“Хөх Зэв”-ийг Японд хүргэсэн брэнд бүтээгч


Дүрслэх урлаг олон салаа мөчиртэй саглагар бут шиг. Үндсээсээ салбарлан шинийг бүтээнэ. Санаа тавьж, сайн усалж тордвол хэдэн зуунд үргэлжлэх үр үндсээ газрын хэвлийд шигтгэж, лавшруулсаар байдаг. Бичвэрээ ийнхүү холоос эхлүүлсэн нь үндэсний уламжлалт соёл, үнэт өвийг сэргээн сануулах гэснийх. Зуун дамнасан цагийн нугачаанд суурь соёлоо авч үлдсэн нь өнөөдөр ондоошлыг бий болгож байна. Тэр дундаа дүрслэх урлагийн олон төрлөөс Монгол гэх онцлогийг бий болгож өдгөө олон улсад цахиур хагалж яваа өв, соёлыг түүчээлэгч, уламжлагчид энэ цаг хугацаанд мөр зэрэгцэн оршин байна. 

Тэдгээр эрхмийн нэг нь уран бүтээлч Ч.Энхтүвшин юм. N’COOSH DOLL брэндийг үүсгэн байгуулагч тэрбээр Арлын оронд зохион байгуулсан “I-Doll VOL.73” олон улсын үзэсгэлэнд оролцжээ. Энэ удаа түүний үзэгчдэд өргөн барьсан бүтээл “Хөх Зэв” нэртэй. Үзэсгэлэнг дэлгэсэн танхимын төвд олон хүний харааг булааж монгол хүний уран сэтгэмж, ур чадварыг гайхуулж чадлаа. Ч.Энхтүвшиний “Хөх Зэв” бүтээл эзэндээ хүндлэл авчраад зогсохгүй Монголын түүх, өв соёлыг дэлхийд таниулах ажлын нэг тод өнгө нь байсныг үзэсгэлэнг зорин очсон хүмүүс ярьж байв. 

Угаас “I-Doll VOL.73” бол дүрслэх урлагийн бүтээл, тэр дундаа гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнүүдийг танилцуулах, Азийн томоохон талбар. Ийм том орон зайд нэвтэрч дэлхийн хэмжээний гар урлалын тавцанд “монгол” нэрийг дуудуулж байгаа нь бахархмаар. Ялангуяа хүүхэлдэй урлалаараа алдартай япончуудын анхаарлыг Ч.Энхтүвшиний баримал зүй ёсоор татсан нь ганц удаагийн үйл явдал биш. Тэрбээр хэдэнтээ нэрээ дуудуулж бүтээлүүдээ танилцуулсныг өнгөрсөн хугацаанд оролцсон үзэсгэлэнгүүд, тэнд танилцуулсан бүтээлүүдээс нь харж болох юм.

 “Яг л амьд хүн шиг...” гэж Ч.Энхтүвшиний бүтээлийг харсан хүн хэлнэ. Нарийн хийц, уран сэтгэмж “Хөх Зэв”-ийг XXI зуунд  “авчиржээ”. Холимог техникийн аргаар арьс оруулан хийсэн уг бүтээлийг хийхэд гурван сарын хугацаа зарцуулсан байна. Одоогоос жилийн өмнө хийхдээ “Хөх Зэв”-ийг хилийн чанадад хүрнэ чинээ санаагүй болов уу. Учир юу гэвэл, бүтээл бүр танигдах, орших цаг хугацаатай “төрдөг”. Магадгүй Монголын түүхэнд домог болон үлдсэн Зэв жанжны дүрийг бүтээсэн хугацаа нь уран бүтээлчийг өнөөдөрт дөтөлсөн биз. Монгол дайчны сүр хүчийг харуулсан томоохон бүтээлүүдийн нэг “Хөх Зэв”-ийг сонирхох хүн олон байв.  

 

Монголын урлаг дэлхийн тавцанд гарч байна

 

“Монгол арт” галерейн куратор, урлаг судлаач Б.Болортуяа “Хөх Зэв”-тэй танилцаад бичвэр илгээжээ. Тэрбээр хамгийн түрүүнд үзэсгэлэнд ирсэн япон уран бүтээлчид, сонирхогчид бүтээлийг нарийн ажиглан, гар хийцийн чанар, бодит дүрслэлд нь гайхан шагширч байсныг дурдаад Монголын урлагийн түвшнийг үнэлж, уран бүтээлчийн бүтээлийнх нь талаар сонирхон асууж, “Үнэхээр гайхалтай, хаанаас худалдаж авах боломжтой вэ” гэх асуултыг удаа дараа тавьж байсныг онцолжээ. 

Ялангуяа Японы нэгэн уран бүтээлчийн “Яг л амьд хүн шиг, харц нь хүртэл үнэхээр хүчтэй байна. Энэ бүтээлийн ард асар их хөдөлмөр шингэсэн нь мэдрэгдэж байна” гэж хэлснийг бичвэртээ оруулсан нь үнэ цэнийг илтгэх мэт.  Мөн зарим үзэгчид “Зэв жанжин гэж хэн бэ”, “Монголын түүхийг судалмаар санагдлаа” хэмээн хэлж. Энэ үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог нь урлаг, гар урлал, зөвхөн гоо сайхны үнэлэмжээс гадна тухайн улсын түүх, соёлыг сонирхуулж, түгээн дэлгэрүүлэх томоохон үүрэгтэй байдгийг дахин харуулсныг урлаг судлаач Б.Болортуяа дурдлаа. 

Эцэст нь тэрбээр “Монголын урлаг дэлхийд түгэх цаг иржээ. Бид зөвхөн түүхээрээ бахархах биш, түгээн дэлгэрүүлж, дэлхийн урлагийн ертөнцөд хүчтэй байр суурь эзлэх цаг болсон гэдгийг энэ үзэсгэлэн дахин харууллаа. Монгол хүн, Монголын урлаг дэлхийн тавцанд гарч байна. Бидний өв соёл, гар урлалын гайхамшигт бүтээлүүдийг олон улсад түгээн дэлгэрүүлэх үйл хэрэг үргэлжилсээр байх болтугай” хэмээн бичвэрээ өндөрлүүлжээ.

 

Цаг хугацаанаас тодорсон уран сэтгэмж

 

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтүвшин СУИС-ийн чимэглэх урлагийн ангийг төгссөн. 2003 онд захиалгаар хуяг, дуулга, шууны хамгаалалт, сэлэм, бамбай, морины хуяг дуулга, эмээл, их хэнгэрэг зэрэг 100 иж бүрдэл баатрын хувцас урлаж байжээ. Тэрбээр 2004 онд Япон Монголын хамтарсан И.Нямгаваа найруулагчийн бүтээл “Чингис хаан” киноны баатрын иж бүрдэл хувцас хуяг дуулгыг бүтээхэд ажилласан. “Үхэж үл болно” бүрэн хэмжээний киноны хувцас, хэрэглэл дээр ажилласан уран бүтээлч юм. 2006 онд “N'COOSH” 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн гаргасан нь олны сонирхлыг ихэд татсан удаатай. Үүнээс гадна тэрбээр АНУ-д зохион байгуулсан “National geographic”, “Japan Hamamatsu Snizouka Exhibition”, 2017-2019 оны “Хүрэл буга”,  2019 онд Hollywood in Mongolia “ Домгийн жимээр ” үзэсгэлэнгээ гаргаж байв.  


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 16 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн ба… 17 цагийн өмнө
Монголын циркчид тоглолтоо хийнэ 17 цагийн өмнө
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэли… 18 цагийн өмнө
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уу… 22 цагийн өмнө
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж,… 22 цагийн өмнө
Потомакийн их сургуультай боловсрол, судалгаа, чадавх, засаглал, техно… 22 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хамгийн сайн ажиллаж байгаа бүсийн зөвлөл… Өчигдөр
Дуучин Э.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар "Ганцхан" тоглолтоо хийнэ Өчигдөр
“AGENDA-2.0” хөгжлийн хөтөлбөрийг улс орон даяар танилцуулна Өчигдөр
Дахин төлөвлөх “20 минутын хот”-д оршин суугч төвтэй орчныг бүрдүүлнэ Өчигдөр
Х.Номин-Эрдэнэ: Хичээсэн хүнийг хувь заяа шагнадаг Өчигдөр
Эрдэмтдээ хүлээсэн Эхийн голын баянбүрд Өчигдөр
“Хөх Зэв”-ийг Японд хүргэсэн брэнд бүтээгч Өчигдөр
Дээд амжилт шинэчлэгч Өчигдөр
Гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшээр ажилладаг төхөөр… Өчигдөр
Экспортын хэмжээ нэмэгдэж, валютын нөөц таван тэрбум долларт хүрлээ Өчигдөр
Трампын тариф дэлхийн зах зээлийг савлууллаа Өчигдөр