Гуравдугаар сарын эхээр БНХАУ-ын улс төрийн гол улирал эхэлдэг. Уламжлал ёсоор Засгийн газрын хоёр чухал байгууллагын жил тутмын чуулган боллоо. Хоёр чуулган нь ирэх оны улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) болон Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн шийдвэр нь иргэдийн амьдрал, дэлхийн эдийн засагт шууд нөлөөлдөг. БХАТИХ хууль, төсөв батлах, дээд удирдлагаа сонгодог, стратеги төлөвлөгөөгөө тодорхойлдог төрийн эрх барих дээд байгууллага юм. 3000 орчим депутаттай. Харин Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөл үндэсний цөөнхийн төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, бизнесмэн, эрдэмтэн, урлаг, нийгмийн зүтгэлтэн зэрэг 2000 гишүүнтэй. Энэ жилийн Хоёр чуулган онцлогтой болсон. 2025 он бол Хятадад үйлдвэрлэв, БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө гэсэн сратегийн хоёр мөчлөгийн сүүлийн жил. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн шинэчлэл, технологийн дэвшил, тогтвортой хөгжлийн ахиц дэвшлийг үнэлэх эцсийн жил юм. Эдийн засгийн сорилтын хүрээнд орон сууцны ханшийн савалт, АНУ-тай хийсэн худалдааны шинэ дайн (Д.Трамп эргэн ирснээр улам хурцадсан) зэрэг нь Хоёр чуулганы салшгүй сэдэв байсан. АНУ-тай үүссэн хүнд харилцаа, технологийн өрсөлдөөн, Өмнөд Хятадын тэнгис болон Тайвань орчмын аюулгүй байдал зэрэг гадаад асуудлыг орхигдуулж болохгүй. Эдийн засгийн шинжээчид 2025 оны ДНБ-ий өсөлтийн зорилтот түвшнийг зарлахыг хүлээж байв. Гэвч өсөлтийн хурд гэхээсээ илүүтэйгээр өндөр чанартай хөгжлийг онцлов.
Хурцадмал байдалд бэлэн байна
Гадаад хэргийн сайд Ван Игийн хэвлэлийн хурлаас ажиглагчид Хятадын дипломат бодлогыг тодорхойлдог. Ван И өмнө Мюнхений бага хурлын үеэр хэлсэн үгэндээ БНХАУ хурцадмал байдалд бэлэн байгааг илэрхийлсэн. Хятадын дэлхийн тавцанд гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо, Бээжин барууны тусгаарлалтыг эсэргүүцэх, ОХУ, БРИКС-тэй харилцаагаа бэхжүүлэх, хариуцлагатай тоглогч гэдгээ харуулахыг зорьж байна. Батлан хамгаалахын төсөв, цэргийн зардал ч тогтвортой хурдацтай нэмэгджээ. Энэ хандлага 2025 онд үргэлжлэх төлөвтэй байна. Шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд тавих бооцоогоо өсгөх нь дамжиггүй. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт Хоёр чуулганы хэлэлцэх сэдвийн жагсаалтад дээгүүр бичигдсэн. “DeepSeek” стартап барууны түншүүдтэйгээ өрсөлдөхүйц нээлттэй чатбот бүтээсэн билээ. Технологийн энэхүү ололт нь “DeepSeek”-ийг “Tencent”, “Baidu”, “BYD” –ийн бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлэх эхлэлийг тавьжээ. Орон нутгийн удирдлагууд ч төрийн захиргааны байгууллагад ашиглаж байна.
Авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ
Төрийн дээд албан тушаалтан, генералуудыг хамарсан авлигатай тэмцэх кампанит ажил хаалттай бас чухал сэдэв. Мөрдөн байцаалтад орсон Цэргийн төв зөвлөлийн гишүүн Мяо Хуагийн хэрэгт онцгой анхаарал хандуулсан . Үүнтэй зэрэгцэн цэрэг аж үйлдвэрийн цогцолбор, сансар огторгуйн салбарт томоохон шалгалт хийж байна. Салбарын авлигын хэрэг цэргийн удирдлагад итгэх итгэлийг сулруулаад зогсохгүй зэвсгийн гол хөтөлбөрүүдийн хэрэгжилт, армийн техникийн шинэчлэлийг удаашруулжээ. Иймд цэргийн худалдан авалтад тавих хяналтыг чангатгах, батлан хамгаалахын бүтцэд дотоод аудитын механизмыг бий болгох шинэ арга хэмжээ Хоёр чуулганы хэлэлцүүлэгт багтсан. Энэ бүхэн нь Ардын чөлөөлөх армийн үр нөлөөг сайжруулах системтэй хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Интернэтийн орчноо чангатгав
Хоёр чуулган нь үндсэндээ улс төрийн үйл явц боловч хэрэгжилт нь ард иргэдэд шууд хүрч, мэдрэгддэгээрээ онцлог. Энэ жилийн чуулганы дараа өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх эдийн засгийн шинэ хөтөлбөр, татварын хөнгөлөлт, нийгмийн санаачилгыг зарлалаа. Тухайлбал, интернэт болон VPN сүлжээнд тавих хяналтыг чангатгаж байгааг олон улсын компаниудын ажилтнууд болон Хятад дахь гадаадын иргэд мэдэгдсэн. Үүнийг дагаад нийгмийн сүлжээн дэх цензур улам чангарч магадгүйг барууны эх сурвалжууд дурджээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна