Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийх төрийн айлчлал эхэллээ. Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар хийж буй энэ удаагийн төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараах айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна