Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо эв нэгдлийг эрхэмлэж, хүндээ хүрч ажилладаг

unen
13 цагийн өмнө


УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалантай ярилцлаа.

-Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн ойг тохиолдуулан тантай ярилцаж байна. Улаанбаатар хотын намын хорооны түүхийн нэг хэсэг нь яах аргагүй танай хамт олон.  Хоёр ч том сонгууль болж өнгөрсний дараа уулзаж байгаа учраас Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны сонгуулийн үр дүнгээс та манай уншигчидтай хуваалцана уу?
-Баянзүрх бол Монгол Улсын хамгийн олон хүн ам, өрхтэй,  хамгийн олон их, дээд болон ерөнхий боловсролын сургуультай томоохон дүүрэг. “Нарантуул”, “Өгөөмөр”,  “Баянзүрх”,  “Да хүрээ зэрэг  томоохон зах, худалдааны төвтэй буюу хамгийн олон худалдаа наймаа эрхлэгчидтэй. Энэ утгаараа манай дүүрэгт ажиллаж, амьдрах болон шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэх болсон. Албан бусаар 500 гаруй мянган иргэнтэй болсон. 
Албан бус гэдэг нь бүртгэлгүй мөртлөө дээрх зах, худалдааны төвүүдээ буюу ажлын байраа дагасан төрийн болон хувийн хэвшлийнхэн төвлөрсөн дүүрэг болоод байна. Албан ёсны статистик тоогоор 450 орчим мянган иргэнтэй,  бүртгэлтэй сонгогчийн тоо 280 мянгад хүрсэн, нийслэл төдийгүй улсдаа онцлогтой, томоохон дүүрэг. 2024 оны сонгуулийн жилд Баянзүрх дүүргийн МАН-ын хороо урд жилүүдээс илүү өндөр амжилттай оролцсоныг дуулгахад таатай байна. Ер нь манай намын хороо сонгуулийн амжилтаа жил бүр ахиулж ирсэн. 

Миний хувьд Баянзүрх дүүрэгт 2008 оноос дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос дүүргийн МАН-ын дэд даргаар ажиллаж байгаад 2016 оны нэгдүгээр сарын 9-нөөс Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны  даргаар сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд  буюу 2012 онд гэхэд  дүүргийн ИТХ-ын 41 суудлаас манай нам долоог нь авч байсан бол 2016 онд энэ тоогоо ахиулсан.  2020 онд 43 суудлаас 23-ыг нь авч олонх болж байсан бол 2024 онд 43 мандатын 38-д ялалт байгуулсан. 

Мөн нийслэлийн ИТХ-ын 10 мандатаас ес, УИХ-ын таван суудлаас дөрөвт ялалт байгуулснаар тус бүр 90 хувийн амжилттайгаар  2025 оноо угтлаа. Энэ бол манай баг хамт олны хамтын  ялалт, амжилт. 


-Баянзүрх дүүргийн хөгжил цэцэглэлт, өчигдөр өнөөдөртэй дүүргийн МАН-ын хорооны түүх салшгүй холбоотой. Намын бай­гууллага үүсэж, хөгжсөн түүхээс бидэнтэй хуваалцана уу. Шинэ зуунд дүүргийн намын байгууллага удирдаж яваагийн хувьд анх үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх цаг хугацааг та  хэрхэн дүгнэх вэ?
-1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолоор Найрамдлын район нэртэйгээр үүсгэн байгуулж байсан нь Баянзүрх дүүргийн үүсэл хөгжил. Ингэж анх Улаанбаатар хотод дөрвөн том районыг байгуулсан байдаг. Яг тухайн жилдээ буюу 1965 ондоо дүүргийн МАН-ын хороо үүсгэн байгуулагдсан түүхтэй. Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн ойтой зэрэгцээд бидний буюу Баянзүрх дүүргийн төдийгүй  Намын хорооны 60 жилийн ой давхар тохиож байна. Дүүргийн хөгжил цэцэглэлтэд намын байгууллагын оруулсан хувь нэмэр их байлгүй яах вэ. Энэ 60 жилийн хугацаанд 2012-2020 онд АН засагласнаас бусад бүх цаг үед МАН засаглалын бодлогоо хэрэгжүүлж ирсэн байдаг. 

Тиймээс бид энэ 60 жилд ямар амжилт, дэвшилттэй ажиллав, дүүргийн хөгжил цэцэглэлт төдийгүй ард иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллаж ирсэн талаар дүүргийнхээ иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллахаар Ажлын хэсэг гарсан, бэлтгэл хангаж байна.  60 жилд юу хийж бүтээсэн бэ гэдэг асуултад ганцхан жишээ дурдъя. Энэ 60 жилийн түүхэнд Найрамдлын район, Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтдээ 60-70 км авто зам барьж байсан бол 2020-2024 онд буюу дөрөвхөн жилийн хугацаанд бид мөн хэмжээний авто замыг барьж байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 60 жилийн хугацаанд  хийсэн замыг бид дөрвөн жилийн дотор амжуулж чадсан гэсэн үг. Мөн дүүргийн хэмжээн дэх гэрэлтүүлэг гэхэд 95 хувьд хүрч нэмэгдсэн зэрэг үзүүлэлттэйгээр бүхий л салбарт  бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.  

-Таны хувьд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны хэд дэх даргаар ажиллаж байна.  Анх энэ намтай хэрхэн ажил, амьдралаа холбож байв?
-Манай Баянзүрх дүүргийн тухайд 1965-1992 он хүртэл буюу Баянзүрх дүүрэг нэртэй болох хүртлээ 7-8 намын дарга ажилласан байдаг юм билээ. 1992 оноос хойших 33 жилийн хугацаанд намын есөн дарга ажилласан, миний хувьд 10 дахь дарга нь. Үүн дотроо хамгийн олон жил Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа нь би болж байгаа юм билээ. Миний хувьд Найрамдлын район, одоогийн Баянзүрх дүүргийн унаган иргэн. Миний намтар түүх хэзээнээс энэ дүүрэгтэй салшгүй холбоотой явж ирсэнд бэлгэшээлтэй ханддаг. 

Төрсөн цагаас эхлээд боловсрол эзэмшиж, гэр бүл зохиохоос авахуулаад бизнес,  улс төрийн гараагаа ч энэ дүүргээс эхэлсэн байдаг.  Миний ураг удам ч энэ дүүрэгтэй холбоотой явж ирсэн юм билээ. Жишээлбэл, миний эмээ Баянзүрх дүүргийн 084 дүгээр цэргийн анги буюу хуучнаар Десантын ангид насаараа хүний их эмчээр ажиллаж, амьдарсан бол миний ээж Б.Хандсүрэн сургуулиа төгсөөд одоогийн Жуковын музейн  зүүн талын шар байранд  Найрамдлын районы анхны банк гэж байгуулагдахад ажлын гараагаа эхэлсэн байдаг. Миний хувьд 1994-1998 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Герман судлал-дипломат ажилтнаар төгсөөд  1998-2002 онд Герман улсын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургуулийг дүүргээд 2002 онд Монголдоо ирж байлаа. Ингээд 2004 оны гуравдугаар сарын 1-нд болдог намынхаа баяраар  МАН-ын гишүүнээр элсэж байлаа. 21 дэх жилдээ энэ намд хүчин зүтгэж явна. Анх тухайн үеийн нэршлээр МАСЗХ-ноос ажлын гараагаа эхэлж байв. Түүнээс хойш залуучуудын байгууллага маань хоёр ч удаа нэрээ өөрчилсөн.

 Намайг Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхад НАМЗХ гэж байсан бол сүүлд насны хязгаараар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд СДМЗХ болсон юм. Ингээд бодохоор залуучуудын холбооны гурван үеийн төлөөлөл болж, хүчин зүтгэж явснаараа бахархдаг.  

2004 оноос МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцож эхэлснээс хойш Баянзүрх дүүргийнхээ хэд хэдэн хороонд Үүрийн даргаар ажилласан. Хамгийн анх Шар хадны есдүгээр хороо, тухайн үеийн 26 дугаар Үүрийн даргаар ажиллаж байсан юм. Дараа нь 22 болон долдугаар хорооны намын хороонд гээд хэд хэдэн анхан шатны байгууллагаас улс төрийн ажлын гараагаа эхлүүлж байлаа. 2008 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан.  Улмаар 2012 онд МАН улсын хэмжээнд бүх шатанд сөрөг хүчин болчихсон байх үед Баянзүрх дүүргийнхээ МАН-ын хорооны дэд даргаар сонгогдож байлаа. 

2016 оноос МАН-ын хорооны даргаар одоог хүртэл ажиллаж байна.  2008 онд төрийн болон улс төрийн ажлыг давхар хашиж болдог байсан учраас миний хувьд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд ЗДТГ-ын дэргэдэх Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.  Тухайн үед манай дүүрэг 180 мянган хүн амтай байсан бол өнөөдөр 500 гаруй мянгад хүрчихээд байна.  Энэ 17 жилийн хугацаанд хүн амын тоо гурав дахин нэмэгдэхийн хэрээр дэд бүтэц, цахилгаан, эрчим хүч, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн асуудал ч мөн энэ хэрээр нэмэгдсэн. 

Тиймээс энэ хурдацтай өсөлтөд нийцүүлж, хүн амынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан бодлого, шийдвэрийг гаргаж, хүрэлцэж ажиллах гэж  дүүргийн болон намын хорооны үе үеийн удирдлага, УИХ-ын гишүүд болон нийслэл, дүүргийн төлөөлөгч нар, баг хамт олон нэг зүгт харж, эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж ирсэн учраас өнөөдөр чамлахааргүй ялалт, амжилтаар Нийслэлийн МАН-ын 100,  дүүргийнхээ 60 жилийн ойг угтаж байна.
-Өндөр амжилттай намын хороог удирдаж яваа хүний хувьд ямар зарчим баримтлан ажилладаг вэ. Үлгэр жишээ намын хорооны даргын хувиар бусад улс төрийн намын байгууллагадаа туршлага болгох үүднээс энэ асуултад хариулж өгөөрэй?
-Улс төрийн намын хамгийн эрхэм зорилго бол аливаа сонгуульд ялалт байгуулж, засаглалын бодлогоо хэрэгжүүлэхэд оршдог. 2012 оноос хойш Баянзүрх дүүргийн МАН-ын хороог удирдаж яваа хүний хувьд бидний амжилтын гол үндэс бол хүнтэй хүн ёсоор харилцах, эв нэгдлийг эрхэмлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн. Намын ажил бол ерөөсөө хүнтэй л ажиллах ажил. Дүүргийн намын даргын хувьд багийнхандаа, залуучууддаа, анхан шатны намын дарга нартаа ч “Тухайн иргэн хэн байхаас үл хамаараад хүн ёсоор харилц, энэ том дүүргийн бүх асуудлыг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй. Гэхдээ хүн нэг бүрийн асуудлыг тулж сонсож хүлээж ав, хүнлэг байдлаар харилц” гэдгийг хэлж захиж ирсэн. 

Бид даргын ширээнд суучихаад вакумжиж болохгүй. Хүнтэй хүн ёсоор харилцаж байж эргээд  хүндлэл, итгэл ирнэ шүү дээ. Ингэж байж  бүх шатанд иргэдийнхээ дэмжлэгийг авч ажиллах боломж бүрдэнэ гэж үздэг. Энэ үгэндээ ч хүрч, гол зарчмаа болгон ажиллаж ирсэн. Манай баг хамт олон ч ийм сэтгэлээр ажилд ханддаг. Үүнээс гадна эв нэгдлийг бүх шатанд эрхэмлэх явдал манай намын хорооны гол зарчим. Түүнчлэн анх залуучуудын байгууллагаас ажлын гараагаа эхэлж байсан миний хувьд  өнөөдөр ахимаг насныхны эгнээнд шилжсэн бол 1980-аад оны сүүл, 1990-ээд оны залуучууд  ажлын талбарт гарч ирсэн, мөр зэрэгцэн ажиллаж байна.  Улс төрийн намын ба йгууллагад тэнцвэрийг нь хадгалж явах ёстой нэг зүйл байдаг нь бүх насны төлөөллийг хангах явдал. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны үйл ажиллагаа гурван үеийн алтан хэлхээн дээр оршдог. Миний хэлэх дуртай үг л дээ. “Ахмадууд маань зөвлөх, тулах багана нь, эмэгтэйчүүд маань эвлэрүүлэх, зөөлрүүлэх, залуучууд маань  харин зүтгэх хүч нь байгаарай” гэдэг юм. 

Өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож явах учиртай шүү дээ. Өнгөрсөнгүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Тийм учраас манай намын хорооны амжилттай яваагийн гол үндэс нь хүнтэй хүн ёсоор хандан, эв нэгдэлтэй байхаас  гадна гурван үеийн тэнцвэрийг хадгалж явдагт  оршдог. 2012-2020 он буюу хоёр удаагийн сонгуулийн жилд манай нам дүүрэгт цөөнх болсон. Энэ хугацаанд бид тухайн үед эрх барьж байсан АН-ынхаа нөхдийг аль болох дэмжиж ажиллахыг хичээж байсан. Учир нь бид  АН-ынхны дүүрэгт хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэмжихгүй, ажил гацаалаа гээд АН-ынхан биш ард иргэд л хохирно гэдэг үүднээс асуудалд хандаж байсан.

 Өөрөөр хэлбэл, бид сөрөг хүчний байр сууринд байхдаа ч том зургаараа Баянзүрх дүүргийн хөгжил цэцэглэлт, хүн амын тав тухтай байдал, амьдралын чанар нэгдүгээрт байх ёстой гэж үзэж ирсэн. Гэхдээ мэдээж бодлогын түвшинд хэлэхээ хэлж, ярихаа ярьдаг байсан. Тэр ч утгаараа  Баянзүрх дүүрэгт 2020 оноос хойш МАН олонх болж,  бодлогоо хэрэгжүүлж буй энэ хугацаанд АН-ынхан маань ч биднийг дэмжиж ажилладаг. Товчхондоо, манай дүүрэгт хий хоосон улстөржилт өрнөхгүй, хамтдаа ажлаа хийж яваа нь сайшаалтай. 

-Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил маш ихээр өрнөж байгаа нь илхэн харагддаг. Баянзүрхчүүд МАН-ын хорооны даргаа УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгосны үр дүн гэж үзэж болох уу?
-Миний хувьд 2020 онд УИХ-д анх удаа  сонгогдсон. Баянзүрх дүүрэгтээ анхан шатнаас нь дэвшин ажиллаж ирсэн хүний хувьд нийслэлчүүд төдийгүй Баянзүрхчүүд бидэнд хууль эрх зүйн талаасаа юу дутагдаж байна вэ гэдгийг эртнээс мэдэх хүн. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны даргаар ажилласан. Түр хорооны зүгээс Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлдөг татвар эргээд тэдэнд буюу Баянзүрхчүүд, Улаанбаатарчуудын сайн сайхан амьдралын төлөө, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад зарцуулагдах ёстой гэдэг үүднээс ажилласан. Ингэснээр нийслэлээс  сонгогдсон 24 гишүүн, бусад  намын  төлөөллийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг амжилттай батлуулж чадсан юм. Энэ ажлын үр дүнд татварын орчныг сайжруулснаар дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломж нэмэгдсэн.

 Энэ утгаараа дээр дурдсанчлан  авто замын тухайд гэхэд л 60 жилд хийсэн ажлыг 3-4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн. Шилжин ирэгсэд олонтой, тэлж хөгжих боломжтой гэдэг утгаараа цаашид бидэнд Баянзүрх дүүрэгт хийж, хэрэгжүүлэх ажил их бий. Тухайлбал, Дүүргийн эмнэлэгтэй  болохоос гадна сургууль, цэцэрлэгүүдийн тоог нэмэх зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхэн дэх үе үеийн дарга нар, баг хамт олон нийслэлийнхээ,  дүүргүүдийнхээ, ард иргэдийнхээ төлөө эрчимтэй ажиллаж ирсэн. 

Тэр дундаа  2020 оноос хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар болон одоогийн дарга Х.Нямбаатар нар,  эрх баригч намын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэл  хотод УИХ, Засгийн газрын түвшинд маш их анхаарал хандуулан дэмжиж байгаа. Энэ утгаараа Монгол Улсад ирэх жилүүдэд хийгдэх, эхнээсээ хэрэгжиж эхэлсэн 14 мега төслийн олонхыг нийслэл Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн. 

Үүний хүрээнд эхний ээлжид гэр хорооллоо орон сууцжуулахад гол хүчээ төвлөрүүлэн ажиллаж эхлээд байна. Тухайлбал, манай Баянзүрх дүүрэгтэй хаяа нийлсэн Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 12 мянган айлын орон сууцны ажил эхлээд явж байна. 2-3 жилийн дотор 12 мянган айлыг орон сууцанд оруулна гэсэн үг. Бүтээн байгуулалтыг өрнүүлж, ажил хийж болдгийг ингэж бодитоор нь харуулахаар бүх талаар ажиллаж байна. Түүнчлэн Туулын хурдны зам, тойрог зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд ирэх жилүүдэд нийслэлд өрнөнө. УИХ, Засгийн газар нь нийслэлээ дэмжиж ажилласны үр дүн, боломж бололцоог нийслэлийн иргэд хүртэх цаг хугацаа ойрхон байна.  Цаашдаа Улаанбаатар хот 42 том  хоттой болох хууль 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүний дагуу манай Баянзүрх дүүрэг гэхэд гурван хот болж хуваагдахаар байгаа. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох, иргэд 20 минутын дотор төрийн төдийгүй нийгэм, соёлын бүхий л үйлчилгээг тухайн бүсээсээ авдаг болох зэрэг олон эерэг тал нийслэлчүүд бидэнд бий болох юм.

 Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон манай “Баянзүрх дүүргийн Хөгжлийн зураглал 2030”  зэрэг  томоохон бодлогын бичиг баримтуудтай нийцэж байгаа учраас бүх шатанд холын зорилгынхоо төлөө нэгдэн ажиллаж байна. Миний хувьд ч  энэ хаврын чуулганаас УИХ-ын түвшинд  нийслэл, дүүрэг буюу орон нутагтай холбоотой хуулийн төслүүд дээр түлхүү орж ажиллана. Мөн бидний олон жил ярьсан метроны ажлын тендер зарлагдчихаад явж байна. Энэ ажил манай Баянзүрх дүүргээс буюу Амгалан өртөөнөөс эхэлнэ. Энэ бол бидний 2024 оны сонгуульд үзүүлсэн ялалт амжилт буюу  МАН олонх болсны нэг үр дүн.

 

Манай нам бусад намуудтай ойлголцож ажиллаж байгаагийн хүчинд мега төслүүд эхнээсээ хэрэгжиж байна. Нийслэлд хэрэгжүүлэх эдгээр ажлын цаана гаднын төдийгүй дотоодын ижил төстэй  компани, аж ахуйн нэгжүүдийн хөгжин дэвших боломж бүрдэхийн зэрэгцээ эргээд Улаанбаатар хотод орж ирэх татварын хувь хэмжээ нэмэгдэх, ард иргэдийн амьдралын чанар дээшлэх зэрэг олон давуу тал, ач холбогдол бүхий ажлууд явж байна. Тийм учраас намын гишүүд дэмжигчид, нийслэлийн иргэд маань эдгээр ажлыг дэмжиж ажиллахыг хүсье. Ингэж байж бидний зорьсон ажил биеллээ олж, нийслэл хот маань өнгө засна. Улаанбаатарчууд та бидний толгойны өвчин болсон утаа, түгжрэл зэрэг нийтлэг олон асуудал шийдлээ олно гэж харж байна. 

Ярилцлагын төгсгөлд үеийн үед Баянзүрх дүүргийн иргэдийн сайн сайхан, амар амгалан амьдралын төлөө, нийгмийн хурдацтай хөгжилд бодлого, зорилтоо  нийцүүлэн ажиллаж ирсэн дүүргийн болон намын удирдлагууд, хамтран ажиллаж явсан баг хамт олон, ИТХ-ын Ажлын албаныхан,  ЗДТГ-ын албан хаагчид төдийгүй үе үеийн дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Баянзүрх дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө нам харгалзахгүй зүтгэж ирсэн УИХ-ын гишүүд, дүүргийн нийт ард иргэддээ болон МАН-ын нийт гишүүд дэмжигчдэдээ Нийслэлийн МАН-ын хорооны 100, Баянзүрх дүүргийн болон дүүргийн МАН-ын хороо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн мэндийг хамтатган хүргэе.  Та бүхнийхээ хайртай гэр бүл,  үр хүүхдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Онончимэг: Монгол үндэсний өв соёлоо олон улсад таниулах нь миний зо… 10 цагийн өмнө
Арьсны байгалийн сэргэлт-“Скиндокс” 10 цагийн өмнө
Монголын эстрад урлагийн отгон ДИВА мэндэллээ 10 цагийн өмнө
Б.Алтангэрэл: Дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, сувилгааны бүтээгдэ… 10 цагийн өмнө
Ж.Дашдэмбэрэл: Захиалгуудаа чанартай гүйцэтгэж, зогсолтгүй урагшилж ба… 10 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг. 10 цагийн өмнө
Эмзэг, ээдрээт 30 жилийн түүх ба СДМЭХ-ны эрэл, тэмцэл, тэмдэглэл 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа 11 цагийн өмнө
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргө… 12 цагийн өмнө
Х.Булгантуяа: МАН парламентад олонх байх үед эмэгтэйчүүдийн эрхийн тух… 12 цагийн өмнө
Түүх бүтээсэн нэгэн жаран 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоо… 12 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж байна 12 цагийн өмнө
75 жилийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал 13 цагийн өмнө
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо 13 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо эв нэгдлийг эрхэмлэж, х… 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ 13 цагийн өмнө
Шинэ нээлттэй, шилд гарсан хоногуудтай долоо хоног 13 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 13 цагийн өмнө