Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах болон Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ.
Хэдхэн жилийн өмнө зай олдвол л автомашины граж тавьчих гээд байдаг байлаа. Орчноо дагаж хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхийн хэрээр зай олдвол бичил цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газруудыг барьж байгуулах тухай ярьдаг болсон. Үүнийгээ дагаад Нийслэл хотын оршин суугчдын тав тух, амьдрах орчин сайжирсаар байгаа гэдэгтэй хэн ч үл маргах биз. Нийслэл хотын тохижилт, иргэдийн тав тухтай амьдралыг хангах бүтээн байгуулалтын нэг бол Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгын суурин дээр барих далд зогсоолтой амралт, зугаалгын цэцэрлэгт хүрээлэн юм. Уг барилыг нураах явц нэлээд ширүүн маргаан дунд өрнөсөн ч нийслэлийн иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн бариулъя гэдэг санал өгсөн байдаг. Энэ мэтчилэн “Бүтээн байгуулалт тохижилтын жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотод маш олон ажил, бүтээн байгуулалт хийгдэж эхлээд байгаа юм. Бүтээн байгуулалтын ажлууд зарим нь сууриа тавьж байхад зарим нь ашиглалтад орсон мэдээтэй.
Нийслэлийн бүтээн байгуулалт тохижилтын хүрээнд хийгдэж байгаа бас нэгэн томоохон бүтээн байгуулалт Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Өвлийн спортын ордон. Төслийг гүйцэтгэх тендерийг энэ оны гуравдугаар сард зарлаж барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн 2025 онд багтаан хийж дуусгахаар төлөвлөөд байгаа. Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэх төдийгүй өвлийн олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой болж байгаа юм. Нийслэлийн иргэдийн амралтаа тав тухтай орчинд өнгөрөөх бас нэгэн цогцолбор ийнхүү шаваа тавилаа. Нийтийн хэрэгцээний томоохон хэмжээний ийм цогцолборуудыг хотын зах руу гаргаж барих нь замын түгжрэл гэдэг том асуудлыг шийдэх нэг арга хэлбэр болов уу. Замын түгжрэлийг шийдэх олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь замын сүлжээг тэлэх, гүүр, гарц нэмэх. Нийслэлийн түгжрэлийн нэг том шалтгаан нь хотын дундуур дайран өнгөрдөг төмөр зам байдаг. Хотын дундуур явсан төмөр замаа дөрвөн гүүрээр л давдаг. Хотын төвд төмөр замтай огтлолцсон хоёр гарц, доогуур нь гарсан хоёр нүхэн гарцаар нэвтэрдэг. Харин нүхэн гарцаа олшруулж Хермес, Таван шар, Геологийн төв лаборатори, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцыг барьж байгуулснаар ачааллыг тодорхой хэмжээнд хуваалцах, түгжрэлийг багасгахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Нийслэл энэ жилдээ багтаад гурвынх нь ажлыг бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотын үе, үеийн Засаг дарга нарын толгойны өвчин болсон олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой хотыг тараан байршуулах гэдэг агуулгыг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч ажил хэрэг болсон нь үгүй. Үүнд хотын захиргаа манлайлал үзүүлж Яармагт бүх бүтцээрээ нүүж очив. Дээр өгүүлсэн аз жаргалын тухай ойлголтод “20 минутын хот”концепц нийцэж байгаа юм. Гэрээс ажил, ажлаас гэр хүрэх зай болон хүүхдийн сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээ нэг дор цогцолсон байх нь иргэний амьдрах хамгийн таатай нөхцөл.
Улаанбаатар хотын "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслөөр дамжуулан Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн зургаан шинэ дэд төвийн ажлыг есөн жилийн хугацаанд бүтээн байгуулж дуусгахаар гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны нийт 158 га газарт хийгдэж байгаа билээ. Ирэх есдүгээр сараас тус бүтээн байгуулалтын эхний ээлжийн барилгын ажлыг эхлүүлэхээр болж газар чөлөөлөлт хийгдэж байгаа юм. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутгийг хамарсан 23 га газар эхний ээлжийн хоёр блокын суурь цутгалт, барилга угсралтын ажлыг эхлүүлж, ирэх онд ашиглалтад оруулж айлуудаа оруулах төлөвлөгөөтэй. Сэлбэ дэд төв бүтээн байгуулалтын ажил 12 мянган айлыг орон сууцаар хангах юм байна. Эдгээр орон сууцыг зах зээлд худалдан борлуулахгүй бөгөөд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхөд тухайн газартай нь дүйцүүлэн байр олгоно гэсэн үг.
Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болох юм. Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжид 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг гэх мэт төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25.400 орчим хүн дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэнэ. Дулааны шугам сүлжээнд иргэд холбогдох эсэх нь иргэдийн оролцоо, идэвхээс шууд хамаарна. Иргэд идэвхтэй оролцвол, дулааны станц ашиглалтад ороход дулааны шугам сүлжээнд холбогдон тав тухай амьдрах боломж бүрдэх ба бидний өмнө тулгарсан том бэрхшээл болох агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Уг дулааны станц ашиглалтад орж айл өрхүүд шугам сүлжээнд холбогдсоноор хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15.000 тонноор бууруулж, 3.700 өрхийн зуух, 10 гаруй ААН-ийн уурын зуухыг халах боломж байна. Сэлбэ дэд төвийн иргэдийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 55.77 хувь хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаатай ажиллаж байна.
Орчин үеийн хүний аз жаргалын талаарх ойлголтод “Ажил нь гэртэйгээ ойр бол аз жаргалын 60 хувь юм”гэдэг үг орж ирсэн байдаг. Улаанбаатар хотын тохижилт, өнгө үзэмж өдрөөс өдөрт засран сайжирч, байшин барилгууд дүрэм, журмын дагуу орц хаалгаа шийдэн, хашаа хаалт байхгүй болж, явган хүний зам талбай саруулсаад байгаа нь ажиглагдаж эхэлсэн. Гэрээс ажил, ажлаас гэр хүрэх хооронд хэдхэн минут алхах боломжтой болж байгаа нь хүмүүсийн сэтгэлгээнээс хувийн явцуу эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг гэдэг ойлголт сууж эхэлсний сайн жишээ болж байна.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна