Төмөр бетон каркастай, блокон дүүргэлттэй энэхүү орон сууцны талбайн хэмжээ нь 35-57 ам.метр бүхий 2-3 өрөөтэйгөөр зохион байгуулжээ. Гал тогоо тусдаа байрлалтай бөгөөд байгалийн болон бусад өрөөний гэрэл нэвтрэх зохион байгуулалттай. Тухайн өрх орон сууцаа худалдан аваад дотор зохион байгуулалтаа өөрчилж болох шийдэлтэйгээр барьжээ.
Барилгын материалууд хүлэмжийн хийг бууруулсан, битүүмжлэл сайтай, дулаан алдагдал багатай, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан нарны зайн хавтанг суурилуулжээ. Галд тэсвэртэй, ус нэвтрүүлдэггүй, хаягдал шилийг дахин боловсруулсан хөөмөл шилэн дулаалгын материалыг ашиглаж байна.
Ингэснээр байгалийн эрчим хүчийг ашиглаж, дулааны хэрэглээг хангах аж. Эрчим хүчийг хэмнэсэн төхөөрөмжийг суурилуулж, байгалийн гэрлийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Барилгын дулаан алдагдлыг бууруулахын тулд гурван давхар шиллэгээтэй, Low-e түрхлэгтэй нарны хэт ягаан болон улаан туяанаас хамгаалсан шилтэй цонх суурилуулжээ. Цэвэр модон паркетин шал, керамик плита гээд заслын материалууд ч дулаан хэмнэнэ.
Орон сууцны гаднах орчин ногоон байгууламжтай, явган хүний болон дугуйн замтай. Хүүхэд болон иргэдийн амарч, зугаалах талбайтай. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлтийг мөн тусгаж өгсөн байна. Оршин суугчид хатуу хог хаягдлаа барилга дотроо хаях тусдаа байгууламжтай бол нойтон хог хаягдлыг гадна талд нь хаяхаар ангилжээ. Усаа хэмнэх автомат тохируулгатай төхөөрөмж суурилуулсан байна. Борооны ус хуримтлуулж ногоон байгууламж, хүлэмждээ ашиглах гэнэ.
Ойролцоох 500 метр радиуст сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, бизнес инкубатр төвтэй. Судалгаагаар дээрх радиуст цэцэрлэг байгаагүй аж. Тиймээс чөлөөлсөн газраасаа тусгайлан авч, цэцэрлэг байгуулахаар Нийслэлийн боловсролын газарт шилжүүлжээ. Өнөөдөр цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох юм байна. Дээрх төлөвлөлтийг хийхдээ тухайн хорооны иргэдээр хэлэлцүүлэг явуулж, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарчээ.
Энэхүү орон сууц ашиглалтад орсноор иргэдэд сар бүрийн хэрэглээнээсээ эрчим хүч, дулаан, усны зардлыг хэмнэнэ. Судалгаагаар эрчим хүч, дулаан, усны хэрэглээг 20 хувиар хэмнэх тооцоо гарчээ.
Энэ бүхнийг өрхийн орлогод нийцсэн төлөвлөлтэй орон сууц гэж олон улсад нэрлэдэг байна. Нийгмийн зорилтот хэсэгт чиглэсэн, хямд өртөгтэй орон сууцыг “Өрхийн орлогод нийцсэн орон сууц” гэдэг бидний нийтлэг ойлголт ташаа байсныг энэхүү ногоон орон сууц харуулж байна.
Энэ бол Гэр хорооллыг хөгжүүлэх ногоон орон сууц төсөл. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд АХБ-ны санхүүжилтээр зургаан дэд төвийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар зургаан дэд төвөөс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, орон сууцжуулах барилгын ажил явагдаж байна. Дамбадаржаа, Толгойт, Шархад, Дэнжийн 1000 дэд төвийн ажил үргэлжлэн явагдаж байна.
Ногоон орон сууц төслийн хүрээнд нийтдээ 5000 айлын орон сууцыг 2027 он хүртэл барьж дуусгах юм. Дэд бүтэц нь бэлэн болсон талбар дээр Ногоон орон сууц төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
АХБ-ны санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Баянхошуу болон Шархад төвүүдэд нийт 800 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг 2023–2025 онуудад хийж гүйцэтгэнэ.
Баянхошуу, Шархад дэд төвд эхний 220 айлын ногоон орон сууц 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно
Өнөөдөр барилгын бүтээн байгуулалт нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвд өрнөж байна. Эхний ээлжийн тус бүр 110 айлын, дөрвөөс таван давхар орон сууц энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.
Баянхошуу дэд төвд Ногоон орон сууц төслийн хүрээнд таван га газрын чөлөөлөлт хийж, дэд бүтцийн ажлыг бүрэн хийжээ. Газрыг орон сууцаар солих хүрээнд чөлөөлсөн айлуудыг “Буянт-Ухаа2” хороололд орон сууцад оруулсан байна.
Эдүгээ чөлөөлсөн газарт 13 блок 462 өрх айлын орон сууцны барилга угсралтын ажил 37 хувьтай хэрэгжиж байгаа юм. Үүнээс эхний дөрвөн блок, зоорьтой дөрвөн давхар орон сууцыг 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Мөн гурван блок орон сууцны барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд дахин таван блок орон сууцны барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байгаа аж. Дээрх орон сууцыг барьж дуусгаад газраа орон сууцаар солих өрхүүдийг оруулах гэнэ. Дараагийн 20га талбайд баригдах 4188 айлын орон сууцыг барихад иргэд газраа чөлөөлж, Ногоон орон сууцад шилжих юм.
Шархад дэд төвд Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд 5.6 га газрыг чөлөөлж, айлууд газраа орон сууцаар сольжээ. Үүний 3.8 га-д нь есөн блок 338 айлын орон сууц, нэг блок үйлчилгээний төвийн барилга барьж байгаа аж. Үүнээс 110 айлын орон сууцны барилгыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм.
Шархад дэд төвд барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн нэг “Нутгийн буян” компанийн төслийн менежер Д.Доржхорол “Манай компани Шархад дэд төвийг түшиглэн баригдаж байгаа Ногоон орон сууц төслийн хүрээнд нийт дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 65 хувьтай явж байна. Барилгаа 2024 оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгнө.
Энэ барилгын технологийн онцлог нь нарны эх үүсвэртэй. Энэ нь 100 хувь эрчим хүчээр хангадаг барилгын нийт 20 хувийг дотоод эх үүсвэрээрээ хангах нөхцөл бүрдэж байгаа юм. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт гарч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна.
Мөн фасадны материал нь дахин боловсруулсан хөөмөл шилэн дулаалгатай. Байгаль дээр хаягдал болж байгаа материалыг дахин ашигласнаар экологийн хувьд зөв зохицуулалттай байгаа юм. Үйлчилгээний төв болон цонхоо сүүлийн үеийн технологи бүхий шилээр шиллэсэн нь барилгын дулаан алдагдлаас сэргийлнэ. Ингэснээр дулааны зардал багасаж, иргэдэд ээлтэй нөхцөлийг бүрдүүлж байна.
Орон сууцны айлд ашиглалтын зардал байнга гардаг. Үүнийг сар, жилээр тооцвол өндөр тоо гарна. Харин энэ ногоон орон сууцны тухайд эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй төлөвлөж барьснаас тухайн айлын ашиглалтын зардал буурна. Тиймээс амьжиргаанд нь нөлөөлж, сарын орлогоос тодорхой хэмжээний хэмнэлт гарч орлогод нийцсэн орон сууц гэж болж байна” гэлээ.
П.Сүрэнжав: Гэр хорооллын 8000 яндан, 5000 нүхэн жорлон байхгүй болно
Улаанбаатар хотын “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн ерөнхий инженер П.Сүрэнжавтай ярилцлаа.
-Энэ төсөл хэдэн оноос эхэлж хэрэгжсэн бэ?
-Манай төсөл 2020 оноос эхэлж, зураг төсөл, ТЭЗҮ-ээ боловсруулсан. 2023 онд хэлэлцүүлэг хийж, мөн оны наймдугаар сараас барилгын ажлаа эхлүүлсэн. Уур амьсгалын ногоон сан, АХБ-наас санхүүжилттэй. Тиймээс Уур амьсгалын ногоон сангаас тавигддаг шаардлагын дагуу ажлаа гүйцэтгэж байна.
-Ногоон барилга барихад тодорхой дүрэм, журам байдаг уу?
-Бид олон улсын нормаар, Монголын стандартаа баримтлан гүйцэтгэж байна. Ногоон барилгын техник, дүрмийг боловсруулсан. Бид ногоон барилгын дүрэм боловсруулж, саналаа БХБЯ-нд хүргүүлээд байна. Ногоон барилгын EDGE сертификат олгох сургалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. 2021 онд 51 хүнд сургалт зохион байгуулснаас гурван эксперт төрсөн. Одоогийн байдлаар нийтдээ 143 хүнд сургалт зохион байгуулж байна. Цаашдаа ч сургалтаа зохион байгуулна. Төслийн барилга угсралтаар сард 3500 ажлын байр бий болж байна.
-Хэмнэлтийг хэрхэн тооцож гаргасан бэ?
-Улаанбаатар хотын орон сууцны нэг жилд нэг ам.метрт 235 квт/жил ашигладаг. Үүнийг бид 150квт/жил болгоно. Энэ хүрээнд бүх тооцооллыг хийсэн. Гэр хороололд амины орон сууцад ашигладаг жилийн хэрэглээ нь 368 квт/жил байдаг. Үүнийг бид 50 хувь хэмнэх шаардлагатай.
5000 айлын ногоон орон сууц бариад нэг жил ашиглахад 12 сая квт-ын эрчим хүч хэмнэнэ. Нэг жилийн хугацаанд 5.4 сая литр ус, 30 сая квт дулаан тус тус хэмнэнэ.
Олон улсад эко технологийг амины орон сууц барихад ашигладаг. Манай улсын хэмжээнд нийтийн орон сууцад эко технологийг ашиглаж байгаа анхны төсөл. Баянхошуу, Шархад дэд төв ногоон орон сууцны анхны загвар. Энэ нь чанарын өндөр шаардлага хангасан байх юм.
-Ногоон орон сууц төслөөр агаарын бохирдол ямар хэмжээтэй буурах вэ?
-5000 айлын ногоон орон сууц баригдсанаар нэг жил 142 746 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Гэр хорооллын 8000 яндан, 5000 нүхэн жорлон байхгүй болно.
-Хотхоны төлөвлөлт ногоон байгууламжид суурилжээ. Амьдралын чанар хэр сайжрах вэ?
-Амьдралын чанар талаасаа 120 мянган ам.метр ногоон байгууламж, 16.4 км унадаг дугуйн зам, 39.2 км явган зам талбай, 3800 авто зогсоол бий болох юм. Иргэдийг орон сууцжуулаад амьдрах орчныг сайжруулах юм.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна