Сурагчдын амралт дуусах дөхсөн ч хүүхэд, багачууд амралтаараа юу үзэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж болох тухай эрэлхийлсээр байгаа. Зөвхөн сурагчдын амралт гэлтгүй долоо хоногийн амралтын өдрүүдийг ч анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх газруудыг олон нийтэд сурталчлах нь бидний зорилго юм. Өмнөх дугаартаа “Мишээл” дэх гүйлтийн цанын бааз, Одон орон судлалын хүрээлэнгийн дэргэдэх Астропаркаас сурвалжилга бэлтгэсэн. Харин энэ удаа яруу найрагч, эрдэм шинжилгээний ажилтан Б.Бүргэдийн байгуулсан “Гэр” номын санд зочиллоо. Энэхүү хүүхдийн урлангийн гол зорилго нь бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, монгол ахуй, соёлыг сурталчлах, “Сошиал солиорол”-оос тэднийг хамгаалахад оршиж байгаа гэнэ.
Оюунлаг гэр бүл
Б.Бүргэд яруу найрагч, эрдэм шинжилгээний ажилтан, орчуулагч мэргэжилтэй. Харин гэргий Ц.Дэгмүү нь хэл уран зохиолын багш, орчуулагч. Тэдний Монгол дахь амьдралын түүх 2004 оноос эхлэлтэй. Тухайн жилд хэл, уран зохиолын чиглэлээр магистр хамгаалахаар анх удаа Монголд хөл тавьжээ. Ижил сонирхолтой байсан нь тэднийг танилцуулж, гал голомтоо бадраан хамтын амьдралаа эхлүүлэх гол шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй. БНХАУ-ын баруун хязгаарт орших Хөхнуур мужийн Дээд монгол Б.Бүргэд, Ц.Дэгмүү нар 2006 онд магистрын зэрэг хамгаалж, сургуулиа төгссөн цагаасаа юу хийхээ ярилцдаг байжээ. Хамтын амьдралаа эхлүүлснээс хойш 10 жилийн дараа буюу 2017 онд “Гэр” урланг байгуулсан бөгөөд гэр бүл тогтвортой байх үүднээс ийм нэр хайрлажээ.
Гэрийн эзэн Б.Бүргэд Дээд Монголын Хөрлөг хошуунд төрж, өссөн жирийн малчны хүү юм. Тэд гурван жилийн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар албан ёсоор Монгол Улсын иргэн болсон түүхтэй. Б.Бүргэд Монголын уран зохиолын 60 гаруй номыг монгол бичигт хөрвүүлж, Дээд Монголын 40 орчим номыг кирилл үсэгт буулган хэвлүүлжээ. Мөн 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээл эрхлэн гаргасан байна.
Хоосон заалнаас 2000 номтой номын сан бий болсон нь
Энэ бол бизнес биш. Харин хүүхдүүдийн бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, тэдэнд урам зориг өгөх, сэтгэл санааг дэмжих, компьютер, гар утасны хэт хэрэглээг багасгах зэрэг олон талт үйл ажиллагаа нь бидний сурвалжилгын зорилго, агуулгад нийцсэн учраас “Гэр” кофе шоп, номын сан, урланг онцолж байгаа юм. Хотын баруун бүсэд хүүхэд, багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар бараг байхгүй гэхэд буруудахгүй. Ахлах ангийн сурагчид хааяа зааланд хөлсөө гаргахыг эс тооцвол чөлөөт цаг өнгөрүүлэх газар үгүй. Адаглаад анги хамт олноороо бөөгнөрч хичээлээ давтах, даалгавар хийх тав тухтай газар ч байдаггүй нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлын нэг. Харин дэн буудал, PC тоглоомын газар, бар, караоке элбэг. Хүйтэнд ч, халуунд ч энд тэндхийн булан тохойд бөөгнөрөх сурагчдын дүр төрхийг харсан тэд юу хийвэл хүүхдүүдийн хийцгүйрлийг арилгаж чадах вэ гэж бодож. Ингээд багагүй хугацаанд бодсоны эцэст 2018 онд “Гэр” номын санг байгуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Цамбагарав” төвийн хойно орших гурван давхар хоосон байшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хоосон заалыг тохижуулахын тулд тэд нөөц бололцоогоо дайчилжээ. Байрны засвар, тохижилт, ширээ, сандлаас эхлээд бүгдийг нь хувиараа хийсэн байна. Ширхэг хадаасанд ч тэдний хөлс, хөдөлмөр шингэсэн түүхтэй. Үүсгэн байгуулагч Б.Бүргэд хувийн цуглуулга дахь 2000 гаруй номоо олон нийттэй хуваалцах зорилгоор номын санд байршуулжээ. Үүнээс гадна зохиолчид тус номын сангийн үйл ажиллагааг дэмжин номоо хандивладаг байна. Танин мэдэхүй, шинжлэх ухаан, хүүхдийн, уран зохиол, эрдэм шинжилгээ, судалгааны ном гээд л төрөл төрлөөрөө байна. Байгуулагдсан цагаасаа л олон нийтийг номд дурлуулахын тулд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, номын зохиолчийн уулзалт хүртэл зохион байгуулдаг нь иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Долоон жил орчим хугацаанд уйгагүй зүтгэсэн тэдний хичээл зүтгэл талаар болсонгүй. Өнөөдөр тус номын сан тогтмол үйлчлүүлэгчтэй болсон гэнэ.
Өглөө онгойхтой зэрэгцээд эхний үйлчлүүлэгч ордог бөгөөд хэрэгтэй номоо чимээгүй орчинд уншиж дуусгаад гардаг аж. Зарим нь бүр тэмдэглэл хөтөлдөг тухай Б.Бүргэд ярилаа. Тэрбээр “Манай уншигчид ганц нэгээрээ орж ирвэл нэг буланг эзэлж аваад л ном унших, тэмдэглэх дайралтаа эхлүүлдэг. Заримдаа хүүхдүүд ангиараа орж ирээд бие даалт, даалгавраа хийчихээд гараад явна. Цагийг үр бүтээлтэй ашиглаж байгаа хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй баяр төрдөг. Анх эхлүүлсэн зорилго маань үр дүнд хүрч байгааг харах сайхан” гэв. Номын сан таван жилийн хугацаанд үнэ төлбөргүй байсан ч сүүлийн хоёр жилд бага зэргийн хураамж авч эхэлжээ. Нэг цаг суухад 500 төгрөг хураалгадаг. Үүнийгээ тайлбарлахдаа “Үнэгүй болохоор хүүхдүүд орж ирээд хийцгүйрэх юм. Өөрөө юу ч хийхгүй хэрнээ бусдад саад болох нь элбэг. Тиймээс бага зэрэг хураамж авах санаа төрсөн. Одоо бол яг ном унших хүсэлтэй, хичээлээ хийх сонирхолтой хүүхдүүд, тэр хавийн оршин суугчид л орж ирдэг болсон. Тэд яг хийе гэснээ амжуулаад гардаг. Өөр зүйлд сатаардаггүй” гэв. Номын санд бяцхан кофе шоп ажиллаж байна. Өөрсдөө хийдэг жигнэмэг нь амттай, кофе нь хямд. Хүүхдүүдийн эрүүл мэндийг бодож хийжүүлсэн бүтээгдэхүүн зардаггүй.
Ер нь тэдний бүх үйл ажиллагаа хүүхэд рүү чиглэсэн гэхэд хилсдэхгүй. Үүний нэг жишээ нь хүүхдүүд рүү чиглэсэн монгол ахуй, соёлыг таниулах өдөрлөг. Энэ талаар Б.Бүргэд “Одоогийн хүүхдүүд, бидний ирээдүй монгол ахуй, соёлоо мартаж байх шиг. Энэ нь сошиал хэрэглээтэй холбоотой. Харин би үүнийг мартуулахгүйн тулд номын сандаа босоо монгол бичиг өлгөхөөс гадна өв соёлыг сурталчлах бяцхан булан нээсэн. Хүүхдүүд ч их сонирхож байгаа. Адаглаад хичээл хийж байгаад түр амрахдаа шагайгаар нааддаг” гэлээ.
“Гэр” номын санг дүрсэлбэл...
Гурван давхар байшингийн хоёрдугаар давхар нь тэр чигээрээ номын сан. Үүдээр оронгуут мэдээллийн самбар байх бөгөөд “Хуучин ном хандивлахад хоёр цаг үнэгүй суух эрх, эсвэл кофе үнэгүй авах эрхтэй” гэсэн зарлал байх аж. Үүдний хэсэгт байрлах жижиг буйдан бас анхаарал татна. Мөн сүүний хаягдал хайрцаг ашиглан хийсэн бяцхан хүүхдүүдийн бүтээлээр ханыг чимэглэжээ. Ширээ, сандал нь тэр чигээрээ гар хийцийнх. Нэг ёсондоо номын санг байгуулсан хүмүүс өөрсдөө хийсэн гэсэн үг. Тус номын санд нэг л стандарт бий. Тэр нь бүх ширээ сандал хүүхдэд зориулагдсан. Өөрөөр хэлбэл, өндөр, өргөн нь хүүхдийн биед таарахуйц. Номын сан дахь нэг өрөөнд Б.Бүргэд суух бөгөөд мөн чимээгүй орчин ном зохиолоо бичих сонирхолтой зохиолчид хааяа тус өрөөг “эзэгнэдэг” гэнэ.
Ер нь гэртээ байдаг шиг тухтай байлгахын тулд үйлчлүүлэгч нараа боломжтой бүхнээр нь хангаж, ая тухыг мэдрүүлэхийг эрхэмлэдэг аж. Хамгийн гол нь энд интернэт байхгүй. Интернэтгүй орчин учраас өөр зүйлд сатаарахгүй. Энэ бол тэдний давуу тал. Үйлчлүүлэгч нарт зориулсан кофе шоп нэг буланг нь эзэлнэ. Эндээс хүйтэн ундаа, ус, халуун цай, кофе, амтат жигнэмэг авах боломжтой. Өрөөний доторх тохижилтоос хамааран бүх ном нэг дор биш энд тэнд байрлуулжээ. Товчхон дүрсэлбэл нэг иймэрхүү. Номын санг бүх насныханд зориулсан. Гэхдээ нийт үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь сурагчид. Тэдэнд ийм тав тухтай орчинд олуулаа хичээл хийх, ном уншихад таатай санагддаг гэнэ.
Хүүхдийн урлангаас эхлэлтэй номын сан
Б.Бүргэд, Ц.Дэгмүү нар хүүхэд хөгжүүлэх гарц хайж байгаад урлан байгуулах санааг олжээ. Ц.Дэгмүү орчуулга хийхээс гадна багаасаа л зурах авьяастай, гарын доорх материал ашиглан янз бүрийн зүйл хийх дуртай байж. Энэ нь хожим амьдралд хэрэг болно гэж хэн санах билээ. Сурсан зүйлээ бусадтай, тэр тусмаа хүүхдийн хөгжилд зориулах нь түүний хувьд жаргал гэлтэй. Тэдний амьдарч буй орчин хүн ам ихтэй ч хүүхэд хөгжүүлэх төв байдаггүй. Дээрээс нь өөрийнхөө хүүхдүүдээс жишээ авч энэхүү төвөө байгуулсан тухай “Гэр” урланг удирдан явуулдаг Ц.Дэгмүү ярьж байна. Хүүхдүүдээсээ урам авсан тэрбээр урлангаа анх нээхэд ганцхан хүүхэд хамрагджээ. Ганцхан хүүхэдтэй таван сар үйл ажиллагаа явуулж байсан “Гэр” урлан өнөөдөр зуу, зуун хүүхдийн авьяасыг нээж, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлж байна.
Хамгийн сонирхолтой нь хүүхдүүдийг зөвхөн цаасан дээр зурахаар хязгаарладаггүй. Хана, ширээн дээр хүртэл зуруулдаг. Бас хаягдал бөглөө, сүүний хайрцаг, өндөгний хаягдал картон цаас зэргийг ашиглан хүссэн бүтээлийг нь хийлгэдэг гэнэ. Бүр хүүхдийн дотоод ертөнцийг нээхийн тулд ханан дээр зураг зурахыг хүртэл зөвшөөрдөг аж. Хэсэг хугацааны дараа гэхэд тухайн урлангийн хана битүү зургаар дүүрсэн байх бөгөөд дараа нь Б.Бүргэд, Ц.Дэгмүү нар цэвэрлэж, дахиад л цав цагаан хана бий болгоно. Төд удалгүй өнөөх цагаан хана буцаад л элдэв маягийн зургаар дүүрсэн байх аж. Зурсан зураг бүр нь өгүүлэмжтэй, зарим зүгээр л сараачиж орхидог. Энэ бүхнээс хүүхдийн дотоод ертөнцийг мэдэж болдог тухай Ц.Дэгмүү ярилаа. Тэрбээр “Хүүхдүүд анхандаа маш айдастай ирдэг.
Харин би тухайн хүүхдүүдийн багш бус эгч нь, найз нь байхыг эрмэлздэг болсон. Хүүхдүүд дотроо маш их нууцтай, бас айдастайгаар манай урланд ирж байна. Урланд яваад хэсэг хугацаа өнгөрсний дараа надтай ойр дотно болж, бараг аав, ээждээ ярьдаггүй нууцаасаа хуваалцдаг, зөвлөдөг. Тэдний ертөнц маш эмзэг учраас би яриаг нь дуустал сонсоно. Заримдаа хийж буй үйлдэл, зурж буй зургаар нь дотоод ертөнцийг нь мэдрэхийг хичээнэ. Хүүхэд хийхийг хүсэхгүй, дургүй зүйлээ хэлж чадаж байж айдсаа давдаг. Би ч хүүхдэдээ үүнийг хэлдэг. Хэдийгээр хана, битүү зураг болж байгаа ч хүүхдүүдийн сэтгэлийн илэрхийлэл юм” гэв.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/