​ Монгол футурист



“Монгол бахархал” буландаа Нидерланд, Герман улсад ажилладаг олон талт уран бүтээлч Ц.Номинг онцолж байна. Түүний контемпорари, футурист бүтээлийг урлаг судлаачид өндрөөр үнэлдэг. Парисын урлагийн долоо хоногийн үеэр “Лхам” галерей анхны олон улсын үзэсгэлэнгээ гаргасан билээ. Доктор Кристианна Бонины кураторлосон “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” үзэсгэлэнд Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчид оролцсон. Тэдний нэг нь Ц.Номин байсан юм.  Энэ бол Монголын галерей анх удаа гадаадад үзэсгэлэнгээ гаргаснаараа чухал үйл явдал байв.  Монголчуудын зан үйл болох тэнгэртээ сүүн цацал өргөх ёсыг илэрхийлэхийн зэрэгцээ монгол уран бүтээлчдийн чадварыг Европт гайхуулсан. Монголын орчин үеийн урлагийг түчээлэгчид АНУ, Япон, Австрали, Тайланд, Англи, БНХАУ-д зохион байгуулсан олон улсын хэмжээний наадам, арга хэмжээ, үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцож байна. Хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль, экологи, нийгмийн хурцадмал асуудлуудыг монгол соёл, уламжлалт гүн ухаан, итгэл үнэмшилтэй эсрэгцүүлэн, нэн орчин үеийн бүтээлүүдээр хөндөх болсныг урлаг судлаачид таашаадаг. Нүүдлийн соёл болоод контемпорари урлаг мартагдсан эртний ангид ертөнцийг, материаллаг баялаг, хөгжил гээчийн хойноос ташуурч яваа бидэнд сануулдгаараа ач холбогдолтой. Монголын эрин цагийн дүрслэх урлагийн зарим нэг төрөл болох перформанс, орон зайн өрөг, дижитал урлагт бөөгийн зан үйл, домог, үндэстний уламжлалт соёл ихээхэн нөлөөллөө өгчээ. Энэ тухай Ц.Номин “Монголын контемпорари уран бүтээлчдийн сэтгэлээ шингээсэн бүтээлүүдийг хүндэлдэг. Тийм их сэтгэл хөдөлгөсөн бүтээлүүд баруунд ховор” хэмээн даруухан өгүүлсэн. Орчин үеийн  урлагт зарим нэгэн тодорхой тогтсон хэлбэр харагддаг бол харин контемпорари урлагт ямар ч тогтсон хэлбэр байхгүй. Харин хэлбэрийн бус сэдвийн хувьд өгүүлбэл контемпорари нь глобалчлал, хүний эрх, дэхийн дулаарал, байгаль дэлхий гэх мэт сэдвийг гол төлөв тусгасан байдаг. Модерн урлагаас ялгаатай нь нийгмийн нөхцөл байдал ихээхэн нөлөө үзүүлдэг. Түүгээр ч барахгүй контемпорари уран бүтээлчид эрх чөлөөнд чухал ач холбогдол өгөх ба урлаг бүтээж болох бүх хэв маягийг туршиж үзэх боломж нээлттэй юм. Контемпорари урлаг бол тэр чигтээ эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Модерн уран бүтээлчид цэвэр санаа хайх хандлагатай байдаг бол харин контемпорари уран бүтээлчдийн хандлага нь тун ч либерал бөгөөд урлагийг заавал цэвэр ариун байх ёстой гэж ханддаггүй. Учир нь урлагийн хөгжил гоо зүй, үзэсгэлэн төгөлдөр, гоё сайхан гэдэг ойлголтоос мөн чанар үзэл баримтлал , итгэл үнэмшилрүү шилжиж байна.

Уламжлалаас ирээдүй рүү

Германд өсөж,  Амстердам дахь Риетвелдийн академийг 2020 онд төгссөн ч бүтээлүүд нь барууны уран бүтээлчдээс тэс өөр. Ингэхдээ материйн төрөлхийн болон харилцан уялдаатай мөн чанар, бодит байдлаар оршихуйн төлөвийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэлтэй. “Өрөөлийн хэл бол багаж, өөрийн хэл бол амь” хэмээх зарчимтай Ц.Номингийн  бүтээлүүд сансар огторгуй судлалын монгол ухаанаас улбаатай, бусад цаг хугацаа, ертөнцтэй холбоотой түүх, гүн гүнзгий утга илэрхийлнэ.  Аливаа соёлын нэгэн адил хүн төрөлхтөн амьдарч буй дэлхийгээ ойлгохыг хичээсээр ирсэн. Тэнгэр эцэг, газар ээж бол бидний нийтлэг ертөнцийн гарал үүсэл. Мэдрэмж, хэлбэр, хөдөлгөөний динамикаар дамжуулан харааны болон үзэл баримтлалын хүрээг бий болгожээ. Ертөнцийн харилцан хамаарал дунд семиотик, алхими, экологи, хэл, бичиг огтлолцдог. Тэрбээр зарим бүтээлийнхээ утга санааг үгээр тайлбарласан нь тун өвөрмөц санагдсан. “Тэнгэр газрын уулзвар” бүтээлдээ цаг хугацаа, үл үзэгдэх ертөнцүүд биет болон одоо байгаа цаг хугацаатай холилдсон орон зайг илэрхийлжээ. Монгол бөөгийн итгэл үнэмшилд энэхүү нэгдлийн цэг нь мод, уул, овоо, уулын онгод сахиусны чулуун тахилга байдаг.  Эл бүтээлээрээ байгалийн нарийн төвөгтэй байдлыг эргэцүүлэн бодож, дотоод байр сууриа эргэн харж, олон төрөл зүйл зэрэгцэн орших шинэ боломж нээхийг уриалжээ. Ц.Номингийн нэрийн хуудас болсон “Төгсгөлгүй зангилаа” бүтээлийг дурдалгүй өнгөрч боломгүй. Буддизмын бэлгэдлээс санаа авч, хүмүний ертөнцийн орооцолдсон мөн чанарыг эргэцүүлжээ. Тэгвэл “Алхимийн цэцэрлэг”-ээ Зүүнхараагийн  архины үйлдвэрийн цогцолборт  хаягдал ашиглан цогцлоосон. Өмнө нь ус хуримтлуулдаг байсан, одоо орхигдож, зэрлэг ургамлаар бүрхэгдсэн бетонон хашлагыг  контемпорари цэцэрлэгт хүрээлэн болгожээ. Үндсэн архитектур нь тухайн орон зайг ашиглах шийдэл байв. Бүтээлүүд нь тэнцвэр, хурцадмал байдал, материйн ер бусын яриа буюу трансцендент монолог, бие биетэйгээ болон үзэгчтэй харилцах яриа үүсгэснээрээ онцлог.

 

Урлаг түгээгч

Ц.Номинг футурист урлагийн төлөөлөгч болохыг  “Катарсис” батлах болов уу. “Катарсис” нь оюун санааны бэлгэдэл үүсгэх функцийг гүнзгийрүүлэн судлах, ухаангүй байдлаас ухамсарт шилжих, уран зураг, дүрслэхийн түүхийг өгүүлэх олон хэмжээст бүтээл. Уран баримлын элементүүдийн дагуух зургууд, уран бичлэгийн тэмдэг, гэрэл зургийн дүрслэл нь монгол футуризмыг илэрхийлдэг. Футуризм бол уламжлалыг эсэргүүцэж ирээдүйд хандана гэдэг урлагийн нэгэн урсгал. Угаас футуристүүд бодит байдлыг үргэлжилсэн хөдөлгөөний хэлбэрээр хүлээж авдаг, цаг хугацаа шиг хэмжээс, хурд болон орон зайн шилжилтийг чухалчилдаг.  Иймд тэрбээр санаа, бодлоо исгэж бүтээлүүлээ туурвисаар. Мөн гадаадын уран бүтээлчдийг эх орондоо урьж, Монголын урлагийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах гүүр болгохыг зорьж байна. Урлагийн боловсролыг Улаанбаатараас илүү орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс сургалт семинар, олон нийтийн баялаг хөтөлбөр зохион байгуулахыг хүсдэг аж.  Тэрбээр 2018 оноос бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байна. Түүний бүтээлийг Амстердам дахь Хэт Стеделийк музей, Амстердам дахь Риетвелд павильон, Берлин дэх Пренцлауэр студид толилуулжээ. Улаанбаатар хотод ч хэд хэдэн удаа үзэсгэлэнгээ гаргажээ. Ц.Номин 2020 онд “Gerrit Rietveld Academy”-ийн шагналд, 2021 онд Лоситогийн урлагийн шагналд нэр дэвшсэн. Урлагийн бүтээлээс гадна эссэ, нийтлэлээ сэтгүүлд хэвлүүлсэн байна. Тэрбээр 2025 онд  Узбекистанд зохион байгуулах  олон улсын чанартай анхны  Бухарын биенналд оролцох юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 2025/03/31
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31