“Papa coach” спортын амжилт эмх цэгцээс эхэлнэ


Сүүлийн гурван жилийн хуга­цаанд нийслэл хотод нэлээд хэдэн шинэ спорт клуб үүдээ нээсэн. Бүр орчин үеийн стандартад нийцсэн мөсөн ордон ч нээлтээ хийлээ. Шинээр байгуулсан клубийн ихэнх нь жүдогийнх. Тэгвэл Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Н.Шинэбаяр нар боксын клубтэй болсон. Шинээр байгуулсан клубүүдийн орчин, стандарт тун боломжийн. Ер нь спорт клуб гэхээрээ энд тэндхийн булан тохой, хонгилд агааржуулалт муутай, нэвчсэн үнэртэй байна гэдэг ойлголтоосоо бид салах цаг болсон. 

1990-ээд онд манайхны орчин, нөхцөл сайнгүй учраас л орцны подваль ашигладаг байв. Харин гаднын орнуудад бол тэс өөр орчин угтана. Яг өнөөдөр Монголын боксын шигшээ багийнхны бэлтгэл хийж буй Спортын төв ордны баруун хойд жигүүрийн гуравдугаар давхарт байрлах заал бол 1990-ээд оны жишээ. Гэхдээ энэ заалнаас Н.Энхбат, Н.Баярсайхан, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Э.Цэндбаатар тэргүүтэй олон шилдэг боксчин төрөн гарч, тив, дэлхий, олимпын наадамд Монголын нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж ирсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн. Нийгэм арай өөр зүйлийг шаардаж байна. Тэр нь тохь тухтай орчин. Яг ийм орчныг бүрдүүлсэн клубийн нэг нь “Papa coach”. Эндээс ээлжит сурвалжилгаа бэлтгэлээ. 

Хүү нь клуб байгуулах бодолд нөлөөлөв

 Уг клубийг үүсгэн байгуулсан хүн нь боксын олон улсын хэмжээний мастер Н.Шинэбаяр юм. Түүний хувьд 75 кг-ын жинд тулалддаг боксчин бөгөөд Дорнодын төдийгүй Монголын шилдэг дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн шавь билээ. Улсын аваргад есөн удаа түрүүлсэн тэрбээр хүүгээ боксчин болгох сонирхолтой байж. Хүү нь ч аавыгаа дагаж гүйх, бэлтгэл хийх хүсэлтэйгээ дуулгаснаар “Papa coach”-ийн эхлэлийг тавьжээ. Ар гэрийн дэмжлэг сайтай, эсвэл аав, ээжийнх нь хэн нэгэн дасгалжуулагч, спортын хүн байвал тухайн тамирчин тогтвортой амжилт гаргах магадлал өндөр. 

Тиймээс Н.Шинэбаяр хүүгийнхээ дасгалжуулагч, зөвлөх нь болохоор шийдсэн байна. Ингээд 2019 онд клубээ байгуулан бэлтгэлээ хийхийн зэрэгцээ хүүдээ өөрийнхөө мэдлэгээс хуваалцаж эхэлсэн аж. Хүүтэйгээ хэрхэн бэлтгэл хийж буйгаа сошиалд дэлгэснээр “шуурга” дэгдэж, олон ч хүн хандсанаар дасгалжуулагчийн замнал нь шуударсан гэхэд болно. Ийнхүү тамирчин Шинээ дасгалжуулагч болсон түүхтэй. Гэхдээ түүний хүү одоо Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн клубт бэлтгэл хийдэг. 

Учир нь, гэр ойрхон учраас ядрахаас сэргийлж хүүгээ Мөнх-Эрдэнэ гавьяатад даатгажээ. Бэлтгэл хийсэн хүүхэд явдалдаа ядардаг. Тиймээс аль болох гэртэйгээ ойрхон клубт хичээл­лэхийг Шинээ бусдад зөвлө­дөг гэнэ. Тэр МҮОХ-ноос хэ­рэг­жүүлсэн “Atheletic career” хөтөл­бөрөөр МУБИС-ийг 2.5 жилээр спортын дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалай, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, уулчин гавьяат Б.Гангаамаа тэргүүтэй энэ цагийн шилдгүүдтэй нэг ангид сурсан байна. Зүгээр ч нэг дасгалжуулагч болоогүй. Сонгосон мэргэжилдээ бага зэрэг золиос гаргасан байх юм. 2016 онд Хууль сахиулах их сургуулийн Тагнуулын дээд сургуульд суралцах явцдаа сонголт хийж эргэлт, буцалтгүй бокстой хувь заяагаа холбохоор шийдсэн нь энэ. 

Түүнийг боксын клуб байгуулахаар болсонд Монголын боксын холбоо баяр хүргэж, энэхүү спортыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархан ринг бэлэглэсэн байна. Энэ бол маш том дэмжлэг юм. Н.Шинэбаяр клубтээ нэр өгөхдөө дасгалжуулагчийг эцэг, эхтэй адилтгажээ. Үнэхээр тийм. Дасгалжуулагч хүн тамирчдадаа эцэг, эх шиг нь халамж анхаарал тавьдаг. Тэр ч утгаараа “Хоёр дахь аав, ээж” гэсэн нэр зүүдэг байх. Яг энэ нэрийг бодсон тэрбээр клубээ “Papa coach” хэмээхээр шийдсэн гэнэ. Энд зөвхөн боксын бэлтгэл хийхгүй. “Могул таун”-ы оршин суугчид болон тус хотхоны ойролцоо амьдардаг иргэдэд зориулсан тохилог чийрэгжүүлэлтийн клуб бас байна. Фитнессээр үйлчлүүлэгчид хэн нэгэн багшийн удирдлага дор бус чөлөөт бэлтгэл хийх боломжтой юм. Учир нь хөдөлгөөний дутагд­лаас сэргийлэх, жингээ барих, чөлөөт цагаа спортлог өнгөрүүлэх сонирхолтой хүмүүс голдуу ирдэг гэнэ. Тийм болохоор одоохондоо мэргэжлийн багш ажиллуулаагүй байгаа аж. 


“Papa coach”-ийн байр үүднээсээ эхлээд маш цэгцтэй. Үүдээр нь оронгуут л өсвөрийн тамирчдын гутал өрөөстэй. Тус клубийнхэн гутлаа тайлсныхаа дараа шууд хувцас солих өрөөг зорино. Тэнд хүн тус бүрийн хувцасны шүүгээ бэлдсэн бөгөөд хувцсаа хийхдээ эвхэхээс эхлээд эмх цэгцэд суралцаж явна, өсвөрийнхөн. Спорт бол хүмүүжлийн нэг хэлбэр гэж мэргэжлийн дасгалжуулагч нар ярьдаг. Наад зах нь биеэ зөв авч явах, эмх замбараатай болох, хэл яриа цэгцтэй байхаас эхлээд олон зүйлд тамирчид аажим аажмаар суралцдаг. Яг л энэ бүхнийг Шинээ багш шавь нартаа суулгахыг хүсчээ. 

Тэрбээр “Заавал сайн тамирчин болох албагүй. Гэхдээ боксоор, спортоор хичээл­лэснээр ядаж л бусдын дунд биеэ авч явах чадвартай болно. Бусдаас өөрийгөө хам­гаалж чадна. Цэвэрч нямбай байдал, ёс суртахуунд суралцана. Тив, дэлхийд нэрээ дуурсгасан шилдэг тамирчин болж чадахгүй ч өөрийгөө удирдаж чадна гэдэг хувь хүнд том ахиц дэвшил юм. Ер нь орчин цэвэр бол тархи цэвэр шүү дээ” хэмээн ярилаа.

Түүний хэлсэнтэй би санал нэгдлээ. Үнэхээр тухайн хүний эргэн тойрон дахь орчин цэвэрхэн байж чадвал тархи ч цэвэр, аливааг шүүн тунгаах чадвартай байна гэсэн үг. Харин орчин ямар байна тэр хэрээрээ тархи сэтгэнэ. “Могул таун”-д байрлах тус клубийн орчин үнэхээр цэвэрхэн. Тав тухтай. Энэ тав тухтай, цэвэр цэмцгэр байдлыг гэргий нь бүрэн хариуцдаг. Хүүхдүүд ч суралцаад эхлэхээрээ аяндаа эмх цэгцтэй болдог гэнэ. 

 Улсын аваргад 10 дахиа түрүүлэх зорилго 

Шинээ албан ёсоор зодог тайлаагүй. Өөрөөр хэлбэл, тамирчин дасгалжуулагч гэсэн үг. Тэгвэл түүний зорилго улсдаа 10 дахиа түрүүлэх. Гэхдээ энэ нь ойрын үед биш. Нэг боломжтой, эгзэг нь таарсан үед улсын аваргадаа оролцож 10 дахь түрүүгээ авч, албан ёсоор бээлийгээ тайлах төлөвлөгөөтэй байгаагаа ярилаа. 

Үүнээс өмнө клубээ цэгцлэхээс эхлээд түүнд ажил мундахгүй их. “Papa coach”-д одоогоор хоёр ээлжээр 30 орчим хүүхэд боксын спортоор хичээллэж байгаа бөгөөд өсвөрийн улсын аваргаас нэг шавь нь хүрэл медаль хүртэж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртжээ. Түүнээс гадна ирээдүйтэй дөрвөөс таван хүүхэд бий гэнэ. Н.Шинэбаярын туйлын зорилго бол хүүгийнхээ дасгалжуулагч болж, өөрийнхөө хүрээгүй амжилтад хүргэх аж. Энэ тухай ярихдаа “Хүүгээ Мөнх-Эрдэнэ ахын клубт бэлт­гэл хийлгүүлж байгаа. Өөрөө ажиг­лаж, зарим зүйл дээр нь зөвлөж явна. Зам дардан байхгүй. Гэхдээ хүүхдээ мэргэжлийн тамирчин болгоно. Энэ бол мөрөөдөл биш зорилго юм. 10 жилийн дараа харагдах байх. Би бол харам­сахааргүй л тулалдсан. Рингэнд гарахдаа харамсахаар тулаан хийж байгаагүй. Үзэж, харснаа хэн нэгэн тамирчин дээр туршиж, тухайн тамирчны туулах замыг богиносгохыг хүсэж байгаа. Тэр нь миний хүү” гэв. Шинээ дасгалжуулагч хүүгийнхээ тухай яриагаараа дамжуулан эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ үнэнч дэмжигч, сонсогч, зөвлөгч байхыг хүсэж байгаа юм. “Papa coach” боксын клубт бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийн эцэг, эх сургалтын явцтай танилцдаг гэнэ. Шинээ дасгалжуулагч ч эцэг, эхчүүдээс үүнийг хүсдэг аж. Түүний хүсэлтийг эцэг, эхчүүд уухайлан дэмждэг бөгөөд сард нэг удаа бэлтгэлийн явц, клубийн орчин, тохижилттой танилцдаг байна. 


Тэр хэрээр үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байдаг. “Papa coach” дээр “Алдар”-ын Х.Уянга, шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Бат­сүрэн нар ажилладаг гэнэ. Түүнч­лэн олимпын аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэр­дамба, олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер М.Нан­дин-Эрдэнэ тэргүүтэй Мон­голын шилдгүүд хааяа бэлтгэл хийж, Шинээ дасгалжуулагчийн шавь нартай мэдлэг туршлагаасаа хуваалцдагт тус клубийн өсвө­рийн­хөн ам сайтай байлаа. 

Өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэхийн тулд 10-15 жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Жилд дунджаар 800-1200 цагийн бэлтгэл хийлгэсний үндсэн дээр жинхэнэ бэлтгэгдсэн шилдэг тамирчин төрүүлж байна. Тиймээс зөвхөн клубт элсэж буй хүүхдийн төлбөрөөр үйл ажиллагаа тогтвортой явуулна гэдэг хэцүү. Ашиг олох бус үнэт зүйл бий болгох зорилготой учраас түүнтэй санаа нийлсэн хүн ивээн тэтгэж, “Papa coach” боксын клубийг байгуулсан аж. Тэрбээр сошиал хуудсыг идэвхтэй ашигладаг нэгэн бөгөөд удахгүй инстаграммаар дамжуулан боксын хичээл заахаар зэхэж байгаагаа дуулгалаа. Онлайнаар боксын хичээл заалгахыг хүсвэл “Papa coach”-ийн инстаграммыг дагахыг уриалсан юм. 


 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн №044/24525

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө