Засгийн газраас хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, шинэчлэн сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, терминалууд байгуулах зорилгоор боомтын бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Монголын тээвэр логистикийн түншлэл, мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, дэд профессор А.Мөнхболд /Ph.D/-той ярилцлаа.
-Юуны түрүүнд боомтын тухай ойлголт, ач холбогдлын талаар ярилцлагаа эхэлье?
-Боомт гэдэг өргөн ойлголт. Бид нийтээрээ боомт гээд яриад сурчихсан болохоос угтаа хил нэвтрэх цэг юм. Тодруулбал, улс хоорондын болон олон улсын худалдаа тээвэр, логистикийн цэг. Монгол Улс нийт худалдааныхаа 90 гаруй хувийг БНХАУ-тай хийдэг учраас Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн, Булган зэрэг боомт манай улсын хувьд чухал ач холбогдолтой. Онцолж хэлбэл, Гашуунсухайтын боомт эдийн засаг, Замын-Үүд нийгэм талаасаа ач холбогдолтой.
-Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн түүхэн үйл явдал боллоо. Та энэхүү бүтээн байгуулалтын төслийн ач холбогдлыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Засгийн газрын баримталж буй чухал нэг зарчим бол Боомтын сэргэлтийн бодлого. Энэхүү бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Хоёр улсын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл бол нийгэм, эдийн засгийн маш чухал ач холбогдолтой. Хамгийн түрүүнд нүүрсний экспорт эрс нэмэгдэнэ. Жишээлбэл, одоо жилд 40 сая тонн нүүрс гаргаж байгаа бол энэ тоо даруй 100 сая тонн болж нэмэгдэх суурь нөхцөл бий болж байна. Энэ хэмжээгээр экспортын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Монголчууд бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд гадаад зах зээл, тэр дундаа хөрш орнуудаа зөвхөн БНХАУ-аар өргөн утгаар ойлгодог байсан юм болов уу. Харин боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, хөрш боомт, хөрш боомтын хот гэх зэргээр эдийн засгийн харилцаа талаас нь ойлгож эхэлж байна. Цаашид Монгол Улс эдийн засгийн интеграцад орох хэрэгтэй. Эдийн засгийн интеграц маш чухал асуудал. Жишээлбэл, Герман улстай Австри эдийн засгийн интеграцтай. Өөрөөр хэлбэл, Австри, Герман улсаас зүүгдэж хөгжсөн түүхтэй. Хамгийн сонирхолтой нь зүүгдсэн улс нь илүү өндөр хөгжилтэй болсон жишээ олон бий. Тэгвэл бид яагаад дэлхийд хоёрт орж буй том зах зээлээс зүүгдэж хөгжиж болохгүй гэж. Энэ өнцгөөс нь харах ёстой болов уу.
-Ер нь манай улсын боомтууд сэргэж байна уу. Ач холбогдол бүхий боомтуудын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ямар түвшинд явж байна вэ?
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлсэн учраас боомтуудад бүтээн байгуулалт нэлээд эрчимтэй хийгдэж, эхнээсээ сэргэж байна. Хоёр улсын худалдааны гол цэг гэдэг утгаараа Замын-Үүд боомтод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд дуусаж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар автотээврийн зорчигч болон ачаа тээврийн хэсгийг орчин үеийн тоноглолтой, хүчин чадал өндөр, зөв зохион байгуулалттай барьж байгуулсан. Мөн Гашуунсухайт боомтод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар чингэлэг тээврийн терминал, жолоочгүй, автомат удирдлагатай терминалуудыг барьж байгуулсан. Үүнтэй адил Ханги боомтод чингэлэг тээврийн олон төрөлт терминалуудыг байгуулж байна. Энэ мэтчилэн боомтуудад өрнүүлж буй бүтээн байгуулалт бол орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрсэн хилийн боомт бөгөөд Монгол Улсад төдийгүй дэлхийд анхдагч гэдгээрээ түүхэнд үлдэх байх. Ингэж боомтуудаа богино буюу 1-1.5 жилийн хугацаанд сэргээж чадсан явдал нь төр хувийн хэвшилдээ итгэж, хамтарч ажилласан сайн туршлага юм. Өөрөөр хэлбэл, төрөөс боомтод газар олгож, төрийн бүх шатандаа дэмжсэн учраас хувийн хэвшлийнхэн томоохон бүтээн байгуулалт хийж чадлаа. Үүний үр дүнд экспорт 10 саяар нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Энэ бол сайн жишээ. Үүнтэй адил хувийн хэвшилтэй хамтарч ажилладаг жишгийг бусад салбарт ч мөн адил нэвтрүүлж чадвал Монгол Улс хөгжин дэвших цаг ойрхон байна даа.
-Цаашид бусад боомтыг ч гэсэн мөн адил богино хугацаанд сэргээж, тогтмол үйл ажиллагаатай болгох гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?
-Хилийн боомт бол үр өгөөжтэй, эдийн засгийн ач холбогдолтой гол суваг байх ёстой. Тиймээс цаашид Монгол Улс хувийн хэвшилтэй хамтарч, харилцан бие биеэ дэмжиж, түшиж хөгжих зарчим баримталбал илүү үр дүнтэй. Мөн хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, илүү тодорхой болгох шаардлага бий. Тодруулбал, боомт нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой учраас үүнд тусгай статус хэрэгтэй. Хилийн тухай хуулиар боомтын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай тул арав гаруй жилийн өмнө хүчингүй болгосон Хилийн боомтын тухай хуулийг өнөөдрийн нөхцөл байдал, зах зээл, хөрш орнууд болон олон улсын харилцаа, жишигт нийцсэн, мөн хувийн хэвшлийг дэмжсэн байдлаар шинээр боловсруулж, батлуулах хэрэгтэй.
-Боомт тусгай статустай байх ёстой гэдэг нь?
-Замын-Үүд боомтоор жишээ авъя. Одоо бол Замын-Үүд сум гэсэн статустай. Тэгэхээр төсвөөс болон орон нутгаас хуваарилж буй болон сумын өөрийн хөрөнгө оруулалт ямар хэмжээнд байдаг билээ. Тиймээс Замын-Үүдийг боомт хот болгож, статусыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэв боомт хот болчихвол төсвөө өөрөө бүрдүүлж, мөн захиран зарцуулах эрхтэй болно. Тусгай статустай болох нь ийм чухал ач холбогдолтой учраас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар боомт хот гэдэг нэр томьёог бий болгох хэрэгтэй. Дараагийн асуудал нь боомт өөрийн эзэмшлийн газартай байх ёстой. Одоо бол аль ч боомт эзэмшлийн газаргүй байгаа. Боомт өөрийн гэсэн эдэлбэр газартай болсноор хувийн хэвшлийн сонирхлыг илүү татаж, бизнес эрхэлж, улмаар экспорт нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь бол үүний цаана Монгол Улсын эдийн засаг сайжирч, төсөв хөрөнгө нэмэгдэн, улмаар тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ л гэсэн үг.
-Ойрын хугацаанд сэргээж хөгжүүлэх шаардлагатай дараагийн боомт гэвэл та алийг нь нэрлэх вэ?
-Бичигт болон Хавирга боомтыг онцолмоор байна. Манай улс жижиг эдийн засагтай. Бид одоогоор байгалийн баялгаа экспортолж, тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулснаар хөгжих сууриа тавина. Гэхдээ бидэнд үүнээс ч илүү том боломж бий. Энэ бол хоёр хөршийн хооронд худалдаа, тээвэр логистикийн коридор байгуулах явдал юм. Тиймээс нэн тэргүүнд зүүн бүсийг, ялангуяа Бичигт боомтыг хөгжүүлж, ОХУ-ын Соловьевск боомттой төмөр болон авто замаар холбож, эдийн засгийн коридорыг бий болгох хэрэгцээ шаардлага бий. Бичигт болон Хавирга боомт яагаад ийм чухал вэ гэхээр Хятад улсын бүсчилсэн хөгжлийн бодлогынхоо хүрээнд Зүүн Хойд бүсээ эрчимтэй хөгжүүлж байгаа. Манай улсын хувьд зүүн бүсэд эрчим хүчний, мөн уул уурхайн бүтээгдэхүүний эх үүсвэр хангалттай бий. Тэгэхээр тухайн бүстэй бид эдийн засгийн интеграцад зоригтой орж чадвал том боломж нээгдэнэ. Транзит тээвэр худалдаа гэдэг бол маш том орлого. 2024 оны байдлаар ОХУ, БНХАУ хоорондоо 240 орчим тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Энэ том худалдаа цаашаа нэмэгдэх нь тодорхой учраас хөрш улсууд маань Монгол Улсаар дамжих коридорын асуудлыг сонирхож байна шүү дээ.
Баруун бүсэд ч том боломж бий. Булган, Цагааннуур боомт ч ач холбогдолтой, хөгжүүлж чадвал тэнд маш том зах зээлтэй. Ялангуяа, цаашид Ханги боомтыг хөгжүүлснээр Замын-Үүдийн ачааллыг хуваалцана. Мөн Ханги боомт ч хоёр талаасаа дэд бүтцээр холбогдсон учраас богино хугацаанд хурдтай хөгжих боломжтой гэж харж байгаа юм. Цаашид боомтууд руу чиглэсэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт биелэхэд дөхөм болно.
-Хилийн боомтуудаа хөгжүүлсэн улс орнуудын туршлага, ялангуяа хамгийн ойрын жишээ буюу Хятад, Орос хоёр хөршийн сайн жишгээс авч хэрэгжүүлэх шийдэл юу байж болох вэ?
-БНХАУ-ын хувьд манай улстай хиллэж буй Эрээн, Ганцмодны боомтоо өндөр түвшинд хөгжүүлсэн сайн туршлага бий. Хятад улс боомтын бүтээн байгуулалтын хураамж гэж анх авдаг байсан. Харин одоо бол бүтээн байгуулалтынх нь ажил дуусаж, бүрэн хөгжсөн гэж үзсэн учраас хураамж авахаа зогсоосон. Хятад улсын энэ жишгээр Гашуунсухайт боомтоор жилд экспортолж буй 40 сая тонн нүүрсийн тонн тутамд нэг ам.долларын хураамж тогтооё гэж бодоход жилд 40 сая ам.доллар болох нь. Үүнийг 10 жилд 400 сая ам.доллар гэвэл тухайн боомтын бүтээн байгуулалтад зарцуулах байдлаар хувийн хэвшилтэй хамтраад явбал богино хугацаанд төлөвлөснөөс давуулан хөгжүүлэх боломжтой гэж харж байна.
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийг ямар байдлаар явуулах ёстой вэ?
-Ер нь төр бүх зүйлд оролцох боломжгүй. Тиймээс хилийн боомтын асуудал хариуцсан Боомтын хөгжлийн корпорац байгуулах хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлаж боомтуудаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Тэр битгий хэл өмнө дурдсан эдийн засгийн коридорын асуудлыг хөрөнгө оруулалт татах замаар ч шийдвэрлэж болно. Ийм байдлаар төсөвт дарамт учруулахгүйгээр бизнесийн зарчмаар явбал бүх төсөл хөтөлбөр үр өгөөжөө өгнө.
-Боомтын хөгжлийн корпорац байгуулах үндэслэл, шалтгааны тухайд?
-Боомтуудыг хувийн хэвшлийн оролцоогүйгээр хөгжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл, Хилийн боомтын захиргаа аж ахуйн ажил эрхлэх боломжгүй. Тэгэхээр нэг талаас нийгэм, олон нийтийн эрх ашгийн үүднээс төр заавал оролцож, хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Харин нөгөө талаас хувийн хэвшлийн оролцоог хангаж, хөрөнгө оруулалт татах, эргээд ашиг орлого олох боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хувийн хэвшилд ойролцоогоор 20 гаруй их наяд төгрөг байгаа гэсэн тооцоо судалгаа бий. Гэтэл үүнийг бид ашиглаж чадахгүй байна шүү дээ. Ашиглаж, эргэлдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтарсан корпорац байгуулах нь зүйтэй л гэж үзэж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд бид дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн хөрөнгийг үйлдлээрээ үлгэрлэж харуулах ёстой. Тодруулбал, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг, хууль эрх зүйн орчноо бүрдүүлж чадсан гэдэг зөв дохиог гадаад зах зээл, гаднын хөрөнгө оруулагчдад өгөх хэрэгтэй. Ийм нөхцөлийг Хилийн боомтын тухай хуулиар бүрдүүлэх ёстой.
Иргэдийн хувьд, ялангуяа баруун бүсийнхэн маань Хятад руу гарахын тулд Улаанбаатар хотоор дамжиж Замын-Үүд боомтыг зорьдог. Энэ нь иргэдэд цаг хугацаа, санхүү талаасаа хүндрэлтэй бол нөгөө талдаа Замын-Үүд боомтод ачаалал үүсгэдэг. Тиймээс бүсийн ойролцоох боомт руу нь дэд бүтэц татах шаардлага гарч ирж байна. Тэгэхээр боомтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, энэ мэт асуудлаа шийдвэрлэх шаардлагатай.
-Ер нь боомтууд тодорхой хугацааны дараа нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь буурах эрсдэл бий юү?
-Тийм зүйл байхгүй. Боомтын хөгжил бол Монгол Улсын мөнхийн “саалийн үнээнүүд”. Жишээлбэл, Гашуунсухайт боомтоор Тавантолгой үйлдвэр технологийн парк байгуулж нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн экспортлох том концепц явж байгаа. Цаашид нүүрсийг түүхийгээр нь бус, боловсруулж экспортолдог болно гэсэн үг. Хятад улсын тал ч мөн адил үйлдвэр технологийн парктай. Ойролцоогоор долоон тэрбум тонн нүүрсний асуудал ярьж байгаа учраас 300, 400 жил бол асуудалгүй ажиллана гэж бодож байгаа. Мөн Замын-Үүд, Бичигт, Булган, Цагааннуур зэрэг нь олон улсын боомт учраас бүх цаг үед нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой байна. Эдгээр боомт Монгол Улсыг Хятад болон Төв Ази руу холбох гүүр юм шүү.
-Сүүлийн асуултаараа танай холбооны тухай тодруулъя?
-Тээвэр логистикийн салбарын мэргэжлийн холбоод нэгдэж, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбоог байгуулан үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар батлуулсан Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулиар салбарын мэргэжлийн холбоод төрийн зарим чиг үүргийг авч, хэрэгжүүлдэг хамтарч ажилладаг байхаас гадна Ерөнхий сайдаар ахлуулсан Мэргэжлийн холбоодын үндэсний зөвлөлийг байгуулах ёстой. Нэг талаар төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжсэн, нөгөө талаар хувийн хэвшлээ сонсох, хамтарч ажиллах том суваг, бүтэц гэсэн үг. Энэхүү хуулийг хэрэгжүүлж чадвал боомтын хөгжил, дэд бүтэц, хот байгуулалтын том төслүүд илүү хурдтай бөгөөд үр өгөөжтэй хэрэгжих боломжтой.
Монгол Улс цаашид хэрхэн яаж хөгжих вэ гэдгийг бас бодмоор санагддаг. Хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжих бодлого баривал бусад улс орны сайн жишиг туршлагыг нутагшуулах хэрэгтэй. Бид ер нь мөнгөн урсгал, үйлдвэрлэл, тээвэр логистикийн холбоосуудыг хийж чадахгүй байх шиг. Жишээлбэл, БНСУ-ын Саэбол загвар. Энэ бол төр, хувийн хэвшилтэй тогтвортой хамтран ажилладаг загвар юм. Жишээлбэл, "Нонг Хэуп" хөдөө аж ахуйн хоршоологчдын корпорац байна. Тус улсын ногоочид тухайн корпорацаас зээл авч тариалалт хийгээд хурааж аваад үүнийг уг корпорац худалдан авч борлуулдаг системтэй. Тухайн ногоочид ногоогоо стандартын шаардлагын дагуу тарих л үүрэгтэй. Бусдыг корпорац нь хариуцдаг. Үүнтэй адил малчид маань малаа л маллаж, бусдыг нь төр, хувийн хэвшлээс бүрдсэн корпорац хариуцдаг зарчим руу л орох ёстой. Энэ бол нэг салбарын л жишээ. Манай холбоо энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж нэлээд идэвхтэй ажилладаг.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна