Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр хоёр сар гаруйн хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Волейбол, жүдо, 3х3 сагсан бөмбөг, таэквондо, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг төрөлд оюутнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноор улсаа төлөөлөн олон улсын зарим уралдаан тэмцээнд оролцох боломж бүрдсэн. Залуу тамирчдаас тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны зуны Универсиад XXXIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах талаар тэмцээнийг зохион байгуулагч Монголын оюутны спортын холбооноос мэдээлж байв. Энэ жилийн тэмцээнд их, дээд сургуулийн аваргын анхан шатны тэмцээнээс шалгарсан 26 их, дээд сургуулийн 1226 оюутан тамирчин, 150 гаруй багш, дасгалжуулагч нар оролцсон байна.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн дүнг спортын төрөл бүрд эзэлсэн байрыг бага онооны системээр дүгнэхэд нэгдүгээр байрт 39 оноотой “Мон-Алтиус” дээд сургуулийн баг тамирчид шалгарчээ. Дэд байрт 50 оноотойгоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн баг шалгарсан байна. Гуравдугаар байрт 56 оноогоор хоёр сургуулийн баг шалгарч олон төрөлд тэргүүн байр эзэлсэн онооны чанарын үзүүлэлтээр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид гуравдугаар байр эзэлжээ. Удаах байрт “Их засаг” олон улсын их сургууль шалгарсан бол айргийн тавд Дотоод хэргийн их сургууль орлоо.
Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний волейбол, жүдо бөх, 3х3 сагсан бөмбөг, таэквондо, ширээний теннисийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдаас сонгон шалгаруулж, ирэх долдугаар сарын 16-27-нд Германы Рейн Рур бүс нутагт болох дэлхийн оюутны спортын Универсиад XXXIII наадамд шалгаруулан, оролцуулах эрхийг олгосон юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна