Орчуулагч: Д.Оюунгэрэл
ЧҮНДЖ паблишинг
09:00 цаг гэхэд мань эр хүрч иржээ. Ийм эрт хаанаас явдаг билээ. Хотоос наашлах унаа мал байхгүй дэг. Марья авгайн пийшин дөнгөж халж байлаа. Сашкад будааны зутан, хэдэн гахайндаа төмс чанаж, сүү хөөрүүлэнгээ "Яндангаа хаах уу, байх уу" - гэсэн шүү юм бодож зогсов.
- Орж болох уу гэх дуунаар эргэвэл өмд нь үрчийсэн хар хослол, цагаан цамц, зангиатай эр хаалгаар цухуйжээ. Ганган гэж. Гялгар хар шаахай нь хуриманд өмсмөөр эд юм.
- Би ирлээ, ижий.
Марья зогссон газраа таг гацаж
- Хэн бэ, чи чинь хэмээн үл таних эрээс лавлалаа.
- Би юу, Хүргэн чинь байна, гээд цаадах нь бандан дээр хөлөө ачин суугаад авчээ.
Марья нүдээ анийлган байж
- Яасан ийсэн хүргэн гэвэл:
- Сашкагийн эцэг гэв ээ.
- Аа-аан! Тэр байж. Олдох шив.
- Олдоно гэж юу гэсэн хэл вэ. Би алга болоо ч үгүй гэж зангиат дургүйцэв.
- Тэр байж. Эцэг нь. Хот хүрээнээс шууд ирэв үү. Эсвэл өөр газраас явна уу.
- Хотоос ирлээ, ижий.
- Тэнгэр минь. Эцэг нь гэнэ. Алив, би хүүг дуудаад орхиё.
- Дууд дууд, ижий. Харъя. Өсөө байлгүй.
Марья хариу хэлэлгүй гарлаа. Сашка ил алга. "Цөөрөм ороо байх даа. За яахав, гүйгээд ирэх биз" гэж бодоод гэрт буцаж оров. Хүргэн мөнөөх хэвээр сууж л байна.
- Үзэгдэх бараа алга.
"Юугаар дайлах билээ. Өндөг тавих уу" Ингээд зоорь луу бууж, хусан савтай дарш гаргаж ирээд:
-Хүүхдүүд цөөрөмд очиж тоглодог. Тэнд л яваа бий вий гээд, давсалсан мөөг таваглаж, дээр нь сонгино зулгааж тавив. - За, төмс удахгүй гарна. Хүн хар ирнэ гэж мэдсэнгүй. Дарс амсдаг уу.
- Би чинь орос хүн, ижий. Бусдын л адил.
- Балгадаг байх нь гээд Марья ширээнээ ганц шил хатуу юм тавилаа.
- Балгахгүй ээ. Амсдаг төдий, гэж хүргэн гоморхов.
- Би харин хэлээд л байна. Эсвэл буруу зөрүү хэлэв үү?
- Ялгаа бий гээд хүргэн долоовор хуруугаа гозойлгож, - Ухаан мэдээгээ алдтал согтоод, хоншоороороо газар ухаж, эрүүлжүүлэхээс салдаггүй нөхөд бий. Харин би амсдаг л хүн гэж байна.
- За, за. Өөр юу өгдөг юм билээ. Даршилсан загас иднэ үү гэж ядмагхан ширээгээ харан эзэгтэй асуув.
Хүргэн ярвайж ирснээ гараа савчиж
- Гаргаад ир гэж байна.
- Юунд ярвайв. Үнэтэй сайхан загас.
- Би ярвайлаа гэж үү, ижий? Хамар загатнаад, найтаах гээд байхад.
Марья ширээний ард сууж, хүргэн хүү архи хундагалан барив.
- Тэгэхээр, уулзсаны төлөө! Ижийн алдар хэн билээ.
- Марья Петровна.
- Ойлголоо. Намайг Виктор гэдэг.
- Мэдэж байгаа.
- Тэгвэл нэг барьчих уу.
- Би амсдаггүй. Өөрөө уу.
- Тэгж таараа гээд хүргэн эхний жүнзийг явууллаа.
- Чи их удаж ирлээ хэмээн Марья мань эрийн сэвхтэй урт хамрыг ширтэн хэлэв.
- Одоо болсон, ижий. Болсон. Эндээ амьдарна.
- Төрөх эмнэлгээс гарахад нь ч ирээгүй. Залуу хүүхэн ганцаар хүүхдээ тэврээд гарах ямар олиг байх вэ дээ. Хүлээж л байсан биз.
- Явуулаагүй юм аа.
- Хэн явуулаагүй гэж?
- Манай хатагтай. Юу эс тохиох вэ, тийм биз дээ. Бүхэл бүтэн хүн мэндэлчхээд байхад хааш зайлах билээ. Тэгтэл явуулж өгөхгүй намайг хардаад, яасан гэж санана. Уг нь Вера бид хоёр чинь хайр сэтгэлээр учирсан улс шүү! Та битгий муу юм бодоорой. Балай авгай л намайг явуулаагүй хэрэг. Өнгөрсөн явдал юм даа, ижий.
- Хайр сэтгэлтэй гэх. Таван жил өнгөрчихсөн байдаг.
- Харин тэгээд л учир начраа олж гарч ирэх гэсээр энэ шүү дээ. Би ахиад нэг татчих уу.
- Аягал аягал. Өөр яах гэж архи тавих вэ.
Хоёр дахь хундагаа хоослоод, сүрхий ярвайн
- Хэлээд байна шүү. Шууд салж болно гэж үү гэж хэхрэв.
- Даруулга ид гэм. Эс бөгөөс хоншоороороо газар ухах хэрэг гарна гэж Марья ширүүлэв.
- Тэр хүүхэн хууль журам их мэднэ. Жаахан л эвгүйтвэл зүйл анги яриад эхэлдэг.
- Хүүхдийн тэтгэмжийн мөнгө яагаад явуулсангүй вэ гэж Марья яриаг нь таслав.
- Одоо өгнө, ижий. Морь мал шиг зүтгэж зүтгэж, жаахан цалин мөнгөний бараа харахаар нөгөө хүүхэн хамаад авчихдаг. Гурван мянгыг буцаагаад гуйхаар ганц мянга л хялайлгана шүү дээ. Ярих юм биш.
- Мөнгөөр яадаг юм бол. Гангалаад л байх уу.
- Жигтэйхэн гангарна. Дээр нь хоёр ам ангайгаад байж байгаа, тэднийгээ тэжээнэ. Ядахад манай хэлтсийн ахлах намайг байнга хөөнө тууна гэж дарамтална. Төрсөн өдөр болоод, би ажилдаа явахгүй жаахан балгачихгүй юу. Тэр өдрөөс хойш намайг зуучхаад ер тавихгүй. Юм л бол цалин цавуу хасна. Тийм байхад юун тэтгэмж.
- Ай, зайлуул даа.
- Ийм л байна гэж хүргэн санаа алдаад, шилтэй цэнхэр лүү гурав дахиа гар сунгав.
Төмс мөөг идэж аваад асуух нь
- Хүү яаж байна. Том болсон уу.
- Том болсон.
- Өндөр болоо биз.
- Өндөр өө.
- Эх нь эрхлүүлж гүйцээ биз гээд хүргэн ч гэнэт ширүүн дүрд орлоо. Тэгснээ
- Ижий та сайн хянаарай. Буруу эрхэлбэл өнгөрнө шүү. Би хоёр хүүхдээ дийлэхээ байсан хүн. Бухын хүзүүнээс хатуу гэж зүйр үг ч бэлэн байна. Үгэнд орохгүй бол зод. Би эцгийн хувиар зөвшөөрч байна. Тустай байдаг юм гэлээ.
Марья хэнгэнэтэл санаа алдаад, толгой дохив.
- Намайг та яах гэж ирсэн гэж бодно.
- Яах гэж.
- Вератай бүрмөсөн амьдрах гэж ирлээ шүү дээ.
- Бүрмөсөн гэж Марья дуу алдав.
- Тийм ээ. Одоо бол шийдсэн. Манай хатагтай яасан гээч
- Яасан гээд эзэгтэйн нүд дүрлийнэ.
- Индүүгээр намайг цохисон. Хар даа, шууд ийшээ, улаан нүүр лүү.
- Индүүгээр ээ. Халуунаар нь уу. Ээ, хөөрхий минь.
- Үгүй ээ, хүйтэн индүү. Хөхөрчихсөн.
- Хүйтэн үү. Аштай юу даа.
- Тийм хүүхэнтэй амьдарч тэсэхгүй. Вера дээрээ л ирье гэж шийдсэн. Мөн ч тэвчсэн шүү.
- Яасан гэж индүүддэг байна.
- Яах юу байх вэ. Тамхи асаачих уу.
- Тат тат гэж Марья зөвшөөрөв.
- Яагаа ч үгүй байхад гээд бодчих. Цалин буухаар нь халаасалж яваад суйлуулчихлаа. Тэгээд эрчүүдтэй гурван мянгаар ганц хоёр шил юм гуялахгүй юу. Би ямар бусадтай адил унаж тусан гудрах биш, гэртээ яваад л ирлээ. Цалингүй. Үнэнээ хэлэв. Эхлээд давсалсан өргөст хэмх шидэж байна. Өдрийн хоолноор шүү дээ. Дараа нь индүү аваад цохиж байгаа юм. Ингээд л би салаад ирлээ.
- Давсалсан өргөст хэмхээр гэнэ ээ гэж Марья ахин өрөвдөв.
- Давсалсан, ижий.
- Бүрмөсөн гэв үү гээд Марья хүргэний хөлөөс толгой хүртэл гүйлгэн харж, - Чемодан чинь хаана байна гэж асуулаа.
- Чемодан сав байхгүй ээ, ижий. Хөрөнгөө салгаагүй.
- Аан, за за.
Марья учрыг ойлгон босож, цонхны дэргэд очиж зогслоо. Зангидсан гараар шанаагаа тулж, таван минут хэртэй гадагш ширтэв. Ард нь хүргэн гэгдэгч ширээн дээрхийг хуу хаман шалир шалир зажилж сууснаа
- Вера ингэхэд хаачаа вэ гээдэхлээ шүү.
- Вера юу Вера Мурманск хотод суугаа. Тийм хот дуулсан биз дээ.
- Юун Мурманск гээд хүргэний нүд дүрлийж ирэв.
- Ээ, хүү минь. Цэргийн хүнтэй суугаад тийш томилогдсон.
Хүргэн амаа ангайж, хэдэн минут үг дуугүй гөлийж сууснаа гэв гэнэт ухаан орж
- Аанхаа. Тэгэхээр Сашка энд байж таарав уу. Хүүгээ чавганцад үлдээчхээд өөрөө арилаад өгсөн юм биз дээ. Алдаг авгай шив! Өөрөө тэнд, хүү нь энд харж хандах ч хүнгүй. Хаяад явж гээд л цамнаж гарлаа.
- Сашка биш ээ, Ромка.
- Ямар Ромка?
- Ромка гэж нэрлэсэн шүү дээ. Сашка гэдэг чинь өөр зээ хүү. Машагийн хүү. Маша нь бас миний охин. Ромкаг аваад явцгаасан. Овгийг нь сольсон гэнэ лээ.
Зангиат үг дуугүй дүнсийн сууж байснаа
- Би таны хүргэн биш болж таарлаа гэв.
- Тийм шиг байна гэж Марья дуугарлаа.
- Хөгшин авгай минь, яах гэж толгой эргүүлсэн хэрэг вэ гэснээ хүргэн болох шахсан эр шилтэй архийг авч, үлдээлгүй шавхаж залгилаад, - Би ч явах уу даа гээд босжээ.
- Яв даа, яв. Бүтэн лонхыг цааш нь харуулчихсан, харьж дийлдэг байгаа.
Вера үдэш ажлаасаа ирээд юуны түрүүнд
- Сашка өнөө өглөө манайхаас нэг ах гарсан гэх юм гэж эхээсээ шалгаав.
Марья гараа тоомсоргүй савчаад
- Цахилгаанчин ирж, тоолуур шалгаад явна лээ гэжээ.
Хүүхдүүд унтахаар хэвтсэний хойно Марья авгай гэрээс гарч, хашаа налуулж бухалдсан өвсийг налан, чимээгүйхэн нулимс унагаж зогсжээ.
Зохиогч: Алексей Кнутов
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна