Урт цагааны урт түүх, үүсмэл соёлын бүтээн байгуулалт


Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэрийг хотын удирдлагууд гаргаж байлаа. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн байдаг. Барилга байгууламж барих бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, "Бодь пропертийз" ХХК гүйцэтгэгчээр шалгарснаар өнгөрсөн баасан гарагт гэрээгээ байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ондоо газар доорх зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ирэх хавраас цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг дуусгана. "Бодь Пропертийз" ХХК-ийн хувьд барилга бүтээн байгуулалтын салбарт амжилттай ажиллаж байгаа хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг бөгөөд амжилт үйлсээрээ үргэлж манлайлж яваа хамт олон. Тэдний хийсэн том бүтээн байгуулалтаас нэрлэвэл "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг онцолж болох юм. 

Үүсмэл соёлын бэлгэ тэмдгүүд

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх нээлт дээр хүрэлцэн ирсэн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлсэн үгэндээ “Хотын төвийн нягтаршил ихтэй бүс учраас бүтээн байгуулалтын ажил хийхдээ замын хөдөлгөөнд саад учруулахгүй аюулгүй байдлыг сайтар хангаж, чанартай бүтээн байгуулалт хийх нь чухал” гэдгийг онцолж байв. Ингэж хэлдэг нь учиртай. Үүгээр өдөрт гадаадын жуулчид болон хөдөөнөөс ирэгсэд, иргэд гээд өдөрт 500-800 хүн зорчин өнгөрдөг гэсэн статистик бий. Улаанбаатар хотын өнгө төрхийг гадна, дотнын зочдын өмнө тахалдаг цөөхөн газруудын нэг учраас аюулгүй байдал, иргэдийн тав тухыг хангах нь нэн чухал. Хөдөөнөөс хотыг зорин ирэгсэд “Урт цагаан”-ы үүдэнд болзоо тогтоох нь элбэг шүү дээ. Их дэлгүүрээр хэсэхгүй, орохгүй, үйлчлүүлэхгүй хөдөөний хүн гэж Монголд бараг үгүй байлаа. Одоо ч энэ үүсмэл соёл байсаар байгаа гэдэгт би лав итгэлтэй байна. Их дэлгүүрээр л орж ховор, живэр бараа олж авна гэдэг ойлголт тэдний далд ухамсарт суучихсан гэхэд хилсдэхгүй. Жаахан хэтрүүлэгтэй байж мэдэх ч үнэн. Хэрэгтэй ч бай үгүй ч бай их дэлгүүрээр орсон бол одоо хойш эргэж Мобикомын төвөөр орж гар утасныхаа асуудлыг шийднэ. Үйлчлүүлэх газрууд нь нэг дор байхад хэн дургуй байх билээ. Ажлаа бүтээж дуусаад “Туул” ресторанд үдийн хоолоо зооглох таатай боломж бүрдэнэ. Ингэх л гэж тэд “Урт цагаан”-ны үүдэнд болздог юм. Туул рестораны хуйцаа одоо хэр нь зарим хүний хоолны дуртай цэсэнд бий. Хэвшмэл ойлголт үүсмэл соёлыг бий болгодог. Ийм үүсмэл соёлын бэлгэ тэмдэг Өндөр хоршоо, Туул ресторан, Урт цагаан юм л даа.
Дэлхийн улс орнуудад ч төв талбайгаас гадна иргэд нь чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх, гадаадын аялагч жуулчдын сонирхон очдог дурсгалт газруудтай байдаг. Италийн Венци хотын Сан Маркын талбай, АНУ-ын Нью-Йорк хотын Таймс Скуар, Польшийн Краков хотын төв талбай гэх мэт дурсгалт газрууд нь шинэ болон хуучин өвийг нэгтгэсэн хотын соёл, үнэт зүйлийг цогцлоосон, тухайн хотынхоо бэлгэ тэмдэг учраас жуулчдын сонирхлыг татдаг. Жилд хэдэн сая жуулчдын очихыг хүсдэг эдгээр мөрөөдлийн газрууд орчин үеийн шинэ хэв маяг шингээсэн үүсмэл соёлыг бий болгосон нь сонирхолтой. 
  


Түүхэн хөгжил

Өнөөгийн Улаанбаатар хотын хувьд ийм цөөхөн газруудын нэг яах аргагүй Жуулчдын гудамж юм. Иx xүрээний үеийн Худалдааны гудамж, Улаанбаатар хотын анхны худалдааны гудамж нь XVIII зууны эцсээс XIX зууны эхэн үед үүсжээ. Энэ гудамж дундуур Баруун Сэлбийн гол урсдаг байсан бөгөөд одоогийн Барилгачдын талбайгаас баруун тийш Урт цагаан, "Бөмбөгөр" худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл худалдааны захууд байсан гэдэг. Энд хүнс, мах, төмөр, мод, чулуу, алт мөнгөний төрөлжсөн захууд үйл ажиллагаа явуулдаг байснаас гадна монгол урчууд, хятад инжаан, орос, америк тэргүүтэй гадаадын худалдааны пүүсүүд байрлаж байв. Худалдааны гудамжинд 1954-1961 онд хэрэгжсэн Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр гудамжийг өргөтгөж, хойд хэсэгт архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг барьсан нь “Урт цагаан” хэмээн ард олны дунд нэршжээ. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 онд Жуулчны гудамж гэж нэрлэж ирсэн байдаг. Энэхүү гудамж нь Чингэлтэй дүүргийн I хороо, Жуулчны гудамж, Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш "Бөмбөгөр" худалдааны төвийн урд талын Их тойруу, С.Чоймболын гудамжны уулзвар хүртэл бий. 

Цогц төлөвлөлт

Өнөөгийн бидний сайн мэдэх Жуулчны гудамжинд Их хүрээний үе, Нийслэл хүрээний үе, Социализмын үеийн Дүрслэх урлагийн музей, анхны кино театр, Туул ресторан гэх мэт түүхэн барилга байгууламж нэг дор байдаг онцлогтой. Орчин үеийн хот төлөвлөлтөд уран барилгын ансамблийг чухалчилдаг. Нэг нь нөгөөгөө илэрхийлсэн уран барилгын цогц шийдлүүдийг европын орны хотуудаас харж болдог. Хэд хэдэн үеийг төлөөлсөн барилгын замбараагүй нийлбэр нь хотыг гоёмсог, үзэмжтэй болгохоос илүү сүр дарж орхидгийг хэн хүнгүй л мэдэж, мэдэрч суудаг биз. Хэдийгээр хотууд хоёроос гурван зуун жилийн давтамжтай шинэчлэгдэн баригддаг гэж бичдэг ч хот төлөвлөлтийн архитекторууд илэрхийллүүдээ хэрхэн мартаа аж. Хотжих явц эрчимжиж эхэлсэн 1950-аад оны үеийн барилгууд Улаанбаатар хотын барилгажилтаас хасагдаад гарын таван хуруунд багтах хэмжээтэй үлдсэний нэг нь олноо “Урт цагаан” хэмээн алдаршсан Хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилга байлаа. “Урт цагаан”-ны суурин дээр баригдах далд зогсоолтой амралт, зугаалгын цэцэрлэгт хүрээлэн нь Жуулчны гудамжны ансамблийг хэрхэн төлөвлөхтэй шууд холбогдоно. Угаас нэг том бүтээн байгуулалтыг дагаад байгаль экологи, түүх соёл, xот төлөвлөлт, барилгажилтыг цогцоор нь ярих учиртай. Ингэж цогцоор нь шийдсэнээр Улаанбаатарчуудын амарч тухлах зам талбай, жуулчдын сонирхон очих бэлгэ тэмдэг болох учиртай. 

Өнгөрсөн юм ул болж шинэ юм зул болно

Нэг хэсэг жуулчны гудамжны зорчих хэсгийг авто зам, иргэдийн амарч зугаалах чөлөөт талбай болгон хэд хэдэн удаа өөрчилж үзсэн байдаг. Амарч зугаалах талбай болголоо гэтэл гар дээрээс худалдаа эрхлэгчид, жижиглэн барааны худалдаачид очоод павилон, асруудаа бариад байрлачихсан. Тэднийг дагаад нийгмийн сөрөг үзэгдэл болох хулгай дээрэм, архидалт газар авч байлаа. Тэднээс урд хуучин номын худалдаачид “Урт цагаан”-ы үүдээр олон жил зогсож амьдралаа залгуулсан даа. Хуучин номын худалдаачид байх үед л энэ дов жаахан нуруу амарсан болов уу гэж бодогдоно. Яг дунд нь орж үзээгүй болохоор хэт мэдэмхийрэх арга алга. Олон асуудал байдаг биз. Ер нь төвлөрлийг даган бий болдог нийгмийн сөрөг үзэгдлүүд  энэ гудамжийг орхилгүй явсаар л ирсэн дээ.  Хуучнаар 33 дугаар дэлгүүр “Янгир” ресторан тухайн цагийн болж бүтэхгүй бүх л хүн цугладаг газар байсан санагддаг байлаа. “Бөмбөгөр” худалдааны төв орчимд “Өвгөнтийн хөндий” гэж нийгмийн нэг бүлэг үүссэн байсныг Улаанбаатарчууд бүү хэл Монголчууд тэр аяараа мэдэх юм хойно. Энэ бүх асуудлыг шийдэх гарц шийдэл бол энэ гудамжны түүх, хожуу үүсмэл соёлыг нь хэвээр авч үлдсэн орчин үеийн шинэ бэлгэ тэмдэг болсон газар байгуулах юм байна. 
Нийслэл өөрийнхөө өмчийн газарт цэцэрлэгт хүрээлэн босгохоор боллоо. Цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар бий болсноор аялагч жуулчид очих газар нэгээр нэмэгдэж, аялал жуулчлалаас орох орлогод ч тодорхой хувь нэмрээ өгөх бизээ. Зүүн өмнөд азийн орнууд шиг гудамжны хоол, европын орнуудынх шиг гудамжны урлаг энд хөгжих ч юм билүү. Эсвэл энэ хоёр хосолсон Монголчуудын оюун санаа, төсөөлөх чадвараар хөгжүүлсэн шинэ гудамжны соёл үүсэхийг ч үгүйсгэх аргагүй. 


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө