Хүний биеийн гоо сайхан, тэсвэр тэвчээрийн хязгаарыг үзүүлсэн урлагийн төрөл бол уран нугаралт. Циркийн энэ төрөл өнөөдөр Монголын брэнд болон олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Дэлхийн аль ч хотод очсон чансаа өндөр циркийн баг бүрэлдэхүүнд монгол нугараачид заавал багтдаг. Товчхондоо уран нугараачид бол Монголын соёлын элч нар юм. Дэлхийд алдартай “Нарны цирк”-ийн жүжигчин С.Оюун-Эрдэнийг “Монгол бахархал”-аар онцлон байна. Тэрбээр “Нарны цирк”-ийн сонгон шалгаруулалтын багийн анхаарлыг аравхан насандаа татсан мэргэжлийн шилдэг жүжигчдийн нэг билээ. 20 жилийн карьерынхаа хугацаанд 6000 гаруй тоглолтод оролцон, Гиннесийн дээд амжилтыг эвдсэн. Монголын уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд үегүй мэт нугарах уян бүсгүйчүүдийн бүтээл бий болдог. Байгалиас заяасан уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлж, дэлхийн үзэгчдийг бишрүүлж байна. Тэр бүрд эх орноороо овоглож яваадаа С.Оюун-Эрдэнэ бахархдагаа нуусангүй.
“Нарны цирк”-ийн монгол од
Циркийн жүжигчин болсон нь “Охин минь манежнаа гялалзсан сувд болоосой” гэсэн ээжийнх нь мөрөөдлөөс улбаатай. Хорвоо хатуу. Хайртай охиноо зургаахан настайд ээж нь хүслээ гүйцээж амжилгүй тэнгэрийн орныг зорьжээ. Нагац эгч нь тэр их хүслийг биелүүлэхээр зээ дүүгээ хөтлөн 1999 онд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу багшид шавь оруулав.
Охин ч “Дэлхийг тойрон, үзэгчдийг бишрүүлээрэй” гэсэн ээжийнхээ захиасыг санан санан багшийнхаа заасан бүхнийг марталгүй, шаргуу хичээллэжээ. Үеийнх нь найзууд тоглож наадаж байхад уран нугаралтын дугуйлангийн охидод амсхийх ч цаг байсангүй. Ингээд жилийн дараа долоон настайдаа Үндэсний циркт тавьсан Хүүхдийн баярын тоглолтдоо оролцон анх удаа үзэгчдийн өмнө гарчээ. Багш нь насан туршдаа эзэмшсэн гайхалтай техникээрээ уран нугаралтыг аюулгүй гүйцэтгэхийг зааж сургажээ. Уян налархай, хүч чадлыг хослуулсан үзүүлбэрүүдийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдгээрээ монгол нугараачид бусдаас ялгардаг. Бусад улсын циркийн жүжигчид хүч чадал эсвэл уян хатны аль нэгд төвлөрч үзүүлбэрээ бэлтгэдэг байна. “Нарны цирк”-ийн баг 2004 онд Монголд ирж сонгон шалгаруулалт явуулахад Оюунаа хамтрагчтайгаа цуг шалгалт өгчээ.
Дэлхийд алдартай циркийн тухай төдийлөн мэдлэггүй арван настай хүүхдүүдэд шалгалт бус хөгжилтэй санагдсан гэдэг. Хоёр дахь шатандаа тэнцсэний дараа шалгаруулалтын багийнхан “Та нартай эргэж холбоо барина” гээд буцжээ. Тэд ч хэлсэн ёсоороо нэг сарын дараа дасгалжуулагчтай ярьж, “Нарны цирк”-ийн “Алегриа” багт нэгдэхийг урив. Эх орноосоо явах нь байтугай гэрээсээ гарч үзээгүй хүүхдүүд гадаадын циркийн саналыг цочирдон хүлээн авчээ. Ямартаа ч гэрээгээ байгуулаад шоуны бэлтгэлээ Монголд базаасан байна. Ингээд бяцхан охин амьдралдаа анх удаа онгоцоор нисэн “Нарны цирк”-ийн төв салбар байрладаг Канадын Монреалийг зорьжээ. Торонтод гурван долоо хоног бэлтгэл хийгээд 2004 оны есдүгээр сард хилийн чанад дахь анхны тоглолтоо хийв.
Асар өндөр шалгууртай “Нарны цирк”-д жүжигчнээр орно гэдэг нь тамирчидтай зүйрлэвэл, олимпод хүч үзэж буйтай ижил. Мэргэжлийн циркчин, хүлээн зөвшөөрөгдсөн нугараач боллоо гэсэн үг. Монгол эмэгтэйн тэсвэр тэвчээр, бэрх хүчрийг даах чадвар гайхалтай. “Нарны цирк”-ийн жүжигчин болсноосоо хойш өвөрмөц үзүүлбэрт гоцолж эхлэв. Хамтрагч М.Өлзийбуянтай хамт хос нугаралт болон ганцаарчилсан үзүүлбэрээрээ “Алегриа” аялан тоглолтын чимэг болсон юм. Ийнхүү “Нарны цирк”-ийн ковер жүжигчин болж 6000 гаруй тоглолтод оролцжээ. Улмаар уран нугаралтын техник, ур чадвараа нэмэгдүүлэх, шинэ үзүүлбэр гаргах зэргээр шаргуу хөдөлмөрлөсөөр өөрийгөө бүтээжээ.
Шавийн эрдэм багшаас
Тэр циркт хайртай. Цирк бол энэ ертөнцийн хамгийн сэтгэл татам зүйлийн нэг. Эр зориг, авхаалж самбаа, мэдрэмж, ухаан, тэсвэр хатуужил, төвлөрөл бясалгал, хурд, хүч, гоо үзэсгэлэн нэгэн дор. Бүр тодруулбал, математик урлагтай “хөтлөлцсөн” гайхалтай салбар. Хөгжим, дүрслэх урлаг, яруу найргийн сэтгэлгээ, спорт, тайзны жүжиглэл болон давтагдашгүй агшнуудын нийлбэр билээ.
Ялангуяа уран нугараачид жүжигчин, тамирчин, бүжигчин гээд мэргэжлийн олон чадварт суралцдаг. Түүний амьдралыг уран нугаралтаас тусад нь авч үзэж боломгүй. Үндэсний урлагаа дэлхийд гайхуулж, орчин үеийн нүүдэлчин байна гэдэг сайхан. Хоёр сар болоод л шинэ хотод очно. Тэр бүрд Монголын жүжигчин гэдгээрээ омогшиж, үзэгчдийг ховсдох уран нугаралтаараа бахархдаг. Шавийн эрдэм багшаас гэдэг.
Түүнд уран нугаралт заасан хүн бол домогт Б.Норовсамбуу. Монголын уран нугаралт эртний түүхтэй хэмээн судлаачид үздэг. Хадны сүг зураг, хаадын ордонд болж байсан урлагийн тоглолтын тухай тэмдэглэл эдгээрийг гэрчилдэг ч чухам хэзээ үүсэн бий болсныг эцэслэн тогтоосон нь үгүй. Өдгөө циркийн урлагийн үндсэн таван төрлийн нэг болон хөгжөөд байгаа уран нугаралт 1940-өөд онд уран сайхны найруулгатай болж Монголд хөгжжээ.
Монголын циркийг хөгжүүлж, түүхэн замналыг нь бүтээсэн эрхмүүдийн нэг бол Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу багш. Өдгөө уран нугаралтын түүхийг хүүрнэх хүн түүнээс өөр үгүй. Монголын уран нугараачид Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Б.Норовсамбуу гэсэн гуравхан багшийн дэг сургалтаар явж байна. Энгийн үзэгчийн нүдээр харахад тэдний арга барилыг ялгах аргагүй ч хөлийн өлмий, түнх, хүзүү, мөр, дал зэргийн уян байдал, хөдөлгөөний гүйцэтгэлээр нь мэргэжлийн хүмүүс ялгадаг аж. Б.Норовсамбуу багш уран нугаралтыг олуулаа нугардаг болгон шинэчилж, өдгөө “Нарны цирк”-т тоглож байгаа хэв маягийг бий болгосноороо онцлог.
Циркийн уран бүтээлчийн мөнхийн шаналан бол дээд амжилт тогтоох. Зургаан наснаасаа уран нугаралтаар хичээллэж “Нарны цирк”-т 20 гаруй жил ажилласан мэргэжлийн жүжигчний карьерын нэгэн зорилго нь Гиннес байлаа. Оюунаа уран нугараачид дундаа цээжний түлхэлтээрээ алдартай. Тэрбээр 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцсоноор Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Өмнөх дээд амжилтыг эзэмшигч 21 удаа суниажээ. Гиннесийн дээд амжилтын шүүгч Меган Брюс “Оюун-Эрдэнийн уян хатан бие, цээжний хүч намайг гайхшируулсан” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна