Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног


Уулын мод оройгоосоо шаргалтаж, усны шувууд нутаг сэлгэхээр чуулж байгаа энэ үед айлчин гийчний хөл тасрахгүй байна. Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч В.Путины араас  БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Одоогоос хоёр жилийн өмнө хоёр улсын Төрийн тэргүүн уулзаж, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17.6 тэрбум ам.долларт хүрчээ. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь, Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа БНХАУ-ын дэд дарга Хань Жөнд илэрхийллээ. Үүнээс гадна Улаанбаатарыг түгжрэлээс салгах ганц гарц болоод байгаа метро барихад хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах  саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Монгол Улсын хувьд жилдээ нэг саяас дээш  жуулчин хүлээж авах том амбицтай байгаа. Тиймээс хил дамнасан аялал жуулчлалын бүс байгуулах, Буйр нуурыг түшиглэн олон улсын нисэх онгоцны буудал байгуулах хүсэлтэй байгаагаа ч Ерөнхий сайд нуусангүй. Энэ айлчлалын үеэр гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслийн шинэчилсэн жагсаалтыг талууд тохиролцож чадсан.


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан  өнгөрөгч долоо хоногт хууль, эрх зүйн орчны гурван төгөлдөржилт хийхээ зарлалаа. Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах ажлыг “Гурван төгөлдөржилт” хэмээн багцалан нэрлэж ажлын хэсгүүд байгуулаад байна. Ямартай ч УИХ-ын 126 гишүүн энэ гурван ажлын хэсэгт хуваагдаж, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. 


Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргаснаа зарлав. Энэ ажлыг ирэх 2025 оноос эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.  Анх 1921 онд Сангийн хамаг хэргийг захирах яаманд анх харьяалагдаж, 1930 оноос Мал ба газар тариалангийн яам нэртэйгээр бие даасан яам болсон түүхтэй  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 103 жилийн дараа нийслэлээс нүүхээр болж байна. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх, энэ мөнгийг эцэг эхчүүдээс авах шийдвэр гаргалаа. Сардаа 22 мянга, жилдээ 192 мянган төгрөгийг хоолны мөнгөнд эцэг эхчүүд төлөхөөр болж байна. Хүүхдийн хоолны мөнгийг өдөрт 1000 төгрөгөөр нэмснээр  цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэг 60 хувиас 80 хувьтай болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.  Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 135 мянган хүүхэд цэцэрлэгт явж байгаа. Гэхдээ эдгээр хүүхдүүдийн  62 хувь буюу 84602 хүүхдээс 1000 төгрөг хурааж авах бөгөөд   хагас болон бүтэн өнчин, 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс мөнгө авахгүй.  
Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, өвөлжилтийн бэлтгэлээ базааж байгаа энэ үед “Монгол Улс 2025 он гэхэд тарифын шинэчлэл хийхгүй бол цахилгаан эрчим хүчний салбарт 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал хүлээхээр байна” гэж Дэлхийн банк мэдээллээ. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар 2.3 их наяд төгрөгийн өртэй байгаа юм байна.
Тэсвэр тэвчээр, итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон паралимп өнгөрөгч долоо хоногт хаалтаа хийж монголчууд энэ наадмыг  нэг алт,  гурван мөнгөн медальтайгаар өндөрлүүлэв. Монгол Улсын  Засгийн газраас  “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэж Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд хүндэтгэл үзүүлэн, "Парис-2024" паралимпын Алтан медальт Уламбаярын Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж, хоёр гавьяат тамирчин, гурван гавьяат дасгалжуулагч төрлөө.  Ялагчид ийнхүү гавьяагаа төрдөө үнэлүүлж байхад яллагдагч зарим нөхөд давж заалдах шүүх хурал дээр ирээд байна. Тодруулбал,  “Нүүрсний” гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн давж шатны шүүх хурал эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг болон И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт шүүхээс ял оноосон юм.  Гэвч шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Үүний дагуу давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дахин хянаж эхэллээ.
Орон нутгийн сонгуульд өрсөлдөх 17.4 мянган нэр дэвшигчид тодорч, улс төрийн намууд  сурталчилгааны ажлын бэлтгэлээ базаагаад улс төрийн намууд  завгүй байна. Сонгуулийн сурталчилгаа хаяанд тулсан энэ үед нэг нэгнээ муулах, харлуулах ажил ч хүчээ авч, хаа сайнгүй маргаан өрнөж, замын хашлага, гудамжны цэцэг тойрсон хэрүүл дэгдэж эхэллээ.  Хорь гаруйхан хоногийн дараа санал хураалт болно. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгч болохоор өрсөлдөж байгаа олон мянган нэр дэвшигчдийн өрсөлдөөн улам ширүүсэх нь тодорхой. 


Эдийн засагчдаас хамгийн муу үнэлгээг авдаг үнэт цаасны зах зээл сэргэж байгаа гэдэг таатай мэдээг өнгөрсөн долоо хоногт зарлав. Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн зардал гаргаж, 19.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Цаашид Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхижүүлэхийн тулд  олон улсад нээлттэй тендер зарлаж, менежментийн багийг сонгон шалгаруулах болсноо Сангийн яам мэдэгдлээ. 

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Deaf Nomads” баримтат киноны нээлтийг Монголд хийлээ 4 минутын өмнө
“МОНГОЛЫН ҮНЭН” сонины 2025 оны хоёрдугаар улирлын захиалга явагдаж ба… 14 минутын өмнө
Б.Пүрэвдагва: СДМЗХ-ны долдугаар үеийнхэн шинжлэх ухаанд суурилсан пра… 25 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 38 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 40 минутын өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүр… 15 цагийн өмнө
"ТОП КЕРАМИКС" байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ 17 цагийн өмнө
“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна Өчигдөр
Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Солонго-I, II’’ хороолол, 1… Өчигдөр
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ Өчигдөр
1200 гаруй зам талбайн үйлчлэгч, ажилтан 320 гаруй тусгай зориулалтын … Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025/03/26
Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүл… 2025/03/25
"​Монголын үнэн" сониноо цахимаар захиалан уншаарай 2025/03/25
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жү… 2025/03/25
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг… 2025/03/25
ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг… 2025/03/25
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2025/03/25
Татварын багц хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийн саналыг тусгана 2025/03/24