Ургац хураалтын явц болон холбогдох бусад асуудлын хүрээнд ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ургац хураалтын ажил одоо дуусах шатандаа орсон байх. Урьдчилсан байдлаар хэр хэмжээний ургац хураан аваад байна вэ?
-Энэ жилийн хувьд ургац хураах ажил өмнөх жилүүдээс 7-14 орчим хоногийн өмнө эхэлсэн. Одоогоор 80 орчим хувьтай явж байна. Үтрэм, агуулах дээрх цэвэрлэгээ, ургац тээврийн ажил хийгдэж байна. Нарийвчилсан тоон мэдээлэл хэлбэл, энэ сарын 8-ны байдлаар 335.7 мянган тонн үр тариа, үүнээс 302.34 мянган тонн улаанбуудай, 212.4 мянган тонн төмс, 157.63 мянган тонн хүнсний ногоо, 84.30 мянган тонн тэжээлийн ургамал, 25.25 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
-Хэзээ бүрэн хурааж дуусгах вэ?
-Ургацын ажил цаг агаараас ихээхэн хамааралтай байдаг. Ерөнхийдөө энэ сарын 15 гэхэд дуусгана. Үүнээс хойш хүйтэрч, цас орох төлөвтэй гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа учраас товлосон хугацаанд ургацаа бүрэн хурааж, дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж ургац хураалт удаашрах, зарим тохиолдолд ургац алдах хэмжээний асуудал үүсдэг. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр хүйтэрч, зарим нутгаар цас орсон нь ургац хураалтад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Ер нь ургац хураалт нэг талаараа цаг агаараас, нөгөө талаараа хүн хүч, техникийн хүчин чадлаас шууд хамааралтай байдаг. Цаг агаар ургамлын өсөлт хөгжилтөд таатай нөхцөлтэй байвал төлөвлөсөн хугацааныхаа дагуу хурааж дуусгах боломжтой. Харин цаг агаарын тааламжгүй байдал нь хураалтын хугацааг уртасгаж хоног алдуулдаг сөрөг талтай. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр гэнэт цочир хүйтэрч, цас орсон нь ургац хураах ажлыг бага зэрэг саатуулсан. Гэхдээ ургац алдах хэмжээний асуудал гараагүй.
-Урьдчилсан байдлаар манай улс энэ жил хэр хэмжээний ургац хураан авах вэ?
-Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
-Ургацын чанар, үзүүлэлт ямар түвшинд байна вэ?
-Энэ жилийн тухайд халалттай холбоотой үр тариа эрт болсон, чанарын хувьд тариалангийн бүс нутгуудад харилцан адилгүй байна. Ургац хураах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, ургацын баланс тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийнхэн тариалангийн бүсийн долоон аймгийн 25 суманд ажилласан. Тухайн багийнхан зургадугаар сарын дундаас долдугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд хэт халсан нь улаанбуудайн бутлалт, гол хатгалт, түрүүлэлт, цэцэглэлтийн үе шаттай давхацсан. Ингэснээр иш, түрүүн дэх үрийн тоо цөөрөх, таримлын ургалтын хугацааг түргэсгэж механик болц үүсгэсэн гэсэн дүгнэлт гаргасан.
-Энэ жилийн хувьд хаврын тариалалт ямар онцлогтой байсан бэ. Аль нэгэн төрлийн ургацын талбайн хэмжээ нэмэгдсэн үү?
-Энэ жилийн тариалалтыг өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хүнсний ногоо болон малын тэжээл, тосны ургамлын тариалалт нэмэгдсэн гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, улсын хэмжээнд 350 орчим мянган га-д үр тариа, үүнээс 314.7 мянган га-д улаанбуудай, тус бүр 18 мянган га-д төмс, хүнсний ногоо, 91 мянган га-д малын тэжээл, 130 мянган га-д тосны ургамал тариалсан.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 310 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Энэ оны урьдчилсан балансаас харахад 2024-2025 оны хэрэгцээний 85 хувийг хангах хэмжээний улаанбуудай хураан авна. Мөн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК, гурилын үйлдвэрүүдийн улаанбуудайн үлдэгдэл нөөц, энэ оны намрын ургацаас хураан авах улаанбуудайн хэмжээ хүн амын хэрэгцээний гурилын нөөцийг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангахаар байна.
-Ирэх хавар тариалалтад шаардагдах улсын үрийн нөөцийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа вэ. Өмнөх жилүүдийн адил ОХУ-аас үр авах уу?
-Өмнөх жилүүдэд үр шинэчлэх зорилгоор жилд дунджаар ОХУ-аас 3-5 мянган тонн улаанбуудайн үр авдаг байсан. Үрийн нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх бодлого барьж, шаардлагатай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2025 оны тариалалтад шаардлагатай үрийг дотоодоосоо нөөцлөх боломжтой гэж харж байна. Үр үржүүлэх төрөлжсөн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж үрийн шинэчлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
-Хөдөө аж ахуйн корпорац хүнсний улаанбуудайн тонн тутмыг хэдэн төгрөгөөр худалдан авч байна вэ?
-Хүнсий улаанбуудайг ангилал тус бүрээр нь харилцан адилгүй үнээр худалдан авдаг. Тухайлбал, энэ жил нэгдүгээр ангиллыг 1150000, хоёрдугаар ангиллыг 1100000, гуравдугаар ангиллыг 1050000, дөрөвдүгээр ангиллыг 900000 төгрөгөөр худалдан авч байгаа.
-Тариалан эрхлэгчдийн хувьд агуулах савны хүрэлцээ хангамж тулгамдсан асуудал байдаг юм билээ. Тиймээс стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, савны хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулалт хийсэн үү?
-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 611.8 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих сан 182 мянга, гурилын үйлдвэрүүд 304 мянга, аж ахуйн нэгжүүд 125 мянган тонныг ашиглаж байна. Ургац хадгалах агуулах, савны багтаамж хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалан эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож байна. Тухайлбал, 2023-2024 онд зоорь агуулах барих чиглэлээр 70 орчим иргэн, аж ахуйн нэгжид 60 гаруй тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон. Үүний үр дүнд улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зоорийн багтаамж 20 мянган тонноор нэмэгдсэн.
-Тариалан эрхлэгчдэд тулгамддаг бас нэг асуудал нь хураалтын дараах борлуулалт байдаг. Тэднийг бодлогоор дэмжих хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог борлуулах, борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер өнгөрсөн долдугаар сарын 30-нд холбогдох тушаал гаргасан. Энэхүү тушаалын хүрээнд “Алтан намар-2024” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулах төлөвлөгөө гаргасан.
-Салбарын яамнаас тариалан эрхлэгчдийг хаврын тариалалтаа нэмэгдүүлэх, намар ургацаа алдагдалгүйгээр бүрэн дүүрэн хураан авахад бодлогын хувьд ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн бэ?
-Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйн корпорац хүсэлт гаргасан 359 аж ахуйн нэгж, иргэнд 11.6 мянган тонн улаанбуудайн үр, 50.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 10-30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлсэн. Мөн төмс, хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр 11 нэр төрлийн 375.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр нийлүүлж, үнийг 80 хувиар хөнгөлж, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан олгосон. Үүний үр дүнд хүнсний ногооны тариалалтыг 2.6 мянган га талбайгаар нэмэгдүүлж, 33 мянган тонн ургац хураан авах боломж бүрдсэн. Түүнчлэн улсын төсөв, орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 12.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2606 нийлэг хальсан хүлэмж нийлүүлж, зуны хүлэмжийн тариалалтыг 12.4 га-гаар нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Мөн холбогдох тогтоолуудын хэрэгжилтийн хүрээнд жимс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч 900 орчим иргэн, аж ахуйн нэгжид 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулах, ургамал хамгаалах ажлыг технологийн хугацаанд явуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах боломжийг бүрдүүлсэн.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна