Зуун дамнан яригдах түүхийн өргөн замаар, алдраа дуурсгаж, нэрээ мөнхөлсөөр “Монголын үнэн" сонин 104 жилийг ардаа орхиж, 105 дахь уран бүтээлийнхээ жилд оржээ. Тэдний 104 жилийн түүхэн замналыг “Үүрэг, хариуцлага, соён гэгээрүүлэх”гэдэг гурван үгээр тодорхойлж болно. Ард түмэн, улс эх орны өнцөг булан бүрд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, өдөр тутам түгээх асар өндөр хариуцлагыг тэд үүрч ирсэн. Үе үеийн “Үнэн”-чүүд хариуцлагаа ухамсарлаж нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирснийг мөн л түүх гэрчилнэ. Бүтээн байгуулалт, үйлдвэржилт, атар эзэмших зэрэг улс орныг хамарсан кампанит ажилд уриалан дуудах, хүсэл, урам зориг өгөх, итгэл найдвараар гэрэлтүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх үүрэг ч мөн тэднийх байв. “Монголын үнэн" сонин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 2023-2024 онд хийсэн ажил, гаргасан бүтээл, алдаа оноогоо дэнслэн хэлэлцэж, 105 жилийн ойгоо итгэл төгс угтлаа.
“Монголын үнэн" сонин ойгоо тэмдэглэхдээ баярлаж, найр наадам хийхийг урьтал болгодоггүй. Тэд ойн өдрөө зуунаар яригдах түүхээ нэхэн санаж, ном товхимол хэвлүүлж, настан буурлуудаа хүлээн авч алтан сургаалийг нь сонсож нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлдэг уламжлал тогтоожээ. Ойн баяртаа зориулж сонинынхоо зай талбайг ахмад сэтгүүлчдэдээ өгч үзэл бодлыг нь уншигчдадаа хүргэдэг болжээ. Энэ удаа ч мөн энэ уламжлалаа эвдээгүй юм. “Монголын үнэн" сонины 104 жилийн ойн баярт үе үеийн “Үнэн”-чүүдийн төлөөлөл болсон 30-аад ахмад сэтгүүлч морилон саатлаа. Зочлон ирсэн үе, үеийн “Үнэн”-чүүдийн олонх нь МУСГЗ цол тэмдэгтэй байсан гэхээр тэднээр бахархахгүй байх аргагүй. Ойн баярт хүрэлцэн ирсэн ахмадуудаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж “Монголын үнэн" сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг үг хэлэхдээ “Манай сонинд ард олны эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хувьсгалчид, эх орончид ажиллаж, язгуур үндэс, эрдэм соёлоо дэлгэрүүлэхийг хичээн зүтгэсэн нэрт соён гэгээрүүлэгчид, бичгийн их мэргэд, эрдэмтэн судлаачид зохиол бүтээлээ туурвиж, үнэний төлөө үзгээ барьж, үгээ сийлж үлдээсэн юм. Үе үеийн “Үнэн”-чүүдийн намтрыг сөхвөл өнгөрсөн зууны алдаа оноог, амжилт бахархлыг олж харна. Монголд 105 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Монголын үнэн" сониноос өөр байхгүй. Бас Монголд таван эрхлэгч нь хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж, тавь гаруй сэтгүүлч нь хэлмэгдэн зовсон хэвлэл мэдээллийн байгууллага “Монголын үнэн” сониноос өөр байхгүй. Гашуун ч гэсэн энэ үнэн түүх. С.Буяннэмэх, Б.Намсрай, Ө.Бадрах, Ч.Самдан, Б.Наваан тэргүүтэй эрхлэгчид цэл залуугаараа хилс хэрэгт холбогдон цаазлагдаж, хожим бүгд цагаатгагдсан. Өвгөөдэй Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй бичгийн их мэргэд хэлмэгдүүлэлтийн сүүдэрт өртөж, хавчигдан, гадуурхагдаж амьдарсан намтар ч бас үнэн юм” хэмээн 104 жилийнхээ алдаа оноог дүгнэн өгүүлээд ирээдүй, хүүхэд залууст хандан “Та нар бол “Монголын үнэн” сониныг хоёр дахь зуунд нь хөтөлж аваачих гол хөтөч нь юм. Нийгмийг оюунлаг залуучууд манлайлж, шинэ түүхийг бүтээж байдаг. “Монголын үнэн” сониноо захиалдаг, сониноо уншдаг, сонин дээрээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг уншигчид олшрохын хэрээр “Монголын үнэн” сонины нас уртсаж, түүх зузаарах болно. “Монголын үнэн” сонины хамт олон ч бас залуучууд та бүхний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нийтлэлийн бодлогоо чиглүүлж, агуулгадаа өөрчлөлт шинэчлэлт хийхийг эрмэлзэж байна” хэмээн тэмдэглэн хэлсэн юм. “Монголын үнэн сонин”-ы редакц 2024-2025 оны уран бүтээлийн жилд ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэгийн хэлсэнчлэн хүүхэд залуусын шаардлагад нийтлэлийн бодлогоо уялдуулан туурвих аж. Ойн баярын арга хэмжээний үеэр доктор, профессор Т.Баасансүрэнгийн эмхэтгэн хэвлүүлсэн “Монголын үнэн сонин монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” судалгааны бүтээлийн нээлт боллоо. Уг судалгааны бүтээлийг эмхэтгэн хэвлүүлсэн Т.Баасансүрэн сэтгүүлчдийн асуултад “Олон судалгааны бүтээлийг зэрэгцүүлэн уншиж, хооронд нь харьцуулсан дүгнэлт хийж үзэхэд 1920-1921 оны хооронд хэвлэгдсэн “Монголын үнэн” сонины зургаан дугаар монголчуудын оюун санаанаас урган гарсан гэдэг нь маргаангүй. Тийм ч учраас монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өв мөн гэж үзэж байна” хэмээн хариулж байлаа. Мөн номыг ариутган шүүсэн доктор М.Зулькафиль хэлэхдээ “Монголд өнөөдөр 104 жил тасралтгүй хэвлэгдэн гарч байгаа сонин "Монголын үнэн"-ээс өөр байхгүй. Монголын анхны улс төрийн хэвлэл, анхны өдөр тутмын сонин гэдгээрээ Монголчуудын өдөр тутмын түүхийг бичиж ирсэн нь ач холбогдолтой” хэмээн сэтгүүлчдэд ярьж байлаа. Хүндэтгэл үзүүлэх хурал, судалгааны эмхэтгэлийн нээлтийн арга хэмжээг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл ирсэн байлаа. Хийсэн бүтээсэн ихтэй, хэлэх ярих арвинтай ахмад сэтгүүлчдээс ярилцлага авч, тэд ч индэр дээрээс үгээ хэлж сургаалаа хайрлаж байв. Ийнхүү бага үдэд эхэлсэн арга хэмжээ их үдийн алдад ахмад сэтгүүлчид залуу үеийхэнтэйгээ Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн зургаа татуулснаар өндөрлөж, хүндэтгэлийн зоог барьсан юм. Сонины ойд одоо уран бүтээлээ туурвиж байгаа редакцын хамт олон оролцсон юм. Тэдний дундаас “Монголын үнэн" сонинд хамгийн олон жил, тогтвортой ажиллаж байгаа Дизайн, гэрэл зураг компьютерын албаны дарга Ц.Одбаттай ярилцахад “Би “Монголын үнэн" сонинд 30 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Одоогоор Дизайн, гэрэл зураг компьютерын төвийн албаны даргын албыг хашиж байгаа юм. Анх "Үнэн" сонин гэж байхад хэвлэх үйлдвэрт нь ажилд орж байлаа. Намайг ажилд ороход Л.Түдэв эрхлэгч ажиллаж байлаа. Түүнээс хойш Г.Төртогтох, Ц.Ганбат, Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Б.Ганболд, Амундра, Б.Цоожчулуунцэцэг гээд долоон ерөнхий эрхлэгчийн удирдлага дор ажиллаж байна. Би МУИС-ийн лицейд ахлах ангиа дүүргээд, 18-хан насандаа "Үнэн” сонины хэвлэх үйлдвэрт цаас бэлтгэгчээр орж байсан юм. Цаас бэлтгэж, зүсэх байтугай сонины эх бэлтгэлийн талаар ч ойлголтгүй, техникжиж бэхэжсэн үеийн сэтгүүлчид тэр үеийн байдлыг над шиг мэдэхгүй болоод байна. Тиймээс би одоо "ахмад"-ын тоонд орчихоод байна” хэмээлээ.
Түүнийг анх 1995 онд ажилд ороход "Үнэн” сонин АЗ-ын хэмжээгээр долоо хоногт гурван удаа гардаг, гуравхан компьютертэй байв. Тухайн үед "амь" залгуулж байгаад төд удалгүй хаагдсан хэвлэх үйлдвэрт анх сонины рулон цаасыг хавтгайлж бэлтгэдэг байснаа удалгүй цаас зүсэгч болж, дараа нь монтаж хийж сурчээ. Энэ нь компьютер дээрээ бэлтгэсэн сонины эхийг төмөр дээр шарж хэвлэхэд бэлэн болгодог ажил гэнэ. Ингээд сониноо хэвлэдэг хэвлэгч болжээ. Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа үйлдвэрийн дарга Н.Борхондой, Н.Пүрэвдагва,Д.Жуур нараас их зүйл сурснаа дурсаж байлаа. Ц.Одбат 2001 оноос өнөөг хүртэл Компьютерын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд 2002 онд Монгол мэдлэгийн их сургуульд суралцаж сэтгүүлч мэргэжилтэй болсон нэгэн. Ийнхүү “Монголын үнэн" сонины хамт олон ахмад сэтгүүлчидтэйгээ нэг өдрийг өнгөрөөж ирэх жилийнхээ ажлыг төлөвлөв. Л.Түдэв агсан нэгэнтээ “Би "Үнэн" сониныг ганцхан захиалагчтай болсон ч гаргасаар л байх болно” гэж хэлсэн гэдэг. Цаасан сонины эрин дуусаж цахим мэдээллийн эрин эхэлсэн ч Монголын түүхийн өдрийн тэмдэглэл болсон “Монголын үнэн" сонин нэг ч дугаар алгасах эрхгүй. Тэсэж үлдэх зориг, тэвэрч үлдэх итгэл тэдэнд бий.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна