Тэрбумаар тоологдох хүн амтай зах зээлээс судалгаа хийж, албан ёсны эрхтэйгээр бараа бүтээгдэхүүн оруулж ирэн худалдаалж буй Л.Саруулбатыг танихгүй хүн Монголд ховор. Жингийн илүүдэлтэй хүмүүстэй тулж ажиллан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр багагүй хугацаа зарцуулсан түүнийг “Нарантуул” зах дээр нүүрний маск, тураах наалт бас бус юм зарж байхыг харсан хүмүүс шивэр авир хийж байсан нь саяхан. Гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдахын өмнө өөрөө хэрэглэж үр дүнг мэдэрсэн түүний оруулж ирээд удаагүй байгаа алттай маскийг “Хамгийн эрэлт ихтэй” хэмээн судалгааны байгууллагаас тодруулжээ. Бизнесээ эхлээд удаагүй байхад нь, зах зээлээ тэлэхээр зоригтой алхам хийж явахад нь түүнийг ярилцлагын зочноор урилаа.
Эх оронд минь миний хэрэг гарвал хүчин зүтгэхэд хэзээд бэлэн
-Танд удахгүй болох Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа.
-Бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэж, нийтийн биеийн тамирт анхаарал хандуулахаас өмнө алба хааж байсан талаар сонссон. Аль ангид хүчин зүтгэж байсан бэ?
-“Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая...” гэсэн тангаргийг би 13 настайдаа өргөснөөс хойш одоо хүртэл тангарагтаа үнэнч явж байна. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальонд алба хааж байгаад өөрийн хүсэлтээр гарсан. Ийм шийдвэр гаргахад амар байгаагүй ч цэргийн амьдралаас өөр ертөнцийг олж харах хүсэлдээ дийлдсэн гэж боддог. Гэхдээ эх оронд минь миний хэрэг гарвал хүчин зүтгэхэд хэзээд бэлэн. Миний бодлоор дүрэмт хувцастай хүнийг л цэрэг гэж хэлдэггүй. Аль ч цагт дуудахад бэлэн, эх орноо чин сэтгэлээсээ хайрлан хамгаалдаг, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгодог хүнийг цэрэг гэж хэлнэ. Намайг цэрэг армийн нэг хэсэг болох замд хөтлөн оруулсан зүйл бол дуу хөгжим. Цэргийн ангид ороод хүссэн хөгжмөө сурсан нь одоо ч миний сонирхол байсан хэвээр. Сонгодог хөгжмийг, сонгодог бүтээлийг жаргаж сонсдог.
-Албанаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийхөө дараа “Тийм юм хийнэ” гэж төлөвлөсөн үү?
-Би ямар нэгэн шийдвэр гаргахдаа дараагийн алхмаа урьдаас төлөвлөдөггүй. Яагаад гэвэл, хэзээ энэ ертөнцийг орхихоо мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр өрнөж байгаа үйл явдал бол миний хувь заяаны асуудал. Хийх ёстой зүйлээ хийж байгаа гэж боддог. Спортоор эрчимтэй хичээллэсэн жилүүддээ бодибилдинг, фитнесийн Монгол Улсын аваргаар тасралтгүй долоон жил тодорсон. Тивийн төдийгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай. Спортоор хичээллэхийн ач тусыг өөрийн биеэр харуулж байгаа гэж бодож байна. Тамирчин хүн балга ус, ширхэг будааны амтыг мэдэрсэн цагт л тамирчин гэх тодотголд дөхөж очдог. Харин нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарах шалтгаан миний эмзэглэлээс төрсөн. Манай улс хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Хүмүүс хайртай нэгнээ цаг бусаар алдаж байгааг хараад маш их харамссан. Тиймээс яагаад өвчлөл нэмэгдээд байгааг өөрийн хэмжээнд судалсныхаа үр дүнд “Үнэгүй фитнес” нэртэй нийтийг хамарсан арга хэмжээг хийж эхэлсэн. Би монгол хүнд итгэдэг. Яагаад гэвэл, өглөө болгон надтай хамт 1000 хүн дасгал хийж заасан бүх хөдөлгөөнийг сурдаг байсан. Орой болгон 400-500 мянган хүнд “Үнэгүй фитнес”-ийг хүргэснээр давтагдсан тоогоор 60-90 сая хүнийг нийтийн биеийн тамирт “уруу татаж” чадсан юм. Энэ үеэс л таргалалт олон өвчний шалтгаан болдгийг хүмүүст бага ч атугай ойлгуулсан.
Таргалалт бол хоргүй хавдар. Бидний амаар орж байгаа зүйлс хоол биш хор болж өвчин үүсэх шалтгаан болдог. Ингэж бид үхэх нүхээ хүрзээр биш, шүдээрээ ухаад байгааг бусдад чадах чинээгээрээ ойлгуулсан гэж бодож байна. Өвчин тусахаас сэргийлэх хамгийн зөв арга нь эмнэлэг, эм сан руу явах биш. Идэж байгаа хоол хүнсээ зөв сонгох, дасгал хөдөлгөөн хийх юм байна гэдгийг хэлэхийг хүссэн. Гэхдээ би бусдаас илүү болохоороо ийм ажлыг эхлүүлээгүй. Цаг үеийн шаардлагаар эхлүүлсэн ажлыг олон нийт эергээр хүлээн авч надтай хамт тэмцсэн.
-Хүмүүсийн мэддэг мөртлөө тодорхой алхам хийж чаддаггүй асуудлыг та ил болгосноороо олны танил болсон. Жингийн илүүдэлтэй хүмүүстэй ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Харин одоо гоо сайхны салбарт анхаарал хандуулж байна. Шалтгааныг нь асууж болох уу?
-Бодибилдинг, фитнесийн багшаар ажиллаад баяждаггүй юм байна. Хорь, гучаар нь хүмүүст хичээл заалаа. Ачаалал их авч эцэст нь маш их ядардаг. Олны танил боллоо гээд амьдралд тулгарах бүх асуудлыг шийддэггүй. Би чинь өрх гэрийн эзэн, зургаан хүүхдийн аав. Тэднийг хүн шиг мөр бүтэн явуулах миний үүрэг. Энэ бүхэн шинэ зүйл эхлүүлэх ёстойг надад ойлгуулсан. Би ямар нүүрс ухаж заралтай биш. Надад арай ойр санагдсан нь одоо эхлүүлээд байгаа ажил байсан. Хоёр жилийн өмнөөс хөөцөлдсөн ажлаа эхлүүлснээс хойш гурван сар өнгөрч байна. Гоо сайхны бараа бүтээгдэхүүн чанартай, найдвартай байх ёстой. Яагаад гэвэл, хүний эрүүл мэнд, гадаад өнгө үзэмжтэй шууд холбоотой байдаг. Одоо албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оруулж ирээд байгаа бүтээгдэхүүнийг би хамгийн түрүүнд өөрийн биеэр туршсан. Хүмүүст санал болгохоосоо өмнө идэхээс наагуур шахуу юм болж байж борлуулж эхлээд байгаа юм.
-"Хүмүүсийг тураадаг ажил нь урагшлахгүй болохоор ашиг олохоор бараа зарж байна" гэх утгатай үгийг та сонссон байх?
-Бизнес эрхэлнэ гэдэг нь өөрөө нийгмийн хариуцлага. Жилийн туршид хүний ам руу болсон болоогүй спирт хийгээд эцэг нь шороонд булагдаад үр нь өнчрөхөд зургадугаар сарын нэгэнд хүүхдэд нь иштэй чихэр авч өгчихөөд өөрсдийгөө нийгмийн хариуцлагатай компани гэвэл үгүй болов уу. Бизнес хүнлэг хүмүүсийн хийдэг ажил. Харилцаа нь итгэлцэл дээр тогтдог. Миний худалдаж байгаа алттай нүүрний маскийг хүмүүс хэрэглээд сэтгэгдэл бичдэг. Худалдан авч байгаа танихгүй хүнээс хэрэглээд үр дүн нь ямар байсан тухай тодруулахад сэтгэл ханамжтай байгаагаа хэлсэн удаа цөөнгүй бий. Энэ л надад чухал. "Би зөв ажил эхлүүлсэн байна. Хүмүүст хэрэгтэй байгаа зүйлүүдийг нь олж ирж чадсан юм байна" гэсэн бодол надад төрсөн.
Спортын карьер дууссан гэж хэлээд байгаа хүмүүсийн тухайд шүүмжлэх нэг нь шүүмжилж л байг. Хөлс нь энд асгарч байдаг нь амьдралын жам. Эргээд би бэлтгэлдээ орвол дахин аварга болж чадна. Намайг аварга болоход хэн ч гайхахгүй. Тэглээ гээд миний гэрт алтны өнгөтэй нэг төмөр нэмэгдэх болохоос аяга гурилтай болохгүй. Тийм болохоор аливаа зүйлийг бодитоор нь харахыг хүссэн. Аз болоход миний ард сайн баг ажилладаг. Бид олуулаа. Над руу хэн ч залгахад утсаа авах хэмжээний нүүртэй байна.
Өнөөдрийн хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж өөртөө таалагдах нь надад чухал
-Гар утас, компьютерын цаанаас хүмүүстэй харилцаж байгаад бизнес эхлүүлэхэд орчин өөрчлөгдсөн нь ойлгомжтой. Хүмүүсийн дунд бүтээгдэхүүнүүдээ худалдаж зогсоход танд ямар сэтгэгдэл төрснийг сонирхон асууя?
-Би “Нарантуул” зах дээр анх удаа юм зараагүй. Хотод орж ирээд удаагүй цагаан утас бариад захаар гүйж л байсан. Яагаад болохгүй гэж. Энэ хүмүүсийн харах өнцөгтэй холбоотой асуудал. Адилхан малчдын удам байж хэндээ томрох гээд байгаа юм бэ. “Нарантуул” захад ч эгэл жирийн монгол аав, ээж амьдрахын төлөө зүтгэж яваа. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсээс яагаад ичих ёстой гэж. Би ичихгүй, харин ч тэднээр бахархана. Тэнд худалдаа хийх миний хувьд асуудал байгаагүй. Өнөөдрийн хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж өөртөө таалагдах нь надад чухал.
-“Гранд авардс” наадмын үеэр таны алттай маск хэрэглэсний дараах үр дүнг харсан. Оруулж ирсэн бүтээгдэхүүнээ эхлээд өөрөө хэрэглэж туршжээ гэсэн бодол төрсөн?
-Эр хүн гэхээр л сахал үсэндээ баригдаад үрчийсэн байх албагүй биз дээ. Толинд хараад сэтгэл зүйгээрээ, гадаад төрхөөрөө сэтгэл хангалуун байж яагаад болдоггүй юм бэ. Алттай маск хэрэглэхээс өмнө миний арьс үрчийж, чийгээ алдсан байсан. Яагаад гэвэл би тухайн үед нүүрээ арчлахыг эрэгтэй хүний хийх ажил биш гэж боддог байсан юм. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд судлаад өөрөө туршаад ирэхээр бодол өөрчлөгдсөн. Хүмүүст худалдахаасаа өмнө алттай маскийг өөрөө хэрэглээд гарсан үр дүнг өнөөдөр та ч харж байна. Сүүлийн үед хүмүүстэй уулзахаар ярианы сэдэв гоо сайхны чиглэл рүү өөрийн эрхгүй халтирдаг болсон нь үүнтэй холбоотой. Зарим нь миний нүүрний арьсыг барьж үзэхээс наагуур юм болно шүү дээ.
Бидний санал болгож байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд олон улсад аль хэдийнэ танигдсан
-Алттай маск энэ цагийн хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүнээр тодорсон. Ер нь та хүний эрүүл мэндэд тустай хэдэн төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирээд байна вэ?
-Найман төрлийн бүтээгдэхүүн байна. Бүгдийнх нь найрлага эко, ургамлаас бүтсэнээрээ онцлогтой. Би хамтран ажиллах бизнесийн түншээ сонгохдоо хянуур хандсан. “Буух эзэнтэй буцах хаягтай” байх ёстой гэсэн зарчим баримталсан. Бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдээр явж, найрлагад нь багтсан ургамлыг тарьдаг газрыг очиж үзсэн. Хамгийн давуу тал нь гоо сайхны эдгээр бүтээгдэхүүнийг гадуур худалдаалдаггүй. Зөвхөн албан ёсны эрхтэй газруудаас авах боломжтой. Олон улсад аль хэдийнэ танигдсан чанартай юм байна гэдгийг ойлгож худалдах албан ёсны эрхийг нь авсан.
-Худалдан авагчдад санал болгож байгаа үнэ нь ч боломжийн санагдсан. Ийм үнээр зараад чанарын талаар ярьж болох уу гэмээр?
-Гэрээ хийхдээ үнийн тал дээр уян хатан хандахыг хүссэн учраас одооны үнээр худалдах боломжтой болсон. Түүнээс биш алттай маскийг Хятадад 1000 юаниар борлуулдаг. Худалдааны ямар ч сайтаас хайгаад авах боломжгүй. Үүгээрээ бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхойлж байгаа хэрэг. Одоо бид алттай маскийг 150 мянган төгрөгөөр худалдаж байна. Хэрэглээд шууд үр дүн гарч байгааг хүмүүсийн сэтгэгдлээс харж болно. Үүнээс гадна манай тураах наалт эрэлт ихтэй байна. Жин хасахаас гадна эрүүлжүүлдгээрээ ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Бидний санал болгож байгаа үе мөчний наалтыг авч хэрэглэсэн хүмүүс ам сайтай байгаа гээд манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд заавал дахиж авдаг. Гар утасны хэрэглээ ихтэй энэ цагт хорт туяаг бидний борлуулж байгаа нүдний наалтаар эмчилж болно.Түүнээс гадна нулимс нь гардаг, нүдний хуурайшилттай хүн ч хэрэглэхэд тустай.
-Урин дулаан цаг ирэхээр хүмүүс илүүдэл жингээ хасахыг хүсдэг. Та бүхний санал болгож байгаа тураах наалтыг ямар хугацаанд хэрэглэж байж үр дүн гарах вэ?
-Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад хугацааны хувьд харилцан адилгүй. Хэрэглээд шууд үр дүн гардаг хүн байхад хэсэг хугацааны дараа үр дүн илрэх тохиолдол ч бий. Зарим хүн ганц хоёр удаа тураах наалт хэрэглээд "Үр дүнгүй юм байна" гээд больчихдог. Гэтэл хүний биеийг дотроос нь эхлээд илааршуулж байдаг. Дотроосоо эрүүлжээд ирсэн тохиолдолд жин огцом буурдаг. Ингээд бүх зүйлд нөлөөлөөд ирэхээр арьс хүртэл толигор эрүүл болдог юм.
Тураах наалт эмэгтэйчүүдийн зарим өвчнийг эдгээж байгаа талаар хэрэглэж байгаа хүмүүс хэлсэн. Уйланхайтай байсан хүмүүсийн уйланхай нь алга болсон байна гэсэн. Энэ наалтыг хэрэглэснээр сарын тэмдэг нь ирэхгүй байсан хүмүүсийнх хэвийн болж байгаа.
Тураах наалтыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй. Есөөс доош насны хүүхэд хэрэглэхийг хориглоно. Кесарын хагалгаа хийлгэсэн хүмүүс хэрэглэж болохгүй заалттай.
-Эрүүлжүүлэн тураана гэдэг нь хүний биед учруулах хор нөлөөгүй гэж ойлгогдохоор байна?
-Хүний эрхтнүүд зүй тогтлоороо ажиллаад эхэлчих л юм бол аяндаа эрүүлжинэ. Хүний бие өөрийгөө эрүүл болгохын тулд маш их ажилладаг. Гэтэл бид ходоод руугаа цуйван чихэж чихэж байгаад араас нь архи уучихдаг. Энэ нь өвчин үүсэх шалтгаан болдог. Эрүүлээр жин хасна гэдэг зөв ойлголт. Гэхдээ хүн бүрийн бие харилцан адилгүй, өөрийн гэсэн онцлогтой. Үнэхээр хаван тулчихсан байж байгаад шээсээрээ гадагшлуулдаг хүн байдаг. Зарим нь хурдан хугацаанд эрүүлээр жингээ хасаж байхад огт хасагдахгүй тохиолдол ч гардаг. Хэтэрхий хүчилж жингээ хасаад эргээд таргалсан хүн ч бий. Энэ нь таны хөдөлгөөн биш хөргөгчинд байгаа хоолноос шалтгаалаад байгаа хэрэг юм. Хэчнээн жин хасах гэж хүсээд амьдралын хэв маягаа өөрчилж чадахгүй бол өвчлөлөөс сэргийлж чадахгүй. Эм уухдаа анхаарал хандуулдаг шиг хооллолтдоо анхаарч чадахгүй бол таргалалт хэзээ ч буурахгүй.
-Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хэдэн цэгээр худалдаж байна вэ?
-Манайх 21 аймагт гэрээт ажилтантай. Нийслэлд гэрээт салбар болон онлайнаар холбогдон аль ч бүтээгдэхүүнийг захиалан авч болно. Хүмүүс хэрэглэж үзээд үр дүнг үзсэн болоод тэр үү эрэлт нэмэгдсэнээр байна. Тиймээс бид бүтээгдэхүүн борлуулах салбараа олшруулахаар ажиллаж байна.
-Бизнесийн эхэн үед төлөвлөлт хийхэд эртэднэ. Гэхдээ та бүтээгдэхүүнийхэээ зах зээлийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Томоор харж байна. Бидэнд Орос, Швед, Австрали улсаас захиалга ирсэн. Гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай Өмнөд Солонгосоос манай алттай маскийг захиалан авч байна. Бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн зарим хүн албан ёсны гэрээт борлуулагч болох санал тавьсан.
-Та хэдийгээр бүтээгдэхүүн зарж ашиг олж байгаа ч хүний гоо сайхан, эрүүл мэндийг нэгдүгээрт дугаарласан хэвээрээ байгаа гэдгийг ярилцлагын явцад ойлголоо. Ингэж хүний төлөө яваад сайн муу хэлүүлээд байхаар шантрах юм уу?
-Хаана хүрэхээ мэдэж байгаа учраас багахан зүйлд ач холбогдол өгдөггүй.
Ухамсрын түвшинд “жин хасахгүй” бол үр дүн гарахгүй
-Ямар ч ажил эхлүүлсэн үйл явц, үр дүн сайн байгааг харахаар сэтгэл өег байдаг байх?
-Гоё л доо. Гэхдээ сэтгэлд хүртэл өөртэйгөө ажилладаг хүн олдохгүй байна. Ямар гэрт нь очоод хамт амьдралтай нь биш. Хүн бүрийн амьдрах хэв маяг, ертөнцийг үзэх үзэл өөр. Бүгд шахуу амьтны аймагт багтдаг гэдгээ мартчихсан. Тиймээс ухамсрын түвшинд “жин хасахгүй” бол үр дүн гарахгүй. Өвчлөл ч буурахгүй.
-Гэхдээ хүн бүрийн амьдралын түвшин харилцан адилгүй. Цагаан гурил, элсэн чихрээс татгалзаад таны хэлснийг авч хоол хүнсэндээ хэрэглэх боломжгүй?
-Энэ тал дээр би судалгаа хийж үзсэн. Би мөнгө олдог учраас авокадо авч идээд байгаа юм болов уу ч гэж бодсон. Авокадо жимс нэг ширхэг нь ойролцоогоор 5000 төгрөг болдог. Би энэ жимсийг аваад залууст “Энэ жимснээс тосоо ав. Муу тос битгий хэрэглэ” гэхээр урдаас “Чи доромжилж байна уу” гэдэг. Би төдөн төгрөгийн цалинтай, наадхыг чинь авч идэх боломжгүй гэж хэлдэг. “Фитнест яв” гэхээр үнэтэй гэдэг. Гэхдээ эргэж хараад өөрт нь хэрэгтэй авокадо жимс авч идэхийн оронд хоёр хайрцаг тамхи авдаг. Фитнес клубт хичээллэхийг үнэтэй гэж хэлдэг мөртлөө караокед сууж наргиж цэнгэх болохоороо нэг удаа хэдэн зуун мянгыг зарцуулж чадаад байна. Энэ тархины ядуурлыг өөрчлөхөд л фитнес хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш орчин нөхцөл, авч байгаа цалинтай холбоотой асуудал биш. Ямар ч ядруухан амьдралтай айл байсан гэдэс цувдай олдож л таарна. Өвлийн идэш бэлдэхдээ бид гэдэс дотрыг нь хэрэглэлгүй газарт булдаг. Толгой шийрийг нь хэрэглэлгүй хаядаг. Өнөөдөр Европт хамгийн эрүүл хоол гэвэл хонь, үхэр малын гэдэс дотор гэж хэлнэ. Цувдай чанаад шар будаа хаяад идэхийг фитнес хоол гэдэг юм шүү дээ. Бид өнөөдөр яагаад таргалаад байна гэхээр цагаан өнгийн, гүйцэд боловсруулсан хүнс хэрэглээд байна. Дээр нь хаана, хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй тосыг хоолондоо хэрэглэж гурилан бухал хийж идээд байгаад бидний дутагдал оршоод байгаа юм. Ийм хоолонд уураг гээд авах юмгүй.
Би өнгөрсөн хугацаанд хүний биетэй ноцолдсон, дийлэхгүй юм байна. Одоо хүний тархины ядууралтай тулж ажиллая гэж бодож байна.
-Спортоор хичээллэхэд нас хамаатай юу. Эрүүлжиж чадах эсэх нь тооноос шалтгаалах уу гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Японы нэг арал дээр 100-аас дээш насныхан аж төрдөг. Тэдний бэлгийн амьдрал хэвийн, хөдөлмөрийн бүтээмж нь ч өндөр. Тэгэхээр өтөлнө, үхнэ гэдэг сэтгэлийн л асуудал байгаа биз. Хөдөлж хөших ч сэтгэлтэй холбоотой. Арчаагүй хүн таргалдаг гэдэг нь үнэн үг. Яг үнэндээ бид алхаж чадахгүй залхуурдаг болохоороо, эрүүл мэндэд тустай хоол хийгээд идчих сэтгэлгүй учраас эрсдэлийг бий болгоод байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна