75 жилийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал

unen
12 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч  Петр Павелын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийлээ.

Бүгд Найрамдах Чех Улсын хувьд Монгол Улстай эртний найрсаг харилцаатай, түүхийн олон сэжмээр холбогдсон улс. Монголын аж үйлдвэрт томоохон хувь нэмэр оруулсан Чехийн ард түмэнтэй олон жилийн өмнөөс бид хамтран ажиллаж байсан бөгөөд  хувьсгалаас өмнө чехүүд хойд өртөөг түрээсээр эзэмшиж, наймаа арилжаа хийж, 1923 онд Нийслэл хүрээнд шар айрагны үйлдвэр байгуулж байжээ. Чехословак улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, Улаанбаатар, Прага хотноо 1956 онд ЭСЯ-даа харилцан нээсэн түүхтэй.

 Чехүүд монгол орны бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан улс. Ганцхан жишээ дурдахад, Чехийн геологичид “Эрдэнэт үйлдвэр”-ийн үндсэн ордыг нээж, анхны шанг татаж байсан юм. 1992 оны арванхоёрдугаар  сард  Чехословак улс задарч бие даасан Чех болон Словак гэсэн хоёр тусгаар улс үүсэн байгуулагдсан ч Монгол Улс Чех Улстай дипломат харилцаагаа үргэлжлүүлэн эдүгээ 75 жилийн ойтойгоо золгож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой.


Алтан Прагад хийсэн шинэ хэлэлцээрүүд

 “Прагын шилтгээн” ордон бол  дэлхийн хамгийн том бөгөөд эртний шилтгээний нэг. Дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг энэхүү байгууламжийг барих ажлыг IX зуунд эхлүүлж, Богемийн хаадаас авхуулаад олон зуны туршид Чехийн нутагт ноёрхож байсан хаад, ноёд энд байрлаж байсан түүхтэй. Харин өдгөө  Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч энэхүү шилтгээнд  байрладаг. Нийтдээ 70 мянган ам метр  талбайтай, уран барилгын сонгодог загварыг өөртөө агуулсан, түүх соёлын үнэт өв гэдгээрээ зартай  үзэсгэлэнт, эртний цайзын угтах ёслолын талбайд Чех Улсын төрийн тэргүүн Петр Павел Монгол Улсын Ерөнхийлөгчийг ёслол төгөлдөр угтан авлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Прагын шилтгээний хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр дурсгалын үг бичиж үлдээсний дараа төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. 

 Хэлэлцээрийн үеэр хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг тэлж эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хоёр тал илэрхийлж байлаа.


Энэхүү уулзалтын дараа харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцсон. “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Чехийн талаас Гадаад хэргийн сайд Ян Липавский нар зурлаа. 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ. Айлчлалын үеэр Монгол, Чехийн төрийн өндөр дээд түвшний уулзалтууд зохион байгуулагдаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн хэд хэдэн хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Тодруулбал, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Чехийн талаас Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрийх нар гарын үсэг зурлаа. Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд шууд харилцаж, хамтран ажиллах боломжтой болов. 

Талууд криминологийн судалгаа хийх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар, дадлага, сургуулилалт, хэлний сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Боловсролын сайд П.Наранбаяр, Чехийн талаас Боловсрол, залуучууд, биеийн тамирын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурлаа. Үүний дагуу “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмсний зэрэгцээ оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулна. Хоёр улсын хэл, соёлыг суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт хамтран зохион байгуулахаар болжээ.

“Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Чехийн талаас Хөдөө аж ахуйн сайд Марик Виборни нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд байгуулав.

 Хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр хамтарна. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхэллээ. 

“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, Чехийн талаас Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар гарын үсэг зурлаа. Чех Улстай дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагаа эхэллээ. Чех Улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Энэ удаа олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тоо толгойг тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг хамтран сайжруулахаар болов. “Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, Чехийн талаас Үндэсний спортын агентлагийн дарга Ондржей Шебек нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Спорт, биеийн тамирын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг солилцоо, мэргэжлийн болон олон нийтийн спортын хөгжил, цахимжуулалт, спортын байгууламжийн менежмент, спортын холбоод болон холбогдох бусад байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана.

Бүгд найрамдах Чех улсын Ерөнхийлөгч Петр Павел: Батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна

Төрийн айлчлалын хүрээнд албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулагдсаны дараа хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан хэвлэлийн хуралд оролцож, харилцааны түвшнийг шат ахиулж Иж бүрэн түншлэлд хүргэснээ тунхаглан зарлалаа. Энэ үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел “Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой, хамтарч байсан туршлага ч бий. Ялангуяа 1950-аад оноос монгол залуус Чех Улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. 

Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байна. Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг  монголчууд нөхөж байна. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна. ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна.

 Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно” хэмээн онцолж байлаа. Энэхүү арга хэмжээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сенатын танхимын дарга Милош Вийстрчил, Ерөнхий сайд Петр Фиала нар бараалхав.

Монголын бизнесмэнүүд 20 гаруй тэрбум төгрөгийн гэрээ байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Чех-Монголын бизнес форумыг зохион байгуулсан. Энэхүү форумын нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцсон юм. Бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малтмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцлоо.


2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 18 сая ам.долларт хүрсэн байна. Манай экспорт 300 гаруй мянган ам.доллар, импорт 17 сая орчим ам.доллар юм.  Монголчууд ноос, ноолууран бүтээгдэхүүн, сүлжмэл эдлэл нийлүүлж, Чехийн талаас тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн голчлон импортолдог.

 Чех Улсын тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй биш, мөн эдэлгээ, чанар сайтай. Тиймээс монголчууд хүнсний үйлдвэрлэл, шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх, уул уурхайн эрхлэх, ноос, ноолуур, малын гаралтай түүхий эд нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.  Энэхүү форумын үеэр Монголын долоон компани шинэ бизнесийн түнш олж, гурван компани нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийн гэрээ хэлцэл байгуулжээ. Энэ бол шинэ эхлэл. 

Монголын ноос, ноолуураар  Чехийн технологиор  даавуу хийж, дэлхийд зартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг ойрхон гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь Чех, Монгол Улсын хамтран ажилласан түүх, харилцан ойлголцол бат бэх байсаар өдий хүрсэн түүхтэй. Тоо баримтаас харахад 1990-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж манай улсад 9.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Өнөөдрийн байдлаар 60 гаруй нь худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн Чех Улс 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын төслүүд хэрэгжүүлсэн байна.

Их хааны түүхийг тодотгох шинэ ҮЗЭСГЭЛЭН

Чех Улсын түүх, соёлын нандин өвийг хадгалж буй Үндэсний музей нь Прага хотын зүрхэн хэсэгт сүндэрлэн оршдог.  Музейн гол барилгыг 1885-1890 онд алдарт архитектурч Йозеф Шульцын гаргасан зургийн дагуу неоренессанс хэв загвараар барьжээ. Энэхүү сүрлэг барилгыг барихад зориулж Чехийн өнцөг булан бүрээс авчирсан байгалийн төрөл бүрийн чулууг ашигласан байна. Тухайлбал, Горжицегийн элсэн чулууг музейн өмнөх талбай дахь гурван үетэй, хагас дугуй усан оргилуур болон баримлуудыг барихад ашиглажээ.


Усан оргилуурын дээр шинжлэх ухаан, урлагийн тэнгэр Бохеми бурхан сууж байх агаад хоёр талд нь тохойгоо тулан хажуулдан хэвтэж буй залуу эмэгтэй ба ахимаг насны эрийг дүрсэлсэн баримлуудыг босгосон байв. Залуу эмэгтэй нь Влтава мөрнийг, харин ахимаг насны эр нь Эльба мөрнийг бэлгэднэ.  Эдгээр хөшөөний хоёр талд нь чех үндэстний түүхэн газар нутгууд болох Моравийг бэлгэдэж тариан түрүү тэвэрсэн залуу эмэгтэй, Силези нутгаа төлөөлсөн, нэхмэлийн машины утас сүвлэгч барьж буй залуу эрийн баримлыг байрлуулжээ. Эдгээр баримал нь Чехийн газар нутаг хэзээ ч хуваагдашгүй бүрэн бүтэн байхыг бэлгэдэж буй хэрэг юм.

Музейн өндөр бөмбөгөр оройн дор Чехийн соёлыг түгээн дэлгэрүүлэгч 72 алдартны нэрийг алтан үсгээр товойлгон сийлсэн байдаг.  Үзүүлэнгийн  20 танхимтай, 20 сая гаруй үзмэртэй тус музей бол Чех Улс, Европын орнууд хоорондын соёл, түүхийн нягт харилцааг харуулах үүргийг гүйцэтгэдэг.  Жилд 1.5 сая гаруй хүнд сан хөмрөгөө толилуулдаг байна. Энэхүү гайхамшигт түүхтэй, соёл иргэншлийн нэвтэрхий толь болсон дэлхийд зартай том музейд “Чингис хаан” үзэсгэлэн төрийн айлчлалын үеэр нээлтээ хийлээ. Энэхүү олон улсын үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн дийлэнхийг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн үзмэрүүд бүрдүүлж, үлдсэн хэсэг нь Чехийн Үндэсний музейн үзмэрүүд тавигдсанаар, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд дэлхийн том музейнүүдэд ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай дэглэгдэж байгаа юм. 

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг өнөө болон ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах, шинжлэх ухаан танин мэдэхүйн хамтын үр дүнг үзүүлэхэд Чехийн Үндэсний музейтэй сүүлийн хоёр жил хамтран ажиллаж хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор үзэсгэлэнгээ нээж байна. 

Монгол Улс, Чех Улс нь одоогоос нэгэн жарны тэртээ Чех Улсын эрч хүч, идэвх санаачилгатай археологич Лумир Ийслийн санаачилгаар Монгол Улсын археологич эрдэмтэд хамтран “Монгол нутаг дахь Түрэгийн эзэнт улсын түүх”-д холбогдох Орхоны хөндийн тахилгын байгууламжид ажилласан. Уг археологийн судалгаа нь Монгол Улсын эрдэмтэд өрнөд Европын улстай анх удаагаа хамтран ажилласан түүхийн эхлэл үргэлжилсээр өнөөдрийн үзэсгэлэнд олон онцгой үзмэрүүд тавигдсан. “Чингис хаан” үзэсгэлэн нь Чех улсад албан ёсоор гарч буй Монголын анхны бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлж байна” гэлээ. “Чингис хаан” үзэсгэлэн Чехийн үндэсний музейд дөрвөн сарын хугацаатай гарна. Энэхүү музейн тасалбарын үнэ 450-150 кораны үнэтэй байгаа бөгөөд тасалбарын борлуулалт эрэлт ихтэй байгаа ажээ.

Итгэл өвөртөлсөн “Ерөнхийлөгчийн хүүхдүүд”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр сэтгэл догдлуулсан нэгэн уулзалт болсон юм. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех, Герман  улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын уулзалт байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож, сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд энэ илгээлтийн эзэд болж, итгэл өвөртлөн дэлхийд нэр хүндтэй сургуульд, тэргүүлэх зэргийн мэргэжлээр суралцахаар эх орноосоо морддог. Тэдний 29 нь өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсад суралцаж байна. Энэхүү 29 оюутны найм нь Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа бол 21 нь Карлын их сургуулийн Подебрад хотын Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд хамрагдаж байна.


Эдгээр оюутан ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм. Сурагчийн ширээнээс дөнгөж босоод харь орныг зорьсон хүүхдүүдийн яриа, тэдний асар их итгэл, хичээл зүтгэл, илгээлтээр сурч байгаа хүүхдүүдийн талаарх видео  танилцуулга уулзалтад оролцсон олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, хайр, энэрэл, бахархал  дүүрэн байсан юм. Чингэлтэй дүүргийн VIII хорооноос ирсэн  Б.Бат-Эрдэнэ  “Би Нобелийн шагнал авахын тулд хичээж байна” хэмээн ярьж байлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ уулзалтын үеэр “Та нар Ерөнхийлөгчийн мөнгөөр бус ард түмнийхээ мөнгөөр сурч байгаа. Илүү сайн шамдан суралцаж,  эх орондоо эргэж ирээд төрж өссөн сумандаа, хороондоо ажиллаж, сурч мэдсэн зүйлээ олон хүүхдэд зааж сургаж, эрдэм номоо дэлгэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. “Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг “Ерөнхийлөгчийн хүүхдүүд гэж ярьдаг болсон гэсэн. Би хоёр охинтой. Одоо бүр ч олон хүүхэдтэй болж байгаадаа баяртай байна” хэмээн ярьж байсан юм. 

 Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайд Д.Гансүх  “Элчин сайдын яам оюутнуудтайгаа, тэр дундаа тэдний сурч байгаа сургуулийн захиргаа, багш нартай байнга холбоотой байдаг. “Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдаж Ерөнхийдөгчийн илгээлт өвөртлөн ирсэн хүүхдүүд маань маш амжилттай сурч байгаа” хэмээж байлаа. Илгээлт өвөртөлж ирсэн оюутнуудтай гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн жил гэрээнд өөрчлөлт орж, сургуулиа төгсөөд ирснийх нь дараа дахин богино хэмжээний сургалтад хамруулах юм байна. Эдгээр хүүхдэд өөрсдийн сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцах, тэднийг чиглүүлэх үүрэг хүлээж байгаа гэдгийг Боловсролын сайд бас сануулсан юм. Энэ нь ч аргагүй. Хүүхдүүдийн сурч байгаа Карлын их сургууль 1348 онд IV Карл хааны санаачилгаар байгуулагдсан Төв Европын анхны их сургууль. Эдүгээ энэ сургуульд дэлхийн 139 улсаас ирсэн 52 мянга гаруй оюутан суралцаж байна.

Сэтгэлийн утсыг хөндсөн “Монголын сайхан орон”

Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагын шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа. Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил  бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барив. Өнө эртний түүхт “Прагын шилтгээн” ордны эрхэмсэг, тансаг цэлгэр уудам  танхим, ур ухаан шингэсэн гоёл чимэглэл, гэрэл гэгээ,  хөгжмийн гайхамшигт аялгуу цогцолсон уг тоглолт олон хүний сэтгэлийг хөндөж, Монгол Улсын нэрийг дахин цуурайтуулж чадлаа. Хоёрхон чадхдаст морин хуураараа хорвоогийн бүхий л амьдралыг илэрхийлж чаддаг хосгүй авьяастай ард түмний үрс, Морин хуурын найрал хөгжимчид Монголын болон дэлхийн сонгодог аялгууг сонордуулж, үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дунд Прагын тэнгэрт эх орныхоо нэрийг цуурайтууллаа.

Бяцхан Дагина минь эх орондоо ирээрэй...

Чехийн ард түмэн монголчуудад олон тус дэм хүргэсэн. Үүний нэг нь “Тахь нутагшуулах хөтөлбөр”. 1998 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн нэг азарга, хоёр гүүг Говийн их дархан цаазат газарт авчирсан түүхтэй. Мөн Хустайн нуруу, Хомын тал зэрэг газарт төсөл хэрэгжүүлсний дүнд тоо толгой нь өсөж, устаж үгүй болоод байсан тахь өнөөдөр өсөж үржин, 1000 орчим тахь уугуул нутагтаа амгалан идээшилж байна. Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел 1999 онд  Цэргийн тусгай бригадын захирагч байх үедээ Монгол Улсад  тахь нутагшуулах ажлыг дэмжиж байлдааны тусгай зориулалтын онгоц гарган өгч, Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь ачуулж байсан сонирхолтой түүх бий.

 Мөн Чехийн ард түмэн тахь нутагшуулахын тулд “Монголд илгээх захидал” нэртэй хандивын аян өрнүүлж байжээ. Энэ бүхнийг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг нь Прагын амьтны хүрээлэнгийн захирал Мирослов Бобек. Түүний санаачилгаар  Прага хотын амьтны хүрээлэнд палеонтологийн олдвороор дэлхийд алдартай Баянзагийн байгалийн өвөрмөц тогтцыг дуурайлган хийсэн “Говь” үзмэрийн хэсгийг байгуулжээ. Монгол гэр, баян заг, элс бүхий энэ үзвэрийн хэсэгт саяхан тахийн шинэ унага мэндэлжээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тус амьтны хүрээлэнд түр саатаж, төрөөд удаагүй нялх унаганд “Дагина” гэдэг нэр өглөө.  

Прагын амьтны хүрээлэнгийн захирал Мирослов Бобек “Бид тахь нутагшуулах төслийг үргэлжлүүлнэ. Хэзээ нэгэн цагт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Дагина” гэдэг нэр авсан тахийн энэ унага олуулаа болж, Монгол нутагт ч очихыг үгүйсгэхгүй” хэмээн ярьж байлаа.  Энэ үг биеллээ олж бяцхан “Дагина” минь эх орондоо ирж, Монголын говь нутагт эрх дураараа амьдрахыг хүсье.

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологич

Чехийн олон арван мэргэжилт­нүүд Монголд ажиллаж амьдарч байсны нэг нь эдүгээ 98 настай ахмад геологич Моймийр Краутер. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Ерөнхийлөгч энэ удаа Үндэсний архивт хадгалагдаж байгаа баримт материалуудаас   Моймийр Краутер гуайн Эрдэнэтийн овоод хайгуул, судалгаа хийж байсан үеийн зургуудыг хэвлэж бэлэглэсэн нь  100 насыг шүргэж байгаа ахмад геологичийн сэтгэлийг хөдөлгөв. Залуу халуун насандаа Монгол Улсад ажиллаж амьдарч байсан Моймийр Краутер гуайд тус улсад суугаа Монголын Элчин сайдын яамныхан байнга анхаарал тавьж, үргэлжид хүндэтгэлтэй хандаж байдагт талархаж байгаагаа тэрбээр өгүүлж байсан юм.

Монголчуудад ээлтэй нутаг

Чех Улсад манай улсын 14 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг. Энэ нь тус улс дахь нийт гадаад иргэдийн 1.28 хувь гэсэн үг юм. Иргэдийн 10 мянга гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан бөгөөд 97 хувь нь   оёдол, эд анги угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг. Жилд 200 орчим хүүхэд мэндэлдэг, дунд сургуульд 203, бага сургуульд 1,217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 120 гаруй оюутан Чехийн их, дээд сургуульд суралцжээ.

Чехийн монголчууд нэр хүндтэй. Бас асуудал гаргадаггүй, хууль дүрэм зөрчих нь ч бага байдаг талаар тус улсад Монгол Улсаа төлөөлж суугаа элчин сайд Д.Гансүх онцолж байсан юм. Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзахад “Цалин хөлс зарим улстай харьцуулахад бага ч хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг учраас нийгмийн баталгаа сайтай. Манай улстай нийгмийн хамгааллын гэрээ хэлэлцээр хийгдсэн цөөн орны нэг нь Чех Улс. Тиймээс тус улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд энд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж тэтгэвэрт тогтоолгох боломжтой байдаг нь давуу тал” гэж ярьж байлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Прага хот дахь Элчин сайдын яамаар зочилж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа төлөөлөлтэй уулзан нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардуулсан юм.


75 жилийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал

Дэлхий нийт амаргүй цаг үетэй тулгарч, хүйтэн дайны халуун гал хаанаас ч цухалзаж мэдэх эгзэгтэй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Чех Улсад айлчиллаа. 75 жилийн найрсаг харилцааг шинэ шатанд гаргаж, басхүү Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэдгээ Төв Европын зүрхэн дээрээс ил тод зарлав. Түүний энэ удаагийн айлчлал олны анхаарлыг татсан, Монгол Улсын нэр хүндийг өргөсөн түүхэн айлчлал болж чадлаа гэж Д.Баярхүү тэргүүтэй улс төр судлаачид үзэж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөр гээд манай улсад хэрэгжих үндэсний бүх төсөлд таатай гадаад орчныг бүрдүүлэх, түүнд гадаад талаас тус дэм болох нь гарцаагүй гэж эдийн засагчид дүгнэж байна. 

 Б.Цоож

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Онончимэг: Монгол үндэсний өв соёлоо олон улсад таниулах нь миний зо… 10 цагийн өмнө
Арьсны байгалийн сэргэлт-“Скиндокс” 10 цагийн өмнө
Монголын эстрад урлагийн отгон ДИВА мэндэллээ 10 цагийн өмнө
Б.Алтангэрэл: Дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, сувилгааны бүтээгдэ… 10 цагийн өмнө
Ж.Дашдэмбэрэл: Захиалгуудаа чанартай гүйцэтгэж, зогсолтгүй урагшилж ба… 10 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг. 10 цагийн өмнө
Эмзэг, ээдрээт 30 жилийн түүх ба СДМЭХ-ны эрэл, тэмцэл, тэмдэглэл 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа 11 цагийн өмнө
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргө… 12 цагийн өмнө
Х.Булгантуяа: МАН парламентад олонх байх үед эмэгтэйчүүдийн эрхийн тух… 12 цагийн өмнө
Түүх бүтээсэн нэгэн жаран 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоо… 12 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж байна 12 цагийн өмнө
75 жилийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал 12 цагийн өмнө
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо 12 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо эв нэгдлийг эрхэмлэж, х… 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ 13 цагийн өмнө
Шинэ нээлттэй, шилд гарсан хоногуудтай долоо хоног 13 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 13 цагийн өмнө