Монгол Улс нийтийн эзэмшлийн Өвлийн спортын ордонтой болно


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өвлийн спортын ордон барих ажлыг эхлүүллээ. Төслийн тендерийг энэ оны гуравдугаар сард зарлаж барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн 2025 онд багтаан хийж дуусгахаар төлөвлөөд байгаа. Нийт 19.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэх ажлын эхний санхүүжилт болох 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ онд багтааж хийх юм байна. Тус өвлийн спортын ордон нь гурван блок, 5300 метр квадрат талбай бүхий хоёр давхар зоорьтой цогцолбор байх юм. 


Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн  иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэх төдийгүй өвлийн  олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой болохыг албаны хүмүүс ярилаа. Өвөлдөө 30-50 хэм хүрч хүйтэрдэг, жилийн дөрвөн улирлын гурав нь цастай байдаг монгол оронд өвлийн спорт хөгждөггүй нь хамгийн хачирхалтай. Монгол ахуй цана, тэшүүр хөгжих боломж олгож байсангүй юу бэлтгэл сургуулилалт хийх газаргүй болохоор тэр үү. Гэтэл Монгол Улс 1962 онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны бүрэн эрхт гишүүн болсноор “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадмаас эхлэн "Цагаан олимп"-д анх удаагаа тамирчдаа оролцуулж эхэлсэн нь түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн нь бий. “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадамд монголчууд биатлоны төрөлд Б.Дамдинжав, Б.Дашгай, Т.Лхамсүрэн, Ц.Данзан, цанын төрөлд Л.Дашдэмбэрэл, Б.Зундуй, С.Нацагдорж, Б.Баадай, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, гүйлтийн тэшүүрийн төрөлд Л.Дашням, Л.Цэнд, Ц.Лхамжав гэсэн 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрт уралдсан Ц.Лхамжав 20 дугаар байр эзэлсэн нь өвлийн олимпод манай тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар өнөөг хүртэл тооцогдсоор байна. Одоогоос 100 жилийн өмнөөс дөрвөн жилд нэг удаа зохиогддог өвлийн олимпод манай улсаас оролцдог тамирчдын тоо ичмээр цөөхөн. Монголчууд хамгийн олон тамирчинтай оролцсон өвлийн олимп нь “Инсбрук-1964” цагаан олимп юм.
Бид өвлийн спортод амжилт гаргах, түүгээр хичээллэх, хүүхэд залуусыг сэдэлжүүлэх арга хэмжээ авдаггүй юм уу гэтэл саяхныг хүртэл өвөл болохоор албан байгууллага, анги хамт олноороо нийлж цасны баяр тэмдэглэж, бараг л бүгд цана, чарга, тэшүүрээр гулгаж, хаа сайгүй эрүүл байхыг уриалдаг байсан дурсамжууд одоо ч зарим хүний ой тойнд үлдсэн байгаа. Үүнийг мэдэх хүмүүс нь эрх биш санаж байгаа биз. Хуучны олон ч уран сайхны болон баримтат  кинонд үүнийг дүрслэн үлдээсэн байдаг даа. Түүнээс хойш юу болоо вэ. Хүмүүс тийм залхуу болчихоо юу, цана чаргаар гулгах, тэшүүрээр тэших дургуй болоо юу, эсвэл албан байгууллагууд ажилчин, албан хаагчдынхаа эрүүл мэнд, биеийн тамирт анхаарах сэтгэл, агаар салхинд гаргах идэвх санаачилгагүй болоо юу. Үгүй юм байна. Бидэнд одоо гулгая гээд гарсан ч олигтой гулгах газар байхгүй болсонд л учир бий аж. Гулгаж болохуйц тэгш налуутай уулын амыг амралтын газрууд, зочид буудлууд дүүргэж, тансаглал, зугаа цэнгэлийн хэлбэрээр л ашиглах болжээ. Өвлийн цагт Сэлбэ, Дундгол, Туулын мөсөн дээгүүр тэших тухай бодоод ч хэрэггүй, тамираа тасартал урслаа боллоо гэх шиг өвлийн цагт урсгал нь тасраад алга болчихно. Хотоос хэдэн арван километр гараад ч гулгах газар олдох эсэх нь эргэлзээтэй. Хүмүүсийн сайн мэддэг “Sky resort”-д мөнгөтэй нэгэн нь л очно уу гэхээс борчуудын хүүхдүүдэд бол мөрөөдөхөөс цаашгүй газар. Хандгайтыг хувьчлаад авчихсан. Уралдах замгүй болтол зуслан баригдсан. Уг нь манайх шиг өвлийн хатуу ширүүн уур амьсгалтай оронд өвлийн спорт л хамгийн хүчтэй хөгжиж, хүүхэд, хөгшидгүй цана, тэшүүрээр гулгаж байх ёстой биш гэж үү. Өвлийн цагт цана тэшүүрээр гулгах газаргүй болсон болохоор энэ спортоор хичээллэх сэдэл өгөх боломжгүй болжээ гэсэн үг.  
Хуучин нийгмийн үед юм ховрын хэрээр хүүхдүүдийн уран сэтгэмж өндөр байгаа юу даа. Тухайн үеийн хотын гэр хорооллын хүүхдүүд эвдэрч унасан наймын сандлын тавцангаар цохиур хийж, шалны модоор ишилчихээд, гудамжинд хоёр том чулуу зэрэгцүүлэн хаалга хийж тавиад давтсан “Молоко”-ны лааз нүдэн хоккей гэж тоглодог байлаа. Эсгий гуталд бэхэлсэн тэшүүр тэдний уран төсөөллийг Туулын мөсөн дээр үргэлжлүүлэх боломж өгдөг унаа байв даа. Ингээд бодохоор уг нь уран гулгалт, хоккей, цана гээд хөгжих боломжгүй нэг ч спорт өвлийн олимпын төрөлд харагдахгүй байгаа юм. Эндээс өвлийн спорт хөгжихгүй байгаа гол учиг бэлтгэл сургуулилалтын бааз суурь дутмагаас үүдэлтэй гэж дүгнэх нь зөв дүгнэлт болж таарлаа. Хуучин нийгмийн үе шиг гадаа гудамжинд цохиур бариад лааз цохиод явах боломж өнөө үед байхгүй. Автомашины хөл хөдөлгөөнөөс эхлээд болгоомжлох зүйл их бий. Агаарын бохирдол, хөрсний бохирдлоос үүдэлтэй асуудлууд ч бий. 
Өвлийн спортын наадамд анх орсон цагаасаа хойш монголчуудаа төлөөлж явсан тамирчдын тоо тасралтгүй буурсан үзүүлэлттэй байх аж.  “Гренобль-1968” олимпын наадамд биатлон, цана, гүйлтийн тэшүүрийн төрөлд долоон эрэгтэй тамирчин оролцсон бол “Саппоро-1972” олимпод цана, гүйлтийн тэшүүрийн төрөлд дөрвөн эрэгтэй тамирчнаа оролцуулжээ. Хоёр дахь олимпдоо хурд сорьсон Л.Цэнд тэшүүрийн 5000 метрт 28, 10.000 метрт 24 дүгээр байр эзэлсэн юм. Харин монголчууд “Инсбрук-1964”-өөс эхлэн өвлийн олимпод тасралтгүй оролцож ирсэн буухиа энэ удаад тасарч “Инсбрук-1976” олимпод тодорхой шалтгааны улмаас оролцоогүй юм. Өмнөх олимпыг өнжсөн Монгол Улс “Лейк-Плэсид-1980” олимпод цана, тэшүүрийн төрөлд гурван тамирчнаа оролцуулсан байна. Харин “Сараево-1984” олимпод цанын төрлөөр дөрвөн  тамирчин өрсөлдсөн бол  “Калгари-1988” олимпод цанын төрлөөр /хоёр эрэгтэй, нэг эмэгтэй/ гурван тамирчин оролцсон байна. “Альбервиль-1992” өвлийн олимпын наадамд цана, тэшүүрийн төрлөөр дөрвөн эрэгтэй тамирчинтай оролцож байжээ. 
Өвлийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг өвлийн спортоор хичээллэх боломжийг нээх зорилготойгоор өвлийн спортын ордныг Буянт-Ухаагийн дэнж дээр нээж Монгол Улс анхны мөсөн ордонтой болж байсан цаг саяхан. Нийт 2600-3600 хүний суудалтай, 30Х60 метрийн хэмжээ бүхий Олон улсын олимпын хорооны стандартын талбайтай “Steppe Arena” ордонд хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төрлүүдээр жилийн дөрвөн улиралд хичээллэх боломжтой болж байлаа. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулсан өвлийн ордон зах зээлийнхээ зарчмаар ажиллах тул мэргэжлийн спортын холбоодтой гэрээ байгуулж хичээллэх боломжоор нь хангаж өгөхөөс орлого багатай хүүхэд залуусын хувьд төлбөр мөнгөний асуудлаас болоод, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өвлийн спортыг сонирхон хичээллэх боломж хомс юм байна. 
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхлээд байгаа өвлийн спортын ордон орлого багатай хүүхэд залуусын энэ боломжийг нээж өгөх гарц нь байж болох юм. Өвлийн спортын тамирчид, тэр дундаа шайбтай хоккей, шорттрейкийн тамирчид зөвхөн өвлийн улиралд гадаа задгай талбайн мөс, гол, нуурын мөсөн дээр бэлтгэл хийдэг. Харин уран гулгалтын тамирчид стандарт бус мөсөн талбайд бэлтгэл сургуулилтаа хийн өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тэгвэл өвлийн спортын ордон ашиглалтад орсноор өвлийн спортын тамирчид ОУОХ-ны стандарт талбайд бэлтгэлээ хангаж, амжилтаа ахиулах боломж нээгдэж байна. Ийм боломж нээгдсэнээр шорт-трекийн тамирчид бэлтгэл сургуулилалт хийх талбайтай болох нь гэж олон хүн баярлаж суугаа биз. Монголчууд өвлийн олимпоос медаль авах хамгийн боломжтой төрөл гэдэг нь доорх тайлбараас харагдана.   
Өвлийн олимпод эрх авч оролцдог болсон нь “Лиллехаммер-1994”. Тус олимпод монголчууд шорт-трекийн төрлөөр ганц эрэгтэй тамирчин эрхээ авч оролцжээ. Монголд шорт-трекийн төрлөөр хичээллэх боломж нөхцлийг нь хангаад өгвөл амжилт үзүүлэх юм байна гэдгийг бид харсан. Үүнээс хойш “Нагано-1998” олимпод монголчууд цана, шорт-трекийн төрөлд гурван эрэгтэй тамирчин оролцуулж "Солт-Лейк-2002" олимпын наадамд цана, шорт-трекийн төрөлд гурван эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин өрсөлдүүлж байлаа. Харин “Турин-2006” олимпоос эхлээд шорт-трекийн төрөл ард үлдэж цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа илгээж байсан. Үүнээс хойш шорт-трекийн төрлөөр олимпод оролцох тамирчдын буухиа тасарсан юм даа. 
Төвөөс алслагдсан газар зүйн байрлалтай энэ хороо амралт чөлөөт цаг өнгөрөөх, үзвэр үйлчилгээний газар багатай бүс. Автозасварын газрууд, түүхий эд хаягдал хүлээн авах цэг олонтой энэ хорооны нутаг дэвсгэрээр баруун аймгууд болон хойд аймгуудыг зорих тээврийн хэрэгслүүд болон Улаанбаатар хотын автозамын хоёр ч том урсгал дайран өнгөрдөг. Автозамын сүлжээний хоёр том урсгал дайран өнгөрдөг давуу тал нь иргэдэд өвлийн спортын ордныг зорин ирэхэд таатай нөхцөл болох юм. Улаанбаатар хотын баруун болон хойд бүсийн хүүхэд залуус зорин ирж үйлчлүүлэх боломжтой. Монголд өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд ийм л түшиц газрууд хэрэгтэй байгаа юм. ХХI зуунд амьдарч байж наймын сандлын тавцангаар цохиур хийж орлуулаад гудамжинд давтсан лааз нүдээд явж баймааргүй байгаа юм. Мэргэжлийн тамирчдын заавар зөвлөгөөтэй, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн спортын цогцолборууд эхнээсээ босч эхэллээ. Сонгинохайрхан дүүрэг энэ жил маш том бүтээн байгуулалтууд, соёл спортын орднуудыг барьж, бүтээн босгож ард иргэддээ хүлээлгэн өгсөөр байна. 


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 38 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө