Нийслэлийн захын хороололд гоо сайхны мэргэжлийн бүрэн үйлчилгээ хүргэн үйл ажиллагаа явуулж буй “Zula beauty hair salon”-ыг үүсгэн байгуулагч Ц.Ганзулын ярилцлагыг хүргэе. Мэргэшсэн ажлаа тасралтгүй 20 жил хийхдээ өөрийн нэрийг брэнд болтол таниулан хөгжүүлж чадсан энэ эрхмээс зөвлөгөө авч, өнгө төрхөө өөрчилсөн хүмүүс салоныг нь заавал дахин зорьдог. Нүүрний хэлбэр, биеийн онцлогтоо тохирсон үс засалт, өнгөө олоод зогсохгүй гэмтэлтэй үсээ сэргээн эрүүлжүүлж, зориод очсон хүмүүсийг сэтгэл дүүрэн үддэг нь Зулаагийн салоны давуу тал гэдгийг үйлчлүүлсэн хүмүүс андахгүй биз ээ.
Хэн нэгнийг дуурайн үсний өнгө, засалтаа өөрчлөх оновчтой сонголт биш
-Хайч, сам, үсний сэнс, индүүтэй “нөхөрлөөд” 20 жил болж байгаа танаас хамгийн түрүүнд ямар үсийг хамгийн гоё, сайхан гэж тодорхойлж болохыг асууя.
-Гэмтэлгүй, эрүүл үсийг л хамгийн гоё гэнэ. Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай, агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд үсээ гэмтэлгүй авч явах тийм ч амар ажил биш. Маш их арчилгаа шаарддаг. Хатуулагтай, хужиртай устай тохиолдолд үс, хуйх арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгохгүй бол хуурайшиж гэмтэхээс эхлээд үс ихээр унах эрсдэлтэй. Тиймээс үснийхээ онцлогийг тодорхойлж чадсанаар эрүүл байлгах боломж бүрддэг.
-Эрүүл үсийг засах нь цав цагаан цаасан дээр зураг зурахтай адилхан. Хэлбэрийг нь зөв гаргаж, таарч тохирсон өнгийг нь олоход цаг хугацаа тийм ч их шаардахгүй болов уу?
-Хүн бүр дахин давтагдашгүй өнгө төрх, хэв маягтай. Үсчин хүн тэр онцлогийг тодорхойлон үс засахдаа түүнийг нь давуу тал болгон гаргаж чадвал тухайн үйлчлүүлэгч гоо үзэмжтэй харагдана. Ажигласан бол зарим үсчин үйлчлүүлэгчтэйгээ ярилцдаг. Энэ байдал нь үйлчлүүлэгчийнхээ онцлогийг тодорхойлоход дэм болох бөгөөд харилцан ярилцсанаар тухайн хүний онцлогийг гаргахад тус болдог. Түүнээс биш хэн нэгнийг дуурайн үсний өнгө, засалтаа өөрчлөх оновчтой сонголт биш. Миний хувьд ямар өнгө өөрт нь зохидгийг мэдэхгүй мөртлөө сонирхлоороо, агшин зуурын сэтгэл хөдлөлд автан үсээ янз бүрийн өнгөтэй болгохын эсрэг байдаг. Түүний оронд үс арчилгаандаа түлхүү анхаарч чадвал дараа нь яаж ч өөрчлөх боломжтой.
-Хүн нүүрнийхээ арьсыг арчилдаг шигээ хуйхандаа ч анхаарал хандуулах шаардлагатай. Яагаад гэвэл, үс эрүүл, жигд ургах эсэх нь хуйхны ариун цэвэртэй салшгүй холбоотой гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үс, хуйхны арчилгаа өөр. Хүмүүс хуйхаа хэрхэн арчлахаа мэдэхгүйгээс тэжээлийн тос, маскийг үстэйгээ хамт түрхдэг. Үүнээс шалтгаалан үсний амьсгалдаг нүх бөглөрснөөс ургах нь удааширч, үс тослогтой, эвгүй үнэртэй болно. Үс, хуйхны арчилгааг тусад нь хийнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс ангижруулагчийг маш ихээр, замбараагүй хэрэглэдэг болсон. Бас уураг, ботокс хэрэглэж байна гээд хуйхандаа нялаад хаячихдаг. Үүнийг сайн цэвэрлэж гуужуулахгүй бол үс гэмтэнэ, тослогтоно. Цаашлаад үс ургахад нөлөөлдөг. Хүний үс нэг сард ганцхан сантиметр ургадаг. Хэрвээ арчилгаа хийж, тэжээл өгөн ургах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй бол нэг сантиметр ч ургахгүй. Удаан хугацаанд гэмтсэн үстэйгээ явах шаардлагатай болно.
Үйлчлүүлэгчийн мөнгө, цагийг хэмнэж тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь бидний ажил
-Үсээ будуулж байгаагүй хүн тун ховор. Олдсон ч цагаан үс ургаж, цайралт эхэлсэн шинж давамгайлах байх. Хэрвээ тухайн хүн үс, хуйхаа арчилж эрүүлээр ургуулна гэвэл хэдий хугацаа шаардагдах вэ?
-Гэмтэлтэй үстэй тохиолдолд багадаа нэг жил болно. Яагаад гэвэл, хүний үс нэг сард ганцхан сантиметр л ургадаг гэж би дээр дурдсан. Үсээ ойр ойрхон буддаг бол төдий чинээгээр гэмтсэн байна. Харин үсээ бүтнээр нь бус угийг нь будуулдаг бол гэмтэл багатай гэсэн үг юм. Мэдээж цагаан үстэй хүн будахаас өөр аргагүй. Харин цагаан үс бага бөгөөд үсээ өөрийнх нь өнгөөр, эрүүл байлгая гэвэл өнгө, тэжээл, бүрхүүл үүсгэдэг бүтээгдэхүүн хэрэглэж болно.
-Жилийн яг энэ цагт үснийхээ хэлбэрийг өөрчлөх, өнгө нэмэх, сор хийлгэх гэсэн хүмүүс олширдог. Одоо танайх ямар үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна вэ?
-Бүтээгдэхүүний хувьд олон төрөл бий. Үүн дотроо япон, солонгос, орос үс арчилгааны бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг. Эдгээрийг тухайн хүний үсний онцлогт тохируулан сонгоно. Мэдээж үнийн хувьд харилцан адилгүй. Нэг зүйл нь хүн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал биш. Өөрт тохирсныг нь хэрэглэх үр дүнтэй. Дээр нь эрүүл үстэй болохын тулд эхний ээлжид ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ, дараа нь алийг сонговол тохиромжтой вэ гэдэг чухал. Ингэж шатлалтайгаар арга хэмжээ авч үсний өнгө сэргэж, ургаснаар хүмүүс урам авдаг. Эрүүл үсний гайхамшгийг мэдэрч угаагаад хатаахад л хүссэн төрхөө харах боломжтой болдог юм. Нар салхи, индүү сэнснээс хамгаалах бүтээгдэхүүнийг 2-3 сар тутамд хэрэглэж байж хүний үс өнгөө хадгална.
-Хүмүүс үсний уураг, тэжээлийн тосыг хүссэн газраасаа авч хэрэглэдэг. Ингэж авч хэрэглэх нь хэр оновчтой вэ?
-Ганцхан үс гэлтгүй гоо сайхны бүтээгдэхүүнийг хувиараа авч хэрэглэх нь үр дүн бага үзүүлнэ. Миний хувьд үсчнээрээ дагнан 20 жил ажилласан учраас энэ талыг түлхүү ярьж байгаа хэрэг. Хүмүүст хэрэгтэй болов уу гэсэн үүднээс хэд хэдэн зүйлийн талаар товчхон дурдъя.
Үсний уураг, тэжээлийн тосыг түрхсэний дараа ууранд сууж арьсны бүрэн амьсгалах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Тэгэхгүй гэрийн нөхцөлд мэргэжлийн бус аргаар ашиглавал санхүүгийн хувьд алдагдалтайгаас гадна цагийн гарз болдог. Халуун малгай хуйх арчилгаанд хэрэгтэй зүйл биш. Хүмүүс буруу ашигладаг. Дээр нь сайн гэж сурталчилсан болгон чанартай байдаггүйг анхааруулмаар байна.
Үсчингүүдэд үсний маникюрыг хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг. Би үүний эсрэг байдаг. Яагаад гэвэл, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд дотроос маникюр сайнд тооцогдоно. Нэгэнт цагаан үстэй, үсээ будуулсны дараа дахин шараар будах боломжгүй, бодолгүй байгаа хүмүүс үсээ арчилж гоё харагдуулахын тулд маникюрыг сонгон хэрэглэж болно. Маникюр үсийг хамгаалах бүрхүүл үүсгэдэг. Перкс буюу үсийг задалдаг бүтээгдэхүүнээс хүртэл хамгаалж чаддаг сайн бүтээгдэхүүн. Тийм болохоор сайн чанарын маникюр хэрэглэхээс татгалзаж болохгүй. Урт үсэндээ хэт их цайралт хийлгэсэн ч үс нь ширэлдээд байгаа бол ботокстой шулуун хими биш, зөвхөн ботокс хийлгэх хэрэгтэй. Үр дүнд нь таны үсийг 4-6 сарын хугацаанд хамгаална.
Шулуун хими хийлгэсэн бол дараа нь будуулж болохгүй гэдгийг үсчингүүд үйлчлүүлэгчдэдээ тайлбарлаж өгдөггүй. Тиймээс будсаны дараа хими хийлгээгүй мэт арзайдаг. Гэтэл үйлчлүүлэгч үүнийг нь “Шулуун хими гарлаа” гэдэг. Үсээ ингэж дахин дахин гэмтээгээд байгаагүй ойлгодоггүй. Шулуун хими хийлгэсний дараа будаг, сор хийлгэхийг хориглоно. Харин үсний өнгөө сэргээхийн тулд үндсэн өнгөтэй нь адилхан маникюр хийлгэвэл оновчтой. Шулуун хими хийлгэсний дараа будаад гэмтвэл зарим тохиолдолд хусахаас өөр арга байдаггүйг энэ ташрамд сануулъя.
Сеттинг химийг будаггүй, эрүүл үсэнд нэг л удаа хийхэд маш сайн орно. Хэрвээ будуулж байсан бол хими хүссэнээр орохгүй.
Их цайруулсан үсийг самнахад хүртэл сам зуурдаг. Ийм үсэнд арчилгаа чухал. Охид донж маягаа олохын тулд үсний өнгөө удаа дараа өөрчилдөг. Үүнийг нь би буруушаадаггүй. Үсийг тайрсан ч ургана. Миний бодлоор үсээ будуулсан хүмүүсийн тал нь дахиж цайруулдаггүй. Цайралтын хувьд сор тавиулж болно. Хамгийн гол нь үсчин үйлчлүүлэгчид зөв зөвлөгөө өгөх хэрэгтэй. Өөрийн үс, хуйханд анхаарал хандуулдгийн адил бусдад нээлттэй, зөвлөн туслах үйлчилгээг давхар үзүүлэх шаардлагатай юм. Үйлчлүүлэгчийн мөнгө, цагийг хэмнэхэд тусалж тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь бидний ажлын нэг чухал хэсэг байх ёстой.
Тэнэг эсвэл чадваргүй хүмүүс л хямдрал зарладаг
-Туршлагад суурилсан, өмнө сонсож байгаагүй олон зүйлийн тухай танаас мэдэж авлаа.
-Туршлага гэдэг харьцангуй ойлголт. Яагаад гэвэл, надад төгсөөд удаагүй үсчингүүдээс ч сурах зүйл олон байдаг. Би хүний үс 20 жил засаж байна гээд “Юу хийхээ хэнээр ч заалгахгүй” гэж хэзээ ч бодож байгаагүй. Үсээ зөв оношилдог байгаасай, хэрэгтэй үйлчилгээ үйлчлүүлэгчдэдээ үзүүлдэг байгаасай гэж хүсдэг. Түүнээс ашиг олох нэгдүгээр асуудал биш юм. Өөрт таарахгүй олон янзын бүтээгдэхүүн хэрэглэснээр хүмүүс харшилтай болж байна. Харшлын өвчин улам залуужиж байна шүү дээ. Энэ нь чанаргүй бүтээгдэхүүнтэй холбоотой. Жишээ нь, нэг угаахад хар болдог үсний будгаар будсанаас харшилтай болсон хүн манайд цөөнгүй бий.
-Үс, хуйх арчилгааны талаар үргэлжлүүлээд ярилцсан ч таны зөвлөгөө дуусахгүй бололтой. Тиймээс хүмүүс хэрвээ хүсвэл тантай биечлэн холбогдож мэдээлэл аваг?
-Би эмэгтэй хүний үсийг засах дуртай. Манай салоноос гарахдаа сэтгэл дүүрэн инээмсэглэж гараасай гэж боддог. Дахин сануулахад, хүн бүрд дахин давтагдашгүй онцлог, давуу тал бий. Түүнд нийцүүлэн үсийг нь засвал хүний зүс царай илүү тодорно. Үсчид тэдгээрийг олж харж ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Миний хувьд зорьж ирсэн хүн бүрд хүрч ажиллахыг хичээдэг. Хүлээж удаалгүйгээр үсийг нь өөрчилж туслахыг боддог. Манай салон үс засалтаас гадна маникюр педикюр, арьс арчилгааны чиглэлээр үйлчилдэг. Хэрвээ ажил ихтэй бол урьдчилан цаг тохирч байгаад уулзах боломжийг бүрдүүлдэг юм. Гэхдээ би үйлчилгээндээ хямдрал зарладаггүй. Тэнэг эсвэл чадваргүй хүмүүс л хямдрал зарладаг. Хамгийн гол нь бид үйлчилгээгээ чанартай хийж, манай салоныг зориод ирсэн хүмүүсийн сэтгэлд нь хүртэл үйлчилгээ хийгээд төлбөрөө авах хэрэгтэй гэж боддог.
/Үсчин, нүүр будагч, хумсны салон/
Пэйж хаяг: Zula Beauty Hair Salon
Утас: 9192 0220
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна