​ Шинэ сэргэлтэд хүч нэмэх бүтээн байгуулалтууд



Засгийн газар УИХ-д 2025 оны улсын төсвийн төслийг өргөн бариад байна.  Ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилготой уялдуулжээ.  Сангийн сайд Б.Жавхлан “2025 онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийг тэлэх төсвийн төсөл боловсрууллаа. Авто зам, эрчим хүч, дэд бүтэц, орон сууцжуулалтын төслүүдийг эрчимжүүлнэ” гэдгийг онцолж байсан.  Тиймээс ч ирэх онд нийт хөрөнгө оруулалт буюу улсын төсөв, гадаадын зээл тусламжийн 24 хувийг зам тээврийн салбарт, 10 хувийг дэд бүтэц орон сууцжуулалтад, найман хувийг  эрчим хүчний салбарт, долоон хувийг аж үйлдвэрт, есөн хувийг боловсролын салбарт, 35 хувийг бусад салбарт зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан байна.

Төсвийн хөрөнгө оруулалтыг бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн бол  бусад салбарт өмнөх онуудад эхлүүлсэн төслүүдийг дуусгаж, шинэ хөрөнгө оруулалтыг түр хойшлуулах бодлогыг барьжээ.  Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд нь  бодлогын баримт бичгүүдийн зорилго, зорилттой нийцсэн, тухайн бүс нутгийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлэх буюу эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдолтой,  төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системээр төлөвлөж, ач холбогдлын оноо өгч, эрэмбэлсэн, зураг төсөвтэй байх гэсэн үндсэн  дөрвөн шалгуур үзүүлэлтийг хангасан байх аж. 

Бүсүүдийн авто замын төслүүдийн хувьд аймгийг аймагтай холбох, аймгийг хилийн боомттой холбох болон “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд хэрэгжих аялал жуулчлалын авто замуудыг төлөвлөсөн бол эрчим хүчний төслүүдийн хувьд эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох төслүүдийг төлөвлөсөн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутгийн бүсүүд буюу хангай, төв, говийн, хойд, баруун, зүүн бүсэд, 25 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд багтжээ. Ингээд улсын төсвөөр зургаан бүсэд ямар бүтээн байгуулалт өрнүүлэхээр төсөвлөснийг хүргэе. 

 

Хангайн бүсэд дөрвөн шинэ төслийг эхлүүлнэ

 

Хангайн бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 302.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 75 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөвлөжээ. Үүний 221  тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 71 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих бол 81.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий дөрвөн төслийг  шинээр хэрэгжүүлэх аж.

Тухайлбал,  Шинэ Хархорум хотын ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтэд 20.7 тэрбум төгрөг, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Батцэнгэл-Их тамир сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал, 67 км авто замын санхүүжилтэд 36.8 тэрбум төгрөг, Өгийнуур - Мянганы замын хэвтээ тэнхлэг чиглэлийн 28.5 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 18 тэрбум төгрөг, Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 5.7 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр тус тус тусгасан байна.

 

Баруун бүсэд өмнөх онуудад эхлүүлсэн 116 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

 

Ирэх онд баруун бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 470.9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 122 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр тусгасан байна.  Үүнээс 355.6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 116 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих бол 115.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий зургаан  төсөл шинээр эхлүүлэх юм байна.  Баруун бүсэд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 188 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 30 тэрбум төгрөгийг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн гүйцэтгэх аж.

Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай 66 км авто замын 32.7 тэрбум төгрөг, аймгийг боомттой холбох Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 39.9 тэрбум төгрөг, Солонготын давааны 12.08 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 18.5 тэрбум төгрөг, Завхан, Говь-Алтай аймгуудын төвд хэрэгжиж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 11.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн хэрэгжүүлэх юм байна.

 

Хойд бүсэд “Таван тойрог” дэд бүтцийн төслийг хэрэгжүүлнэ

 

 Хойд бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 172.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 67 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөвт тусгажээ.  Дээрх төсөл, арга хэмжээнээс  140.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 65 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих аж. Харин  32 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий хоёр төслийг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Хойд бүсэд “Таван тойрог” дэд бүтцийн төслийн хүрээнд аялал жуулчлалын тойрог авто зам болох Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн 59.2 км хатуу хучилттай авто замын дуусгал санхүүжилтэд 25.9 тэрбум төгрөг, Хэрээтийн давааны хэсгийн 35.5 км, хайрган хучилттай авто зам, Түнэл – Чандмань Өндөр сумын Бийжийн даваа, Бор бургасын давааны хэсгийн 9 км хайрган хучилттай авто замын санхүүжилтэд 6.1 тэрбум төгрөгийг тусган улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх юм.

 

Чойр-Мандалговь-Арвайхээр  чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын ажлыг  үргэлжлүүлнэ

 

Ирэх онд говийн бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 247.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 44 төсөл, арга хэмжээ хэрэгжих аж. Үүнээс  124.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 41 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих бол 123.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий гурван төсөл шинээр хэрэгжинэ.

Говийн бүсэд улсын чанартай, хөдөлгөөний эрчим өндөр Даланзадгад-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай 156 км авто замын их засварын санхүүжилтэд 48.2 тэрбум төгрөг, Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 48 тэрбум төгрөг, Чойр-Мандалговь-Арвайхээр  чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын үргэлжлэлд 26.9 тэрбум төгрөгийг тус тус шинээр тусгасан байна.

 

Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө

 

Төвийн бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 596.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 75 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх юм.  Үүнээс  185.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий долоон төсөл шинээр хэрэгжинэ. Түүнчлэн Засгийн газрын гадаад зээл, тусламжаар 148.9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр байна.

Төвийн бүсийн эдийн засгийн босоо коридор болох Дархан-Алтанбулаг чиглэлийн 113.1 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх санхүүжилтэд 104.6 тэрбум төгрөгийг тусгажээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх Амарбаясгалант хийд чиглэлийн 33.4 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 16.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.  Мөн  Аргалант-Баянцогт сум чиглэлийн хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 11.2 тэрбум төгрөг, Мандал сумын Түнхэл тосгоноос Төв аймгийн Батсүмбэр хүртэлх 49.2 км хатуу хучилттай авто замын төсөлд 15.7 тэрбум төгрөг, Орхонтуул-Цээл чиглэлийн 62.56 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 35.5 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ. Түүнчлэн Төв аймагт хэрэгжиж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийг 1.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна.  ХХААИС-ийн  Мал аж ахуй, био технологийн сургуулийг Дархан, Сэлэнгийн бүс рүү нүүлгэхээр шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотой зураг төсөвт 0.8 тэрбум төгрөгийг тусгажээ.

 

Буйр нуурт усан замын боомт байгуулахаар судалгаа хийнэ

 

Зүүн бүсийн боомтын чиглэлийн Хэрлэн-Тосон-Уул-Халх гол чиглэлийн 256 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 75.0 тэрбум төгрөг, Буйр нуурын 4С нисэх онгоцны буудлын зураг төсөв, барилга угсралтын ажилд 24.5 тэрбум төгрөг, Буйр нуурт усан замын боомт байгуулах судалгаа, ТЭЗҮ-ийн санхүүжилтэд 1.1 тэрбум төгрөг тус тус төсөвлөсөн байна.

Мөн  Хэнтий, Сүхбаатар аймгуудын төвд барьж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 6.6 тэрбум төгрөг, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27 км авто замын их засвар, шинэчлэлтэд 11.4 тэрбум төгрөг, Аялал жуулчлалын чиглэл болох Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай 54 км авто замын санхүүжилтэд 14.8 тэрбум төгрөг, боомтын Баруун-Урт-Бичигт чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 48 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Ирэх онд зүүн  бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 646.9 тэрбум төгрөгийн  санхүүжилт бүхий 77 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх аж.   Үүнээс  465.6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 69 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих бол 181.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий найман төсөл шинээр хэрэгжих юм байна. 

 

Хөшигийн хөндийн бүсэд Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барина

 

Түүнчлэн Улаанбаатар-Хөшигийн хөндийд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 1,074.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 140 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх аж.   Улаанбаатар-Хөши­гийн хөндийн бүсэд  Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барих санхүүжилтэд 210 тэрбум төгрөг, Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг дөрвөн  эгнээ болгон өргөтгөх, зургаан  гүүрэн байгууламжийн хамт нийт 55.5 тэрбум төгрөг, Багануур тойрог 14.4 км авто замын санхүүжилтэд 11.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.  “Хөшигийн хөндий-Шинэ Зуун мод хот”-ын инженерийн дэд бүтэц төслийг үргэлжлүүлж, цахилгаан, дулаан хангамж, “Хөшигийн хөндий-Шинэ Зуун мод хот”-ын инженерийн дэд бүтэц, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн санхүүжилтэд нийт 11.4 тэрбум төгрөгийг тусгасан байна.  ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой зураг төсөвт 0.8 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болжээ. Ийнхүү ирэх жилүүдэд  Засгийн газар дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөгжилд анхаарч, эдийн засгийг тэлэхээр зорьж байна.

Н.Энхлэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө