Лусын эздийг сэрээсэн "ЗҮҮД"


Шинэ улирал, шинэ сарыг угтах мэт байгаль дэлхий ногоон дээлээ өмсөхтэй зэрэгцэн буурал Европоос содон бүтээлүүдтэй зочин ирсэн нь  “Лхам” галерейд буудаллажээ. Дүрслэх урлагийн олон төрлөөс уран зургийг сонгон нэгэн сэдвийн дор зангидсан нь “Могойн зүүд” нэртэйгээр үзэсгэлэнгээ дэлгэсэн ба лусын орон, лусын эзний дүрийг уран зургаар илэрхийлсэн зочин уран бүтээлчээр энэ удаа А.Жавхланг уншигч та бүхэнд толилуулж байна. 

Монголд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа түүний бүтээлүүд үзэгчдээс “Лусын орон ийм л байдаг болов уу” гэсэн асуултыг хамгийн эхэнд асууна . Үзэсгэлэнгийн танхимыг хоёр хэсэгт хуваан дэглэсэн бөгөөд үүнд үзэсгэлэн гоо нь ямагт бишрүүлэх байгаль, түүнийг асран тэтгэх лус савдаг болон эл лус савдаг бидэнд харагдах бол ямар төрхтэй байх талаарх бүтээлүүдээр угтана.  Уран бүтээлч А.Жавхлан Герман улсад сүүлийн 15 жилийн хугацаанд мэргэжил дээшлүүлэн суралцаж, судалгаа хийж буй. Энэ хооронд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд сонгогдож, Европын үзэгчдэд амжилттайгаар танигдан үнэлэгдсэн нь уран бүтээлчийн авторыг тодруулсан үйл явдал байв. Германы Бохум хотын Дүрслэх урлагийн музей, Францын Гёте институт, Бельгийн Орчин үеийн урлагийн музейн үзэсгэлэнд оролцсон нь түүний бүтээлд хөг нэмсэн юм. Уран бүтээлчийн байнгын эрэл хайгуул нь түүнийг өнөөдөрт хөтөлжээ. 


Цэнхэр цаг

“Лхам” галерейгаас А.Жавхлантай холбогдож түүний анхны бие даасан үзэсгэлэнг гаргах хүсэлтэйгээ уламжилсан нь одоогоос нэг жилийн өмнөх үйл явдал. Хугацааны хувьд хаврын улирлыг сонгосон нь уран бүтээлчийн бодолд нийцжээ. Аман зохиол, домог зүйн талаар идэвхтэй судалж байсан түүний судалгаа эл үзэсгэлэнгийн сэдэв болж, “Могойн зүүд” хэмээх үзэсгэлэнд бэлдэх ажлын чамгүй хэсгийг нугалсан байв. Энэ талаар А.Жавхлан “Монгол гэсэн утгыг илтгэх дүрслэл юу байж болох талаар би багагүй хугацаанд судалсан. Үнэндээ барууны орнууд шиг он дарааллаар тэмдэглэж үлдээсэн, тодорхой зүйл ховор. Харин манай аман зохиол,  хүмүүсийн дунд амнаас ам дамжин ирсэн үлгэр домог, хууч яриа байдаг. Тэдгээр ам дамжин ирсэн бүтээлээс монголчууд байгаль, эх дэлхийтэйгээ ойр амьдарч, шүтэн барилдлагатай явсаар ирснийг мэдэх боломжтой. Уул, тал, ус, гол горхи бүгд өөрийн гэсэн эзэнтэй ч тэдгээрийг дүрсэлсэн тогтсон дүр тэр бүр олдоод байдаггүй . Гэсэн ч хүмүүсийн сэтгэлд бодит мэт оршсоор байгаа нь миний сонирхлыг татсан. Тиймээс энэ тал руу судалгаагаа лавшруулсан нь Монгол дахь анхны үзэсгэлэнгийн маань сэдэв боллоо” гэсэн юм. 


Нүүдлийн уламжлалаас суурин соёлд шилжиж буй бидний 100 гаруй жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн ч өдөр тутам, ахуйн соёлдоо тааруулан авч үлдсэн нь ч чамлахааргүй бий. Жишээ татвал, монгол хүн овоо таарвал гурван удаа тойрч, тогтсон хэллэгийг нь одоог хүртэл хэлж хүндлэн өнгөрдөг. Овоо босгосон газрыг тухайн нутгийн савдгийн гэр хэмээн хүндэтгэж, зорьсон хэрэг үл хамааран тойрон саатдаг нь А.Жавхлангийн сонирхлыг ихэд татжээ. Лусын хорлолыг хатуу гэдгийг ямагт сануулж уул ус, гол мөрөн бохирдуулахыг цээрлэдэг. Ийнхүү оршин байгаад нь бат итгэдэг тэдгээр сахиус амьтны дүрээр буухаас урьтаж үндсэн төрхийг нь мэддэггүй юм байна гэх асуултыг уран бүтээлч тавьж эрдэмтдийн Монголын талаар хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншжээ. Тэр дунд Монголын бөө, удган нарыг судлахдаа бичиж үлдээсэн материалтай танилцахад лусыг эмэгтэй хүний биетэй, могойн хөлтэйгөөр дүрслэн бичсэн байсныг олж мэджээ. Нар жаргаснаас сар мандах хүртэлх богино цагийг германаар "blaue Stunde" буюу орчуулбал “Цэнхэр цаг” гэх бөгөөд эл лус савдаг дэлхийд айлчлах үедээ энэ цэнхэр цагт л ирдэг байх нь хэмээн санаж үзэсгэлэнгийн дэглэлтэд хөх ногоон туяатай гүн цэнхэр өнгөөр ханыг будаж дээр нь мурал буюу ханан дээрх зургийг зуржээ. Үзэсгэлэнгийн дэглэлтэд мөн онцлох дүрслэлүүдийн нэг могой нь гурван бүтээл дээр дүрслэгдсэн ба чамин хэрнээ нямбай гэгч нь байршуулсан эл бүтээл анзаарсан нэгэнд шагнал мэт ихэд чимээгүй ширтэнэ.


 Лусын амьтан тул хүндэтгэн “урт хорхой” гэж дуудуулах могойн утга санаа, илэрхийлэмж энэ үзэсгэлэнд олон янзаар илэрч болох нь сонирхолтой. Эмэгтэй хүн могой зүүдэлбэл “Бие давхар болжээ” хэмээн бэлгэшээнэ. Гэрт нь орж ирвэл сүү дусаан айж цочоохгүй гаргана. Могойн чуулган харсан даруй бэл бэлчинтэй болох нь гэж баярлан харахын зэрэгцээ онгон дагшин энэ амьтан барууны соёлд ихэвчлэн муу талын дүр, хорон муу санааг бэлгэдэх бол монгол ухаанд дээр дурдсан сайхан бэлгэшээл олон. Ширтэх тусам хөдлөөд байх шиг харагдах эл бүтээлүүдийн гүн цэнхэр, гүн ногоон өнгөний зохицол, амилаад бууж ирж байгаа мэт санагдах алслалт гээд сая нэг “Могойн зүүд” гэх үзэсгэлэнгийн нэрний утга энд л амилж буй юм байна гэж бодогдохоор байв.


Хөх өнгөнд ууссан бодол

Зүүд заримдаа зэрэглээ шиг, заримдаа бодит үйл явдал мэт санагдах бол “Могойн зүүд” үзэсгэлэнд эл хоёрын дундуур төгс ертөнцийг дүрсэлжээ. Хүнд хэр нь агаартай мэдрэмж төрүүлэх гүн өнгө зонхилж, нэгээс нөгөөд шилжих эсвэл уусаж хайлсан мэт бүтээлээ туурвих шинэлэг  техник нэн сонирхолтой. А.Жавхлан “Миний бүтээлүүдэд тод, гүн өнгөнүүд орж ирж байгаа нь сэтгэл зүйтэй холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, урт удаан хугацааны бодол хүнийг илүү дотоод хүн рүү чиглүүлдэг шиг санагддаг. Дээр нь нар жаргаснаас сар мандах хүртэлх харуй бүрий буюу тодорхой агшинд цэнхэр өнгө маш олон хувилбараар, үзэсгэлэнтэйгээр харагддаг. Герман хэлэнд энэ хэсэгхэн хором “Цэнхэр цаг” гэж орчуулагддаг. Бүтээлүүддээ тиймэрхүү орчныг бүрдүүлэхийг хүссэн” гэлээ. Домгийн сэтгэлгээн дэх лус савдгийн дүрийг орчин үеийн урлагийн бүтээлүүдээр дамжуулан хүргэхийн сацуу сүүлийн үед хүчтэйгээр яригдах болсон монгол сэтгэлгээ чухам юу болох, шинэ залуу үе энэ уламжлал, энэ сэтгэлгээг өвлүүлэн авч чадаж байгаа эсэх талаар мөн эргэцүүлэхийг хүсэж, тэр хүрээнд чөлөөт орон зайг үзэгчдэд бодоход нь үлдээсэн хэмээн хэлж байв. 

Сонгогдсон боломж, шинэ тайз бүрд дүрслэх урлагийн янз бүрийн аргаар бүтээсэн түүний бүтээлүүдээс "Лхам" галерей дахь үзэсгэлэнд модон хавтан дээрх тосон будгийн ажлууд болон мурал  бүтээл дэлгэгджээ. Ямарваа төрөл, хэлбэрээр өөрийгөө хайрцаглахыг хүсдэггүй тэрбээр медиа арт, том хэмжээст бүтээлүүд зэрэг Монгол Улсад тэр бүр харагдаад байдаггүй сонирхолтой шийдлээр хүргэсэн бүтээлүүдийг өмнөх үзэсгэлэнгүүдээс нь харж болно. Ярилцлагын дундуур цаашлаад арт хаус кино хийхээр судалгаагаа үргэлжлүүлж байгаагаа дурдсан нь тэрбээр өөрийн авьяас чадварыг харуулах шинэ арга, хэлбэр бүрийг сонирхож, тэр бүрнээ чанартай гүйцэтгэн үнэлэгдэж байгааг дахин нэг сануулж байлаа. 


 Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 10 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 12 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 13 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 13 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 18 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр