18 жил гацсан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ



Нийгэм, эдийн засгийн хөгжилд хурд нэмэх томоохон бүтээн байгуулалтыг нэрлэн тооцоолж, урагшлуулж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг том амлалтаа биелүүллээ. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтаж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтыг эхлүүлэв.
Хэлэлцээрийн шатанд 18 жил нам гацсан ч Засгийн газрын тэргүүний санаачилга, зүтгэлээр амжилттай урагшилсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээнийг холбосон төмөр замаас хойш 70 жилийн дараа хийж буй хоёр дахь төмөр замын холболт болж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулагдсан бол бүтээн байгуулалтын ажил яг гурван сарын дараа буюу тавдугаар сарын 14-нд эхэлж, Монгол Улсын түүхэнд, сүүлийн 35 жил хийж бүтээж амжаагүй томоохон төслийн нэг амжилттай урагшилж,  түүхэнд шинэ хуудас нэмлээ.
Энэ төмөр замыг ашиглалтад оруулснаар боомтуудын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрнэ. Жилд 1.5 тэрбум ам.долларын орлого олж, эдийн засаг тэлэх бөгөөд Монгол Улс дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д чанартай нүүрсээ урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх боломж бүрдэх юм. 
Гашуунсухайт хилийн боомт экспорт, импортын 22 гарцтай байна. Ингэснээр ачаа нэвтрэн өнгөрөх чадвар хоёр дахин нэмэгдэж, эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьдралын чанар, ажил эрхлэлт, орлогын шинэ эх үүсвэр бий болж, орон нутагт ээлтэй хилийн боомт болох юм. Монголын ард иргэдийн шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, цэгцэлнэ хэмээн амласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ хүрч 18 жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг амжилттай эхлүүлж чадлаа. 
Төмөр зам Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлийн өрсөлдөөн, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаанаас болж гацаж байсныг монголчууд сайн мэднэ. Мөн нүүрсний зах зээлийн өрсөлдөөний дотоод, гадаад тоглогчид энэ төмөр замыг урагшлуулахад үргэлж саад болж байсныг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй болжээ. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр, бизнесийн хил дамнасан бүлэглэлүүдийн эсэргүүцлийг сөрж, улс орны түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлэв. 
Нөгөө талдаа бодлого, залгамж халаагүй, засаглал нь тогтворгүй, эрх зүйн орчин нь ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй гэсэн гадаад ертөнцөд тогтсон муу имижээс салгах эхлэлийг тавилаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зөвхөн хувь хувьдаа ашиг хайсан өмнөх Засгийн газруудын алдаа, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүчээр царцаасан гацаа тээгийг амжилттай арилгаж, урагшилж яваа. Тухайлбал, "Оюутолгой" төслийн Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлнэ хэмээн амлаж, 2022 оны нэгдүгээр сард амлалтаа биелүүлж тухайн өрийг тэглүүлсэн. Мөн 2016 оноос эхлүүлсэн “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй хувийн хэвшилд худалдсан Засгийн газрын шийдвэрийн эсрэг тэмцлээ зогсолтгүй үргэлжлүүлж, “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгож байв.
Үүнээс гадна Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн  үүнчлэн Монгол Улсыг дампуурлын ирмэгт авчирсан Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлаж, зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх ажлын ард амжилттай гарсан. Өнөөдөр ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн стратегийн ордын тодорхой хувийг төрд авах, иргэн бүр Баялгийн сангаасаа хувь хүртэх асуудал, орлогоо нотолж чадаагүй төрийн өндөр албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийн төсөл гал ус татуулан нийгэмд хэлэлцэгдэж байна. 
Улс орны хөгжлийг түргэтгэх зорилт тавьсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төлөвлөгөөнд 14 мега төсөл бий. Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх, Нийгмийн дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваагдаж буй 14 төслөөс яг одоо хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл хэрэгжээд явж байна.
Мөн 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар Шанхай хотод  үзэглэж, 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ бол эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг юм.
Үүнээс гадна Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох гэх мэт эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлсэн төслүүдийг хэрэгжүүлж, зарим төслийн бэлтгэл ажил хангагдаад явж байна. Эдгээр 14 мега төсөл амжилттай хэрэгжвэл 2028 он гэхэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх боломж бүрдэх юм.


Д.Отгонжаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 9 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 11 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 12 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 12 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 17 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр