Галсан баавайн гаргасан жим
2012 оны наймдугаар сарын 03-нд Олон улсын Улаанбаатарын их сургууль дээр Монгол, Солонгосын утга зохиолын анхдугаар семинар болсон юм. Семинарыг санаачлагч нь Олон улсын Улаанбаатарын их сургуулийн багш, доктор, яруу найрагч Тойсомын Галсан, БНСУ-аас Улаанбаатарын их сургуульд зочин багшаар ирж ажиллаж байсан зохиолч, зураач Ким Ханъчан нар байлаа. Ким Ханъчан зохиолч Монголд ажиллах хугацаандаа Солонгосын соёл урлагийн ерөнхий хорооноос хэрэгжүүлдэг Ази дахь төслийн хүрээнд Монгол, Өмнөд Солонгосын зохиолчид харилцан, хамтран ажиллах эхлэлийг тавьсан нь энэ.
Тойсомын Галсан найрагч тухайн үед Улаанбаатарын их сургуулийн Монгол судлалын төвд судлаач, багшаар ажиллаж байсан юм. Тэрбээр “Хорь буриадын домгийн түүхэн үндэс”, “Буриадын шилдэг ерөөл, амрагийн дуу”, “Баавай нар”, “Цагаан морин жил бид хоёр”, “Илиадад нэвтрэх жим” зэрэг яруу найраг, эрдэм шинжилгээ, судалгааны 20 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ олон арван өгүүлэл бичиж нийтлүүлсэн томоохон судлаач, эрдэмтэн, уран бүтээлч байв.
Буриад зоны дундаас төрөн гарсан энэ том сэхээтэн төрөлх нутаг Дорнод аймгийнхаа Баян-Уул, Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, уран зохиолын багш, хичээлийн эрхлэгчээр олон жил ажилласан юм.
Тэрбээр амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд “Их Засаг” их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургуулиудад багшилж байв. Т.Галсан багш БНСУ-ын Дорнын утга зохиолын академийн ерөнхийлөгч Ким Ханъчан нар Улаанбаатарын их сургуульд багшилж, хамтран ажиллаж байхдаа хоёр улсын уран зохиолын хэлхээ холбоог өргөжүүлэх, зохиолч, уран бүтээлчдийг танилцуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх сэдэл санааг анх гаргасан байна. Энэ санааг нь дэмжиж, анхны утга зохиолын семинарт сэтгэл талбин оролцсон бичгийн хүмүүс нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, доктор Ч.Билигсайхан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаа нар байв.
Анхны семинарт Монголын талаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаа, эрдэмтэн судлаач, доктор Т.Галсан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх, Д.Ган-Очир, Л.Батцэнгэл, Г.Сонинбаяр, яруу найрагч Ц.Батбилэг, Ш.Анхтуяа, яруу найрагч, судлаач, доктор Г.Бямбажав, Солонгосын талаас доктор Ким Ханъчан, зохиолч С.Саныгуг, Ли Жэ Сүк, Хёнсон Юн, Ли Кванг вон, Жан Гючоль зэрэг уран бүтээлч оролцсон юм.
Ийнхүү яруу найрагч Тойсомын Галсан баавайн гаргасан жим Монгол, Солонгосын уран зохиолын ертөнцөд нэгэн шинэ жим үүсгэж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд таван удаагийн семинарыг Монгол, Өмнөд Солонгос улсад ээлжлэн зохион байгуулж, таван цуврал эмхэтгэл хэвлэн гаргажээ.
Утга, соёлын гүүр улам өргөжсөөр
Монгол, Солонгосын утга зохиолын семинарыг хоёр дахиас нь эхлэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид хариуцан зохион байгуулах болсон юм. Ингээд 2014, 2015, 2016 онд уг семинарыг амжилттай зохион байгуулсан билээ. Тухайлбал, 2014 оны наймдугаар сарын 13-нд болсон ээлжит семинарыг "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл, БНСУ-ын Дорно дахины утга зохиолын академи хамтран зохион байгуулж, "Шинэ мянган" утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Д.Ган-Очир, Л.Батцэнгэл, Л.Ганзул, Г.Сүхзориг, Б.Чулуунцэцэг, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг, яруу найрагч Б.Хүрэлтогоо, Б.Занданхүү, Ө.Батзориг, БНСУ-ын Дорно дахины утга зохиолын академийн тэргүүн Ким Ханъчан, БНСУ-ын Пэгжэ соёл урлагийн их сургуулийн багш Ким Донсү, Чөнбүг аймгийн яруу найрагчдын холбооны дарга Ким Ён зэрэг 20 гаруй хүн оролцож Монгол, Солонгосын утга зохиолын байгууллагуудын хамтын ажиллагаа, хоёр орны утга зохиолыг харилцан орчуулах, соёл, боловсрол, урлагийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцон илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн юм.
Гурав дахь удаагийн семинар 2015 онд БНСУ-ын Чолла аймгийн Чоньжү хотод болсон бол дөрөв дэх семинарыг Монгол Улсад зохион байгуулж МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг “Солонгосын утга зохиол Монголд”, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва “Монгол яруу найраг дахь эрчим хүч долгионы тухай”, БНСУ-ын яруу найрагч Ким Йөн “Монгол, Солонгосын утга зохиолын хамтын ажиллагааны утга учир”, На Хе Гйөн “Солонгос дахь модернизмын эхэн үе” зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж байв.
Энэ удаагийн семинарт Өмнөд Солонгосоос нийт 11 уран бүтээлч ирсэн төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ы зохиолчдын төлөөлөл оролцсоноороо онцлог байв. Монгол, Солонгосын утга зохиолын өдрүүдийн хүрээнд Монголын нүүдэлчин соёл, уламжлалыг танилцуулах зорилгоор Төв аймгийн Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Өлзийт суманд бэсрэг наадам хийж, малчны хотыг сонирхуулах аялал, говийн байгальд яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулсан юм.
Хоёр ард түмэн ба дөрвөн цагийн сэтгэлгээ
Монгол, Солонгосын утга зохиолын тав дахь удаагийн семинар 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Чолла аймгийн Чоньжү хотод болов. Семинараар Монгол, Солонгосын талаас хоёр хоёр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, яруу найрагч Ө.Батзориг “Монголын уран зохиолын дөрвөн цагийн сэтгэлгээ ба Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлэг” сэдвээр, яруу найрагч Г.Сонинбаяр “Монголын шинэ үеийн анхны жүжгийн зохиолч С.Буяннэмэх” сэдвээр тус тус илтгэл тавив.
Монголын аман болон бичгийн зохиол дахь дөрвөн цагийн сэтгэлгээ, гүн ухаан, гоо зүйн мэдрэмж, шинэ үеийн уран зохиол дахь дөрвөн цагийн сэдэвт шүлэг, зохиолуудын тухай, тэр дундаа их зохиолч Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгийн талаарх илтгэл солонгос зохиолчдод тун сонирхолтой байв.
Монголын дөрвөн улирал, Солонгосын дөрвөн улирлаас өөр. Монгол хүний сэтгэлгээ, солонгос хүнийхээс эрс ялгаатай. Байгаль, цаг уурын нөхцөл, орчин, эрс тэс уур амьсгал, түүндээ зохицсон нүүдлийн мал аж ахуй, мянга мянган жил хэвшиж тогтсон соёл, сэтгэлгээний онцлог уран зохиолд хэрхэн туссаныг Д.Нацагдоржийн сонгодог шүлгийн жишээн дээр задлан ярьсан нь тун сонирхолтой.
Түүнчлэн Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Буяннэмэхийн уран бүтээлийн талаар илтгэл тавих хүсэлтийг Солонгосын Дорнын утга зохиолын академиас гаргасан юм. Үүний дагуу С.Буяннэмэхийн жүжгийн зохиолуудыг онцолж танилцуулсан билээ. Сономбалжирын Буяннэмэх Монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд анхны жүжгийн зохиолыг бичсэн төдийгүй, Төв театр байгуулагдахад анх тавьсан жүжиг нь мөн С.Буяннэмэхийн зохиол байсан, хилийн чанадад олон улсын уралдаанд анх оролцож, байр эзэлсэн жүжиг мөн л түүний зохиол байв. Монголын жүжгийн зохиол, театрын урлагийн үүсэл хөгжлийг ардын аман зохиолын төрөл зүйлүүд ерөөл, магтаал, холбоо үг, дайралцаа, тууль зэргээс улбаалан Их Монголын эзэнт гүрний Хархорумын театр, Юань гүрний үеийн хаадын театраар эш уламжлал болгон түүчээлж, XIX зуунд Говийн ноён хутагт Данзанравжаа Хамарын хийдийн газраа Намтар дуулах дацан байгуулж “Саран хөхөөний намтар” жүжгийг тавьсан, мөн тухайн цаг үед зүүн хязгаарт Халхын То вангийн хошуу, баруун хязгаарт Мичин вангийн хошуу, Лу жанжин гүний хошуунд жүжгийн дэг сургууль байсан баримтууд нь шинэ цагийн Монголын жүжгийн анхны зохиолууд бичигдэн тавигдах таатай хөрс суурь болсон тухай илтгэлдээ дурдсан билээ.
Үүгээрээ 100 жилийн өмнөх Монголын уран зохиол үндэсний болон дорно дахины уран зохиолын баялаг өв уламжлалд тулгуурлан хөгжиж байсныг тодотгосон юм. Сод хүмүүн С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиож, төрсөн нутаг Дундговь аймагт нь их зохиолчийн амьдралаас сэдэвлэсэн “Хуучир хуучилсан хууч” жүжиг тавигдаж ахуйд БНСУ-д ийнхүү жүжгийн зохиолынх нь тухай илтгэл тавьсандаа бэлгэшээсэн бөлгөө.
Сорилтыг давсан Солонгосын уран зохиол
Солонгос зохиолчдын тавьсан илтгэл мөн л өөрийн ард түмний сэтгэлгээний онцлог, туулсан түүх, ахуй зан заншилтай холбоотой байв. Чоньжүгийн их сургуулийн боловсролын коллежийн туслах профессор, “Жонбүк” зохиолчдын холбооны тэргүүн, утга зохиолын шүүмжлэгч, доктор Ли Дун Хи “Бодит байдал хэрхэн яруу найраг болж хувирдаг вэ?” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ Солонгосын бодит байдал дахь яруу найргийн мэдрэмжийг тайлбарласан байв. Хүний амьдралын бодит байдлыг үл тоомсорлосон уран зохиол хэчнээн үнэмшилтэй байлаа ч зохиомол, хийсвэр зүйлээс цаашгүй гэсэн үзэл баримтлалын үүднээс Солонгосын уран зохиолын сэтгүүлүүдэд сүүлийн үед хэвлэгдсэн шүлгүүдээр жишээ аван задлан шинжилжээ. Яруу найраг бол бодит байдлыг харуулах хэрэгсэл гэсэн санааг зохиогч эшилсэн байв.
Чоньжүгийн “Баэкжэ” урлагийн их сургуулийн профессор Ким Дун Сү “Японы эзлэн түрэмгийллийн үеийн Солонгосын уран зохиолын түүх” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв. Солонгосын орчин үеийн уран зохиолын түүх эхэлсэн цаг хугацаа 1904 он буюу Японы түрэмгийллийн үетэй давхацдаг байна. Энэ үед зохиолчдыг засгийн газраас хянаж, удирдаж байсан тул ард түмний өлсгөлөн, ядуурлыг нуун дарагдуулж, амьдралыг гоёчилж магтсан зохиолууд гарч байв. Мөн эзлэн түрэмгийлэгч гүрнүүдийн нөлөөгөөр Солонгосын уран зохиол үндэснийхээ онцлогийг тусгалгүй гажуудсан тал бий гэнэ. Тиймээс “Баг зүүсэн үндэстэн” гэдэг нэр томьёо ч гарч байсан аж. Японы түрэмгийллийн үеийн уран зохиолыг дотоодын колоничлолын үеийн уран зохиол, Японы эсрэг уран зохиол, хилийн чанад дахь дүрвэгсдийн уран зохиол гэж гурав хувааж үздэг байна. Японыг эсэргүүцэгчид ба дэмжигчид, өмнөд ба хойд, зүүн ба барууны үзэл гэх мэтээр хуваагдаж, нэг үндэстэн хоёр улс болон тусгаар тогтносон зэрэг өнгөрсөн 100 жилийн түүх нь энэ ард түмний уран зохиолд гүн мөрөө үлдээжээ. Хойд Солонгос руу сайн дураараа болон хулгайлагдан гарч ор сураггүй болсон зохиолчид олон байдаг аж. Энэ бүхнээс үүдэн Солонгосын орчин үеийн уран зохиолын түүхийг залруулж, үнэн зөвөөр нь бичих санал, санаачилга ч гарч эхэлжээ. Монгол, Солонгосын утга зохиолын тав дахь семинарт илтгэл тавьсан Ким Дун Сү зохиолч ч ийм санал дэвшүүлсэн. Тэрбээр хэдий оройтсон боловч Солонгосын уран зохиолын цогц түүхийг аль болох хурдан хугацаанд залруулан тодруулах, гадаадад цагаачилсан болон сураггүй болсон зохиолчдын бүтээлийг цуглуулж эмхэтгэх ажлыг дэмжих хороо байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.
Өнгөрсөн XX зуунд Солонгосын уран зохиол олон сорилтыг даван туулжээ. Тэр дундаас эрх баригчдын хэт нөлөөнд автан үзэл сурталжсан, харь гүрнүүдийн эзлэн түрэмгийллийн улмаас үндэснийхээ сэтгэлгээний онцлогийг илэрхийлэх боломжгүй байсан зэрэг нь манайхтай төстэй.
Алтан намрын шаргал өдрүүдэд алс холын Гуулин улсын баруун өмнөд эрэг Чолла аймгийн Чоньжү хотод аяны дөрөө мулталж, Монгол, Солонгосын уран зохиолын семинарт оролцон, их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарынхаа уран бүтээлийг танилцуулж, солонгос уран зохиолын түүх хийгээд өнөөгийн хөгжлийн талаар судлаачдын үгийг сонссон нь эртээс түүх, соёлын гүн зузаан хэлхээ холбоотой хоёр улсын утга, соёлын гүүрэн дээрх нэгэн сайхан дурсгалт уулзалт байлаа.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24524/