Арслан гэдэг брэнд...


Найруулагч Г.Доржсамбуу агсны талаар бичих хүндхэн даалгавар авлаа. Хүүхэд байхад цэнхэр дэлгэцээр гардаг данхар трактортой, дэнхэр биетэй том ахыг Арслан гэж тогтоож авснаас өөр надад тэр хүнтэй холбогдох шижим алга. Арсланг би ерөөсөө л говийн нэг суманд амьдарч буй тракторчин гэж боддог байсан юм. Бага балчир байсан болоод ч тэр үү энэ хүний дүрд Г.Доржсамбуу гэдэг хүн тоглосон гэж бодож ч явсангүй. Хүүхэд насны цагаахан, гэнэхэн бодол насанд хүрсэн хойно дурсамж болон үлдэх ч Арслангаа найруулагч Г.Доржсамбуу болгох мөн ч хэцүү байсан сан. Амьд сэрүүн ахуйд нь арван хэдхэн настай атгын чинээхэн хүү явсан тул уулзаж амжаагүйдээ яагаад ч юм жаахан харамсал төрж байна. Гэхдээ л түүний тухай бодохоор одоо ч гэсэн говь, Арслан, бас зэрэглээ гэдэг гурван үг хамгийн түрүүнд дөрвөн хананы дунд таг хашигдсан тархи руу холбоотой ботго шиг л тэшээд ирнэ. Холбоотой ботго шиг тэшээд ирсэн гурван үгний гурамсан учгийг тайлахаар шийдэн хайвагнахад ташаа гуяддаг хар цүнхээ мөрөвчилж аваад, хараа барааны газар дүнхийж байдаг Улсын драмын эрдмийн театрын зүг жонжуулчихлаа. 

Драмын театрын гадна СУИС-ийн найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит жүжигчний ангид элсэлт авах өдөрлөг болж байх нь тэр. Хээлтэй гунжин тэмээгээ шилрүүлээд алдчихсан эрэлчин, бууртай тэмээний захад зогсож байгааг нь олж харсан мэт хоёр нүдний аяга бороотой жилийн шанд шиг мэлмэрээд ирэх нь тэр. Эндээс би уран бүтээлч, уул шиг том биетэй эгэл бор эрийн тухай дурсамж олж сонсоно. Сайхан түүх байгаасай.

Говийн нар тэнгэрийн цээл, газрын хээлээс ургах асар том улаан цэцэг гэнэтхэн цоморлигоо дэлгэх мэт мэлсхийгээд л мандаж ирнэ. Цэв цэнхэр тэнгэрт хэсэг бусагхан цагаан үүл хязгааргүй их талыг хэмжиж үл бараад, тамирдан сульдсан мэт аажуухан гэлдрэн нүүх амой. “Холын зэрэглээн дунд” овор том биетэй нэгэн эр өөртөө жижигдсэн гэмээр чемодан барьчихаад наашилж явна. Түүний хөл доор наранд шарагдсаар тас хар болчихсон говийн мөлгөр чулуу хорхогны бидоноос дөнгөж гаргасан мэт тос даан гялалзана. Говийн чулуу шиг тос даасан бор царайдаа гэнэн инээмсэглэл тодруулсан энэ эрийн хүглэгэр бор дээлний дотор арслангийн зурагтай футболк бий. Яагаад ч юм Г.Доржсамбуу гуайн тухай дурсахад “Говийн зэрэглээ” киног өгүүлэхгүй байх аргагүй. Хэдийгээр Арслан “Говийн зэрэглээ” киноны туслах дүр ч гэсэн киноныхоо нэрийн хуудас мэт болчихсон болохоор л салгаж бодохгүй байна уу даа. Уг нь түүний дэлгэцийн уран бүтээлийн анхны дүр юм гэнэ билээ. Арсланд тоглох жүжигчдийг шалгаруулах болоход кино зохиолыг бичсэн Б.Балжинням найруулагч, тухайн үед Киевийн Театр урлагийн сургуулийн оюутан байсан Г.Доржсамбууг санал болгож л дээ. Ерөөсөө зохиолоо бичихдээ Арслангийн дүрд Г.Доржсамбууг төсөөлөөд биччихэж. Кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлөөс найруулагчаар томилогдоод байсан Р.Доржпалам “Арнайн Гүрсэдийн хүү юү. Тэр чинь нүдний шилтэй, хотын царайтай биз дээ” гээд хавьтуулаагүй гэдэг. Арслангийн дүрд хэд хэдэн хүнийг тоглуулахаар шалгасан боловч тоглож “дийлэх” хүн олдсонгүй. Ингээд л Киевийн Театр урлагийн сургуулийн оюутныг кино үйлдвэрийн бүхэл бүтэн баг сар хүлээх болов. 
Драмын театрын гадна зассан багавтархан тайзан дээр урлагийн сургуульд орох хүсэлтэй охид, хөвгүүд авьяас билгээ үзүүлэн дуулж, бүжиглэж зарим нь шүлэг уншин өөр нэг нь алдартай жүжгийн хэсгээс тоглон үзүүлж байгаа харагдана. Намхавтар тайзны цаана Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж авьяасаа үзүүлж буй залуусыг анхааралтай гэгч нь ажиглан сүргийн манлай шиг л зогсож байх юм. Мартсанаас “Говийн зэрэглээ” кинонд тоглосон жүжигчдийн олонх нь дэлгэцийн анхныхаа дүрийг аваад байсан гэдэг. Г.Эрдэнэтогтох, Д.Гүрсэд, Н.Цэвээнравдан дээрээс нь Г.Доржсамбуу. Монголын кино урлагт цоо шинэ салхи сэвэлзүүлж эхлээд байсан найруулагч залуучууд дээр дөнгөж сургууль төгссөн уран бүтээлийнх нь онгод асаж шатаж яваа эрчүүд нэмэгдэж ёстой л дүрэлзэж шатсан бүрэлдэхүүн бий болсон хэрэг. Жүжигчин болох хүсэлтэй нэг хүү тайзан дээр банзан гитар уянгалуулан эвлэгхэн хоолойгоор 
“Цэлмэг тэнгэрийн нартай эрхэлсэн, 
Цэлгэр талдаа өсөж торниод...” гээд л дуулж байна. Энэ дуу, мөнөөхөн хөдөх эр, говийн тослог хар чулуу бүгд нийлээд Арслан гэдэг нэг дүрийг бүтээж л дээ. Уг нь найруулагч маань хангай нутгийн тэр дундаа анхдагчдын өлгий болсон Булган аймгийн хүн юм билээ. Найруулагч Ч.Найдандорж “Тухайн үед Москва найтаахад Улаанбаатар ханиад хүрдэг байлаа” хэмээгээд дурсамжаа хөвөрдөн ийн өгүүлэв. “Г.Доржсамбуу найруулагч 1980-аад оны үед Монголын театрт орж ирсэн. Монголын театрт орж ирэхдээ зөвшөөрөл гуйгаагүй, хаалгыг нь цөм өшиглөн орж ирсэн. Тухайн үед өөрийнхөө билиг авьяасаар урлагийн салбарт шуугиан тарьсан этгээд. Би 1978 онд УБДС-д элсэж, 1982 онд төгссөн. Миний оюутан байх хугацаа түүний уран бүтээлийн гарааг эхлэх үетэй давхацдаг. Г.Доржсамбуу найруулагч Киевийн Театр урлагийн сургуулийг төгсөж ирээд 1980 онд УБДС-ийн кино драмын ангийг дааж аваад анхныхаа шавь нарыг 1984 онд төгсгөсөн гэсэн үг. Тэр үед би гуравдугаар курсийн оюутан Арбузовын “Эрхүүд болсон явдал” жүжгийн Сергейгийн дүрд ажиллаж байлаа. Нэг удаа Г.Доржсамбуу багштай шатан дээр тааралдаад “Багш аа, би ийм дүрд ажиллаж байгаа. Та надад зөвлөгөө өгөөч” гэж хүссэн юм. Г.Доржсамбуу найруулагч надад “Би чамд ямар ч зөвлөгөө өгөхгүй. Чи өөрөө судалж, уншиж олж мэд. Харин би чамд нэг зүйлийг хэлье. Чи авсан дүрийнхээ төлөө сэтгэл зовж, шаналж, асууж байна гэдэг маш сайн. Баяр хүргэе” гэж билээ. Найруулагч Ч.Найдандорж “Би чамд нэг юм хэлэх үү. Г.Доржсамбуу найруулагчтай би найз нөхдийн хэмжээнд байсангүй. Тэгэхээр түүнийг тийм сайхан зантай, ийм уярам сэтгэлтэй гэж би хэлж мэдэхгүй. Найруулагчийнх нь хувьд, уран бүтээлчийнх нь хувьд би дурсаж ярих зүйлтэй. Намайг жүжигчнээр таван жил ажиллаад найруулагчийн сургуульд явахад “Чи харамсана даа” гэж хэлж билээ. Найруулагчийн хувьд үнэхээр харамсах үе гардаг шүү. Энэ дүрийг би ингэж гаргах байсан гэж бодох удаа олон бий. Үүнийг л Г.Доржсамбуу найруулагч надад хэлээд байж. Одоо эргээд санахад ямар их тэчьяадаж, уран бүтээлчийн шаналангаар шатаж байсан бол гэж бодогддог юм. Жүжигчин суурьтай найруулагч нарт тохиолддог зовлон тийм юм байна” гэж билээ. Үнэхээр маргахын аргагүй үнэн байна.
Найруулагчийн талаарх дурсамж ярилцлагууд бүгд хэлэлцсэн мэт Арслангийн тухай яриагаар эхэлнэ. Хэлэлцсэн мэт шүү. Харин яруу найрагч, зураач М.Амархүү “Би Г.Доржсамбуу гуайн ганц нэг жүжгийн тайзны туслах зураачаар ажиллаж байсан удаатай. Жүжигчдээ загнаж уурлаж байгааг нь би хараагүй. “Гажиг” Гармаа гэж алдаршсан жүжигчин Алтан-Өлзийтэй их дотно бололтой харагддаг. Үе, үе өрөөндөө дуудаж оруулаад ганц гожин суллаж байгаа бололтой улаа бутран инээсээр гарч ирдэг сэн” хэмээн дурсан ярьж билээ. “Говийн зэрэглээ” кино Арслангийн тухай өгүүлээд байхаар би түүний уран бүтээлийн гараа орчимд л гацчихаад байх шиг. Яагаад ч юм түүний дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн дүрүүд дандаа туслах дүр байх. Гэхдээ хэсэгхэн хоромд ч гарах дүр нь үзэгчийн сэтгэлд хоногшин үлдсэн байх юм. Дүр нь киногоо мөнхлөв үү, кино нь дүрээ мөнхөлчихөв үү гэдэг асуулт толгойд эргэлдсээр л байна. Магадгүй М.Амархүү найрагч “Туслах дүрийг гол дүр шиг сэтгэлд мөнхөлнө гэдэг тухайн жүжигчнийг хэр дотортой байсныг л илтгэж байгаа юм” хэмээн өгүүлсэн нь хариулт байж ч болох. Найруулагч маань айлын өргөмөл ганц хүү байсан юм билээ. Түүний дурсамж номоос “Өөрийгөө өргөмөл гэдгийг санаандгүй олж сонсоод төрсөн гэртээ очоод та нар намайг энэ эргэнэгээр худалдсан уу гэж уурлан өшиглөж байсан” гэдгийг олж уншчихаад ахиад л Арсланг бодоод суучихлаа. Залуухан хүү төрүүлсэн эцэг эхийнхээ гэрт ороод эргэнэг өшиглөн "Үүгээр намайг арилжаа юу" гэж асууна гэхээр мань хүн одооны ойлголтоор багадаа нэлээд хүнд траума авсан болж таараад байгаа юм. Багадаа авсан тэр сэтгэлийн шарх мань эрийн араншинд нөлөөлсөн болов уу гэж ахиад л өөрөөсөө асуулаа. Тракторынхоо дэргэд Номинд алгадуулчихаад хувин өшиглөн тэсэрч байгаа дүр зураг нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрөх. Үгүй ээ яагаад ч “Гарын таван хуруу” киноны хөрш эрийн увайгүй, хүний зовлон жаргалыг үл ойшоогч эрийн араншин түүнээс гарахгүй шүү дээ гэж Арслангаа өмөөрнө. Тэр хүү чинь Монголын ард түмний хайртай Арслан. Найруулагч Ч.Найдандорж “Арслан” гэдэг чинь одоогийнхоор бол брэнд юм шүү дээ гэж хэлсэн.Түүний гэргий Ц.Цолмон “Хань минь цус харваад эмнэлэгт очсон хойно эмч нар хуралдаж шийдвэр гаргасан. Шийдвэрийг Нота эмч бидэнд дуулгаад “Ийм хагалгаа хийхэд гэр бүлээс нь зөвшөөрөл авдаг юм. Энэ хүн улсын хүн учраас бид одоо шууд хийнэ гэсэн хэмээн дурсамжиндаа өгүүлжээ. Түүний дурсамжийг уншаад Г.Доржсамбуу гуай гараанаас гарахдаа л брэнд нэрээ дархалж “Улсын хүн” болсон ажээ гэж бодов.   
Хүний нийгэм гэдэг суутнуудын үзэгний үзүүр, гарын дохилтоор ханарч итгэл үнэмшлээ олж, гээж байдаг. Суутнуудын дунд урлагийн авьяастан, улс төрийн гоц үзэгдэл болсон нэгэн ч байх. Найруулагч Г.Доржсамбуу урлагийн тийм нэгэн суутан байж л дээ. Түүн шиг тоглосон дүрээ брэнд болгосон жүжигчин хэд бол. Эгэл жирийнчүүд энэ эхлэлийг ойлгохгүй байх нь бий. Гэхдээ түүнийг жүжигчин гэхээсээ илүү найруулагчийн харизмтай хүн байсан гэнэ. Найруулагч гэдэг тухайн жүжгийн хамт олныг нэг баг болтол атгаж чадах хүчирхэг гар гэсэн үг. Юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй нялцгай зуурсан гурил шиг ийш тийш холбироод байвал тэр найруулагчаас ямар бүтээл гарах билээ. “Найруулагчийн сонгосон жүжигт тоглох уран бүтээлч ямар цол гуншинтай Ардын жүжигчин байлаа ч сөрөх эрх байхгүй. Тэр том жүжигчдийг өөрийн сүрээр дарж чадах тийм л харизмтай хүн найруулагч байж чадна” гэж нэгэн найруулагч өгүүлсэн юм даг. 
Ардын жүжигчин Н.Мягмарнаран түүний дурсамж номд “Надад Самдангийн дүр өглөө. Сургуулилалтын явцад “За Дорж оо, би тоглож чадахгүй нь. Чи З.Пүрэвээ гуайд энэ дүрээ өгчих. Хошин дүрд тоглож байгаагүй надад тохирохгүй” гэхэд “Битгий солиор, чи Самданг гаргана. Би харчихсан гэж зүтгэж билээ. Тэрбээр “Хоёроос гурван дүр нэг жүжгээс төрөх юм бол би өөрийгөө агуу жүжиг хийчихлээ гэж бодъё” гэж ярьдаг байсан хэмээн дурссан нь бий. Энэ түүх түүний хэр хүчирхэг харизмтай байсныг илтгэнэ. Тайзан дээр тавих жүжгээ урьдчилаад үзчихсэн байна гэдэг мань эр дотроо нэлээд том ертөнцтэй тэндээ жүжиг, киногоо тоглуулчихдаг нэгэн байсан болж таарна. Ийм л нэгэн ертөнц бидэнтэй нэгэн агаараар амьсгалж Монгол гэдэг нэг нэрээр овоглож явсан юм. Өвгөдийн нутагт өөрийн ертөнцтэй найруулагч хэрэг болсон уу яваад л өгч. Улсын хүн гэдэг их үүрэг хариуцлага түүнд дараа болсон юм биш байгаа даа. Ямартаа ч үзэгчдийн өмнө хүлээсэн үүргийн  том бахим уяа алдууран суларч Арслан өөрийнхөө ертөнцөд их говийн дунд тэрийн хэвтээ. Тэр өвгөдийн нутгаад явсан ч монголчуудын ой тойнд үргэлж зэрэглээтэн мяралзах говьд өнө удаан амьдарсаар буйдхан нутагтаа үлдэнэ. Уг нь тэр Булганых юм билээ. 

 Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 9 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 11 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 12 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 12 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 17 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр