Орчин цагийн торгоны замын мөрөөр...


Эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань хотоос гараагаа эхэлж, Ганьсу муж, Синь цзя хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франц хүрдэг байсан  торгоны замын мөр эдүгээ баларч арилаагүй байна. Торгоны зам бол үлгэр домог бус, түүхэн эх сурвалжид тулгуурласан эдийн засгийн асар том дэд бүтэц байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.  

Торгоны замын арилж бүдгэрээгүй энэ суурин дээр улбаалан Ази тивийг Европ, Африк цаашлаад дэлхийн өнцөг булан бүртэй хуурай зам болон далай тэнгисийн замаар холбож, улмаар худалдаа болон эдийн засаг зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт улс орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий “Бүс ба Зам” хэмээх санаачилгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд дэлхий дахинд танилцуулж байсан түүхтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс нь дэлхийн 151  улс, 30 гаруй олон улсын байгууллагатай “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллах тухай 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, дэлхийн 25 орны худалдааны хамгийн том түнш болж, 13 улстай чөлөөт худалдааны  гэрээ хэлэлцээр байгуулж, 3000 гаруй хамтын ажиллагааны төсөлд нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт өнгөрсөн жил Бээжинд болж дэлхийн  130 орны төр, засгийн тэргүүн, тусгай төлөөлөгч цугласан юм. 

Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Европ, Азийг дамнасан логистикийн коридор байгуулах, чөлөөт худалдааны гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс бүрдэх  “Торгоны зам” цахим худалдааны бүсийг бий болгох, Хятадын хөгжлийн банкуудаас санхүүжилт олгох, ногоон хөгжлийн төслүүдэд түлхэц үзүүлэх, шинжлэх ухааны хөгжил, хиймэл оюун ухааны  хөгжлийг дэмжих, аялал жуулчлал, соёлын солилцоог идэвхжүүлэх,  цэвэр хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Олон улсад “Бээжингийн 8 төлөвлөгөө” хэмээн нэрлэгдээд байгаа энэ төлөвлөгөө орчин цагийн “Торгоны зам”-ын хөгжилд цоо шинэ дүр зураг, өнгө аяс нэмж чадлаа. Монголчууд ч энэ давлагаанаас хоцорсонгүй. “Торгоны зам” цахим худалдааны бүсэд хамгийн идэвхтэй оролцогчдын нэг болж чадлаа.


Гар утсанд багтаж байгаа эдийн засаг

Өнгөрсөн 2023 онд цахим худалдаа эрхлэгчид 5.8 их наяд ам. долларын борлуулалт хийжээ. Үүний  50 шахам хувийг БНХАУ-ын “Alibaba”, “JD.com”, “Pinduoduo” тэргүүтэй цахим худалдааны компаниуд эзэлж байна. 

Цахим худалдааны хүр­тээмж­тэй байдал, хурд, бараа үйлчилгээний өргөн сонголт зэрэг давуу талууд болон интернэт хэрэглэгчдийн хурдацтай өсөлт нь цахим худалдааны зах зээлийн өсөлтийг бий болгох г о л шалтгаан болж байна. Үүнийг дагаад цахим худалдааны орлого цаашдаа ч өснө. Эдийн засагчид 2025 он гэхэд цахим худалдааны орлого  47 хувиар нэмэгдэж 7.4 их наяд ам.долларт хүрнэ.  Хятадын цахим худалдааны борлуулалт гэхэд л  1.3 их наяд ам.доллороос 1.9 их наядад хүрэх тооцоог гаргасан байна. Цахим худалдаа өргөжихийн хэрээр үйлчилгээний, төлбөр тооцооны шинэ хэрэгслүүд бий болж, өмнө нь  цахим хуудсуудаар дамжуулан  борлуулалт, худалдан авалт хийгддэг байсан бол өнөөдөр гар утасны шинэ борлуулалтын суваг ид хүчээ авч байна.


Гар утас дээр суурилсан M-commerce үйлчилгээ  монголчуудад цахим худалдаанд оролцоход илүү том боломжийг авчирлаа. Учир нь Монгол Улсын  3.7 сая хүн 4.09 сая гар утас хэрэглэдэг. Үүнээс 2.1 сая хүн интернэтэд холбогдож, сошиал орчинд идэвхтэй хандалт хийж байна.


Лангуунаасаа холддоггүй  наймаачид, гэрээсээ гардаггүй худалдан авагчид
Торгоны замын наймаачид хэдэн мянган бээр замыг туулж, тэмээгээр, мориор ачаа, бараагаа ачин салхи шуурга, цас бороо, аюул ослыг сөрөн худалдаа арилжаа хийж ирсэн түүхтэй. Монголчууд энэ түүхийг давтаж 1990-ээд оноос хойш бараг бүгд ганзагын наймаанд явцгаасан. Багаас сум, сумаас аймаг, аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Замын-Үүд орж, БНХАУ-ын  Эрээн худалдааны боомтоор  дамжин бараа бүтээгдэхүүнээ татаж, буцаад л энэ замыг бүгд туулж 30 гаруй жилийг элээсэн. Зах дээр лангуу ажиллуулдаг наймаачнаас эхлээд томоохон бөөний худалдаа эрхлэгч бизнесмэн  хэн ч бай яг л энэ замаар явж, өөрсдийн хөрөнгө бэл, хүч чадалдаа таарсан бараагаа татаж авчирдаг байсан цаг саяхан. Харин өнөөдөр орчин цагийн “Торгоны зам” цахим худалдаа дээр дөрөөлөн хөгжиж байна. 
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ц. Буянжаргал гэхэд сард 1-2 удаа БНХАУ-руу заавал өөрийн биеэр явж,  бараа татаж аваад аймгийнхаа  сумдуудаар явж бараагаа зардаг байсан гэнэ. Харин тэр сүүлийн хоёр жил нэг ч удаа БНХАУ-руу явсангүй. Онлайнаар бараагаа та,0000000таж авч, зарахдаа ч бас л онлайнаар худалддаг болжээ. Цахим худалдаа хийснээр бизнес эрхлэгчид илүү олон хүн  хүрч, зардлаа хэмнэж,  борлуулалтаа нэмэгдүүлж, хэрэглээг өсгөж байгаа.  Тэгвэл эсрэг талд нь гэрээсээ гардаггүй худалдан авагчдын тоо нэмэгдсээр...Дэлгүүр, худалдааны төвөөр явж, бараа бүтээгдэхүүн сонгож авдаг байсан цаг өнгөрч, бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалан гэрийнхээ хаалган дээр хүлээж авдаг худалдан авагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм.  Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаанаас харахад 18-25 насны нийт иргэдийн 52 хувь нь, 26-41 насны иргэдийн 58 хувь нь, 41-57 настнуудын 51 хувь нь 60-73 настнуудын 43 хувь нь цахим худалдаанд оролцож байна.  Дэлхийн банкны “Findex 2021” судалгаанд дурдсанаар Монгол Улсад 2017-2021 онд цахимаар бараа худалдаж авсан 15-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь зургаа дахин өссөн байгаа нь бусад Далайд гарцгүй хөгжиж буй бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр өсөлтийг харуулав.


Монгол Улс интернэт хэрэглэгчдийн тоогоороо бүс нутагтаа тэргүүлдэг.

Хэрэглэгчдийн сагс руу өнгийж харсан ч гэсэн сонирхолтой тоо баримтууд гарч ирнэ. Монголчууд аяга таваг, халбага сэрээнээс эхлээд загварын өндөр үнэтэй хувцас, бараа бүтээгдэхүүн, электрон бараа, эм, тариа, тавилга хэрэгсэл гээд бүхий л хэрэгцээгээс цахим худалдаанаас авч байна. Гэхдээ бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Мобайл банк ба цахим гүйлгээ

Торгоны замын түүхийг судлаад үзэхээр торго дурдан, зоосон мөнгө, үнэт чулуу төлбөрийн голлох хэрэгсэл болж байсан аж. Харин орчин цагийн “Торгоны зам”-ыг даган интернэт банкны идэвхтэй хэрэглэгчдийн тоо  огцом өсөж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 900 гаруй хүн интернэт банк хэрэглэдэг байсан бол хоёр жилийн дотор 1.7 болж хоёр  дахин нэмэгдсэн байна. Зөвхөн 2022 онд гэхэд монголчууд интернэт ашиглан  66.7 сая гүйлгээ хийж, 134.5 их наяд төгрөг дамжуулсан байх юм. Монгол Улсын хэмжээнд хийгдэж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахимаар буюу гар утасны аппликейшн, мобайл банк болон интернэт, АТМ-ээр хийгдэж байна. Үлдсэн  гурван хувь нь л банкны салбар дээр буюу теллерээр үйлчлүүлжээ.


“Торгоны зам”-аар хөдөлсөн шинэ арилжаа
Дэлхий нийтийн хөгжлийг хурдасгаж байгаа энэ цахим шилжилтээс Монгол Улсын Засгийн газар ч хоцрохгүйг хичээж байна. Цахим яам байгуулагдаж, төрийн бүхий л худалдан авах ажиллагааг цахимаар хийх шийдвэр гарав. Иргэдийн цахим худалдаагаар худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг ачсан цувааг сөрж анх удаа цахимаар борлуулсан ашигт малтмалын цуваа  хилийн зүг хөдлөөд удаагүй байна. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалаа  цахимаар арилжих шийдвэр гарч, энэ ажил дөнгөж 2023 оны нэгдүгээр сараас эхэлсэн. Тэгвэл  2024 оны тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 546 удаагийн арилжаагаар  26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 3000 тонн зэсийн баяжмалыг нийт 3.6 тэрбум ам.доллараар  арилжээ.  Ашигт малтмалын энэ наймаанаас  Монголын тал 312 сая ам.долларын  нэмэлт орлого олсон гэдэг тооцоо байна. 

 “Торгоны зам”-ын дээрэмчид  ба цахим луйвар
Чингис хаан зарлиг гаргаж “Их засаг” хуулинд “Монголын газар нутгаар дайран өнгөрч буй худалдааны жингийн цуваа нь дайсан орных байсан ч довтолж үл болно” гэсэн заалт оруулсан тухай баримтууд бий. Торгоны зам дагасан хулгай, дээрэм гарч, энгийн наймаачид их хэмжээний хохирол амсаж байсан учраас ийнхүү зарлиг гаргасан биз. Тэгвэл орчин цагийн “Торгоны зам”-ын наймаачдыг ч энэ дээрэм тонуул дайрсангүй. Цахим худалдаа өргөжихийн хэрээр цахим луйвар, залилан нэмэгдэж байгаа. Зөвхөн энэ оны эхний хоёрын байдлаар гэхэд цахим орчинд үйлдсэн 7560 гэмт хэрэг бүртгэгдсэний 83 хувь нь залилангийн хэрэг байна. Цахим халдлагын тоо нэмэгдэж, долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэдэг аж.  Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тайлангаас харахад Монгол Улс цахим худалдааны төлбөр тооцоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан ч цахим аюулгүй байдал сул, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг анхаарах зайлгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс Монгол Улс цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.


Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 20 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 20 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 20 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07