Н.Наранбаатар: Урлагийн бүтээл хүнийг ариусгадаг


Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатартай жүжиг яриад байгаа мэт боловч амьдралын утга учир, хүмүүний оршихуйн мөн чанараас үүдэлтэй нийгмийн олон сэдвийг дэс дараалан хөндөж байлаа. Наран хэвийхээс шингэх хүртэл хүүрнэлдсэн ярилцлагаа өргөн барьж байна. 

Үнэн худлын тухай нэхээд хэрэггүй

-Улаанбаатар хотод үзэгчдийн хүртээл болж буй хоёр жүжиг Н.Наранбаатар найруулагчийн бүтээл байна. Нэлээд шуугиан тариад буй “Самсара”  жүжиг нэрнээсээ л содон. Үзэгчдийг ховсдох мэт эхлэл нь найруулагчийн тун сонирхолтой санаа байлаа? 
-Энэ жүжгийн зохиолыг бодит явдлаас сэдэвлэн бичсэн. Франц-Бельгийн зохиолч Эрик Эмманюэль Шмитт 29 насандаа Алжирын цөлд төөрөөд үхэл амьдралын заагт гэнэт катарсист ороод зохиол бичдэг болсон гэдэг. Катарсис нь ариусал гэсэн утгатай Аристотелийн анх хэрэглэсэн нэр томьёо. Урлаг туурвих эсвэл урлагийн бүтээл үзэх үед хүн ариусалд ордог гэдэг. Эрик Эмманюэль Шмитт зохиол бүрдээ “Бид хэн юм бэ, юуны төлөө амьдарна вэ. Энэ ертөнцөд бид нэгнийхээ төлөө юу хийж чадах вэ” гэсэн санаа дэвшүүлдэг. Түүний 1999 онд бичсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээс санаа авч тухайн жүжгийн зохиолыг бичүүлж, найруулан тавилаа. Төсөөллийг би уран бүтээлчдэд, үзэгчдэд үлдээе. 


-Хойд төрөл, там, диваажин байдаг эсэх гээд эргэцүүлэмж олонтой байсан шүү?
-Бид буддистуудын ёсоор хүний сүнс 49 хоногт төрлөө олох гэж нүдгүй харанхуй дундуур явах тул энэ орчлонд зул барьж замыг нь гэрэлтүүлнэ. Өлсөж ядрахын туйлд хүрэх тул Жанрэйсагийн сүр шатааж үнэрээр нь хооллох, номын хүчээр замын бэрхийг засах гэх мэт шашны зан үйлийн нарийн мэдлэгтэй. Бурхан болоочийн араас уйлж болдоггүй, өтгөс, өнчид, өлссөн ноход хооллох гэх мэтээр долоо, долоо хоногоор буян үйлдэж хураагаад 49 хоногт төрлөө олоод явлаа гэж итгэдэг.

Саяхан би ээжийгээ алдлаа.  Хойд төрөл, зуурдын орчлонгийн талаар эрхгүй л бодож, бясалгаж эхэлдэг юм байна. Бурхан болоочийг нутаглуулах болоход “Шинжээ” нь гардаг. Манайхан “Алтан хайрцаг” нээх гэж ярьдаг. Энэ бол монгол хэлнээ буулгасан нэршил, Далай ламаас “Golden box” гэж орчуулаад асуухаар хэрхэн ойлгох билээ. Харин шинжээ бол тухайн бурхан болоочийн төрсөн он цагаас тэнгэрт дэвшсэн өдөр цаг хүртэл тооцож хаана ямар газар хэний хүү, охин болж төрөхийг гаргадаг. Яг тэгж төрдөг эсэхийг би хэлж мэдэхгүй. Энэ бүхэн чинь угтаа үлдэгсдэд өгч байгаа сэтгэлийн тайтгарал. Үнэн худлын тухай нэхээд хэрэггүй.

-Ээж минь, аав минь үрдээ эргэж төрсөн шүү. Ийм тэмдэг нь ингэж гарсан гэж барим тавим ярьдаг хүн байдаг даа?

-Хүн сэтгэлээ тайтгаруулах гэж бурхан болоочдоо тавьсан тэмдгээ эрж хайгаад, ах дүүсээрээ орж гараад явахаар сэтгэлийг нь дагадаг юм уу тийм мэт тэмдэгтэй хүүхэд төрсөн байх нь бий. Сэтгэл бол сүнс. Сүнсний төсөөлөл тухайн зүйлийг бодьжуулж үнэмших нь итгэл үнэмшилтэй холбоотой гэж би бодож байна. Хамгийн харамсалтай нь зуурдын ертөнцөд очоод буцаж ирсэн хүн байхгүй, гэрчлэх боломжгүй. Зүгээр биднээс төрөл дээгүүр хутагт, хувилгаадын тухайд энэ бүхэн өөр байж болох юм. Хойд төрөл нь өмнөх төрлийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлийг таньдаг. Бид эгэл учраас зуурдын ертөнц, хойд насны талаар мэдэхгүй. Жүжгийн тухайд бид зүгээр л төсөөлж байгаа юм. Унтаа байдалд орсон гэхээр хана туурга нь нэвт гардаг орон зай үгүй цав цагаан орчин байх юм. Яагаад гэвэл зуурдын ертөнцөөр бодит бус сүнсэн бие л зочилно шүү дээ. Тайзыг бол ингэж засаж болох юм байна гэж бодсон. Киногоор бол гайхалтай харуулна тийм үү. Энэ санааг О.Баярмагнай зураач резинэн ханаар гайхалтай уран сэтгэж хийсэн.

-Хөшиг нээгдэхэд тайзнаа маш урт ор, дэргэд нь огт үүрэггүй гэмээр жижиг дөрвөлжин зүйл байдаг. Таны бүтээл гэхээр би тэр хоёр зүйлээс ямар нэг санаа хайгаад байлаа?

-Зуурдын ертөнцөд комд орсон хүмүүс орж гардаг тул ор байх нь гарцаагүй гэж бодсон. Гэхдээ жирийн нэг ор биш олон хүн багтах урт ор. Зуурдын ертөнцөд хүн удах нь ховор. Ороод л гарна. Бас нэг жижигхэн ор байгаа. Түүнийг би үзэгчдэд үлдээсэн. Энүүхэндээ гэхэд найруулагчийн зүгээс шууд тайлбарлавал үзэгчид эмзэглэнэ шүү дээ.

-Зуурдын ертөнцөд хайр өрнөнө гэдэг үнэхээр хачирхалтай санаа шүү. Хүмүүсийг мэдэхгүйгээр нь элэг барьж байгаа ч юм шиг?  

-Хүн энэ орчлонд ирэхдээ бүтээгч болдог нь ойлгомжтой. Гэхдээ бүх хүн эх орноо, эцэг эхээ, хань ижлээ, үр хүүхдээ хайрлах л гэж ирдэг ганц үүрэгтэй. Энэ дундаас хамгийн түгээмэл хэрнээ адармаатай, ээдрээтэй хайр нь эр эмийн хайр. Хоёр өөр орчинд төрж, өсөөд хүмүүжээд хүн болсон эр эм хүмүүс ямар нэгэн увдисаар таталцаж, хайрлаж дурлалцаад үнэнч байхаа амлан амьдралын төгсгөл хүртэл хамт хөтлөлцөөд алхдаг. Сонирхолтой нь, тэр хоёр хүн биесээ огт мэдэхгүй, гүйцэд таниагүй хэрнээ ямар нэг увдисаар таталцаж итгэлцээд хорвоог бардаг. Тэгвэл хайр зуурдын ертөнцөд ч өрнөдөг байж болох юм, харин хэрхэн илэрхийлэх вэ. Хамгийн гачлантай нь зуурдын ертөнцөд өрнөсөн дурлалаа энэ ертөнцөд ирээд санахгүй. Ингээд санахгүй чигээр нь орхивол үзэгчид надад гомдоно биз дээ. Эргээд энэ ертөнцөд ирэхдээ дурласан хос романтикаар биесээ таних тэмдэг дохио маягийн зүйлийг ой санамжинд үлдээх ёстой.

-Үнэхээр ой санамжинд үлдсэн дурсамжууд сэрхийгээд л явчихдаг? 

-Хүний ой санамжид хадгалагдсан зүйлс заримдаа зүүдэнд үзэгдэх нь бий. Ийм явдал болж байсан гэдэг санамж секундийг хэд хуваасантай тэнцэх хугацаанд зурсхийгээд өнгөрөөгүй хүн гэж байхгүй дээ. Зуурдын ертөнцөд дурлалцсан хосын ой санамжийг сэрээснээр учирсан хос нэгнээ таних юм. Төгсгөлийг бас л үзэгчдэд үлдээсэн. Сайхан түүх өөрсдөө зохиог л дээ.

-Хайр мөнхийн сэдэв. Гэхдээ надад “Хайр бол аминч үзэл юм” гэж бодогдоод байдаг?

-Үгүй шүү. Би хайрын сэдэвтэй олон жүжиг, кино найруулан тавьсан. Эдгээр уран бүтээлийг гаргахдаа нэг зүйлийг хайж байлаа. Нэг сонин юм хэлье. Бид хайрлаж байна гэж зүгээр л боддог. Зарим нь хуурамч, бүр үнэнч нь ч хуурамч. Гэхдээ л хүн төрөлхтөн хайрлаж байна гэж бодоод байсан. Христийн тооллоор явж буй энэ хоёр мянга гаруй жилийн түүхэнд жинхэнэ хайр тун ховор байж. Тийм ховор хайрыг хүртсэн нь магадгүй хүн болж төрснийхөө утга учрыг ойлгосон байх.

Харин жинхэнэ хайртай учрах нь түмэн зовлон, мянган бэрхийг туулж эцсийн дүндээ хожиж ч болдог, хожигдож ч болдог уралдаан. Жинхэнэ хайр гэдэг өөрийгөө умартан хүний төлөө зүрхээ ч өгч чадах чин сэтгэл гэдэг дүгнэлт гарч байгаа биз. Үүний нэг жишээ бол Квазимодо. Квазимодо Эсмеральдад "Хэрвээ чи намайг тэр сүмийн орой дээрээс үсэр гэвэл би үсрэхэд бэлэн" гэж хэлдэг. Үүнийг л жинхэнэ хайр гэж байгаа юм. Орчин цагийн бид чинь хэн нэгнийг хайрлахдаа заавал эргэж хариу нэхээд байдаг. Би чамайг хайрласан юм чинь гэдэг агуулгаар өмчлөх гэсэн шунаг хүсэл байна. Үүн дээр таны хэлсэн аминч үзлийг ярьж болох юм. Хариу нэхдэггүй хайр Буддын сургаалуудаар ч харагдаж байдаг.

-Хоёулаа жүжгийн агуулгаас юу ойлгож болох, та ямар санааг өгүүлэх гэсэн тухайд ярилцлаа. Энд нэг нийтлэг асуултыг заавал тавих ёстой гэж бодогдлоо. Урлаг соён гэгээрүүлэх үүрэг хүлээх үү?

-Эхлээд соён гэгээрэл гэдэг үгний утгыг ойлгоё л доо. Аливаа юмны утга учир, мөн чанартай холбоотой цаад нарийныг ухаж ойлгох чадамж бүхий оюун тархитай хүнийг л соён гэгээрсэн, сэхээрсэн гээд байгаа юм. Гэтэл өнөөгийн нийгэмд тэгтлээ ухаарч, сэхээрсэн хүн олон байдаггүй. Сэхээрсэн хүмүүс нийгмээ удирдан чиглүүлж, сүргээ дагуулан хөгжил, шинэ мэдлэгийн үржил шимт нуга руу ордог. Нөгөө талаас сэхээрсэн хүн маань бусдыг өөр шигээ болгохыг хүсдэг. Яриад байгаа зүйлийг нь ойлгохгүй байгаа бусдыг өөрийнхөө түвшинд авчрахын тулд соён гэгээрүүлэх ажил хийдэг байх нь. Урлаг соён гэгээрүүлэх ажлыг үүрэлцэх болохоос дангаараа үүрч болохгүй. Тэгвэл хэн соён гэгээрүүлэх ажил хийх юм бэ гэвэл багш нар. Нэн ялангуяа бага ангийн багш нар. Энэ миний л үзэл бодол шүү. Хүүхэд гэрээс гараад өөр орчинд орж байгаа хамгийн эхний газар нь цэцэрлэг. Эндээс л хүүхдийн нийгмийн бүлгийн тухай анхны ойлголт, танин мэдэхүй, соён гэгээрэл эхэлж байна. Ингээд хүүхэд бага ангийн багшийн гар дээр ирнэ. Бидний үеийнхэн “А” үсэг, дөрвөн аргаар тоо бодохыг заадаг бага ангийн багшаа бурхан шиг л хардаг байлаа. Энэ багш буруу хүн байвал бид буруу л ишлэгдэнэ. Дараа нь дунд болон ахлах ангийн багш нар. Их сургуулийн багш нар хүүхдийн хүссэн мэдлэгийг л баяжуулж өгч байгаа хүмүүс. Нөгөө талдаа соён гэгээрлийг төрийн түшээдийн түвшинд ярина. Та бод доо төрийн түшээ гээд. Тэр хүн Монгол төрийг түшилцэх гээд байна. “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг ард түмэн тэр хүнийг хүмүүжилтэй, эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай, нэр хүндтэй, чадвартай гэж үзээд сонгож өөрсдийгөө төлөөлүүлэн төр түшүүлэхээр  илгээлээ. Сонгогдсон түшээд нь ард иргэдийнхээ хүссэн төрийн түшээ байна гэдгээ тэнгэрт мэдүүлж төрийнхөө тугны өмнө тангараг өргөдөг. Тэднээс л хүүхэд залуус, ирээдүй үе маань соён гэгээрүүлэгч хэн байхыг харж, дуурайж, суралцаж явах ёстой биз дээ уг нь. 

-Уг нь тийм. Гэтэл төрийн түшээдээ тоохоо больсон. Багш нь соён гэгээрүүлэх хөг өнгөрлөө. Одоо яах вэ?

- Бидний нүдэнд ил байдаг, даган дуурайх ёстой төрийн түшээдийн зарим нь мэдлэг боловсролоороо маниасаа дор байхаар хэн тоох юм бэ. Та биднийг дунд сургууль төгсөж байх үед багшийн дээд сургууль гэж хэчнээн нэр хүндтэй сургууль байлаа. Дэргэдүүр нь явахдаа энэ сургуульд маш их эрдэмтэй хүмүүс байдаг гэж сүсэглэх нь холгүй. Гэтэл бусад мэргэжлийн шалгуураас бага оноогоор шалгуураа тавьж элсэлтээ авахаар хамгийн сайн сурдаг нь ордог сургууль гэсэн үнэ цэн, итгэл үнэмшил байхгүй болчихож, үүнээс илүү багш болохыг хүсдэг эрмэлзэл эрэлт өрсөлдөөн бидний нийгэмд байхгүй болж. Хүний нөөцийн бодлого нь алдаандаа живчихсэн боловсролын систем багшийн мэргэжлийг сайтар эзэмшүүлдэг, бүх үнэлэмжийг өндөр байлгадаг тогтолцоогоо ингээд нураагаад хаячихлаа. Одоо бидний оюун санаанд гэгээ оруулах юу үлдэв. Шашин, соёл урлаг хоёр л үлдлээ. Энэ хоёр салбар нь соён гэгээрлээ аваад явчихвал уг нь болж байна гэх сэн.

Шашин руу арай л довтлоогүй байна. Соёл урлаг аль хэдийнэ довтолгоонд өртсөн. “Урлаг бол бизнес, арилжаа. Жүжиг кино хүнийг заавал бодуулах шаардлагагүй, үзэгчдийг зугаацуулаад л гаргаж байхад болно” гэх мэтээр уран бүтээлчдийн тал нь соён гэгээрүүлэх үүргээсээ татгалзчихлаа. Тайзан дээр хараал голдуу гудамжны хар яриагаар үзэгчдээ доромжлоод эхэлсэн. Нөгөө мэргэжлийн ёс зүй яасан бэ. Сүүлдээ мэргэжлийн урлагийн байгууллага руугаа аль нэг сувгаар ямар нэг аргаар дайрдаг боллоо.


Найруулагч уран сэтгэмж, төсөөллөө яаж ч амьдруулж эсвэл бүр үхүүлж ч болно

 

-Би буруу жишээ татаж байж болох юм шүү. Бөхчүүд тооцоол­сон амжилтандаа хүрэхээрээ даваа ханана гэж ярьдаг. Уран бүтээлчдийн хувьд тийм юм байдаг болов уу. Жишээ нь, таны хувьд бодож мөрөөдөж явсан бүтээлээ хийчихээд “За боллоо доо” гэж бодож байсан уу? 

-Би мөрөөдлийнхөө үзүүр оргилд гараагүй л явна. Хүн чинь хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдрах ёстой л доо. Мөрөөдлийнхөө 50 хувьд л хүрч дээ гэж бодогдож байна. Би театрын даргын ажлыг саяхан авсан. Албан тушаалд дуртайдаа энэ ажлыг авчихсан ч юм биш л дээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх цаг хугацаанаасаа хугаслаад бүтээл хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх боломжийг уран бүтээлчдэдээ зориулаад бий болгоё, бүтээе гэж бодсон юм. Нөгөө талаар манай ахмад уран бүтээлчид, нэг үеийнхэн маань “Чи л энэ ажлыг авч явах ёстой, шинэчлэл өөрчлөлт хийж чаднаа” гэж итгэл хүлээлгэсэн. Хүний итгэлийг даах хэцүү бас их чухал. Чадна гэж өөртөө итгэсэн бол үгээр биш үйлдлээр харуул гэсэн зарчимтай хүн л дээ, би. Та манай театрын үүдний танхимаас эхлээд өрөө тасалгааны өөрчлөлтийг анзаарсан байх. Ажил авснаасаа хойш нэлээд өөрчлөлт хийлээ. Цаашид ч хийнэ. Тайзны дуу, гэрэлтүүлэг гээд бүгдийг нь өөрчилнө. Надад өмнө нь энэ бүхнийг өөрчлөх, шинэчлэх боломж байгаагүй. Гэхдээ би өөрчлөөсэй орчин үеийн техник хэрэгсэлтэй бол ийм жүжгийг ингэж хийнэ гэж боддог, хүсдэг байсан.

-Найруулагч Н.Наранбаатарын театрыг удирдсан он жилүүдэд драмын театрын уран бүтээлийн түүх хэрхэн бичигдэж өнгөрөх бол?

-Тайзны бүтээлийн хувьд хийхээр бодож төлөвлөсөн хэдэн ажил байна. Ирэх 2031 онд мэргэжлийн театрын урлагийн 100 жилийн ой болох юм. Мэргэжлийн театр урлагийн байгууллагыг удирдах ажил аваад удаагүй ч хамт олноороо хэлэлцэж хийх ажил байна. Бид 2025-2031 он хүртэл ажиллах төлөвлөгөөгөө гаргалаа. Жил бүрийн ажлаа нэг сэдэв дор зангидаж ирэх зургаан жилээ хуваана. Жишээ нь, 2026 оныг “Үндэсний жүжгийн сэргэлтийн жил” болгоно. Данзанравжаагийн “Саран хөхөө”-гөөс эхлээд Д.Нацагдорж, Б.Лхагвасүрэн гэх мэт монгол зохиолчдынхоо, үндэсний жүжгүүдийг сэргээн тоглох юм. 2027 онд сэдэвлэсэн жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулна. Жишээ нь, Ф.М.Достоевскийн “Карамазовын хөвгүүд” романаас сэдэвлэн жүжгийн зохиолын хэлбэрт оруулах санаа байна. Энэ мэтчилэн дэлхийн алдартай романуудыг жүжгийн хэлбэрт оруулж үзэгчдэд толилуулбал та бид хоёрын яриад байгаа соён гэгээрэхүйд оруулсан хувь нэмэр болно гэж бодож байна. Дорнын соёл, ёс суртахуун биднээс хэзээ ч гээгдэхгүй. Тийм учраас Энэтхэг, Хятад, Япон гэх мэт соёлын эртний өвтэй улсын сонгодог жүжгүүдийг 2028 онд хийхээр төлөвлөсөн. Дараа жил нь эртний Грек, Ром, өрнийн сонгодог бүтээлүүдийн жил байх болно. Өрнийн сонгодог инээдмийн жүжгүүдээс гадна сонгодог өгүүллэгүүдийг уран бүтээлчдийнхээ тоглолтоор амилуулан толилуулна гээд ирэх зургаан жилээ маш сонирхолтойгоор төлөвлөчихөөд байгаа юм.

-Ф.М.Достоевскийн “Карама­зовын хөвгүүд” романаар сэ­дэвлэсэн жүжгийг манайд тавьж байсан уу?

-Түүхэнд байхгүй. Зохиол маш гүн гүнзгий утга агуулгатай. Хүн төрөлхтний бий болгосон оюун санаа, утга зохиолын сор болсон бүтээл. Гэхдээ хаа сайгүй л байдаг амьдрал. Бид философи сэтгэлгээг өөрөөсөө холдуулж ойлгох нь элбэг. Гэтэл энэ чинь хаа сайгүй байдаг байх нь. Хүн амьсгалж байвал, аливаа зүйлд зөв, утга учиртай хандаж мөн чанарыг танья гэвэл философи сэтгэлгээ гарцаагүй. Нэг талаараа хүмүүний зөв амьдрахуйн зам мөр гэж би ойлгодог. Нэмээд ярихад Бурханч лам Г.Пүрэвбат агсантай Буддагийн амьдрал, намтраар жүжиг хийнэ гэж олон жилийн өмнө ярьж, Г.Пүрэвбат ахын орчуулсан номноос нэг хэсгийг нь авч зохиолч Б.Цогнэмэх жүжгийн зохиол болгосон юм. Хөрөнгө санхүүг нь шийдэж чадвал Бурхан багшийн намтраар маш гоё товчилсон, хүүхэд залууст ойлгогдохоор энгийн өгүүлэмжтэй жүжиг хийе. Хүүхэд, залуус Бурхан багшийг оройн дээд, хүрч халдахын аргагүй шүтээн гэж харахаас илүү яагаад энэ хүн амьдралын ийм зам мөрийг сонгов. Хүн төрөлхтөнд юу зааж сургаж, ямар мэт амьдрал зөв юм бэ гэдгийг яагаад өөрийн биеэр үзүүлэв гэдгийг энгийнээр мэдэх ёстой шүү дээ.  Түүнээс гадна Бурхан багшийн “Миний ээж бол миний бурхан” гэж хэлсэн айлдвар ёсоор хүн бүр төрүүлж өсгөсөн ээжийгээ бурхан мэт ачлан, ёслох хэрэгтэй гэдгийг энэ жүжгээрээ үзүүлнэ гэж бодож байна.

-Буддаг завилж суусан дүрээр нь бус хоёр хөлөөр нь газар гишгүүлж хүн гэдэг талаас нь үзүүлэх нь гэж ойлгож байна, зөв үү?

-Материалист үзэл давамгайлсан орчин цагт бурхан багшийг хүн талаас нь харуулж, нэг үгээр хэлбэл амьдрал, намтрыг нь хөрсөн дээр буулгаж ирэх хэрэгтэй байгаа юм. Харин Буддын шашны нөгөө тал буюу увдист болон рид хувилгаан чанар, сургаал номлол Их, Бага хөлгөний ёс тусдаа халдаж болохгүй зүйл.

-Та мөрөөдлийнхөө талд нь явна гээд үгээ гүйцээлгүй орхичих шиг санагдлаа?

-Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэсэн “Үл таних эмэгтэй”, “Сүүлчийн шөнө” зэрэг кино уран бүтээл бий. Зарим хүн кино хийхдээ хэт дуурайж хийгээд байх юм. Уг нь кино бол өөрт байгаа уран сэтгэмж, төсөөллөөрөө дамжуулан өөрийнхөө ертөнцийг тунхаглаж болох том гарц юм. Яг театртай адилхан. Өөрийнхөө уран сэтгэмж, төсөөллөө яаж ч амьдруулж эсвэл бүр үхүүлж ч болно. Кино уран бүтээлийг дан ганц арилжаачны нүдээр харж хийвэл хөгжихгүй. Мэдээж арилжаалагдаж байвал сайн ч  хэтэрхий автаж хийнэ гэдэг хамгийн том алдаа. Холливудын кино найруулагч Кристофер Нолан хүний уран төсөөллийг шинжлэх ухаантай хослуулсан зөгнөлт кино бүтээлээрээ хүн төрөлхтний оюун санааг хэрхэн малтаж, хүмүүс түүнд нь хэрхэн жаргалтайгаар тамлагдаж байгааг хар л даа. Монголд шинжлэх ухааны уран зөгнөл болчих өгөгдөл зөндөө байгаа хэр нь уран бүтээлчид түүнийг олж харахгүй л байна. Театрын даргынхаа ажлыг өгчихөөд хэдэн сайхан дэлгэцийн уран бүтээл хийе гэсэн бодолтой яваа. Санаа оноогоо бол яриад дэмий байлгүй дээ, тийм үү.

-Б.Галсансүхийн нэг шүлэгт “Чи хийсэн кино бүхэнд нэжгээд мөнгө гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн” гэж мөр байдаг. Үнэхээр орчин цагт хийж байгаа кино болгонд нэг хүнийг буудаж унагах, эсвэл үүлэн борооны ажил хийж байх юм?

-Би яг үүний чинь эсрэг байдаг хүн. Та бид хоёр үе тэнгийн хүмүүс. Хэзээ Монголд буудалцаад байсан юм бэ. Тийм үйл явдал сонссон уу. Харин олныг хамарсан том зодоонууд болж байсан. Гэхдээ хэзээ ч олон хар машин цувруулж байгаагүй. Яагаад байхгүй юмыг байлгаж хийгээд байгаа юм. Хэн саравчтай дугуй малгай өмссөн залуусаар бүлэглэл байгуулаад явсан юм бэ. Бүр гайхмаар. “Америкт нэг удаа” кино Америкт л болсон үйл явдал. Түүний оронд Монголд болсон үйл явдлаар кино хийвэл харин сонирхолтой. 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхээр гарч ирсэн гудамжны бүлэглэлүүд, нийгэмд дуулиан тарьсан зарим нь одоо ч илрээгүй хэргүүд гэх мэт санаа аваад хиймээр түүхэн үйл явдлууд байна. Заавал хар бараан түүхээр кино хийх гэхээсээ илүү өөдрөг үзлийг харуулсан сайхан уран бүтээл гаргаж яагаад болохгүй гэж.

-Та дээр уран бүтээлчид соён гэгээрүүлэх үүргээсээ татгалзчихлаа гэж хэллээ. За татгалздаг юм байж. Гэтэл кино уран бүтээлчид нийгмийн тансаг амьдралтай хэсгийн баян хээнцрийг их үзүүлдэг болжээ. Энэ нэлээд хортой санагдаад байгаа юм. Яаж ч хичээж хөдөлмөрлөөд тийм болж чадахгүйдээ хүмүүс бухимдаад байна?

-Аливаа зүйлд нэгдсэн бодлого байх хэрэгтэй, энэ нь нийгмийн хөгжлийг, ёс суртахууныг, хэм хэмжээг заагаад чиглүүлээд явах боломжтой. Хэдийгээр кино хийх нь хувь уран бүтээлчийн эрх боловч тухайн уран бүтээлээс өгөх санааг нь нэгдсэн бодлогын хүрээнд тодорхой болгож өгөх ёстой. Тулган шаардаж хатуу хянаж гэсэн үг биш л дээ, уриалаад үлгэрлээд, дэмжээд санхүүжүүлээд, гадаад харилцааг нь зохицуулаад ч юм уу. Хуучны киног одоо хүмүүс муулаад л байх болж. Жишээ нь, Ж.Бунтар гуайн “Гэрлэж амжаагүй явна” кинонд мэргэжил бүхэн сайхан гэдэг санаан дотор ажил мэргэжилдээ үнэнч зан суртахууныг харуулдаг. Энэ мэтээр сэдэв нь хүнийг бүтээх, хөдөлмөрлөх, хөдөлмөрлөсний хүчинд би сайхан амьдрах юм байна гэдэг логик байгаа юм. Өнөөдрийн кинонууд таны хэлсэнчлэн титр нь яваад дуусангуут залуухан хос асар том хаусны шатаар бууж ирээд хамгийн үнэтэй машинд суугаад хоорондоо ийм лиценз, тийм тендер гэж ярина. Кино гэдэг маш хортой, шууд заагаад өгчихдөг. Тийм зүйл үзсэн залуус хялбархан амьдрах арга зам хайгаад л байхаас хөдөлмөрлөх тухай ер бодохгүй. За бодлоо гэхэд тэр зиндаанд хэзээ хүрэхээ авах цалингаа үржүүлээ тооцохоор насаараа ажиллаад ч боломжгүй болж таарна. Хөдөлмөрлөх боломжгүй болохоор мөрийтэй тоглох, койн авах, бооцоо тавих гэх мэт амар хялбар аргаар гэнэт их мөнгө олох бүх аргыг туршиж эхэлнэ. Нийгэмд жишээ нь байж байгаа юм чинь. Тэр уурхай, ийм тийм “Толгой”-гоос лиценз аваад, төдөн тэрбум төгрөгөөр зарлаа гэх мэт мэдээг орой болгон телевизээр цацаж байгаа. Хамгийн инээдтэй нь тэднийг хэрхэн шийтгэсэн талаар мэдээ байхгүй. Залуучууд юу гэж бодох нь ойлгомжтой биз дээ. Хууль зөрчсөн байсан ч хамаагүй, ямар нэг аргаар олоод авъя. Мөнгөтэй болчих юм чинь шүүгчээ аргалаад, хоригдлоо гэхэд хэдхэн жил хорих газрын худаг манаж байгаад гарна гэж бодно шүү дээ.

-Жишээ нь бас л байж байгаа?

-Бүх үйл явц нь жишээтэй. Гэтэл хажууд нь байх жирийн хөдөлмөрчин айлын амьдрал төрөхөд нь ямар байсан өсөж томорсон хойно нь ч мөн л бахь байдгаараа. Тэгээд телевизор асаахаар нөгөө баян тансаг амьдрал гараад унахаар сэтгэл гутралд орно шүү дээ. Сэтгэл гутралд орохоор яах вэ. Архи дарс хэрэглэх амьдралд тэмүүлэлгүй, зорилгогүй хүчгүй болох, ирээдүйдээ итгэлгүй болох бүр цаашлаад туйлдсан депресст орвол тэгээд хар тамхи хэрэглэх хэмжээнд хүрнэ.

-Нийгмийн оюун санааг түүчээлдэг сэхээтэн гэдэг ойлголт мартагдсан. Нийгмийн оюун санаа ерөөсөө шал арчиж орхисон ч гэж хэлж болно?

-Мэдээллийн хэт замбараагүй урсгал нийгмийн оюун санааг сайн муу түмэн өнгийн мэдээллээр цэнэглэж байна. Мэдээллийг хэт задгай өгснөөс хэвийн бус гэмээр элдэв янзын зүйлс сонсогддог ч нийгэм хэвийн мэт хүлээж авдаг болоод удлаа. Хүмүүс сэтгэцийн асуудалд орчихлоо. Сэтгэцийн асуудалтай зарим хүн урлагийг зөвхөн дуулдаг бүжиглэдэг мэтээр дүгнэж муулдаг. Үүнийг засъя, хэт их мэдээллийн төөрөгдөлд орсон үнэн худал зөв бурууг ялгах чадваргүй болсон хүмүүс урлагийг зөвхөн дуулдаг бүжиглэдэг мэтээр дүгнэж байна, өөрийн мэдэх хэмжээнд л төсөөлж буруушааж үгүйсгэж доромж утгаар хүлээж авч байна. Гэтэл урлаг гэдэг чинь асар их таашаал төрүүлдэг, сэтгэлгээний гоо сайхныг чухалчилдаг дээд үнэлэмж бүхий зүйл. Муулж байгаа хүн урлаг, соёл хоёроо ч ялгаж чадахгүй. Би УИХ-ын зарим гишүүнд “Та нар мэддэг юмаа яриарай” гээд ний нуугуй хэлж л орхидог. Жишээ нь надад түлш, эрчим хүчний талаар ямар ч ойлголт байхгүй. Тэр талаар надад хэлэх үг байхгүй нь мэдээж.

Хүн төрөлхтөн яагаад иргэншилт түүхийнхээ он жилүүдэд Аристотелиос эхлээд урлаг гэдэг зүйлийг орой дээрээ залаад ирсэн байх вэ. Биднийг хүмүүжүүлдэг, бидэнд ойлгуулдаг, сайн мууг ялгуулдаг нь урлаг учраас. Урлагийн гоо зүйн категори гэж бий. Хүн гэдэг энэ адгуусын оюун санааг байнга цэнэглэж сайн муугийн тухай ямар нэг аргаар, дуугаар, шүлгээр, жүжгээр, дууриар, хөгжмөөр, уран зургаар байнга хэлж, ойлгуулж бай. Сайхан муухайгийн тухай ойлголтыг байнга өгч бай. Инээдэмтэй эмгэнэлтэй байдлыг байнга хэл. Гайхамшигтай гутамшигтайг таниул гэж байгаа юм. Гутамшигт хүн гэж юу хэлээд байгааг өнгөөдөр томьёолж чадахаа больчихлоо. Гэр бүл, эх орон, нөхөрлөлөөсөө урвасан хүн бол гутамшигт хүн шүү дээ. Гэтэл бидний нийгэмд энэ нь хэвийн мэт үзэгдэл болоод хувирчихлаа. Говийн догшин хутагт Данзанравжаа “Саран хөхөө” жүжгийг яагаад тэртээх 1830 онд бичээд түмэнд түгээгээд явсан юм бэ гэж би судаллаа л даа. Тэгтэл ард түмний оюун ухааныг саруул байлгадаг бүтээл юм гэнэ. Яагаад гэвэл, “Саран хөхөө” жүжиг ийм үйлийг сайн гэнэ, ийм хандлагыг муу хэмээн сайн муугийн тухай өргөн утгаар ард түмэнд ойлгуулах хэмжээнд үзүүлдэг юм байна. Сайн мууг ялгаж чаддаг хүнийг саруул ухаантан гэдэг байна. Хятадын Даоизмыг үндэслэгч Лао Цзыгээс “Яаж мэт амьдарвал би сайн хүн болох вэ” гэж асуутал Лао Цзы бодолхийлэн зогсох зуураа “Сайн мууг ялгаж чаддаг болбол л та сайн хүн болно доо” гэж хариулсан гэдэг. Эртний Грекийн философич Платон бил үү Сенекка нь бас яг ийм хариулт өгсөн байдаг. Би энэ хоёр үеийн давхцалыг бодож байсан болохоор сайн санаад байгаа юм. Их энгийн ойлголт мэт боловч маш гүн агуулгатай. Үүнийг ярьсан нь бид өнөөдөр сайн муугаа ч ялгаж чадахаа больчихлоо гэдгийг хэлэх гээд байгаа юм. Шинжлэх ухаанч биш аливаа юманд бодож тунгаалгүйгээр, эргэлзэхгүйгээр итгэх ард түмнийг хааш нь ч хөтөлж болно.

 

Технологиос уйдчихлаа

 

-Хүнд мэдэх юм мэдэхгүй юм гэж байдаг. Зарим талаараа хэт их мэдсэнээсээ болоод нийгэм дөжирчихлөө. Та яриандаа ч дурдлаа. Сайн муугийн ялгамж байхгүй болсны нэг шалтгаан мөн байх?

-Би нэгхэн жишээ хэлье л дээ. Бидний өсвөр насны хүү, охин хэнээр ч заалгахгүй юү түб сувгаар насанд хүрэгчдэд зориулсан садар самуунтай киноны суваг руу орчихож байна. Тэр хүүхдийн мэдэх ёсгүй зүйл, цаг нь болоогүй. Муухайгаар хэлэхэд нийгэм өсвөр насныхны нүдэн дээр өмдөө шувтлаад зогсож байна шүү дээ. Бид ингэлээ гээд хязгаарлаж чадахгүй. Хичээл ном, сурч мэдэх зүйлс нь интернэтэд байна. Байнга дэргэд нь суугаад утсыг нь нүд салгахгүй ширтээд суух уу. Хуучин нийгмийн үед бидэнд мэдэх юм мэдэхгүй юм гэж байлаа. Биднээс үл шалтгаалан мэдүүлэх юм мэдүүлэхгүй юм ч гэж байлаа. Зөв голдирлоор яваа нийгэмд түүчээ болсон хүн байдаг. Нийгэм тэр хүнийг харж  яаж энэ хүн шиг болох вэ гэдэг үлгэр авдаг. Маш бага ч гэлээ алдааг хүн учраас гаргах тохиолдол бий. Гаргасан алдааг нь нийгэм дарж орхиод мэдүүлэхгүй. Ингэж байж тэр хүн уран зохиолын сайн талын баатар шиг үлгэрлэн дагуулах үүргээ гүйцэтгэнэ.

-Уран зохиол уншдаг хүн ховор. Цахимаас номныхоо агуулгыг л сонсоход болно гэх юм билээ?

-Унших гэдэг төдийгөөс өдий хүртэл эрхэмлэж ирсэн эрхэм дээд ёсон. Уншихын цаана өөрийнхөө оюун ухааныг шүүж, тархиараа зажилан мэдэж авах мэдлэг оршиж байгаа юм. Ном уншдаг хүүхэд байхгүй боллоо. Номыг тархиараа зажилж өөрийн болгохгүй болохоор хүний зажилснаар л хооллоно гэсэн үг биз дээ. Намайг Южин О Нилийн жүжгийн төгсгөлийг өөрчилсөн байна гэж шүүмжилсэн. Яагаад өөрчлөв. Бидэнд тийм хатуу төгсгөл хэрэгтэй байсан уу. Бидний нийгэмд өөдрөг, амьдралд итгэл өгсөн урам зоригтой сайхан зүйлс л хэрэгтэй байна. Харуусал, бухимдлаар бид ер дутаагүй байна. Монголын уран зохиолын дээд хэмжүүр нь тууль юм байна. Бид тууль гэхээр алдарт Гэсэр, Жангар гэсхийгээд л зогсоно. Гэтэл 32 баатарлаг тууль байна. Эдгээр туулийн гол дүр нь дандаа баатарлаг үйлс байна. Баатарлаг үйлсээр үеийн үед хүмүүжсэн Монгол хүний оюун санаанд байдаг хамгийн нандин дүр бол баатрууд байхгүй юу. Тэр дүр ард түмнийхээ төлөө сайн үйлсийг бүтээгээд эргэн ирнэ. Эсвэл амиа алдаж магадгүй. Гэхдээ л бүх төгсгөл нь гоё. Жаран жил жаргаж наян жил налайв аа. Ингэж төгсдөг уран зохиолтой ард түмэнд “Ийнхүү сүйрэн доройтвоо” гэдэг төгсгөлтэй жүжиг үзүүлж болохгүй. Монгол хүний оюун санаа хүлээж авахгүй. Өрнөдөд болох байх, Софоклийн “Эдип”-д болох байх. Туульд гарч буй баатрын үйлсийг харахаар дандаа түмний сайн сайхны төлөө тэмцсээр яваад ялдаг. Ийм уран зохиолоор хүмүүжсэн ард түмэнд юу үзүүлэх гэж байгаагаа бодолцох хэрэгтэй. Яаж төгсгөлөө хийх нь тухайн уран бүтээлчийн шийдэл байж болох ч хэнд зориулж байгаа юм. “Чи өөрөө хэн юм бэ, ямар үндэстэн юм бэ” гэдгээ найруулагч заавал маш хянамгай бодох ёстой. Гэтэл бид чинь 2500 жилээр төрийн түүхээ бичсэн дэлхийн цөөхөн өвөг үндэстний нэг шүү дээ. Өвөг үндэстний үр сад тийм гутранги, дорой байж болохгүй биз дээ.

-Сүүлийн үед хүмүүс тэр дундаа орчин үеийн мэдлэгтэй залуу ээжүүд монгол ардын үлгэр туульс алаан хядаантай, мангасын толгой түрүүг нь цавчдаг. Ийм үлгэрээр хүүхэд хүмүүжвэл харгис хүн болно гэх болсон шүү дээ?

-Мангас гэдэг муу зүйлийг л хэлээд байгаа юм л даа. Хэдэн толгойтой ч байж болно. Энэ тийм эмзэг зүйл биш. Гол нь бид ахуйгаасаа дэндүү холдсоны л жишээ эндээс харагдаж байгаа юм. Бид чинь дэлхийд хаана ч байхгүй нүүдэлчин соёл ахуйтай ард түмэн. Монголчууд эртнээсээ хөвгүүдэд хонь муулахыг харуулж, охидод цээрлэдэг байсан. Үүний цаана эр хүн болж төлөвших, сэтгэлийн хаттай байх, үхэх төрөх, өвдөж зовох амьдралын хатуу үнэнийг ойлгох ухаарал өгдөг байж. “Эр хүний зориг нь тэвчээрдээ, эм хүний гоо сайхан нь хүмүүжилдээ” гэдэг үгийг байнга хэлдэг болоод байгаа. Энэ үнэн шүү. Эмэгтэй хүн хүмүүжилтэй байх хэчнээн сайхан харагддаг билээ дээ. Ээжүүд нэгийг бодно биз. Би сүүлийн үед Л.Түдэв гуайн тухай их боддог боллоо. Тэр агуу хүн яагаад цагаасаа эрт явчихав, яагаад ч монголчуудад гомдчихов. Бид Л.Түдэв гуайн хэлснээр энэ асар өргөн уудам орныхоо өнцөг булан бүрд тарж амьдрах хэрэгтэй ч байж магадгүй. Тарж амьдарсан хүмүүс нүүдэлчин ахуй соёлоосоо холдохгүй аж амьдралын хэв маягийг бүтээнэ, малаа ч маллана. Технологийн давуу талыг дэлхийн өнцөг булан бүрд ашиглах боломжтой цагт Монголын тал нутагт ч бас ашиглах боломжтой. Хотод л хөгжил байдаг юм биш. Хөгжлийг хөдөө нутагтаа бүтээдэг болмоор байна. Тэгээд ч орчин үеийн хүмүүс технологийн хэт их хөгжлөөс дөлж байгалтай ойрхон амьдрахыг хүсдэг болж байна. Хүн төрөлхтөн эргээд байгаль руугаа ягуухан ойртож буй нь хуучин соёлоо санагалзаад эхэлж буйн шинж байх. Технологиос уйдчихлаа.

-Хоёулаа хэт хуучинсаг байгаа юм биш байгаа. Та бид хоёрын яриад байгаа зүйлс эргэж засагдах боломжтой юу?

-Засах тухай биш шүү. Бид ийм ахуй соёлтой, ийм урлагтай, түүхтэй ард түмэн гэдгээ үр хойчдоо үргэлж сануулж байх нь Монгол гэдэг ондоошлыг дэлхийд зарлаж тусгаар үзэл санаагаа батжуулахын л нэг учиг юм шүү дээ. Телевиз радио, театр урлагаараа дамжуулж энэ бүгдийг байнга ярьж байх ёстой. Орчин үеийн хүүхдэд марзан Шаравын зургийг очиж үз гэж шахахаасаа илүү комикс хэлбэрт оруулаад үзүүлчихье л дээ. Тэнд монгол хүний бүх үйл байж байгаа. Үүнийг хуучинсаг үзэл гэхгүй. Та бид хоёр Монголоороо хэрхэн үлдэх тухай л ярилаа. Тийм учраас монгол найруулагч, монгол оюун санаагаар сэтгэж монголоор л үзүүлэх ёстой.  

-Тэс хөндлөн асуултаар ярилцлагаа өндөрлөе. Та энэ жил наадмын нээлтийг найруулах уу?

-Товчхон хариулт өгөхөд тийм.

 

 -Ярилцсанд баярлалаа.


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/-ын үргэлжлэлийг ЭНД-ээс уншаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… 8 цагийн өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар и… 9 цагийн өмнө
Гэр бүл бүхэнд инээд бэлэглэнэ 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга жур… 12 цагийн өмнө
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” ца… 13 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд бай… 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй… 14 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна 15 цагийн өмнө
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гад… 15 цагийн өмнө
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … Өчигдөр
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн ба… Өчигдөр
Монголын циркчид тоглолтоо хийнэ Өчигдөр
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэли… Өчигдөр
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уу… Өчигдөр
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж,… Өчигдөр