Хэн нэгэн надаас "Хайр ямар үнэртэй юм бэ" хэмээн асуувал би эргэлзэлгүйгээр “Хаврын үнэр”-тэй гэж хариулна. Нялх ногоо, моддын шинэхэн навчис, чийглэг бор хөрсний үнэр сэтгэл татам агаад залуужуулах увдистай мэт. Хайраас яг л тийм үнэр анхилдаг. Хавар улирал биш амьдралын эх булгийг өөртөө агуулсан Диваажингийн орон мэт санагдахыг нь яана. Байгаль дэлхий дэлэгнэн сэргэж, амьтай бүхэн урган төлждөг. Хүмүүний сэтгэл хаврыг хүлээн уяран догдолж, хайрын мөрөөдлөөр учран цэнгэхийг яаран тэмүүлдэг буй за. Диваажинд хүн үргэлж мөнхийн амьдралаар, цэл залуухнаараа, хайрын сэтгэлээр бялхан амьдардаг юм чинь.
Яруу найрагчид хаврын улирлыг залуу настай зүйрлэн “Хайрын улирал” хэмээн санаашран өгүүлэх нь бий. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж “Хавар” шүлэгтээ:
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана... хэмээн дуу алдан өгүүлсэн байх вэ дээ.
Модернист хавар
Гэхдээ хайрын илэрхийлэл заавал эмзэг, энхрийхэн байх албагүй шиг хаврыг ч бас үргэлжийн сэтгэл баясгам, цэцэг навчаар зүйрлэхгүй байж болдог. Тэр нь бүр уран яруу уншигдахыг нь яана. Тогтсон хэв маягаар үйлдээгүй, гар аргаар хийсэн сэтгэлгээний бөмбөгийг Монголын яруу найргийн ертөнцөд "тэсэлж" орхисон модернист яруу найрагч Б.Галсансүхийн “Үнээдэй ньютаг-3” хэмээх бүлэг шүлэг нь надад яг тийн уншигдана.
Шав шар сандал дээр сууж байх мэт Үнээдэй ньютагт
Шалны завсар хавчуулагдсан адил дэрсний бут харлаад
Хуучин хар, цагаан зураг шиг Хэрлэн голын тэртээд
Хуучир, шанз, морин хуур мэт бургас юу нь бултайгаад... хэмээжээ.
Яруу найрагч “Үнээдэй ньютаг” хэмээх бүлэг шүлгээ “2023 оны арваннэгдүгээр сарын 12 Дортмунд” хэмээн бичиглэн төгсгөсөн нь “Битник шүлгүүд” нэртэй номд нь бий. Эндээс л би түүний дотоод ертөнц рүү аялах гэсэн гэнэхэн оролдлогоо эхэлсэн юм.
Намар оройхон Дортмундын хаа нэгтээ гудамжны сандал дээр тамхи шившин суугаа түүний, огт яруу найрагч шиг харагддаггүй шазруун ч юм шиг шаргал царай бодол сэтгэлд ургаад ирнэ. Нүдээ үл мэдэг анисхийн утаагаа шившин хаа хол хүний нутгаас зөн билгээ онгоддоо хөтлүүлэн нисгэж “Үнээдэй ньютаг”-аа эргээд, хар цагаан өнгөөр Хэрлэн голоо харж, хаврын бургас модонд нь ороолдох салхин эгшгийг хуур, ятгын аялгуугаар анирдан суугаа нь зөвхөн Монгол үндэстний онцлогтой тун хачирхалтай сэтгэлгээ юм шүү. Мань эрийн суусан сандлын эргэн тойрон таримал моддын шар навчис, хаврын нойтон цас шиг нэвсийтэл дарсан байсан гэдэгт би итгэлтэй байна. Таримал гоо үзэсгэлэнгээс онгод хайх хэрэггүй шүү дээ. Хайр хүний сэтгэлийг нялхруулж орхидог болохоор л намар оройхон нутгаа санахдаа хаврын улирлаар нь төсөөлсөн болов уу.
Тогтоод тэр гэх тэмдэггүй тэнүүн салхи ч үгүй хоромд
Торох ганц ч үүлгүй тэртээд нисэх онгоцны буудалд
Нэг ч онгоцгүйд гуниглах салхины чиг заагч эрээн юүдэн малгай нэг л урамгүй шонгоо тэврэн унтаад
Үнээдэй ньютагай нүдний үзүүрт нарийн гоймон шиг хуй хаа нэг босоод үүрэглэж нойрмоглон шарах хаврын нарны найрсаг аашинд автан нам болоод...
“Үнээдэй ньютаг” уламжлалт хэв маягаар бичигдээгүй нь энэ дөрвөн шадыг уншихад л ойлгогдоно. Уран уншигч энэ шүлгийг хөг хэмнэлгүй байх гэж бодож болох ч уншиж үзээд аяндаа л хөг хэмнэлд нь хашигдаж орхино. Хавар цаг бүсгүй хүн шиг ааш нь олддоггүй гэмтэй. Хашхиран загнаж буй мэтээр гэр нураачих шахуу салхилж байснаа гэнэтхэн юу болов гэмээр дөлгөөхөн аашилж нам гүм болж орхино. Үүнээс өөрөөр яаж хаврыг төгс илэрхийлэх билээ. Дараачийн хоёр мөр яруу найрагчийн дотоод ертөнцийг яг таг өгүүлчих мэт. Би одоо хэр нь түүний толгойд хэн нэгнийг цөхөртлөө хүлээж, ирэхгүй нь дээ гэдгийг мэдээд шаналж гунигласан сэтгэлийг салхины чиг заагчийг унтуулан дүрслэх санаа яаж орж ирдэг юм бол гэж гайхдаг. Хаа нэг нарийхан хуй гогцоорон шаргал тоос дэгдээн явснаа нам болдог хавар цагийн дүрслэл, сэтгэмжийн хувьд бараг төгс гэмээр энэ шүлгийг зарим яруу найрагч Б.Галсансүхийн өдий хүртэл туурвисан бүтээлүүдийнх нь оргил гэж үздэг. Миний хувьд хайрыг, хүлээн санагалзсан сэтгэлийг ийн дүрслэн өгүүлж болдог гэдгийг өөртөө нээсэн нээлт. Хачин замбараагүй юм шиг хэрнээ нарийн ажиглавал төгс зохицон ургасан талст мэт халдаж боломгүй бас хайрламаар ертөнц.
Элдэв нүхийг шиншлэн гүйх эрээн алаг нохой жин үдэд
Эгц дээшээ суунаглах аргалын утааг үнэрлэн гэр өөдөө хурдалж...гэсэн нь түүний Дортмундаас нисгэсэн онгод эрээн алаг нохойд хувирч аргалын утаа мэт уг гарвал, өв соёл руугаа хурдалж буй болов уу. Мөр бүхнээс нь түүний ертөнцийг зураглаж болох “Үнээдэй ньютаг” шүлэг бүхэлдээ хаврын сэтгэмжээр илэрхийлсэн хайрын шүлэг юм билээ.
Нутгаа санасан сэтгэл ч гэсэн хайр мөн биз дээ. Хүмүүний сэтгэлийн мянган чавхдас байгаль руугаа тэмүүлэхүйд хөглөгдөж эхэлдэг учиртай.
Тунгалаг гунигийн хөх хавар
Дорнын тунгалаг гунигийн хөг эгшиг болсон агуу их хүмүүн А. Эрдэнэ-Очирын "зурсан" ертөнцөд хаврын улирал ирэхэд тэрбээр
Гадаа мянган жилийн өмнөх салхи ирж биднийг чагнаархан амсхийхэд
Гайхамшигт хором бүхнийг наран саранд шивнээд урсан одов
Эрт урьдын нэгэн сонин зүүд бидэнд адилхан зүүдлэгдээд
Энгэр дотор гэрэл гэгээ татсан нь тэнгэрийн зурсан зураг байв...хэмээн чагнаархан тэмдэглэжээ.
Мянган, мянганаар яригдах алс холын их Монголын түүх дэлхийг гэсгээдэг амуй. Салхи өртөөлөн ирсэн агуу өвөг дээдсийн минь онго тэнгэр үр удмаа нэг эргэчихээд энгэрт нь эрхлэх наран, саран авхайд даатгаж орхиод одно биш үү. А.Эрдэнэ-Очирын шүлгээс яагаад ч юм би их түүхийн амгалан, ихэмсэг омогшлыг уншдаг. Даруухан хэрнээ сүрлэг оршихуй нь түүнээс тунгалаг гунигийн хөх эгшиг цацруулна. Миний ийн өгүүлсэн нь тун буруудаагүй гэдгийг доорх мөртүүд гэрчилнэ.
Ээвэр газар өвлийн цасан доороос нэг яргуй цэнхэр туяа цацсан нь
Эрх нандин сэтгэлд минь алсаас ниссэн бодлын шувуун дэвэлт байв
Гэлмэгтэж голын мөс нарны доогуур танхил өнгө татаад
Гэрэл гэгээ амьдын орчлонг уясган уярал авчрав...
Дөрвөн шадаар урласан гурван бадагт уг шүлгийн холбоос болсон энэ бадгийн эхний шад Азийн цээжинд хөх Монгол гэдгээ тамгалаад эх орны минь цэнхэр туяа эгэл орчлонг гийгүүлэх цаг айсуй гэсэн зөнг хүүрнэн байх шиг. Ийнхүү ихэмсэг омогшлоос түүнийг дорнын найрагч гэж тодотгодог арга билгээр аргадан хүүрнэх хэмнэл рүү аваачна. Шүлгийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг сүлжин урлаад өнөөдрөөс маргаашийг зөгнөн өгүүлэхдээ
Эмнэг жаргалт хорвоогийн цаг мөчийг би алтлан дурсгаад
Эрин зуун чамд бэлэглэсэн минь энэ болой
Эх нутаг, эх орон, энхрий янаг
Энэнээс илүү юуг би хойч ирээдүйд үлдээх билээ...хэмээн төгсгөжээ. Дорнын яруу найргийн онцлог хэв шинжийг шингээн урласан шүлэг түүнд олон буй. Гэхдээ би хавар цагийг бичиж буй.
Хүн хүний сэтгэлд хавар янз бүрээр л ирнэ. Хавирга нэвтлэм хүйтэн, хавсарга салхи гэж нэг нь адлан бухимдаж байхад хайрын цэцэг дэлбээлэн, сэтгэл нялхардаг улирал гэж нөгөө нь өмөөрнө. Монголчуудын нийтлэг амьдралын хэв маягаар бол хавар ерөөсөө л найраг. Хотонд нялх төл найрал хоолойгоор хаврыг дуулж, хойд энгэрт нь хөх яргуй нар өөд тэмүүлэн гоцолно. Харин Монголын яруу найргийн дунд үеийн төлөөлөл болсон “Мөнгөн үе” –ийн яруу найрагчдын өгүүлэмжээр хавар, хайр ийм ажгуу.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна