Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэнэ хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. 2025 он Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлогтой. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байна. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, найман хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэнийг нь бусад салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээс гадна хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.
Нийслэлийн хэт төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ. Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг холбосон Бүсчилсэн хөгжлийн “Таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ хэмээн төлөвлөсөн аж. Ирэх онд нийт 2.120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ. Хөгжлийн төслүүдийн үр дүнд эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес эрхлэх орчин нөхцөл, амьдралын чанар эрс сайжирч, эдийн засаг, нийгмийн зорилтууд хангагдах суурь болно хэмээн үзжээ. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн зорилттой уялдсан татварын бодлого хэрэгжүүлж, төрийн өмч хөрөнгийн үр ашгийг өсгөхөөр төлөвлөжээ. Мөн боловсруулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжин, үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Ирэх онд 80 сая тонн нүүрс экспортолно
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг дагалдуулан Үндэсний баялгийн сан, Нийгмийн хамгааллын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүд болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм. 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. 2025 онд авто зам, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” уриа дэвшүүлсэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил 2025 оноос эхэлж буй. Иймээс Монгол Улсын 2025 оны төсөв нийгмийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх,нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлогтой. Ирэх 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байна. Хөгжлийн хөрөнгө оруулалт, бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд нийт 6.9 их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байна. 2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байгаа аж. Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгажээ. Төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн дөрвөн жил нэлээд ачаалалтай, сорилтын жилүүд байсан учраас төсөв, орлого дутуу явж ирлээ. Харин ирэх дөрвөн жилд бүтээн байгуулалтууд хийх, эдийн засгаа өсгөх сорилттой дөрвөн жил харагдаж байна. Үүнээс эхний нэг жилийн төсвөө боловсрууллаа.
2025 онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгаа тэлэх төсвийн төсөл боловсрууллаа. Авто зам, эрчим хүч, дэд бүтэц, орон сууцжуулалтын төслүүдийг эрчимжүүлнэ. Манай улсын эдийн засаг Хятад улсаас ихээхэн хамааралтай байна. Хятад улс 3.5 тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй гэдэг. Манай улсын гол түүхий эд төмрийн хүдэр, эрчим хүчний нүүрс байдаг. Сүүлийн 2-3 жил нүүрсний экспорт эрчимтэй өссөн. Энэ жил бид 70 сая тонн нүүрс гаргаж байгаа. Ирэх жил 80 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Хятад улс 10-15 жил манай нүүрсийг эрчимтэй авах төлөвтэй байна. Манай улс хэдий хэмжээний түүхий эд нийлүүлнэ, түүнийг авна гэдэг сонирхлоо илэрхийлж байгаа. Харин үүнээс орж ирэх хөрөнгийг дэд бүтцэд зарцуулах ёстой. Гэвч нийгмийн өсөлтийг боомилж байгаа зүйл нь эрчим хүч, тээвэр логистик, зам болж байна. Тиймээс 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд тулгуурласан дэд бүтцийн сэргэлтийг эхлүүлэх онцлогтойгоор боловсрууллаа. Харин 2025 онд нийгмийн чиглэлийн буюу сургууль цэцэрлэг, сумын захиргааны байр, соёлын төв зэрэг бүтээн байгуулалт шинээр хийхгүй. Үргэлжилж байгаа ажлуудаа дуусгана. Зам, эрчим хүч, дулаан гэсэн бүтээн байгуулалтуудын төсөв өргөн барилаа. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн загвараар эрчим хүчний төслүүддээ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Эрчим хүчний хүчин чадлыг ойрын жилүүдэд 1200 мВт-аар нэмэхээр төлөвлөж байгаа юм. Ирэх жил 270 мВт хүчин чадалтай эрчим хүчний үүсвэрт хөрөнгө оруулна. Ойрын жилүүдэд 4000 км гаруй авто замын ажил эхлүүлнэ. Үүнээс 2200 км гаруйг нь ирэх жил эхлүүлнэ. Эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлнэ. Боомтууд руу чиглэсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Зам, эрчим хүчний төслүүдийг хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжгүй. Дэд бүтцийн төслүүдийг төр хувийн түншлэлээр хийнэ. Цаашдаа ч үе шаттайгаар ийм зарчим руу шилжинэ" гэлээ.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна