Ромын 267 дахь папаар кардинал Роберт Превостыг сонгосон. XIV Леог Ромын католик сүмийн шинэ тэргүүнээр албан ёсоор залах ёслол Гэгээн Петрийн талбайд энэ сарын 18-нд болсон юм. Ромын папын сэнтийд залрахыг хэмжээлшгүй үнэ цэн, нэр алдар, эрх мэдлийн оройд суусантай адилтгадаг. Түүнийг сонгосон нь сүмийн нийгмийн чиг баримжаа, энэрэнгүй уриалгын уламжлалыг хадгалах, шинэ эриний итгэл үнэмшлийн илэрхийлэл гэж ажиглагчид үзэж байна.
Тэрбээр жанч халсан Францискийн үед Ватиканы хоёр чухал чуулганыг удирдаж, 2023 онд Кардинал цол хүртжээ. Үүнээс жил хагасын дараа Ромын папаар сонгогдон карьерынхаа оргилд хүрч байна. Кардиналуудын хурлаас урьтан Италийн хэвлэлүүд түүнийг “Америкийн зуучлагч” хэмээн цоллож, “сюрприз” барьж мэдэх нэр дэвшигчдийн нэгээр зарласан. Шинэ папыг сонгох хуралд оролцсон кардиналууд ерөнхийдөө таван бүлэгт хуваагдаж байлаа. Нууц санал хураалтад 71 орны 133 кардинал оролцсон. Гэхдээ Европын кардиналууд олонх болж чадаагүй анхны папын сонгууль боллоо. Пап Франциск амьд ахуйдаа үзэл бодол нэг санваартнуудыг кардиналаар томилсон. Тэрбээр улс орон бүрийг кардиналын төлөөлөлтэй болгохыг зорьж, католик шашинтнууд цөөн орнуудаас ч кардинал томилсон юм. Мөн Европ, Хойд Америкт төвлөрсөн нөлөөг тэнцвэржүүлэхийг зорьсон.
2013 оны хурлаар кардиналуудын талаас илүү хувь нь Европ гаралтай байсан бол одоо энэ хувь 39 хувь болж буурсан. Үлдсэн 18 хувь нь Ази, 18 хувь нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаас, 12 хувь нь Сахарын цөлөөс өмнөх Африкаас гаралтай юм. Шинэ папыг сонгох үйл явц нууц зөвлөгөөнөөр шийдэгддэг. Энэхүү нууц зөвлөгөөн гэдэг нь Ватикан сүмд орон орноос ирсэн кардиналууд цугларч, тэдний гар утас, компьютер зэрэг гадаад ертөнцтэй холбогдох бүхий л эд зүйлсийг хураасны дараа эхэлдэг. Энэ үед сүмийн хаалгыг хааж, хэнийг ч нэвтрүүлдэггүй бас гаргадаггүй ёстой.
Хурал хэр удаан үргэлжлэх талаар тодорхой хугацаа заадаггүй. Кардинал сонгогчид гуравны хоёр дээр нэмэх нь нэг олонхын санал авах хүртэл саналаа үргэлжлүүлнэ. Хамгийн богино хурал 1503 онд, урт нь 1268 онд 1000 орчим хоног үргэлжилж байжээ.
Британийн “Телеграф” сонинд “Тэр бол тодорхой нэр дэвшигчдийн нэг байгаагүй. Гэхдээ кардиналуудыг нэг бүрчлэн таньдаг, Ватиканд 30 жил ажилласан, олон хэлээр ярьдаг нэгэн байсан. Хамгийн гол АНУ-ыг мэддэг, ард түмэнтэйгээ ойлголцож чаддаг хүн. Энэ нь Трампын эрин үед чухал давуу тал” гэж тодотгон бичжээ. Францискийг 2013 онд сонгоход “Ватиканы тогтолцоонд харь хүн орж ирлээ” хэмээн шуугиж байсан. Папаар америк хүн сонгогдох нь эхэндээ боломжгүй мэт санагдаж байв.
Роберт Превост 1955 оны есдүгээр сарын 14-нд Чикаго хотод мэндэлжээ. Аав Луи Мариус Превост нь франц, итали гаралтай, дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин бол ээж Милдред Мартинез нь испани гаралтай байжээ. Тэрбээр АНУ-д төрж өссөн ч 2015 онд Перу улсын иргэншил авсан. Латин Америк бол хамгийн олон католик шашинтай бүс нутаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкаас сонгогдсон анхны папад баяр хүргээд, улс орны хувьд нэр төрийн хэрэг гэж мэдэгдсэн. Ватиканы шинэ эзэн цахим хуудастаа Вашингтоны бодлого, ялангуяа цагаачдыг эсэргүүцсэн хандлагыг идэвхтэй шүүмжилдэг.
Шинэчлэх үү, уламжлалаа сахих уу
Ватикан бол Европ дахь хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай цорын ганц улс. Төрийн тэргүүн нь дэлхийн католик шашинт 1.1 тэрбум хүний оюун санааны удирдагч гэгддэг пап юм. Ромын папын ач холбогдол, эрх мэдэл дэлхийн хүчирхэг холбоотнуудаас хамаарахаа больсон. Тэд олон зууны турш католик шашны хаад байв. Харин шинэ пап өрнөж буй дэлхийн үйл явцын оролцогч байхаа харууллаа. Тэрбээр Францискийн үед Дикастерийг удирдсан. Энэ бол олон улсын хэмжээнд католик сүмийн удирдах албан тушаалд нэр дэвшигчдийг хянан шалгах үүрэгтэй.Уг албан тушаалыг хүлээн авсныхаа дараа “Ватиканы мэдээ” сонинд “Би өөрийгөө одоо ч номлогч гэж боддог.
Миний дуудлага бол Христэд итгэгчдийн нэгэн адил дэлхий даяар Сайн мэдээ түгээх юм” гэж ярьжээ. Мөнхүү ярилцлагадаа пап лам ордонд өөрийгөө тусгаарлах биш, харин хүн болгонтой нээлттэй харилцах ёстойг онцолсон. Папаар сонгогдохоосоо өмнө католик сүм дэх эмх замбараагүй байдлыг халж, дэг журмыг сэргээхийг уриалсан. Заримдаа түүний шаардлага консерватив үзэлтэй болон дэвшилтэт хандлагатай кардиналуудыг сөргөлдүүлдэг байв.
Ерөнхийдөө XIV Лео консерватив эсвэл Ватиканы шинэчлэгч байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сонгогдсоныхоо дараа Францискийн өмсөхөөс зайлсхийж ирсэн уламжлалт хувцастай Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс мэндчилж консервативуудыг баярлуулсан. Тэгвэл католик шашинтнуудад хандсан анхны илтгэлдээ сүмийг “синод” гэж нэрлэн шинэчлэлийг ахиулах хүсэлтэйгээ харууллаа. Католик сүмийн эв нэгдэл, олон талт байдал уламжлалт латин хэв маягаас Германы синодын дэг журам өнөөдөр маргаантай сэдэв болсон.
Шийдвэрлэх сорилтууд
Ватиканд “Nomen est omen” буюу “Хэн болохыг нь алдар нэр нь илтгэнэ” гэсэн бичигдээгүй зарчим үйлчилдэг. Даяаршсан католик шашны нэг тэрбум гаруй дагагчдын хувьд шинэ папын алдар итгэл үнэмшил, хандлага, бодлогын чиглэлийг урьдчилан илэрхийллээ. Лео нэрийн замнал нь 440-461 онд Ватиканыг удирдсан Агуу Леогоос эхлэлтэй. Түүхэн баримт сөхвөл Агуу Лео 452 онд Аттилатай энхийн хэлэлцээр байгуулж хүннүчүүдийг Итали руу довтлохоос сэргийлсэн гавьяатай.
Мөн “Есүс Христ бол хүн байсан” гэж сүсэгтнүүдэд хэлсэн анхны пап юм. Иймд XIV Леог олон улсад өрнөж буй мөргөлдөөнийг зогсоох бодлого баримтална гэж таамаглаж байна. Тэгвэл XIII Лео 1878-1903 онд Ватиканыг захирахдаа католик сүмийн үзэл баримтлалыг дахин тогтоож, “Rerum novarum” гэх шинэчлэлийн нэвтэрхий толь бичгийг зохиосон. Мөн аж үйлдвэрийн хувьсгалын үеэр ажилчдын эрх, амьдралын нөхцөлийг хамгаалахад католикчуудын дуу хоолой болсныг дурдах нь зүйтэй. Шинэ папын ээлжит сорилт бишопуудыг сонгох. Энэ мэт нийгмийг талцуулсан сэдвээр пап ямар бодлого баримтлах нь олны анхаарлыг татаж байна. Эмэгтэйчүүдийг шашны удирдах албанд томилохоос татгалзаж, “Сүм нийгмээс ангид байх ёстой” гэсэн хуучинсаг үзлээрээ алдартай.
Кардиналуудтай уулзахдаа сүмийн ирээдүйн чиг хандлага, өөрийн манлайллын суурь зарчмуудыг тодорхойлжээ. Тэрбээр нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, дэмжлэг шаардлагатай иргэдийн төлөө тууштай зогсохоо илэрхийлж, энэрэл нигүүлсэл, хүний эрхийг хүндэлсэн бодлого баримтлахаа мэдэгдсэн. Ингэхдээ жанч халсан Францискийг “Бурханд даатгасан амьдралын жинхэнэ жишээ” хэмээн онцлоод, энэрэнгүй үзлийг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ илэрхийлжээ. Франциск Католик сүмийг удирдсан 12 жилийн хугацаандаа ЛГБТ итгэгчид болон эмэгтэйчүүдийн сүм дэх оролцооны талаар илүү уян хатан, хүртээмжтэй хандлагыг дэвшүүлж, зарим хатуу чиглэлийн кардиналуудын шүүмжлэлтэй тулгарсан. Олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн эдгээр өөрчлөлтийг шинэ папын үргэлжлүүлэх төлөвтэй байна.
1990-ээд оноос католик сүмийн мяндагтнууд болон сүмийн гишүүд хүүхдүүд, өсвөр насныханд бэлгийн хүчирхийлэл үйлддэг хэргүүд дэлхий даяар захиргааны гомдол, эрүүгийн хэрэг, хэвлэл мэдээллээр ил болсон. Католик сүм нь ийм хэрэгт холбогдсон этгээдийг өөр сүм рүү шилжүүлэн томилох зэргээр хаацайлдаг, тэдгээр нь шинэ газартаа ижил хэрэг үйлдсэн хэвээр байдаг нь илэрч хүчтэй шүүмжлэлд өртөх болсон.
Энэхүү газар авсан ёс зүйгүй байдлын талаар шалган тогтоох, хэргийн талаар мэдээлэх боломжоор хангах, хохирогчдын эрх ашгийг хамгаалах албан ёсны үйл ажиллагааг авч хэрэгжүүлж эхэлснээ 2013 онд пап Франциск хүлээн зөвшөөрч, сүмийн ялзралтай тэмцэхээ мэдэгдсэн. Мөн "Насанд хүрээгүйчүүдийг хамгаалах папын зөвлөл"-ийг байгуулсан юм. Хохирогчдын төлөөлөгчид шинэ сонгогдсон XIV Лео энэ асуудлыг пап ламын хувиар ажлаа эхлүүлэх эхний өдрүүдэд анхааралдаа авахыг уриалжээ.
Шилэн дансны маргаан
Ватиканы санхүүгийн ил тод байдал олон жилийн турш маргаантай сэдэв байв. Ялангуяа санхүүгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт нь томоохон дуулиан шуугиан тарьдаг. “Ромын пап яагаад хүн төрөлхтний сайн сайхны төлөө Ватиканы хөрөнгө, зоорийг зарцуулдаггүй юм бэ” гэсэн асуулт XXI зуунд эрчээ авчээ. Чухамдаа жанч халсан Франциск данс тооцоогоо шилэн болгохын тулд хүчин чармайлт гаргасан.
Тэрбээр Ватиканы аппаратыг өөрчилж, сүмд бүхэлд нь нөлөөлсөн чухал алхмуудыг хийжээ. Соёлын өвийн голомт болсон үнэлж баршгүй урлагийн бүтээлүүд, жил бүр сая сая жуулчин зорин үздэг музейн орлогыг нээлттэй болгожээ.
2023 оны тайланд дурдсанаар, католик сүмийн нийт ашиг 52 сая гаруй ам.долларт хүрч өссөн. Энэ бол газар болон үл хөдлөхөөс бусад хөрөнгийн тоон үзүүлэлт. Цэвэр хөрөнгийн хэмжээг зарлаагүй ч шинжээчид нэг тэрбум ам.доллар давсан гэж таамаглаж байна.
Католик сүм 5000 гаруй үл хөдлөх хөрөнгийн менежментээс орлого бүрдүүлдэг. Эзэн хаан Константин (МЭ 272-337 он) Христийн шашныг Ромын эзэнт гүрний албан ёсны шашин болгосон үеэс сүмд эд хөрөнгө, баялаг хуримтлагдсан. Түүхийн хугацаанд католик сүм үргэлж цэцэглэн хөгжиж байгаагүй ч улс төр, нийгмийн нөлөөг ашиглах хүмүүсийн хандиваар сан хөмрөгөө баяжуулж ирсэн. Тухайлбал, дарангуйлагч гэгддэг Бенито Муссолини Ватиканы хамгийн том хандивлагчдын нэг байсан юм. Ватикан бол католик шашинтнуудын төв. Ромын папаар толгойлуулсан үнэмлэхүй хаант засаглалтай. Тус улсыг 752 онд пап II Стефаны үед байгуулсан. Өдгөө дэлхийн бүх епархууд, АНУ, Германы санхүүгийн дэмжлэгийн ачаар оршин тогтнож байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна