Энэ сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол лабораториор батлагджээ. Мөн Төв аймгаас сэжигтэй нэг, Орхон аймгаас сэжигтэй гурван тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийж байгаа аж.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд есөн сартай болон хоёр настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан вакцинд нөхөж хамруулахыг ХӨҮСТ-өөс анхааруулж байна.
ХӨСҮТ-ийн дэмжлэгт хяналтын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Тус аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, вакцинаторуудад улаанбурханаас эрт сэрэмжлүүлэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, хам шинжийн тандалтыг сайжруулах, хариу арга хэмжээ авахад зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйгээр хангах сургалт зохион байгуулжээ. Нөхөн вакцинжуулалт хангалтгүй байгаатай холбоотой вакцинжуулалтыг идэвхжүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулах, эмч нарыг эмнэлзүйн оношилгоонд чадавхжуулах, тандалт судалгааг идэвхжүүлэх, алслагдмал сум багуудад түргэн шуурхай хүрч ажиллах, вакцины цэгийг өдөр бүр ажиллуулах зэрэг зөвөлгөө зөвлөм өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна.
Шүд цоорох өвчлөл 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Эрүүл мэндийн яам хамтран улсын хэмжээнд “Эрүүл шүд– эрүүл ирээдүй” үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулж байна. ДЭМБ-ын статистик үзүүлэлтээр дэлхий нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10 хувь нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсад нийт суралцагчдын 6.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаасан байна. 2024 оны үр дүнгээр 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77.4 хувьтай байна. Улсын хэмжээнд нийт 80 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40280 хүүхдээс 95.33 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна. Амны хөндийн өвчлөлийг тууштай бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан төдийгүй цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна