Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалтай холбоотой асуудал үүсэхгүй


Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/-ийн Стратеги төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.

 

 -Саяхан биржээр дамжуулж улаанбуудайг худалдан борлуулсан.  Хэддүгээр зэрэглэлийн хэчнээн тонн улаанбуудайг арилжаалсан бэ? 

-Улаанбуудайг ХААБ-ээр арилжих тухай УИХ-ын 31 дүгээр тогтоол 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарсан. Тиймээс энэхүү тогтоол, үүрэг чиглэлийн дагуу манай дээр ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа хийж, арилжаа явуулах бэлтгэлээ хангасан. Ингэснээр өнгөрсөн есдүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод улаанбуудайн туршилтын арилжааг амжилттай зохион байгууллаа. Тодруулбал, хоёрдугаар зэрэглэлийн 100 тонн улаанбуудайг “Өег” гурилын компани, дөрөвдүгээр зэрэглэлийн 1000 тонн улаанбуудайг “Түмэншувуут” компани худалдан авсан. Дээрх улаанбуудай нь энэ оны шинэ ургац биш. Хөдөө аж ахуйн корпорацын Хөтөл салбарт хадгалагдаж байсан буудай юм.

-Улаанбуудайг ХААБ-ээр дамжуулан арилжаалснаар ямар ач холбогдол, давуу талтай байна вэ?

-Олон давуу талтай. Нэгдүгээрт, арилжаанд оролцогч талууд үнийн өрсөлдөөнт зах зээлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах боломж бүрдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, гарал үүслийн мэдээллийн сан бүрдэнэ. Тодруулбал, улсын хэмжээнд хэр их хэмжээтэй улаанбуудай, үр тариа, тосны ургамлыг хэн, хаана буюу аль бүс нутагт тариалж, түүнийгээ ямар газарт, хэнд худалдан борлуулсан бэ гэх мэт бүх мэдээллийг нь мэдэх боломжтой болно. Гуравдугаарт, тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, авах боломжтойгоос гадна далд эдийн засгийг ил болгох зэрэг давуу тал, ач холбогдолтой. Эдгээрээс гадна манай систем татварын ebarimt-ын системтэй холбогдсон учраас биржээр дамжуулан худалдан борлуулсан тохиолдолд энэ талын асуудал гарахгүй. Хэн нэгэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан тохиолдолд ebarimt-аа баталгаажуулах ёстой байдаг шүү дээ. Гэтэл тухайн хүн ямар нэгэн шалтгаанаар баталгаажуулж чадахгүй байх, хугацаа алдах гэх мэт асуудал үүсдэг. Яагаад гэвэл, хөдөө аж ахуйн салбарын урамшууллын систем татварын системтэй холбогддог учраас үүнийг онцлоод байгаа юм.  

-Туршилтын арилжааны явцад цаашид засаж сайжруулах, илүү боловсронгуй болгох ямар асуудал ажиглагдсан бэ?

-Улаанбуудайг биржээр худалдаалахад лабораторийн буюу түүхий эдийн чанар тулгамдсан асуудал болсон. Монгол Улсын хэмжээнд үндэсний итгэмжлэгдсэн төв лаборатори, тоног төхөөрөмж хүрэлцээ хангамж бага байдаг. Мөн боловсон хүчин дутагдалтай байх жишээтэй. Тэгэхээр намрын ургац хураалтын ид үеэр УИХ-ын тогтоолоор өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэх гэхээр ийм асуудалтай нүүр тулж байгаа юм. Тиймээс нэн түрүүнд итгэмжлэгдсэн лабораторийн хүртээмж, хүчин чадлын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл  буудай бол бидний хүнс шүү дээ. Стратегийн хүнсний бүтээгдэхүүн учраас баталгаатай лаборатори, чанарын асуудал маш чухал. Мөн бас нэг тулгамдсан асуудал бол эрх зүйн зохицуулалт дутагдалтай, уялдаа холбоо хангалтгүй байгаа явдал юм.

-Тариаланч болон үйлдвэрлэгч хоёрын хооронд улаанбуудайн чанар буюу зэрэглэлтэй холбоотой маргаан нэлээд үүсдэг юм билээ. Энэ нь таны сая ярьсан лабораторийн асуудалтай холбоотой юу?

-Тийм. Лабораторийн түвшний дээжийн мэдээнд маргаан үүсдэг тал бий.  Тодруулбал, тариаланчид болон худалдан авагчдын тогтоосон улаанбуудайн зэрэглэл зөрөх асуудал гардаг. Уг нь талууд үндэсний стандартыг барих ёстой. Гэтэл худалдан авагч талууд хүнсний бүтээгдэхүүн гэдэг утгаараа тухайн стандартаас ч илүү өндөр шаардлага тавих ёстой гэдэг. Энэхүү харилцаанд орж буй холбогдох талуудтай уулзахад лабораторид ашиглаж буй тоног төхөөрөмжийн чанар стандартыг нэг болгох асуудлыг хөнддөг. Тиймээс эл асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд улаанбуудайг биржээр худалдан борлуулахад илүү бодит зах зээл бий болно гэж үзэж байгаа юм.  Өөр нэг асуудал нь тариаланчид тарьсан болон борлуулсан улаанбуудайнхаа ангилал буюу зэрэглэлээр урамшуулал авдаг. Жишээлбэл, би нэгдүгээр зэрэглэлийн улаанбуудай нийлүүлсэн байхад худалдан авсан тал түүнийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоож, ebarimt үүсгэсэн тохиолдолд тариаланч хоёрдугаар зэрэглэлийн урамшуулал авна гэсэн үг. Харин биржээр дамжуулан худалдан борлуулсан тохиолдолд ийм зэрэглэлтэй холбоотой асуудал, маргаан гарахгүй гэдгээрээ давуу талтай.

-Улаанбуудайг биржээр дамжуулан арилжаалах нь нэг талдаа ашигтай, давуу тал бий болгох хэдий ч нөгөө талдаа түүгээр хийдэг бүтээгдэхүүний үнэ ханш өсөх эрсдэл гарахвий гэдэг болгоомжлол байна. Үүнээс урьдчилан сэргийлсэн ямар зохицуулалт байна вэ?

-Тухайн жилийн ургацыг 100 хувь биржээр худалдан борлуулна гэсэн ойлголт байхгүй. Тэгж ч болохгүй. Эхний ээлжид улсын нөөцөд бүрдүүлэх шаардлагатай, мөн энэ нөөцөөс гадна үрийн өрөнд авсан Хөдөө аж ахуйн корпорацын улаанбуудайг биржээр дамжуулан зах зээл рүү нийлүүлэх ажлыг шаталсан хувилбараар зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.  

-Туршилтаар арилжаалсан улаанбуудай энэ оных биш өмнөх жилүүдийнх юм байна. Тэгэхээр чанар, үзүүлэлтийн хувьд өөрчлөлт ороогүй гэх баталгаа бий юү?

-Стандартын шаардлага хангасан тусгай зориулалтын агуулах саванд хадгалж буй тохиолдолд улаанбуудайн чанар үзүүлэлт алдагдахгүй. Мөн өмнөх жилүүдийн хуучин буудайн дээр шинийг нэмэхгүй, бас ангилал зэрэглэлийг нь хольж хийдэггүй. Тиймээс өмнөх жилүүдийн улаанбуудайг худалдан борлуулж дуусаад агуулах саваа цэвэрлэж ариутгасны дараа шинэ ургацын буудайгаа хийдэг зарчимтай.

-Улаанбуудайн дараагийн арилжааг хэрхэн төлөвлөж байна вэ?

-Бид энэ арилжааг нэг удаа зохион байгуулаад орхихгүй. Туршилтын арилжааны үед тодорхой болсон лаборатори, эрх зүйн зохицуулалт, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо болон бусад асуудлыг шийдвэрлэсний дараа үүнийг тогтмолжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дуудлага худалдааны зарчим бол илүү оновчтой шийдэлтэй байх боломжтой гэж харж байна. Өнөөдрийн жишиг ханш гэж хатуу тогтоож өгөхгүйгээр зах зээлийн зарчмыг нь нээлттэй орхиж, өрсөлдөөний зарчим руу оруулах хэрэгтэй болов уу.

-Тэгвэл улаанбуудайн арилжааг илүү нээлттэй, өрсөлдөөний зарчим руу оруулахад танай зүгээс ямар шийдэл, зохицуулалт хийж болохоор байна вэ?

-Манайх арилжаа, төлбөр тооцоо  болон дуудлага худалдааны гэсэн хоёр системтэй. Тиймээс дараагийн удаад  дуудлага худалдааны систем ашиглаж, улаанбуудайн арилжааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Харин үнэ нь савладаггүй, тогтмол юм уу бага багаар өсдөг бараа бүтээгдэхүүний тухайд бол арилжаа, төлбөр тооцооны системийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг.

Дараагийн удаад арилжаа зохион байгуулах тухай мэдээллийг оролцогч талуудад эртээс өгч, бэлтгэл ажлыг нь хангуулах хэрэгтэй. Яагаад гэвэл, арилжаалах улаанбуудайн зэрэглэлийг тогтоосон байх ёстой байдаг учраас хураагаад ачаад ирсэн буудайг шууд биржээр арилжаалах ямар ч боломжгүй. Тиймээс бид энэ зарчмаар улаанбуудайн арилжааг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орчихсон явж байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН сонгуульд ялалт байгуулж, удирдлагын багаа шинэчилсэн жил Өчигдөр
Ж.Чинбүрэн: “Хавдар судлалын үндэсний II төв”-тэй болсноор монгол хүн … Өчигдөр
Ирээдүй өнөөдрийн залуусынх Өчигдөр
“Монголын үнэн” сониноос захиалагч, уншигчдадаа учирлах үг Өчигдөр
Дөрвөн улиралд ашиглах боломжтой 45 автомашин, техник хэрэгслээр парк … Өчигдөр
Хамгийн урт гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулжээ Өчигдөр
Эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээг иргэд рүү ойртуулав Өчигдөр
27 цэцэрлэгийг ашиглалтад оруулав Өчигдөр
17 сургуулийг шинээр барилаа Өчигдөр
Хан-Уул дүүрэгт хамгийн олон бүтээн байгуулалт өрнөжээ Өчигдөр
Б.Цэрэн: Эко дүүргээ "20 минутын хот" болгохын төлөө ажиллаж байна Өчигдөр
Нийслэлд их бүтээн байгуулалтын он жилүүд үргэлжилнэ Өчигдөр
Төрийн тэргүүний тэвчээрийг барсан утааны хэрүүлтэй долоо хоног Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм хүйтэн Өчигдөр
“Яндангүй бүс” байгуулна 2024/12/18
Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар хэлэлцэнэ 2024/12/18
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 2024/12/18
Япончуудын нарийн төлөвлөлт, зохион байгуулах чадвар иргэндээ ээлтэй о… 2024/12/17
​ Д.Отгонбаяр Бүтээл хийхийн тулд зүрх сэтгэлээ чөлөөл 2024/12/17