Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгийг хамруулна



-Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна-

 

Орон сууцжуулалт бол нэг бус салбар дамнасан цогц байдлаар шийдвэрлэх үндэсний хэмжээний асуудал. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй. Гол асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжгүй байдал байв. Өөрөөр хэлбэл, орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн ч 2-3 жил ипотекийн зээлд хамрагдах эсэх шийдвэр хүлээдэг явдал юм. Арилжааны банкнаас өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж чаддаггүй, санхүүгийн дарамтад ордог зэрэг олон асуудал бий.

Тиймээс цаашид Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр болгож зорилтот бүлгийг орон сууцжуулахаар төлөвлөсөн талаар холбогдох албаныхан “Монгол орон сууцжуулалтын ирээдүй-2024” олон улсын форумын үеэр танилцууллаа. Тодруулбал, анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хамруулж, нийгмийн баталгааг нь хангахаар төлөвлөжээ. Зөвхөн өндөр барилга, орон сууцанд ач холбогдол өгөхгүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдээ дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн хашаандаа сайхан амьдрах боломж, нөхцөлөөр хангана. Үүнд төрийн байгууллагын зүгээс нийслэлтэй хамтран эхлээд дэд бүтцийг бүтээн байгуулж, хотын төлөвлөлттэй уялдуулан, ногоон байгууламжтай, стандартад нийцсэн үл хөдлөх хөрөнгө болох барилга, байшинг барихыг дэмжих шийдэл боловсруулжээ.

 

Гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах шийдлүүд

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд байгалийн гамшгийн давтамж, үр нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын тогтвортой хөгжил Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал сорилтуудын нэг болоод буй. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 69 хувь нь хотод амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2000 онд 57 хувьтай байжээ. Монгол Улс орон сууцны хүрэлцээгүй байгаа ба байгаль орчны тогтвортой байдлын асуудал, бохирдлын өндөр түвшин, байгалийн гамшигт тэсвэртэй байдал зэрэг хот суурин газарт сорилт бэрхшээлтэй тулгарсаар байгаа юм.

Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах шийдлүүдийг санал болгож байна. Тухайлбал,

-Өрхийн түвшинд одоо байгаа гэрийг илүү тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй болгож, халаалт, ус, ариун цэврийн байгууламж зэрэг үндсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэр хороололд шинэ, ногоон, дасан зохицох чадвартай орон сууц барих.

-Олон нийтийн түвшинд газар ашиглалтыг зохицуулах, нийтийн эзэмшлийн талбайг бий болгох, шинэ, ногоон, дасан зохицох чадвартай орон сууц барих замаар одоо байгаа дэд бүтэц бүхий гэр хороолыг сайжруулж, нэмэгдүүлэх.

-Хотын түвшинд эхлээд холбогдох дэд бүтцийг бүтээн байгуулж, дараа нь хотын төлөвлөлтийн дагуу хуваах бүтээн байгуулалт хийгдээгүй газрын хөгжлийн төлөвлөгөөг гаргана. Эдгээр газруудыг ногоон байгууламжтай, тэсвэртэй барилга барьж өрхүүдэд зарж болно.

Эдгээр санал, шийдлийг бүрэн ажил хэрэг болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгох аж.

 

Дэд бүтцээ шийдвэрлэсэн өрхөд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

 

Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд жил бүр тус эх үүсвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2028 он гэхэд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөсөн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь онцоллоо. Тэрбээр “Ипотекийн зээлийн 50-аас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Монголын Ногоон санхүүгийн корпорацтай хамтран олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” хэмээв. 

 

Дараах зорилтуудыг 2024-2028 онд хэрэгжүүлнэ

 

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийг орон сууцжуулах тодорхой зорилтуудыг тусгасан. Тухайлбал, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах, Үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшууллын механизмыг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ Зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотыг шинээр байгуулах, аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг бодлогоор дэмжих зэрэг зорилт багтаж байгаа юм.

 

Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг өргөн барьж, батлуулна

 

УИХ-ын намрын чуулганаар Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барьж, батлуулахаар ажиллаж байгааг салбар яамнаас тодотгож байлаа.

“Монгол орон сууцжуулалтын ирээдүй-2024” форумыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банктай хамтран зохион байгуулав. Тус форумд хот төлөвлөлт, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөл, банк санхүүгийн салбарынхан оролцож орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтын бодлогыг оновчтой болгох, орлогод нийцсэн орон сууц, олон улсын туршлагыг нэвтрүүлэх арга зам зэрэг сэдвээр хэлэлцэв. Мөн Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Дэлхийн банкны орон сууцжуулалтын ахлах мэргэжилтэн Дао Харрисон, санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Оливье Видал, хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Палави Сенгупта, Египетийн түрээсийн орон сууц, Ипотекийн санхүүжилтийн сангийн Ерөнхийлөгч Мэй Абдель Хамид Ахмед нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр