хязгаар Ховд, Өмнөговь аймгийн ногоочид ч зорьж ирсэн тухайгаа хуучиллаа. Сэлэнгийн тариачид төмс, лууван, өргөст хэмх зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногоотой жил бүр оролцдог. Тэгвэл Ховдын ногоочид нутгийн брэнд тарвас, амтат гуаны дээжээс авчирсан бол өмнөговьчууд говийн элс, нарны шимийг шингээсэн улаан лоолийн амтлагаат худалдаа явуулж байна. Ийнхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй тариаланчид нутаг нутгийн онцлог бүхий ногоогоо олон нийтэд нэг дороос борлуулж байна. Энэ бол иргэдэд таатай боломж юм.
Шуудайгаар нь авбал илүү хямд
Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногоо энэ жил тун боломжийн үнэтэй гарсныг үйлчлүүлэгчид онцолсон. Ногоог шуудайгаар нь авбал нэгжийн үнээс хямдруулж, бөөний ханшаар бодож байгаа учир иргэд найз нөхөд, ахан дүүсээрээ хамт авч байлаа. Олон шуудай ногоо авсан тохиолдолд тариаланчид худалдан авагчийн заасан байршилд хүргэх өгөх юм байна. Жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцдог ногоочдоо худалдан авагчид анддаггүй бөгөөд тариаланчид ч урамшуулж, шинэ ургацынхаа дээжээс бэлэглэх нь сайхан. Хүнсний ногооноос гадна даршилсан ногоо, салат, нарийн ногоо, зөгийн бал худалдаална. Иргэд хүнсний ногоогоо хөлдөөж нөөцлөх, нөөшлөх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Шинэ ургац иргэдийн эрүүл мэнд төдийгүй, эдийн засаг, экосистемд ч чухал байр суурь эзэлдэг. Ургац хураах үеэр тариаланчдын хөдөлмөрийг үнэлж, худалдаа зохион байгуулдаг нь намрын өнгө төрхийг харуулахаас гадна үндэсний үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүргийг сурталчлан таниулдаг. Манай улсын ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнн салбарт ажиллаж, ДНБ-ий 32 хувийг бүрдүүлдэг аж. Намар бүр олон нийтийн хүлээдэг болсон тус үзэсгэлэн худалдааг зорин ирж хүнсээ базааж буй худалдан авагчдаас сэтгэгдлийг нь тодруулбал “Хүнсний ногооны тухайд олон газраас ирсэн тариаланчид байгаа учраас сонголттой юм. Дэлгүүрийн үнээс хямд санагдлаа. Үзэсгэлэнгийн асруудыг бүтэн тойрч үзлээ. Шинэ ногооны амт гоё, өнгө сайхан харагдаж байна. Гэр ойрхон учраас автомашингүй ирсэн. Даах чадлаараа л ногоогоо авлаа” хэмээн ярив. Бүхий л бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангаж, түүнийгээ иргэдэд хямд үнээр борлуулж буй нь авууштай. Тиймээс амралтын өдрүүдэд хөл тавих зайгүй асар дүүргэх болсон байна. Энэ байдлаас ажвал "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааг иргэд болон тариаланчид хүлээх нь аргагүй юм. Хэд хэдэн үзэсгэлэн худалдаагаар зочилсон иргэд ногооны үнэ өөр, өөр байгаад гайхаж байлаа. Үүнд ногоочид “Бид нэг ширхэг төмс тарихын тулд хэчнээн их хүч хөдөлмөр, хөлс урсгадгийг хүмүүс сайн мэддэггүй юм. Ганцхан хүн ногоо тарихгүй. Маш олон хүний хүч хөдөлмөр хэрэгтэй. Бас хурааж авахад хүртэл техник технологи, бензин тос их шаардана шүү дээ. Тиймээс энд үнэтэй байна, тэнд хямдхан байна гэж харьцуулахаасаа урьтаж, тариаланчид ямар их хүч хөдөлмөр зарцуулдгийг ойлгуулахыг хүсэж байна” гэв. Тухайлбал, Өмнөговийн улаан лоолийг кг нь 12 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол төвийн аймгуудад тарьсан нь 5000 төгрөгийн ханштай байлаа. Мөн Ховдын тарвас кг нь 5000 төгрөг буюу хамгийн үнэтэй байгаа нь орон нутгийн онцлогт эрүүл хүнс, тээвэрлэлтийн зардал шингээсэн өртөгтэй холбоотой гэж тайлбарлаж байлаа. Ховдоос ирсэн ногоочид “Манайх олон жил тарвас тариалсан учраас үр, сорт, бордоо, арчилгааны аргатай. Үрээсээ хамаараад эрт болдог сорт гэж бий. Ер нь Ховдын тарвасыг амттай, химийн найрлагагүй гэж хүн бүр мэддэг болсон. Ингэж алдаршуулахад О.Хангай аваргын нөлөө их шүү. Гадуур манай аймгийн нэрийг ашиглаж, гарал үүсэл нь тодорхойгүй тарвас худалдаалдаг юм билээ. Бид нутагтаа тарвас тарьдаг хүмүүсээ сайн танина. Тийм зөвшөөрөлгүй худалдаалж байгаа хүмүүсийг харахад л зүс үзээгүй нөхдүүд байдаг. Иргэд үзэсгэлэн худалдаанаас очиж манай нутгийн тарвасыг аваарай” гэсэн юм.
“Намар цагт сэлэнгэчүүд хамгийн баян”
“Хүнсний хувьсгал” өрнөж эхэлснээр ногоочдод амьжиргаагаа дээшлүүлэх, хураасан жимс, ногооныхоо үр шимийг хүртэхийн тулд зөв хадгалах, худалдан борлуулах зэрэг асуудлыг нь үе шаттай шийдвэрлэж эхэлсэнд баяртай байгаагаа үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн төлөөллүүд хэлж байв. “Намар цагт сэлэнгэчүүд хамгийн баян” хэмээн зунжин ургуулж, тарьсан ногоо жимсээ дэлгэн танилцуулж буй тариалангийн бүс нутгийнхан энэ жилийн түрүүч ургац арвин байгааг онцоллоо. Энд ирсэн ногоочид жил бүрийн “Намрын ногоон өдрүүд”-ээр шилдэг нь байхыг зорьдгоо нуусангүй. Сэлэнгэ аймгаас Шаамар, Сүхбаатар, Зүүнбүрэн, Мандал, Цагааннуур, Жавхлант, Орхон, Хушаат, Баруунбүрэн сумын 80 гаруй ногоочин, дундын хоршооныхон Улаанбаатарт иржээ. Тэд ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид шинэ ногоо тасрахгүй хэмээн бардам хэлж байлаа. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланч Мөнхцэцэг “Манай асарт найман нэр төрлийн хүнсний ногоо худалдаалж байна. Маш боломжийн үнээр борлуулж байгаа. Тухайлбал, төмс 1500 төгрөг, манжин, лууван 2000 төгрөг” гэсэн юм. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тариаланч Д.Жавзандулам “Би гурав дахь жилдээ оролцож байна. Энэ жил өөрийнхөө тарьсан таван нэр төрлийн ногоотой ирсэн. Бригадынхаа ногоочдын тарьсан жимс, ногооны дээжээс авчирлаа. Манай сумынхан хүнсний бүдүүн ногоог түлхүү тариалдаг. Ялангуяа хүрэн манжин, луувангаараа алдартай. Сүүлийн жилүүдэд нарийн ногоог амжилттай нутагшууллаа” Мөн дундын хоршооны тариачид ургацын дээжээсээ авчирчээ. 300 гаруй тариаланчтай хамтран ажилладаг аж. Тариаланчдаасаа ногоогоо татаж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй борлуулдаг гэнэ. Худалдан авагчид ч тогтоосон үнийн дүнг боломжийн байна гэсэн сэтгэгдлийг илэрхийлж байна. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлж байгаа аж. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачид орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг дор бүрнээ хичээж байлаа.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна