Монгол Улс боомтын хүчин чадлаар дэлхийн 160 орноос 130-д эрэмбэлэгддэг. Энэ бол том дохио. Манай улс нийт 39 боомттойгоос 28 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс ОХУ-тай автозам болон төмөр замын 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг. Гэсэн хэдий ч эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал, дэд бүтэц, үндэсний логистикийн сул байдал нь гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг хазаарлах нэг шалтгаан. Үнэн хэрэгтээ боомт зөвхөн гарц, орцын асуудал бус стратегийн чухал ач холбогдол бүхий гол суваг. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх, тэлэх зорилгоор Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүнд Боомтын сэргэлтийг тодорхойлж тусгасан юм. Экспорт, импортыг нэмэгдүүлэх, хөрш орны хил залгаа боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулахад анхаарч эхэлсэн. Тодруулбал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал барихаар тусгасан юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр боомтуудын хүчин чадал сайжирч, улмаар нийт экспорт нэмэгдэн, тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Энэхүү зорилго зорилтын хүрээнд боомтуудад бүтээн байгуулалт өрнүүлээд дөрөв дэх жил рүүгээ дөхөж буй тул хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд эхнээсээ дуусаж, үр өгөөжөө өгч эхэлсэн. БНХАУ-тай хиллэж буй, байнгын ажиллагаатай 13 боомтоос найм, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос дөрөвт нь бүтээн байгуулалтын ажил хийж, сайжруулсан байна. Тухайлбал, өнгөрсөн онд Увс аймгийн Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан бол мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар нэг цэгийн үйлчилгээний байгууламж, төмөр замын боомт, Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн ажлыг ч дуусгаж хүлээлгэн өгчээ. Түүнчлэн Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтод бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байгаа бөгөөд автомат удирдлагатай чингэлэг тээвэр зэрэг зарим бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад оруулсан байна.
Өрнүүлж буй онцлох бүтээн байгуулалтын нэг нь авто болон төмөр зам. Энэ хүрээнд хилийн боомтуудыг нийт 2650 км хатуу хучилттай автозам, 4600 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг автозамаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн. Ингэснээр өнгөрсөн хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад оруулсан.
Энэ онд 2-3 боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, дэд бүтцийг нь барьж дуусгахаар төлөвлөжээ.Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 106.3 сая ам.долларын санхүүжилтээр Хавирга, Булган, Цагааннуур боомтын өргөтгөл шинэчлэлтийг хийх бэлтгэл ажлыг базаасан байна. Мөн одоогоор Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтод авто болон төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй.
Манай улс нүүрсээ Баянхошуу, Бичигт, Булган, Бургастай, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Хавирга, Шивээхүрэн боомтоор экспортолж байгаа. Үүнээс Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор автозам, AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр, Замын-Үүд боомтоор авто болон төмөр замаар, бусад зургаан боомтоор зөвхөн автозамаар тээвэрлэлт хийдэг. Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн онд 78.1 сая тоннд хүрч, түүхэн дээд түвшин тогтоосон. Энэ нь өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нүүрсний экспорт 60 сая тонныг давж, 372.5 сая ам.долларын орлого бүрдүүлсэн. Тэгвэл энэ онд экспортыг 83 сая тоннд хүргэх зорилт тавиад байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ялангуяа Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт юм.
Тэгвэл энэхүү зорилтоо биелүүлэхэд нэг алхам урагшлав. Тодруулбал, Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлснээр нүүрсний экспортын тоо хэмжээ баталгаатай болохоос гадна дараа дараагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэв. Тодруулбал, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомт төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм.
Нүүрсний экспортын тухайд, нэг талаас Монгол Улс жил бүр 20 сая тонн нүүрсийг тогтвортой нийлүүлэх, нөгөө талаас БНХАУ ийм хэмжээний нүүрсийг тогтвортой худалдаж авах үүрэг хүлээж буй. Нүүрсний дундаж үнэ 100 ам.доллар байхаар тооцоолоход Монгол Улсын төсөвт жил бүр нүүрсний экспортоос хоёр орчим тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж чадах юм. Цаашид Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагаанд шинэ менежмент оруулах хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг илүү дэмжиж ажиллуулахаар төлөвлөжээ.
Дараагийнх нь Шивээхүрэн боомт. Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Шивээхүрэн Монгол Улсын экспортын гол боомтуудын нэг. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Тухайлбал, жилд 22 сая тонн хүчин чадал бүхий нүүрс ачиж, буулгах жолоочтой тээвэр, 5G, AGV терминал, Шивээхүрэн төмөр замын өртөө, жилд 10 сая тонн хүчин чадал бүхий нүүрс ачиж, буулгах терминал барьж байгуулсан байна. Тус боомтоор өнгөрсөн хугацаанд жилд 25 сая тонн нүүрс экспортолж байсан бол бүтээн байгуулалт өрнүүлснээр одоо бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд жилд 52 сая тонн нүүрс экспортлох боломжтой болжээ. Тухайн бүтээн байгуулалт, шинэчлэлтийн ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд хийж гүйцэтгэсэн учраас Шивээхүрэн боомтыг сайн жишиг, шилдэг туршлагаар нэрлэж, цаашид бусад боомтыг ч мөн адил ийм байдлаар хөгжүүлэх ёстойг холбогдох албаныхан тодотгож байна.
Тэгвэл Ханги боомт Монгол Улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд байршдаг тул хүчин чадлыг нь өргөтгөх замаар уул уурхай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайт боомтын ачааллыг хуваалцахаас гадна уул уурхайн төслүүдийн үйлдвэрлэл эрхлэхэд Ханги боомт экспортын гарц болох аж.
Боомтын хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнууд боомтыг ачаа тээврийн эргэлтийг зохицуулах зорилго бүхий томоохон эдэлбэр газар бүхий хот, суурин хэмээн тодорхойлж, үйлчилгээ авагч аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэлгүй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж тэрхүү үйлчилгээнийхээ орлогоор санхүүжих зарчим баримталдаг байна. Тэгвэл энэхүү олон улсын жишгээр боомтыг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаатай, эдэлбэр газартай, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж буй нь бас нэгэн ахиц юм. Энэ тухайд болон хилийн боомтуудын бүтээн байгуулалтын талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Ер нь боомтууд руу хатуу хучилттай автозам татаж байж худалдаа явуулах зарчим барьж ажиллаж байгаа. Манай салбарын хувьд төлөвлөж байсан ажлууд маань нэлээд ахицтай явж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд одоо ажиллаж буй боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтууд руу тавих авто болон төмөр замын дэд бүтцийг барьж, байгуулах үндсэн зорилт бий. Энэхүү зорилтуудын хүрээнд холбогдох төслүүдийг хэрэгжүүлж тодорхой үр дүн гарч эхэлсэн. Боомтуудад бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэргийг хийх шаардлагатай байдаг. Бид төлөвлөсөн боомтуудынхаа эдгээр бичиг баримтыг бүрэн бэлтгэж дууссан. Үүний үндсэнд төсөв, хөрөнгө оруулалтын асуудал, зээл тусламжаар боомтуудыг өргөжүүлэх асуудал яригддаг. Мөн бид боомтуудын эрх зүйн орчныг тодорхой болгохын тулд Боомтын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барихаар төлөвлөж байна. Хилийн боомтууд дээрх худалдааг дэмжих үүднээс зөвхөн төр менежмент хийх бус хувийн хэвшилтэйгээ хамтарч хийж хэрэгжүүлэх зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгаж өгч буйгаараа онцлогтой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Монгол Улсын үүд хаалга болсон хилийн боомтуудыг зөвхөн хил нэвтрүүлэх, шалгах, гаалийн татвар хураамж хураах цэгээр ойлгож байсан хуучин хандлагыг халж, боомтууд бүс нутгийн эдийн засгийн интеграцад нөлөө үзүүлэх, бусад улс орны боомтуудтай гадаад худалдаанд эзлэх байр сууриараа өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх, цаашлаад транзит улс болох цаг хаяанд ирж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна