УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг эцэслэн баталсантай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар баталлаа. Ирэх жил инфляц ямар түвшинд байх вэ. Энэ талаар та манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг дэлгэрэнгүй хэлэлцэж, баталлаа. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт одоогийн 5.5 хувиас хөдөө аж ахуйг хасаад тооцвол бусад секторт 8-9 хувийн өсөлттэй байгаа юм. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Монголын эдийн засаг жилд дунджаар 6-7 хувиар өсдөг гэж үзвэл ес гэдэг бол том тоо л доо. Бидний хувьд энэ өсөлтийг эдийн засгийн халалт гэхээс илүү эдийн засаг бүрэн сэргэсэн байна гэж дүгнэж байгаа. Энэ нь УИХ-аар батлуулсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлд бидний онцолж буй гол зүйл болж байгаа юм. Нэг ёсондоо бид бүхэн сүүлийн 3-4 жилийн хугацаанд цар тахал, олон улсын харилцааны төвөгтэй байдал дунд эдийн засаг, аж ахуйгаа удирдаж ирлээ шүү дээ. Тэгвэл өнөөдөр эдийн засгийн ийм хүндрэлээс гарчээ гэж дүгнэж байна. Энэ нь ч эдийн засгийн өсөлтөд харагдаж байгааг тодотгох нь зүйтэй болов уу. Нөгөө талдаа эдийн засгийн өндөр идэвхжилийг дэмжиж байгаа нэг зүйл нь санхүүгийн зах зээл дээрх санхүүгийн зуучлалын үзүүлэлтүүд байдаг. Өөрөөр хэлбэл, зээл 27-28 хувиар өсөж байгаа нь маш өндөр үзүүлэлт. Үүний дотор бизнесийн зээл ялангуяа энэ оны хоёрдугаар улирлаас эхлээд сэргэсэн. Өрхийн хэрэглээний зээл өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас нэлээн сэргэсэн. Энэхүү үзүүлэлтүүд эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтүүдтэй уялдаад өрхийн амьжиргаа, өрхийн зах зээл, хөдөлмөрийн зах зээл дээрх ажил эрхлэлт ямар байна вэ гэдгийг ч мөн харж болно. Эдийн засгийн идэвхжилтэй уялдаад ажил эрхлэлт өнгөрсөн хүнд цаг үетэй харьцуулахад сэргэхгүй нэлээн удсан. Энэ үзүүлэлт энэ жилийн хувьд нэлээд өндөр түвшинд хүрсэн. Үүнийг юунаас харж болох вэ гэхээр ажиллах хүчний оролцооны түвшин гэж байдаг. Хөдөлмөрийн насны хэдэн хүн ажил эрхэлж байгаа болон ажил идэвхтэй хайж байгаа түвшнээс харж болдог л доо. Тэгвэл эдийн засаг хүндрэлтэй үед 53, 54 хувь руу унаж, өнгөрсөн 2023 он хүртэл сайжрахгүй байсан. Харин энэ үзүүлэлт одоо 62 хувь болж 7, 8 пунктээр сайжирсан байна. Энэ утгаар нь харвал эдийн засгийн халалт үүссэн гэхээс илүү эдийн засаг бүрэн сэргэсэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Олон янзын судалгааны байгууллага, судлаачид янз бүрийн дүгнэлттэй байж магадгүй. Гагцхүү эцсийн дүндээ эдийн засгийн сэргэлтийн хамгийн чухал нь энэхүү сэргэлтийг дунд хугацаанд яаж тогтвортой хадгалах вэ гэдэг нь энэ жилийн үндсэн чиглэлийн гол агуулга юм.
-Төсөв багагүй тэлэхээр орж ирсэн. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас томоохон дүнтэй мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зарлаад байна. Худалдан авалт, импорт нэмэгдэхтэй зэрэгцээд валютын нөөцөд ирэх дарамтыг хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Таны хэлсэн хүчин зүйлүүдийг тус бүрд нь авч үзье л дээ. Нэгдүгээрт, ДНБ-ий 37 хувьтай тэнцэхүйц хэмжээний том төсөв ярьж байна. Монголбанкны зүгээс УИХ-ын чуулган дээр буюу олон нийтэд ил тодоор, тодорхой хэлж байгаа нэг зүйл нь ”Төсвийн ДНБ-д эзлэх хувийг 30 хувиас хэтрүүлэх нь зохимжгүй” гэдгийг хоёр жилийн өмнөөс л хэлж, илэрхийлж байсан. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр хэрвээ төсөв ингэж тэлбэл нөгөө талдаа мөнгөний бодлогын орон зай хумигдаж байдаг. Орон зай хумигдахын хэрээр эцэстээ зээлийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжаад хувийн секторт сөрөг нөлөө үзүүлэх талтай учраас Монголбанк байнга ингэж дуугарч байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гэдгийг яагаад онцлоод байгаа вэ гэхээр Монголбанк энэ төсөл, хөтөлбөрүүдэд мөнгө нийлүүлж оролцохгүй байгаа юм. Банкнууд өөрсдийн эх үүсвэрээр энэ зээлүүдийг гаргаж байгаа гэсэн үг. Яагаад Засгийн газрын гэж нэрлэж байна вэ гэхээр Засгийн газар улсын төсвийн татаас болгож хүүг хөнгөлж байгаа гэсэн үг. Эдгээр нь ихэнхдээ хөдөө аж ахуйн зээлүүд. Монгол Улсын инфляцын 40 хувийг үндсэндээ цөөхөн хэдэн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тайлбарладаг. Тэр нь нэгдүгээрт, мах, хоёрдугаарт гурил, түүгээр үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн, гуравдугаарт, хүнсний ногоо, дөрөвдүгээрт, шатахуун. Ингээд харахаар энэ 4-5 бараа, бүтээгдэхүүнээс гурав, дөрөв нь хүнсний бараа, бүтээгдэхүүн байна. Энэ бараа бүтээгдэхүүний хангамжийг илүү тогтвортой болгох, чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэж чаддаг байх тухай асуудал нь нэгдүгээрт, энэ улирлын үнийн хэлбэлзлийг байхгүй болгох ёстой. Хоёрдугаарт, өрх, иргэд чанартай хүнсээр дотоодоосоо хангагддаг байх ёстой буюу хүнсний аюулгүй байдлын тухай асуудал яригдаж байгаа учраас Засгийн газрын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг Монголын банкны салбар дэмжин оролцож байна. Үүний хүрээнд оны эхэн үетэй харьцуулбал хүнсний хувьсгал, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд нийтдээ нэг их наяд төгрөгийн зээл гаргасан байна. Энэ нь өөрөө багагүй хэмжээний дүн мэдээ л дээ. Учир нь оны эхний байдлаар бизнесийн зээл 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 3.7 их наяд төгрөгийн нэг их наяд төгрөг нь хөтөлбөрийн зээл байна гэсэн үг. 2.7 их наяд төгрөг нь зах зээлийн шугамаар арилжааны банкуудаас бусад салбарт олгож байгаа бизнесийн зээлүүд байна.
-Засгийн газраас зарласан хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд та, Монголбанк ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Таны онцлон асууж байгаа нэг зүйл нь Засгийн газрын том хөтөлбөрүүд. Засгийн газрын том хөтөлбөрүүдийг амжилттай, эдийн засагт сөрөг үр дагавар багатайгаар, мөн дээрээс нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төслүүдийн эрэмбэ, дарааллыг тогтоох ёстой гэж бид үзэж байгаа юм. Яаж эрэмбэ, дарааллыг тогтоох вэ, юуг шалгуур болгох вэ гэдэг нь анхаарал хандуулах ёстой асуудал гэж ойлгож болно. Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн суурилагдсан хүчин чадал гэж бий. Тэр нь тээвэр, логистикийн асуудал, хил гаалийн нэвтрүүлэх асуудал, төмөр замын тээврээр тээвэрлэх хүчин чадал. Мөн авто замаар тээвэрлэх хүчин чадал болон хил гааль дээрх бүртгэлийн асуудал зэрэг эдийн засгийн өөрийнх нь даах хүчин чадал гэж бий. Өнөөдрийн байдлаар эдийн засаг өндөр өсөлттэй явж байгаа энэ үед маш өндөр эргэлттэй, хүчин чадал нь маш өндөр ашиглагдаж байна. Тэгэхээр үүн дээр дарамт үзүүлэхгүйгээр цаг хугацааны хувьд зөв тархааж, оновчтой хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, миний бодлоор энэхүү том төсөл хөтөлбөрүүд үндсэндээ Монгол Улсын хувьд ихэнх бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авна. Ялангуяа хөрөнгө оруулалтын шинж чанартай эсвэл томоохон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг. Үүнийг хэрэгжүүлэхдээ валютын урсгал оруулж ирэх төсөл, хөтөлбөрүүдийг түрүүнд хэрэгжүүлэх ёстой. Дараагийнх нь эдийн засгийн суурилагдсан хүчин чадлыг тэлэхээр төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Гурав дахь нь нэгэнт энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд валютын хэрэгцээ байх учраас гаднын хөрөнгө оруулалтын, гадаад валютын эх үүсвэрээр үүнийг хэрэгжүүлэх ёстой. Миний хувьд ийм гурван зүйл дээр анхаарах ёстой гэж бодож байна.
-Төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн, валютын нөөц буурсан үзүүлэлттэй байгаа энэ үед Монголбанкны импортын худалдан авалтууд нэмэгдсэн байна. Тэгвэл нөгөө талдаа ийм хэмжээний валютын урсгалыг бий болгож чадах. Тэгэхээр та бүхэн энэхүү сорилтуудыг хэрхэн даван туулахаар тооцоолж байна вэ?
-Төгрөгийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд маш тогтвортой, бага хэмжээнд чангарсан төлөв байдалтай байгаа. Энэ нь юуны тусгал вэ гэхээр төгрөгийн ам.доллартой болон бусад валюттай харьцах ханш гэдэг бол үндсэндээ зах зээлийн үнэ гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Ямар барааны зах зээлийн үнэ вэ гэхээр Монгол Улс руу валютын орж, гарч байгаа урсгалын тэнцвэр дээр валютын зах зээл дээр тогтож байгаа үнэ. Тэгэхээр Монгол Улс руу ямар хэмжээний валютын урсгал орж ирэх вэ, буцаагаад бид импорт, гадаад төлбөрт ямар хэмжээний төлбөр төлөх вэ гэдгийг харах ёстой. Монгол Улс руу ямар хэмжээний валют орж ирэх гэж байна вэ гэхээр нэг талаас энэ жилээс эхэлсэн нэг зүйл болох Оюутолгойн далд уурхайн экспортын орлого дээр дурдсанчлан нэмэгдэнэ. Хоёр дахь зүйл нь нүүрсний зах зээл маш өөдрөг байгаа, тоо хэмжээний хувьд. Мэдээж хэрэг шинжээчид нүүрсний үнэ буурна гэж хүлээж байгаа, бид нар ч мөн буурна гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр 110, 120-той байсан нүүрсний үнэ 90, 100 ам.доллар руу орж ирэхээр төсөөлөлдөө оруулж үзсэн. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын хооронд хийгдэж байгаа хэлэлцээрүүдийн үр дүнд бий болж байгаа нүүрсний зах зээлийн идэвхжил, худалдан авалтууд цаашид үргэлжилнэ гэсэн төлөв байдалтай байгаа юм. Ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жил, энэ жилийнхээс давна гэж Засгийн газар төсвийн тооцоолол, судалгаандаа оруулж ирсэн. Тэгэхээр орж байгаа талдаа ийм нөлөөлөлтэй. Нөгөө талд нь гарах урсгалд нь юу байна вэ гэхээр энэ жилийн импорт жилийн дүнгээр эхний найман сарын байдлаар 26 хувийн өсөлттэй гараад байна. Энэ импортын өсөлт ирэх жил үргэлжлэх эсэх нь төсвийн зардлын батлагдах байдал, том төсөл хөтөлбөрүүдийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь дээр ярьсан зүйлсээс хамаарна. Гурав дахь зүйл нь энэ жилийн импорт дотор өсөлттэй байгаа зүйлүүд ирэх жил үргэлжлэх үү гэдэг том асуудал байгаа юм. Валютын урсгалд гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол ирэх жилийн хувьд Засгийн газрын зүгээс том бондуудын төлөлт байхгүй. 2026 онд 600 сая ам.долларын төлөлттэй. Тэгэхээр 600 сая ам.доллар гэдэг бол макро эдийн засгийн менежментийг тогтвортой хийгээд явж байгаа тохиолдолд тийм том дүн биш. Эргэн төлсөн ч том дүн биш, дахин санхүүжүүлсэн ч том дүн биш. Тэгэхээр дахин санхүүжүүлсэн ч дарамт багатай үзүүлэлт байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна