МАН-ын Бага хурлаас “Хамтарсан засгийн газрыг дэмжихгүй” гэх олонхын шийдвэр гарснаар улс төрд хөдөлгөөн орж эхэллээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН 68, АН 42, ХҮН нам найм, үлдсэн суудлыг Үндэсний эвсэл, ИЗНН авсан. Харин МАН-ын зүгээс АН, ХҮН намыг урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд Засгийн газраас гарахаас гадна намын даргын ажлаа ч өгөхөө мэдэгдлээ. Харин ХҮН-ын дарга Т.Доржхандын хувьд “Засгаас гарахгүй” гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газрыг огцруулах жагсаалд нэгдэж гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хариуцлага тооцохоо мэдэгдээд байна. Ямартаа ч “Гэрээгээ зөрчсөн” гэдэг үндэслэлээр цаашид хамтрахгүй байх эрх баригч намын шийдвэрийг АН-ынхан хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хамтарсан Засгийн газрын эсрэг ажилласан гишүүдийнхээ талаар ч АН-ын дарга хатуухан байр суурь илэрхийлээд авлаа.
Л.Гантөмөр: Намын даргын ажлаа өгнө
АН-ын дарга Л.Гантөмөр “Жагсаалтынхан гэртээ хэвтэж байгаад гишүүн болчихоод дураараа авирлаж болохгүй. Тойргийн гишүүд сонгогчдоо аргадаад, шавар шавхайтай хутгалдаад, үйлээ үзэж байж гишүүн болж байгаа шүү дээ" гэлээ. Түүнчлэн тэрбээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Намынхаа нэрээр гишүүн болчихоод намынхаа бодлогыг сөрөөд ямар нэгэн байдлаар ажиллана гэдэг бол буруу жишиг. Тойргоос сонгогдоод гараад ирсэн хүн бол сонгогчдынхоо эрхийг хамгаалаад явна. Улс төрийн хүн бол байнга ярьдаг биш шүү дээ. Зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг. Гэхдээ нам маань юу гэж бодож байна вэ, нам маань улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бол би ч улсын эрх ашгийг нэгд тавья гэдэг сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна. Цаашдаа жагсаалтыг хэрхэн тодруулах вэ гэдэг дээр бодлого гаргахгүй бол хамгийн их итгэл эвдэж байгаа хүмүүс нь жагсаалтаар орсон хүмүүс болж байна. Намын бодлогыг ягштал баримтлах ёстой атал асуудал үүсгээд байна шүү дээ. Тэр хүмүүс нь Ардын намд ч байна, манай талд ч байна. Энэ удаагийн үзэгдэл бол нэг л жишээ. Цаашдаа бол Монголын парламент пропорцианал тогтолцоогоо хадгалж хамгаалаад, парламентын тогтолцоогоо илүү төгөлдөржүүлж боловсронгуй болгох хэрэгтэй юм байна. Жагсаалтаар сонгогдсон гишүүнээ намаасаа хөөчихье гэтэл тэр хүнийг УИХ-аас яах юм, нэг суудлаа яах вэ гээд олон асуудлаа шийдээгүй юм байна. Тийм учраас үүн дээрээ шийдлээ гаргаад явах нь зөв байх гэж бодож байна. Би намын даргын ажлаа өгнө. Намын даргын ажлыг хэрхэн шилжүүлэх вэ, хэзээ хурлаа хийх вэ гэдэг асуудал яригдана. Засаг байгуулчихаад уначихаар намын даргаараа үлдэх сэтгэлзүй болоод сонирхол алга. Миний хувьд энэ намыг эв нэгдэлтэй болгоё, босгоод ирье, хүний нөөцийг нь сайжруулъя. Дээр нь улс орноо давхар босгоод авъя гэж хүсэж зөндөө хараалгаж, доромжлуулж зүтгэлээ шүү дээ. Би өөрийнхөө итгэлийг энэ мөчид тасалж байна. Дараагийн намын дарга АН-аа эв нэгдэлтэй, хүчтэй байлгах талд илүү их ур ухаан гаргадаг хүн гарч ирээсэй л гэж хүсэж байна. Цаашид бид Засгийн газраас мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шахаж, шаардаж ажиллана. Намынхнаасаа нэг зүйл хүссэн нь хэт их улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн улс төрийг битгий хийгээсэй. Бидний сонгуулиар ард түмэнд амласан амлалтууд одоогийн Засгийн газрын хөтөлбөрт орсон байгаа. АН-ыг гаргана гэхэд нь гарч байгаа явдал бус хамтдаа хариуцлага хүлээж буй хэрэг юм. Гэрээнд хамтын хариуцлага гэх үг л бий. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлсийг эцэс хүртэл нь ажил хэрэг болгоно. Ялангуяа МАН-ын дэвшүүлсэн хөтөлбөрүүд, АН-ын хөтөлбөрүүд болон ХҮН намын дэвшүүлсэн хөтөлбөрүүд дотор тухайн намын үзэл санааг тээсэн хөтөлбөрүүдийг ажил болгох болно. АН энэ цаг үед эв эеийг хичээх хэрэгтэй. Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж урагш алхах учиртай” гэлээ. Түүнчлэн тэрбээр “Манай намын гишүүдийн ярьж буй зүйл намын байр суурь огт биш. Намын байр суурь бол улс төрийн зөвлөл Үндэсний бодлогын хороогоор л гардаг. Гэрээнд бол гишүүдийнхээ амыг барина гэсэн зүйл байхгүй. Тийм зүйл дээр би гарын үсэг зурах ч үгүй. Гэрээнд тусгагдсан зүйлийн эсрэг явсан бол нам хариуцлага хүлээх ёстой. Цаашид жагсаалт гэж юу болох талаар сайн бодох хэрэгтэй болжээ. Намынхаа шийдвэрийг хатуу баримталж чадах хүмүүсээ парламентад оруулж байж улс төрийн нам бодлогоо хатуу барих юм байна. Намынхаа нэрээр гишүүн болсноо намынхаа бодлогыг сөрөөд ажиллана гэдэг бол буруу жишиг” гэдгийг тодотголоо.
Т.Доржханд: ХҮН нам улс орны эрх ашгийн төлөө хамтарсан Засгийн газарт орсон
ХҮН намын дарга Т.Доржханд МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ХҮН намын даргын хувьд байр сууриа хэлье. Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь Монгол Улсын эрх ашиг юм байна гэдэг үүднээс хандаж, анхнаас нь зөв гэж ярьсан. Ийшээ явахгүй бол Монгол хөгжихгүй юм байна гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилж, 21 аймгаар гурван удаа тойрсон. Нийт 160 сумын иргэнтэй уулзсан. Үр дүнд нь нийт монголчуудын 50 гаруй хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Та бүхэн эргэн санах хэрэгтэй. 2023 онд АН-ын удирдлага солигдож, хэлцэлд хүрч, улсаа хөгжүүлэхийн төлөө бие биедээ дэгээ тавьдаг бус хоёр нам хоорондоо хэрэлддэг тогтолцоог халъя гэсэн. Үүний үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Ердөө л энэ. хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилсэн. Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Түүнээс биш Монгол Улсын эрх ашиг биш. Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр рейтингтэй улстөрч байх байсан нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил маш хүчтэй сөрөг хүчин хийж байсан. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна. Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Т.Доржханд, ХҮН намын өөрийн рейтингээс биш Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явж байна. Ингээд хамтарсан Засгийн газарт орсонд хувьдаа талархдаг. Энэ бол улс орны эрх ашиг юм. Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд ийм тодорхойгүй байдал үүсэж байгаагүй. Өнөөдөр 3.5 сая хүн амтай Монголд битгий хэл, 350 сая хүн амтай Арабын улсууд нэгдэн хүнд сорилтыг давж байна. Энэ үзэл санаа бол өнөөдрийн нөхцөл байдлыг илтгэж байна. Хамтарсан Засгийн газар үүсээд хамгийн олон суудал авсан улс төрийн хүчин нь улс орны эрх ашгаа урдаа тавьж, өөрийн улс төрийн ашиг сонирхлоо хойшоо тавьж байгаа нь дэлхий даяар болж байгаа үйл явдал дунд зөв сонголт хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байна. МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу. Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Парламент чадамжгүй учраас Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг тоглоом руу орж байна" гэлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна