Египетийн нийслэл Каир хотод буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Уг тэмцээнд Монголын мэргэн буучид амжилттай оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар эх орондоо ирсэн билээ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уг тэмцээнд шинээр гурван дасгал нэмэгдсэний хоёрт нь монголчууд медалийн тавцанд зогссон юм. Монголын баг тамирчид ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа топ-20-д багтсан билээ. Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзулыг эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа.
-Юуны түрүүнд дэлхийн аваргаас хос медальтай ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Тэмцээний талаар мэдээлэл муутай хүн олон байгаа болов уу. Товчхон мэдээлэл өгнө үү?
-53 дахь удаагийн дэлхийн аваргад эрэгтэйчүүдийн бууддаг гар бууны дасгалд эмэгтэйчүүд буудсанаараа онцлогтой байлаа. Нэлээд олон дасгалд буудаж, манай тамирчид ч сайн оролцсон. Бэлтгэл сургуулилалтаа сайн хийсэн бол хэд хэдэн дасгалд медаль авах боломж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Манайхны медаль авсан хоёр дасгал нь энэ жилийн ДАШТ-ий хөтөлбөрт анх удаа багтсан. Холимог багийн төрөлд Э.Даваахүүтэйгээ баг болж мөнгөн медаль хүртлээ. Мөн Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр нартайгаа медалийн тавцанд хамтдаа зогсох сайхан байсан. Гоё мэдрэмж төрдөг юм билээ. Миний хувьд үндсэн дасгалаасаа хийн гар бууны 10 метрийн төрөлд оролцоогүй. Харин спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөж 27 дугаар байр эзэлсэн.
-Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэдэг сайхан хэрэг. Тэр тусмаа төрийнхөө дууллыг эгшиглүүлэх нь тамирчин хүн бүрийн мөрөөдлийн нэг хэсэг шүү дээ. Тухайн агшинд ямар мэдрэмж төрж байв?
-Тамирчин хүн бүрийн мөрөөдөл юм даа. Төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод гурвуулаа зогсож байх тэр мөч үнэхээр сайхан байсан. Хятадууд хосоороо шагналын тавцанд их гарч, төрийн дууллаа сонсдог шүү дээ. Яг түүн шиг Монголын гурван далбаа нэгэн зэрэг мандахыг харахад сэтгэл их хөдөлсөн. Ер нь энэ жилийн ДАШТ-д Хятад, Энэтхэгийн мэргэн буучид онцгой байлаа. Хятадууд нэг хэсэг нам гүм болж, амжилт нь ч бага зэрэг буурч байсан. Гэтэл энэ жил медалийн чанар, тоогоор тасархай тэргүүллээ. Өргөн ч бүрэлдэхүүнтэй оролцлоо. Төрөл тус бүр дээр нэгээс хоёр тамирчин финалд шалгарч байна. Мөн Энэтхэгийн буучдыг онцлох хэрэгтэй. Тэд багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Бас л голдуу залуучуудаар багаа бүрдүүлсэн гэхэд онцгой амжилт үзүүллээ. Өмнөх жилүүдээс илүү сайжирсан байна.
-Тэмцээнд явахын өмнө бэлтгэл сургуулилалт хангалттай хийж чадаагүй, сумны хүрэлцээ муу байсан талаар та шүүмжилсэн. Энэ асуудлыг шийдэж чадалгүй Каирыг зорьсон уу?
-Бэлтгэл сургуулилалт маш хангалтгүй хийсэн. Буудлагын тамирчин сумгүй бол тэмцээн уралдаанд оролцох хэцүү. Сумаар л бүх зүйлийг шийднэ. Сүүлийн гурван жилд сумны бараа харсангүй. ДАШТ-д явсан тамирчид өөрсдийн боломжоор сум худалдан авч, нөөц сумаараа долоо хоног л бэлтгэл хийсэн. Бор зүрхээрээ, боломждоо тааруулж л бэлтгэл хийлээ. Бусад үед шагайх бэлтгэл хийж байлаа. Хэрвээ сумны асуудалгүй хангалттай бэлтгэл хийсэн бол хэд хэдэн төрлөөс медаль хүртэх боломж байсан. Урт бууныхан ч мөн ялгаагүй. Магадгүй дор хаяж олимпын хоёр эрх ч авах нөхцөл бүрдсэн. Медаль авч чадаагүй ч манай тамирчид дээгүүр амжилт үзүүлсэн гэж бодож байна. Ер нь үүнээс ч илүү амжилт үзүүлэх нөөц их байсан шүү. Миний хувьд хамгийн сүүлд 2019 онд олимпын эрх олгох Азийн аваргад оролцсон. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд нэг ч тэмцээнд оролцолгүй байж байгаад шууд ДАШТ-д буудлаа.
-Яагаад сумаар хангаж чадахгүй байгаа талаараа холбоо тайлбар өгсөн үү?
-Тэр талын нарийн мэдээлэл байхгүй. Тамирчин хүн бэлтгэлээ л хийх ёстой. Чухам юунаас болсон, ямар шалтгаантайг холбооныхон болон шигшээ багийн албаныхан л мэдэх байх даа.
-Нэлээд хол явж тэмцээнд оролцлоо. Зардал өндөр гарсан байж таараа. Санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулсан бэ?
-Буудлагын тэмцээн голдуу Европод болдог. Тивийн аваргыг эс тооцвол Азид тэмцээн болох цөөн. Тэр утгаараа их зардал гарна. Буудлага нь өөрөө бас зардал өндөртэй спорт шүү дээ. Тэмцээнд оролцохын тулд дасгал тус бүрд 170 евро төлж байгаа юм. Таван төрөлд оролцоход л 850 евро гэсэн үг. Дээрээс нь ирж, очих замын зардал багтана. Ингээд бодохоор бараг 10 гаруй сая төгрөгөөр нэг тэмцээнд оролцоод ирж байна. Энэ удаа миний хувьд гэр бүл, найз нөхөд, ах дүү, хамаатан садан, буудлагын зарим ах, эгч, дүү нарын дэмжлэгтэйгээр дэлхийн аваргад оролцоод ирлээ. Буутай явдаг учраас бууны тусгай зөвшөөрөл авна. Ёстой бор зүрхээрээ гэдэг л болсон доо.
-Тэмцээн уралдаанд оролцох болохоор л тамирчдад санхүүгийн бэрхшээл тулгардаг. Зарим топ төрлийн тамирчид нэгээс хоёр компанийн ивээлд багтаж, ивээн тэтгүүлдэг. Буудлагынханд тийм зүйл байдаг уу?
-Бэлтгэл сургуулилалт сайтай жилдээ тэмцээнд оролцох гэхээр зардал олдохгүй. Санхүүгийн асуудлаас болоод тэмцээн өнжих тохиолдол маш их байна. Ер нь манай буучдад ивээн тэтгэгч байдаггүй. Ц.Анударь бид хоёрын хувьд Д.Лхадорж багшийн удирдлагад бэлтгэл хийдэг. Дасгалжуулагчаа авч явах гэсэн боловч зардал мөнгөний боломж байхгүй учраас чадаагүй. Нэг ёсондоо дасгалжуулагчгүйгээр тэмцээнд оролцоод ирж байгаа юм. Би тэмцээний зардал асууж хоёр, гурван компанийн хаалга тогшиж үзсэн. “Ямар ч боломжгүй” гэсэн хариу сонсоод л буцсан. Тиймээс бага гэлтгүй ах, дүү нараасаа цуглуулсаар зардлаа бүрдүүлж явсан. Ер нь коронавирусийн хөл хорио албан байгууллагуудад ч их нөлөөлснийг мэдэрлээ. Хямралтай байгааг нь анзаарсан. Их спортын тамирчдыг ивээн тэтгэх албан байгууллага ховордсон юм шиг байна.
-Шигшээ багт буудлагынхнаас зургаан тамирчин л багтсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Маш хангалтгүй санагдсан. Өмнө нь нэг төрөлд багаараа шигшээ багт багтдаг байлаа. Гэтэл энэ жилийн тоо маш цөөн байсан. Нэг төрлөөс хоёрхон тамирчин авч байна шүү дээ. Орон тоо цөөхөн өгсөнд нь сэтгэл дундуур яваагаа нуугаад яах вэ. Жүдо, боксын төрөлд бэлтгэл хангагчаас эхлээд олон тамирчинтай юм билээ. Буудлагынхныг ядаж л багаар нь барих хэрэгтэй. Амжилтад нөлөөлдөг юм бишүү. 2023 он бол олимпын өмнөх жил. Тиймээс тамирчдын тоог нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
-Жүдо, чөлөөт, боксоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдээд байна. Тэгвэл буудлага ямар байдаг вэ?
-Зардал өндөртэй спорт шүү дээ. Тууштай хичээллэх зорилго тавьсан хүн л хичээллэхгүй бол зардлаа дийлэхгүй шантрах нь элбэг. Хувьдаа буу, сумаа худалдаж авахаас эхлээд зардал нэлээд гарна. Нэг тамирчин хоёр дасгалд бууддаг учраас хоёр буутай байна гэсэн үг. Эхлэн суралцагчид хийн буугаар эхлүүлнэ. Тэр нь үйлдвэрээсээ шалтгаалаад 7-8 сая төгрөгийн ханштай. Энэ бол гар бууных. Урт буу бол 10 саяас дээш давна. Зөвхөн буу нь шүү дээ. Дээрээс нь овоо хараа, мөрлөгч зэрэг нь бүгд тус тусдаа үнэтэй. Зөвхөн буугаа бусад хэрэглэлээ авахын тулд 10-аас дээш сая төгрөг зарцуулна. Дээрээс нь өдөр бүр бэлтгэл хийх сумаа худалдаж авахаас эхлээд зардал ихтэй спорт. Цэвэр хувь хүний сонирхол, хоббигоороо л явж байна даа.
-2022 он шувтарч байна. Үндсэндээ нэг жил гаруйн дараа Парисын олимп болно. Таны гол зорилго олимп биз?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ буудлагын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог байсныг өөрчилж байгаа юм билээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өмнө нь дэлхийн цомоос олимпын эрх өгдөг байсан формоо өөрчиллөө. Ингэснээр зөвхөн ДАШТ болон Азийн АШТ-ээс эрх өгөхөөр болсон. Улам л чангарч байна гэсэн үг. Ирэх жил Азербайжанд дэлхийн аварга болно. Мөн Азийн аваргын тэмцээн үлдлээ. Ингээд бодохоор олимпын эрх олгох гурваас дөрвөн тэмцээн л байна. Үүнээс гадна Азийн наадамтай. Ер нь он гаргаад буучид маань нэлээд шаргуу бэлтгэл хийх хэрэгтэй болно. Завгүй байх болов уу. Миний хувьд Парисын олимпод оролцох зорилготой. Түүнээс наана эрхээ авах том даваа бий. Бэлтгэл сургуулилалтаа одооноос чамбайруулж, жигдрүүлэх хэрэгтэй.
-Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийж байна вэ?
-Хоёр бэлтгэл хийдэг. Үдээс өмнө хийн буундаа хэдэн сум бууддаг бол үдээс хойш шагайлга хийж байна. Сумгүй учраас урт хугацааны бэлтгэл хийж чадахгүй л байна.
-Спортын аль ч төрөлд тамирчид амжилт гаргахаар түүнийг нь хуваалцах хүн олон болж. Тааруу оролцвол бүгд нүүр буруулдаг хандлага спортод ажиглагдах болсон байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Тамирчинд уналт, сэргэлтийн үе байлгүй яах вэ. Хүмүүс янз бүрээр л ханддаг юм. Өнөөдрийг хүртэл буудлагаар хичээллэхдээ юу эсийг үзэх вэ дээ.
-Таны медаль авсан хоёр төрөл шинэ дасгал шүү дээ. Хэр санагдав?
-Э.Даваахүүтэй хамт буудсан 50 метрийн дасгалыг Монголд цөөн хоног бэлтгэл хийсэн. Олон улсын тэмцээнд анх удаа буудсан нь тэр. Харин алтан медаль авдаг том калибрын буугаар бэлтгэл ч хийгээгүй. Шууд тэмцээн дээр анх удаа буудлаа. Спорт гар бууг бодвол илүү тийрэлттэй, чанга. Энэ хоёр төрөлд монголчууд маш их бууддаг байсан. Аав маань энэ дасгалд бууддаг байлаа. Мөн миний аавын тогтоосон дээд амжилт бий. Монголд хэн ч эвдэж чадаагүй байтал орхигдсон. Медаль авсан хоёр төрөлд аав минь бууддаг байсан учраас тодорхой хэмжээний мэдэгдэхүүнтэй. Тэр нь нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Ер нь хоосонгүй байсан шүү.
-Яг хэдэн оноос эхэлж буудаж эхэлсэн бэ?
-1994 оноос. Нэг л мэдэхэд 28 жил болсон байна. Аав буудлагын тамирчин учраас энэ спорттой ойр өссөн. 13 настай байхад ээж минь намайг дагуулж ирж байлаа. Жоохон хүүхэд буу бариад зогсоно гэдэг хэцүү. Буугаа дийлэхгүй уйлах, шантрах үе олон гарсан. Тэр бүрийг даван туулсны хүчинд өдий зэрэгт хүрлээ.
-Шантрах гэснээс өнөөдрийг хүртэлх 28 жилийн хугацаанд шантарч, буудлагаа бүрмөсөн орхих бодол төрж байв уу?
-Байлгүй яах вэ. Сүүлийн хэдэн жил миний амжилт буурч эхэлсэн. Мэдэх хүмүүс нь мэднэ. Тэр үед шантарч байгаа юм чинь. Стресстэхээс эхлээд хэцүү санагдсан үе байлаа. Хэсэг эмчилгээ хийлгэсний дараа бэлтгэлдээ эргэж орсон. Үргэлж гар дээшээ учраас хүзүү, гар хөшнө. Хүзүү шохойжсоноос болоод баруун гарын мэдрэл дарагдаж, мэдээгүй болсон. Одоо бол өмнөх шигээ ачаалал даах чадвар буурсан байна. 2019 онд Азийн аваргаас олимпын эрх авч чадаагүй учраас спортоо орхих бодолтой байсан. Гэтэл коронавирус гарсан. Ингээд хоёр жил гэртээ сууж байгаа юм.
-Одоо бол таны бодол арай өөрчлөгдсөн биз дээ?
-Болих гэхээр ойрын хүмүүс маань нас чинь болоогүй байна гэж ятгана. Тиймээс 2024 он дуустал буудах төлөвлөгөөтэй. Парисын олимпын эрхээ авахын төлөө шаргуу бэлтгэл хийж, олимпод оролцохын төлөө явна даа.
-Зарим тамирчин насны залууд мэдсэн, сурснаа заахаар дасгалжуулагчийн албанд шилждэг болсон байна. Та дасгалжуулагч болох уу?
-Яг одоогоор бол үгүй. Дасгалжуулагч болох санал олон ирдэг ч өөрөө тийм бодолгүй учраас буудаад л явж байна. 2018 онд хоёр хүүхэд надад шавь орсон ч нэг нь больсон. Нөгөөх нь дэд мастер болсныхоо дараа оюутан болсон учраас спортоо түр орхисон байна. Давхар дасгалжуулагч хийх гэж үзсэн. Хэцүү юм билээ. Тиймээс буудахаа больсон үедээ дасгалжуулагчийн ажилд орно. Түүнээс биш яг одоо буудаж байгаа үедээ зөвхөн өөртөө л анхаарахаар шийдсэн.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Намайг ярилцлагадаа урьсан та бүхэнд баярлалаа. Мөн надад итгэл хүлээлгэж бүх талаар дэмжсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, ах дүү, хамаатан садандаа, Монголын буудлагын спортын холбооныхондоо талархал илэрхийлье. Мөн Төв аймгийн Цагдаагийн газар, “Хүч” спорт хорооныхондоо баярлалаа. Буудлагынхны амжилт тасраагүй шүү. Шантрахгүйгээр бэлтгэлээ хийж, олимпын эрхээ авахын зэрэгцээ олимпоос медаль авахын төлөө хичээнэ ээ.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн №043/24524