Х.Гэрэлчимэг: Жизель бол миний дүр


Цаг хугацааг ухрааж болдогсон бол Зууны манлай балетын жүжигчин, ардын жүжигчин Ю.Оюун гэх хүний тоглосон “Хунт нуур” балетыг үзэж дэлхий даяар шагшруулсан түүний гайхалтай гарыг ганцхан удаа боловч харахсан. Мөн түүний дараагийн үеийн Монголын балетын урлагийн томоохон төлөөллийн нэг болох Х.Гэрэлчимэг гэх хатагтайн Адан “Жизель” балетын Жизелийн дүрийг хэрхэн бүтээж байгааг зүрх даран үзэхийг өнгөрсөн цаг хугацаанаас хүсмээр... Гэвч ирж буй цаг хугацаа, өнгөрсөн цаг хугацаанд байснаас ч илүү сайн, сайханыг, гайхамшигт авьяастануудыг төрүүлнэ гэдэг итгэл найдвараар энэ удаагийн ярилцлагаа эхлүүлье.

Өнөө цагийн Монголын балетын урлагийг “өнгөлж” буй Дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүн зэргийн эмэгтэй гоцлоочид болох гаьяат жүжигчин Ч.Ганчимэг, гавьяат жүжигчин Г.Цолмон, СТА Г.Батчимэг, СТА Б.Саруул нар бол Х.Гэрэлчимэг гэх энэ хатагтайн бэлтгэсэн өнөө цагийн гайхамшигт цагаан, хар хунгууд төдийгүй гайхамшигт Жизелүүд билээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин  Х.Гэрэлчимэгтэй ярилцлаа.

-Дуурийн театр гэлтгүй дэлхий нийтээр энэ шинэ жилийн энэ өдрүүдэд  яах аргагүй П.И.Чайковскийн “Шелкунчик” балетаар амьсгалж байна.

-Өчигдөрхөн би 2013 оноос хойш үзээгүй явсан  “Шелкунчик” балетыг үзлээ.

-Та бол энгийн үзэгчид шиг балетыг үзэхгүй хүн. Таны хамгийн сүүлд үзсэн “Шелкунчик” балетын жүжигт тоглосон балетчид бол ихэнх нь л таны бэлтгэсэн балетчид байж таарна. Тэд хэр зэрэг бэлтгэл сургуулилттай, ямар түвшинд бүжиглэж  байна вэ?

- Богино хугацаанд энэ удаагийн “Шелкунчик”-т бэлтгэсэн  ч юм уу  бүжигчид маань их цуцсан харагдсан. Ялангуяа гоцлол бүжигчид маань их ядарсан болох нь ажиглагдсан. Үүнийг энэ балетын удирдаж байгаа удирдлага болоод багш нар нь бүжигчдийнхээ ачааллыг зөв тохируулах хэрэгтэй. Харин Хөгжим Бүжгийн Коллежийн хүүхдүүд их хөөрхөн байсан. Тэд маш сайн жүжиглэлттэй, хөгжмийг сонссон, мэдэрсэн болох нь ажиглагдсан. Аливаа сайн зүйлд алдаа, оноо бий. Тэр алдаагаа дараагийн тоглолтдоо засч залруулаад явах хэрэгтэй. Нэг ажиглагдсан зүйл гэвэл балетын багш нар нь “болж байна” гэсэн сэтгэл ханачихсан өнгө аястай байгаа юм шиг санагдсан. Гэвч үгүй юм. Мэргэжлийн нүдээр харахад алдаа бол хэзээд байна. Алдааг зөв, ухаарч хүлээж авч хэрэгжүүлэх хэрэгтэй л дээ. Балет гэдэг бол “хатуу гар”-аар урагшаа явна. Өнөөдрийн манай монгол залуусын нэг “том” алдаа бол эзэмшсэн мэргэжилдээ дурлаж чадахгүй байна. Түүнээс ч хэцүү асуудал нь ёс суртахуун гэдэг зүйл алга. Жишээлбэл, би бүжиглэдэг байхдаа гавьяат жүжигдийнхээ өрөө рүү орохоос айдаг байсан. Зөвхөн тэр хүмүүсийг хүндлэх ёстой гэдэг мэдрэмж л давамгайлдаг байлаа. Одоо үеийн хүүхдүүд бол тоглоом шоглоомоор ахмад үеийнхэнтэйгээ харилцаж байна. Мөн хүний үг авдаггүй. Балет гэдэг бол багийн ажил.

-Ингэхэд та балетын жүжигчнийхээ хувьд тайзнаас хэдэн насандаа тайзнаас буусан юм бэ?

-Би бүжиглээд 16 дахь жилдээ 33-34 настайдаа тайзнаас буусан. Би нэлээд орой төрж, ээж болсон. Их орой төрөлт бүжигчин хүнд нөлөөтэй байдаг. Өмнө нь хийж байсан зүйлээ яг тэр хэмжээнд нь хүртэл хийж чадахгүй байх вий гэсэн айдас суучихдаг. Олон жил бүжиглэх тусам эрч хүчтэй, урам зоригтой болж ирдэг гэж ярьдаг ч хүний зүрх тэр хэмжээгээр айж заримдаа шантрах тохиолдол илэрч байдаг. Туршлагын хувьд маш их туршлага сууна. Гэхдээ тайз руу их гарах тусам айдас гэдэг зүйл хуримтлагдаад л эхэлдэг. Айдас болгоныг давж тайз руу гарна гэдэг сүүлдээ дарамт болоод ирдэг. Миний тайзнаас буусан шалтгааны нэгдүгээрх нь энэхүү айдас байсан. Хоёрдугаарх нь, балетын багш болох хүсэл маань давамгайлж эхэлсэн.

-Тайзнаасаа буусан дуучид, балетын жүжигчдийн яриаг сонсч байхад их том дуурьт, эсвэл хүсч явсан бүтээлдээ дүрээ мөнхлөхийг хүсч мөрөөдсөн байдаг юм билээ. Таны хувьд тайзнаас буухдаа хэр сэтгэл хангалуун буусан бэ, хамгийн сүүлд тоглосон балетын жүжиг тань бас юу байв?

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Түүнтэй адил уран бүтээлч хүн маш шунахай байх ёстой. Ганц уран бүтээлээр зогсож хэрхэвч болохгүй. Аль болох л дахиад цаашаа явахыг бодох хэрэгтэй. Та өнөөдөр хоёр алхсан бол маргааш гурав дахь алхаагаа заавал хийж байх хэрэгтэй. Ингэж байж мэргэжилдээ өснө. Мөн энэ урлагтаа илүү дурлаж эхэлнэ. Миний бүжиглэж байх үед одоогийнхтой адил тайлан тоглолт хийдэг цаг үе байсангүй. Би 1981 онд сургуулиа төгсч ирснээс хойш бүтэн  хэмжээний анхны балетын жүжиг гэвэл А.Адан “Жизель”-д  байсан. Энэ миний анхны тоглосон балетын жүжиг байсан ба О.Батсайхан, Д.Батхүрэл хоёртой энэхүү жүжгийн гол дүрийг бүтээж байлаа. 1996 онд сүүлчийн удаа тайзнаа гарахдаа “энэ миний сүүлчийн тоглолт шүү” гэдгээ хэнд ч хэлээгүй. Гэвч миний сүүлчийн тоглолт өнөөх А.Адан “Жизель” байж таарсан. Тухайн үед би дотроо бодож байлаа. Миний энэ театрт орж ирээд анхны тоглосон балетын жүжиг Адан “Жизель” байлаа. Тиймээс энэ л жүжгээрээ би хаалтын тоглолтоо хийх ёстой байж гэж бодож зогссон.

-Санамсаргүйгээр таны анхны бөгөөд сүүлчийн удаа тоглох балетын жүжиг Адан “Жизель” байж таарсан хэрэг үү, та ингэж тааруулсан хэрэг үү?

-Санамсаргүй ингэж давхцаж таарсан. Сүүлийн удаагийн тоглолтод орохдоо би хувь тавилан гэдэг цаанаасаа л ингэж зохицуулж байгаа юм байна гэж бодож байсан шүү. Тайзаа орхихдоо би бодсон л доо. Хувь балетчиныхаа хувьд би өөрийн зүгээс хийх зүйлээ хийчихлээ. Надад цаашид шунаад байх уран бүтээл байхгүй. Далд хүсэлд минь балетын урлагт шавьтай болох юмсан гэсэн бодол л надад хүчтэй төрж эхэлсэн. Ийм бодол төрсөн шалтгаан бол тухайн үед Монголын балет дандаа эрэгтэй багш нартай байсан. Эрэгтэй багш нар техник тал руугаа илүү хардаг. Харин эмэгтэй хүний торгон мэдрэмжийг дүрээр гаргах тэр  академизмийг эмэгтэй хүн, эмэгтэй хүндээ л хэлнэ ш дээ. Тиймээс би өөрөө бүжиглэдэг байхдаа эмэгтэй багш байсан бол энэ дүрийг ингэж хийвэл илүү гоё болох болов уу гэж боддог байлаа. Дараа нь дүрийг бүтээхдээ өөрөө өөртэйгээ их ажилладаг болсон. Д.Баасанхүү, Т.Баянжаргал, О.Ганбаатар зэрэг багш нар маань миний техник тал дээр их ажиллана. Яг нарийн мэдрэмж дээр ажиллахад эрэгтэй хүн бас хэцүү. Тиймээс би багш болоод эмэгтэй бүжигчдийг бэлтгэж гаргавал яах бол гэсэн нууцхан хүсэлтэй болж ирсэн. Түүндээ ч хөглөгдөж явсаар өнөөдрийг хүртэл багшилж байна. Ер нь хүн тайзнаас буухдаа сэтгэл хангалуун л буух хэрэгтэй.


- “Жизель” гэж таныхаар хэн бэ, энэ ямар дүр вэ?

-Жизель бол маш их жүжиглэлт шаардсан дүр. Энэ дүр бол тэр чигээрээ акадимизм, балетын дэг жаяг шингэсэн дүр. Бүжиглэж байгаа хүнээсээ маш өндөр мэргэжлийн ур чадвар шаардсан бүжгэн жүжиг. Жизелийг хийж чадах хүн гэж байна, чадахгүй ч хүн гэж байна. Жишээлбэл, Жизельд тохирсон хөл гэж байна. Энэ дүрийг бүтээж байгаа хүний хөл маш уян хатан байх ёстой. Яг л дарахад түлхэлт аваад буцаад ойдог пүржин шиг хөл байх ёстой. Мөн Жизель гэдэг хүний дотоод ертөнцийг сайн ойлгосон байх ёстой. 

Хайр дурлал бол энэ балетын жүжгийн гол сэдэв. Тариачин охин Жизель ямар эмзэг, нандин сэтгэлтэй вэ  гэдгийг ойлгох хэрэгтэй. Жизелийн дотоод ертөнц бол маш эмзэг. Тэр харц буруулсан, ичингүйрсэн харьцаа гээд энгийн тариачин охины хайр дурлал ямар хүчтэй вэ гэдгийг энэ балетын жүжгийн хоёрдугаар үзэгдэл болох сүнсний хэсэг дээр харуулдаг. 

Альберт гэдэг дурлалт залуугаа аврахын тулд ямар их золиос гаргаж байж амьд авч үлдэж байна вэ. Төгсгөлд нь, Альбертын шарил дээрээс авч байгаа тэр цэцэг... Энэ юу өгүүлж байгаа юм бэ гэвэл хайр дурлал гэж хэчнээн аугаа зүйл болохын тухай өгүүлж байгаа хэсэг юм. Хайр гэдэг үхсэн хойно хүртэл амьдардаг шүү гэдэг гол санааг үзэгчдэд ойлгуулахад оршиж байгаа юм. Энэ бол маш хэцүү.

-Мэдээж та хамгийн сүүлд тоглосон тоглолт болох 1996 онд энэ жүжигт тоглохдоо Жизелийг ойлгосон байсан байх. Гэвч нэг дүрийг ойлгох хүртэл хэр хэмжээний цаг хугацааг зарцуулсан бэ?

-1996 оны Жизельд тоглохдоо би энэ дүрийг ойлгосон байсан. Гэхдээ бас л дутуу байсан. Ер нь дүрийг төгс гарган бүтээсэн хүн байдаг л байх. Би мэдэхгүй юм. Учир нь би бол өөрөө өөртөө үргэлж шүүмжлэлттэй ханддаг хүн. Шавь нарийгаа ч би та нар төгс шүү гэж хэзээ ч хэлдэггүй. Хэзээ ч...

Өнөөдөр дэлхийд гайхагдаж байгаа балетчид болох Диана Вишнёва, Светлана Захарова зэрэг бүжигчид хүртэл бүтээсэн  дүрийнхээ тухайд ярихдаа “сэтгэлийн минь гүнд үргэлж дутуу мэдрэмж төрөөд байна” гэж ярьж байна. Тэд ч бас төгс хийгээгүй болохоор л ингэж ярьж байгаа хэрэг. “Би болчихлоо” гэж ханаагүй байна. Сонгодог урлаг гэдэг судлагдаад л яваад байгаагийн илрэл энэ юм. Тиймээс энэ урлаг олон жил амьдраад байна. Би энэ дүрийг бүтээчихлээ. Болчихлоо гээд л хүн бүр хэлээд байсан бол энэ урлаг өнөөдөр байх байсан эсэх нь эргэлзээтэй.

-“Жизель бол миний дүр” гэж та хэлсэн. Үнэхээр энэ дүрд дурласан болоод та ингэж хэлэв үү, ер нь уран бүтээлч хүн “энэ бол миний дүр” гэж бардам хэлэхийн цаана ямар шалтгаан байдаг юм бэ?

-Шалтгаангүйгээр ямар ч уран бүтээлч “энэ миний дүр” гэж хэлэхгүй л дээ. Жизель надад ойрхон дүр байсан. Намайг Вагановын сургуульд сурч байхад Ф.И.Балабина, Оросын ардын жүжигчин, Марийнскийн театрын гоцлооч байсан Шатилов зэрэг багш нар маань надад “Жизель”-ийн хоёрдугаар үзэгдлийн хэсгийг бэлдүүлдэг байсан нь энэ дүрд тохирох эсэхэд хараад л байсан хэрэг. Мөн “чи бол эсрэг дүрийн бүжигчин биш, чи бол романтизм талын дүрийг бүтээх жүжигчин болно” гэж Ф.И.Балабина багш маань надад хэлдэг байсан. Ардын жүжигчин О.Ганбаатар дараа нь “Гэрлээ, Жизель бол яг чи, энэ бол чиний дүр” гэж хэлдэг байсан. Хоёрдугаар үзэгдлийн хөгжим бол миний зүрх сэтгэлд үнэхээр суусан. Хамгийн анх багш болоод Туяаг Жизельд бэлтгээд түүнд хоёрдугаар үзэгдлийн галзуурдаг хэсгийг зааж байхад би өөрөө уйлаад босч ирж байсан.Жизелийн дүрийг анх зааж зогсоход тэр хөгжим миний зүрх сэтгэлд эгшиглэж, бүжиглэж байсан үеээ, хамтран бүжиглэж байсан хүмүүсээ бодоод өөрийн эрхгүй миний нүднээс минь нулимс гарч байлаа. Тиймээс хүний зүрх сэтгэлд дүр, тэр хөгжим хоногшино гэж байдаг юм. Тэгж хоногшуулсан тулдаа би өнөөдөр шавь нараасаа гайгүй Жизелүүдийг төрүүлсэн гэж боддог юм.

-Гавьяат жүжигчин Ч.Ганчимэгийг Жизелийн дүрд бүжиглэж байхыг хараад та өөрийгөө олж хараад байдаг гэж хэлсэн. Тиймээс та шавь нартаа Жизелийг, Хунгийн дүрүүдийг сайн өвлүүлж, балетын акадизмийг сайн суулгаж өгч чаджээ. Гэвч цаашид таны өвлүүлсэн энэ дүрүүд үргэлжилж чадах болов уу?

-Ч.Ганчимэгийг надтай их адилхан гэж ярьдаг юм. Балетчин хүн гэдэг их сонин өөрөө бүжиглэж байхдаа өөртөө хийдэг байсан нүүрний будалтаа өөрийн шавь дээрээ яг л адилхан хийдэг. Тэгэхээр нүүр нь хүртэл адилхан харагдаад ирнэ. Ганчимэг гэдэг охин бол намайг соронзон мэт нэг л зүйлээрээ татаж чадсан. Одоог хүртэл бид багш, шавийн харилцаатай. Хүссэн ч, хүсээгүй ч өөрийнхөө зүйлийг өөр хүнд дамжуулахдаа өөрийгөө л суулгадаг юм билээ. Цолмонг анх төгсч ирэхэд нь гранд жүжигт тоглож чадахгүй бүжигчин байна гэж ярьж байсан. Гэтэл надад тэгж харагдаагүй. Жизелийн дүрийг бүтээж чадах юм шиг харагдсан. Цолмон ч чадна гэдгээ баталж харуулж чадсан. Миний бэлтгэсэн эдгээр бүжигчид маань энэ уламжлалыг цааш нь аваад яваасай. Хойч үеээ бэлтгээсэй. Хойч үеээ бэлтгэхдээ үнэн сэтгэлээсээ дурлаж байж бэлтгээсэй гэж л хүсч байна.

-Та 1996 оноос хойш багшилж эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд балетын багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд нийт хэчнээн шавийг бэлтгэсэн байна вэ?

-Тоолох юм бол хэцүү. СУИС-ын багш Д.Алтантуяа гээд тухайн үеийн Дуурийн театрын гоцлооч байсан энэ хүн ч миний шавь. Бид хоёр ганцхан насны зөрүүтэй. Тиймээс миний шавь гээд яривал их том цар хүрээг хамрах болно. Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын бүжиг дэглээч Д.Баярбаатар, Улаанбаатар Чуулгын бүжиг дэглээч Д.Энхгэрэл, Түмэн-Эх чуулгын дарга Т.Отгонсүрэн гээд бүгд л миний шавь. Яг сонгодог балетын жүжигчид гэвэл энэ Дуурийн театрт бүжигчин гэсэн үнэмлэхтэй байсан, одоо байгаа хүмүүс бүгдээрээ миний шавь. Харин энэ хүмүүс намайг багшаа байсан гэж хэлэх, ярих нь тухайн бүжигчдийн өөрсдийн зан чанар, ёс суртахууны асуудал байх. Миний хувьд бүгд л шавь нар минь байсан. Гэвч энэ олон бүжигчид дундаас гоцлол бүжигчдийг гаргаж ирнэ гэдэг багш хүний хувьд багагүй хөдөлмөр байдаг. Санамсаргүй байдлаар тоолоод үзэхэд би 11 цагаан хун, 13 хар хун, 8 Жизель бэлтгэсэн байгаа юм. Үүн дээр нэмэгдээд ханхүү нар нь мөн багтана. Багш хүний хамгийн сайхан зүйлийг сүүлд ойлгосон. Үнэхээр бэлтгэсэн гоцлол бүжигчдээрээ багш хүн бахархана. Тэр шавь нар маань өнөөдөр над шиг багш болох гэж байна. Тэд бол Монголын балетын хойч үеийг авч явах хэмжээнд хүрсэн байна. Ингээд бодохоор би тэдэнд ганцхан бүжиглэхийг заагаагүй юм байна гэдгээ ойлгож байна. 

-Магадгүй арван жилийн дараа та П.И.Чайковский “Хунт нуур”, А.Адан“Жизель” балетыг Монголынхоо Дуурийн театрын тайзнаа үзээд суух мөчид таныхаар Жизель, Жизель биш хун нь хун биш байх вий гэхээс та айж байна уу?

-Айна л даа. Энэ урлаг олон зуун жил оршин тогтнож байгаагийн үндэс нь багшаас, шавьд өвлүүлж буй өв уламжлал нь юм. Оросууд үүнийг гайхамшигтай хэрэгжүүлж чаддаг. Вагановын хамгийн сүүлийн шавь Ирина Калпакова гэх Оросын ардын жүжигчин гэхэд өнөөдөр Марийнскийн театрт ч, Нью Йоркийн балетын компанид ч, Англид ч очиж ажиллаж байна. Энэ хүнээ Оросын сонгодог урлаг тэтгэвэрт гаргахгүй байгаа биз дээ. Учир нь энэ хүн Вагановын хамгийн сүүлд хэлсэн үгийг нь сонсч байсан хүн гэдэгт л утга учир, үнэ цэнэ нь байгаа юм. Ваганова гэх хүн, Вагановын академи бол өнөөдөр ч дэлхийн балетыг ноёрхож байна. Хэн ч одоогоор дийлээгүй, дийлхээргүй л байна.

Э.Одгэрэл

Эх сурвалж: Монголын үнэний сонин 2017.04.01 /архиваас/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22