Нийтийн тээвэр халаалтгүй байна


Иргэд олон нийттэй харилцах 11-11 төв ачаалал ихтэй ажиллаж байна. Ерөнхий сайдын Ажлын албаны дэргэдэх тус төвд олон нийт санал, хүсэлтээ илгээж, шийдвэрлүүлдэг билээ. Ирэх оноос ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед ипотекийн зээл төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх санал иргэдээс ирсээр байна. Жишээлбэл, иргэн Б.Барсболд “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах санал тавьжээ. Цалин, хөлс нэмэгдээгүй байгаа учраас иргэд төлөхөд хүндрэлтэй байна. Миний саналыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү” хэмээн учирлажээ.

Энэ даваа гаргаас нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таваншарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л  явуулж эхэлсэн.  Үүнтэй холбогдуулан иргэд тус тусын санал, хүсэлтээ ирүүлсээр байна. Тухайлбал,  иргэн Ч.Очирбат “Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих нь  цагаа олоогүй шийдвэр боллоо. Замын ачаалал маш их байдаг өвлийн улиралд бусад эгнээ, авто замын асуудлаа шийдээгүй нь  ачаалал үүсгэж байна. Тиймээс шийдвэрээ эргэн харах эсвэл ямар нэг зохицуулалт хийж өгнө үү. Үүнийг холбогдох газарт нь уламжилж өгнө үү” гэсэн санал илгээсэн байна. Гэтэл иргэн Н.Энхтуяа “Нисэхийн эцсээс Офицеруудын ордон  хүртэл нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчихоор холбогдох байгууллага нь арга хэмжээ авч өгөх хэрэгтэй байна. Одоогийн байдлаар баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хооронд нэгдүгээр эгнээгээр автобус зорчиж байна. Миний саналыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү”  хэмээн хүсэлт гаргасан байна. Түүнчлэн нийтийн тээвэр халаалтгүй, хүйтэн байгаа талаар иргэд гомдол гаргасаар байна. Иргэн Н.Сарантуяа “Нийтийн тээврийн автобус халаалтгүй байна. Иймд тэдгээр тээврийн автобусуудыг дулаан тав тухтай байлгах нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Гадаа удаан зогсож, даарч суухад огт халаалтгүй байгаа нь маш хүндрэлтэй байна. Миний гомдлыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү” хэмээн гомдол ирүүлжээ.

Мөн Сүхбаатарын талбайн нийтийн бие засах газартай холбоотой шүүмжлэл ч иржээ. Иргэн Т.Энхбаатар “Сүхбаатарын талбайн урдах нийтийн бие засах газарт бие засахаар хаалгаар ортол маш муухай өмхий үнэртэй бөөлжис цутгам байсан.  Үйлчлэгчид энэ тухайн хэлэхэд тоосонгүй. Иймд агааржуулах хоолойгоо засаж янзлахыг шаардаж байна. Мөн 13-14 цагийн хоорондох “цайны цаг”-ийг болиулж, ээлжийн хуваарьт оруулж үйлчлүүлэгчдийг хүндэтгэх нь зүйтэй” хэмээн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан хаяглажээ.

 

Тээврийн үнэ ханшийг тээвэрлүүлэгч, тээвэрлэгч нар гэрээгээр тогтооно

Ингээд өнгөрсөн өдрүүдэд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг хүргэе.

Шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс  нөхөж хөнгөлнө

САНАЛ - 000329596

Шөнийн цахилгааны хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг үнэн зөвөөр олон нийтийн сүлжээгээр мэдээлж өгнө үү.

*Эрчим хүчний зохицуулах хороо:

-Шөнийн тарифыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөж хөнгөлөх шийдвэр гарсан бөгөөд түгээлтийн компаниудад энэ чиглэлийн үүрэг даалгавар өгсөн болно.


Тэтгэврээ 24 сараар авмаар байна

САНАЛ - 000329726

Булган аймгийн Булган сумын өндөр настан байна. Би тэтгэврийнхээ мөнгийг эргэлдүүлж, гоо сайхны барааны худалдаа эрхэлдэг. Тэтгэврийн зээлийг 24 сараар олгож өгөөч гэж хүсэж байна. Миний саналыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.

*Сангийн яам:

-Таны гаргасан асуудлынхаа талаар Монгол банканд хандах нь зүйтэй байна.


Ипотекийн  зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан

ХҮСЭЛТ - 000329460

Төрийн банк “Ипотекийн зээл хойшилсон хугацаанд хуримтлагдсан хүү бодогдсон байна төл” гэж байна.  Засгийн газар, Монгол банк нь ямар ч хүү төлбөргүй зээл хойшилж байгаа гэж тухайн үед мэдэгдэж байсан. Зээл хойшлуулах хүсэлтээ тухай бүр нь гаргаж байсан. Энэ ямар учиртай хуримтлагдсан хүү вэ, тодруулж өгнө үү. Бусад банк хуримтлагдсан хүүний асуудал байхгүй гэх юм.

*Сангийн яам:

-Цар тахлын хуулийн дагуу ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан. Таны гаргасан санал нь арилжааны банктай байгуулсан гэрээгээр зохицуулагдахаар байгаа тул Төрийн банканд хандах нь зүйтэй.


Ахмад дайчдад орон сууц эсхүл түүнтэй тэнцэхүйц мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгосон

ХҮСЭЛТ - 000328911

Манай өвөө Д.Лувсан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан.  2006 онд нас барсан юм. Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдад тухайн үед байр орон сууц болон мөнгөн тусламжийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байсан. Өвөөгийн эл асуудлыг хөөцөлдөх гэж байгаа тул энэ талаар мэдээлэл өгнө үү.

*Батлан хамгаалах яам:

-2022 оны  арванхоёрдугаар сарын 5-ны өдөр утсаар холбогдож дараах тайлбарыг өгсөн. Үүнд таны өвөө 2006 онд нас барсан байна. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигаар тухайн үед амьд сэрүүн байсан “Байлдаанд оролцсон” үнэмлэхтэй ахмад дайчдад орон сууц, эсхүл түүнтэй тэнцэхүйц мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох ажлыг зохион байгуулж 2013 онд дуусгавар болсон. Уг зарлигт нас барсан ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдэд нөхөн олгох тухай заалт тусгагдаагүй тул  хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн.


30 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

ГОМДОЛ - 000328414

Налайх дүүргийн  "Хөлөг Налайх" хоршоо Налайхын Засаг даргын захирамжийн дагуу гэрээтэй ажилладаг. Налайх руу Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн унаа явуулдаг. Тэрэлжийн пост нь орж гарах болгонд 1000 төгрөг авч байна. Бид хувь хүмүүс биш нийтийн үйл ажиллагаа явуулдаг компани тул энэ постод мөнгө өгмөөргүй байна. Уг төлбөрийг жолоочоос байнга авдаг. Энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.

*Зам, тээврийн хөгжлийн яам:

-V, VI хороонд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд "ЗТХТ" ТӨҮГ-т Нийгмийн даатгалын  талаарх албан хүсэлтээ өгч, 30 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.


"Чингис хаан” музейн үзвэрийн танилцуулгыг монгол, англи хэл дээр оруулмаар байна

ХҮСЭЛТ - 000327483

Би аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг. "Чингис хаан” музейг нээгээд удаагүй байна. Ирэх жилээс жуулчдын тоо нэмэгдэнэ. Тиймээс бид одооноос аяллын маршрут танилцуулгаа бэлтгэж мэдээллээ хүргэж байна. Гэтэл "Чингис хаан” музейн тарааж байгаа танилцуулга дээрх веб сайт нь ажиллахгүй байсан. Тодруулж асуухад танилцуулга дээрхээс өөрчлөгдсөн гэж байна. Веб хуудас дээр нь музейн давхруудад ямар үзвэр, үйлчилгээ байгаа талаар мэдээлэл дутуу байна. Ядаж эхний ээлжид хэдэн давхарт ямар үзвэр байгаа, ямар үзвэрүүдтэй танилцаж болох талаар монгол, англи хэл дээр оруулах хэрэгтэй байна. Аялал жуулчлалын компаниуд жуулчдаа авч очихын тулд танилцуулга, мэдээлэл өгөх хэрэгтэй байхад шаардлагатай мэдээллээ нээлттэй тавиагүй байна. Үүнд анхаарч, энэ мэдээллийг цахим хуудастаа яаралтай оруулж шинэчилж өгнө үү. Музейн ажилтанд энэ талаараа утсаар хэлтэл урдаас шинэчлэл хийх талаар ярих биш зүгээр тайлбар тавиад байна. Холбогдох байгууллагад нь уламжилж шийдвэрлэж өгнө үү.

*Соёлын яам:

-Музейн вэб сайтын талаарх мэдээлэл, тайлбарыг иргэнд өглөө.


Тэтгэмжийг  хуваарийн дагуу шилжүүлнэ

ГОМДОЛ - 000330115

2022 оны аравдугаар сарын 1-нд ажлаас халагдах өргөдөл өгсөн. Аравдугаар сарын 13-нд тушаал гараад ажлаас халагдсаны тэтгэмж авах хүсэлтээ өгсөн боловч эхний тэтгэмж цаг хугацаандаа орсон. Арванхоёрдугаар сарын 2-нд орох ёстой тэтгэмж орохгүй байна. Хэзээ орох талаар тодорхой мэдээлэл авмаар байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлэж өгнө үү.

*Нийгмийн даатгалын ерөнхий газар:

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэмжийн задаргааг өгсөн. Мөн тэтгэмж хуваарилалтын дагуу арванхоёрдугаар сарын 9-нөөс шилжих болсон тул хаав.


Ачаа тээвэрлэлт нь зах зээлийн зарчмаар явагддаг

ГОМДОЛ - 000330216

Би Өмнөговь аймгийн Цагаанхадны боомтын газарт түрээсээр том ачааны автомашин явуулдаг иргэн байна. Засгийн газрын “Нүүрс тээвэрлэлтийг хамгийн хямд тээврийн хөлсөөр явах компаниар тус тээвэрлэлтийг хийлгэнэ” гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байна. Яг одоогийн мөрдөж байгаа журмаараа тээвэрлэлтийг явуулж өгнө үү.

*Зам, тээврийн хөгжлийн яам:

-Автотээврийн тухай хууль болон Иргэний хуулийн дагуу ачаа тээвэрлэлт нь зах зээлийн зарчмаар явагддаг ажил үйлчилгээ. Тиймээс тээвэрлэлтийн үнэ ханшийг төрөөс тогтоох, зохицуулах боломжгүй юм. Тээврийн үнэ ханшийг тээвэрлүүлэгч, тээвэрлэгчид гэрээгээр тогтооно.

Н.Энхлэн 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 11 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 21 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16