“Гоё айл” телевизийн нэвтрүүлгийг санаачлагч, “Ширээ засах урлаг” номоо хэвлүүлсэн Б.Нармандахтай ярилцлаа. UBS телевизийн санхүү эрхэлсэн захирал тэрбээр “Зүүдний ханхүү”, “Тэр намайг дурсдаг болов уу”, “Нулимсаа арч охин минь”, “Чамайг мартаагүй”, “Зүрх минь тэмүүлнэ” дууны шүлгийг бичжээ.
-Эмх цэгцтэй амьдралын хэв маяг, чамин эдлэлд дуртай эзэгтэй нар тантай эчнээ танил. Цахим хуудастаа нийтэлсэн ширээ засалтын зургуудаас олон хүн санаа авдаг байх. Энэ цаг үед трэнд болж буй ширээ засах урлагт хэдийнээс татагдах болов?
-Хүн хэдий өөр салбар сонгосон ч багын хүсэл мөрөөдлөө орхидоггүй гэж үнэн бололтой. Уран бүтээлээс хол мэргэжилтэй боловч интерьер дизайн сонирхогч. Цахим сүлжээ хөгжөөд, шинэ санааны эрэл хайгуул хийхэд амар болжээ. Инстаграм, ютуб, пинтерестээс айл гэрийн интерьертэй холбоотой зураг үзэж, аккаунтуудыг дагадаг. Орчин үеийн интерьерийн салшгүй хэсэг бол ширээ засалт. Гэрийн тохижилтоос ширээ засалт руу хүчтэй татагдаж, хоббигоо болгосон. Ширээ засах урлаг ч гэж ярьдаг. Цахим сүлжээнээс харсан зургуудаа дуурайж ширээ засаж эхэлсэн. Би хоол хийхдээ тааруу учраас гоё ширээ засаж, дутуугаа нөхдөг.
-Сайхан зассан ширээ хоолыг амттай болгодогтой санал нийлнэ. Мөн зочдын сэтгэлийг сэргээж, уулзалтын сэдвийг баяжуулдаг болов уу?
-Ширээ засалтын түүхийг судлахад эртний Грек, Ромыг эс тооцвол XVII, XVIII зууны Европын язгууртнуудын дунд түгэн дэлгэрсэн. Язгууртнууд хөрөнгө чинээгээ гайхуулахын зэрэгцээ өдөр тутмын амьдралын хэв маяг, бодит ертөнцөөс зугтаж өөр орчинд зассан ширээ, эд хэрэглэлээрээ дамжуулан очихыг хүссэн байдаг. Гоё зассан ширээнд суусан хүн тэр орчноо, тэр өдрийг онцгой гэдгийг мэдэрч, мартагдашгүй дурсамж үлдээнэ. Ширээ засалтыг хоолны өмнөх хоол гэж хэлэх дуртай. Хоолноос өмнө ширээний уур амьсгалаар зочид хөглөгддөг. Гоё ваар, аяга, тавагнаас л хүүхнүүдийн яриа эхэлнэ. Ширээгээ сэдэвчилж засвал тохиромжтой байдаг. Аяллын төлөвлөгөө гаргах бол ширээгээ дэлхийн бөмбөрцгүүдээр чимж болно.
-Ширээ засалтаар баяр бүрийг онцгой болгодог эд зүйл байдаг уу?
-Шинэ жил, Цагаан сар, Эмэгтэйчүүдийн баяр, гэр бүлийн гишүүдийн төрсөн өдрөөр сайхан хоол хийж, гоё ширээ засах гэж хүн бүр хичээдэг. Ширээний бүтээлэг, аяга таваг ямар ч өнгөтэйг сонгосон суурь тавгууд болон хундагаа ижил өнгөөр дагнахад зохимжтой харагддаг. Ширээ засахад ширээний төв хэсгийн чимэглэл чухал үүрэгтэй. Ширээн дээрх эд хэрэглэл засалтыг “амь оруулдаг”. Шинэ жилийн ширээг бялууны тавцан, Зул сарын утга агуулгатай, таваг, лааны гоёмсог суурь чимдэг. Баярын ширээгээ чимдэг эд зүйлсээ үр хүүхдэдээ уламжлуулахад нандин өв болно. Ахуйн хэрэглээгээс илүүтэй ээж аав, эмээ өвөөтэйгөө тэмдэглэсэн баярын өдрүүдийг мөнхөлсөн дурсамж шингэсэн өв юм.
-Цагаан сар хаяанд ирж хүмүүс шаазан, зэс, мөнгө, модон эдлэлээр дагнан ширээгээ засахаар төлөвлөж байгаа болов уу. Үндэсний онцлогтой ширээ засалтын тухай зөвлөгөө өгнө үү?
-Монголчууд Цагаан сарын баярын ширээндээ хамгийн их анхаардаг. Хэдийгээр нийтлэг идээ, ундаагаар засдаг ч айл бүрийн баярын ширээ ондоо. Япон, франц, орос айл болохыг ширээ засалтаас нь хараад таньж болдог. Өөрөөр хэлбэл, ширээ засалт бол соёл. Цагаан сар бол бидний уламжлал, өв соёлоо дээдэлсэн үндэсний баяр учраас домбо ширээг онцгой харагдуулдаг. Хүмүүс домбоны тухай “Сар шинээр л хэрэглээд бусад өдөр хураалттай байдаг” гэж ярьдаг л юм. Би зэс эдлэлд дуртай. Монгол айлын чимэг болсон идээний таваг, гүц, айрагны сөн, домбоо гэрийнхээ хойморт авдран дээрээ тавьж интерьерийн шийдэл болгосон. Хэдий орон сууцанд амьдардаг ч тэр булан манайхыг монгол айл гэж харагдуулдаг. Айл бүр домботой байгаасай гэж хүсдэг. Жил бүр домбо, идээний тавгаа солих боломжгүй учраас ширээний бүтээлгээ солиод үзээрэй. Сүүлийн үед эзэгтэй нар торгон, үндэсний хийцтэй ширээний бүтээлэг гол буюу раннераар гангардаг болжээ. “Торгоор раннер хийхээ болино уу. Айлд ортол дээлний өнгөөр минь ширээгээ бүтээсэн байх вий дээ” гэсэн хошигнол гарсан. Бэлгэдэл зүй талаасаа торго бол яах аргагүй дорнын соёл. Ширээний гол раннерыг торгоор хийхэд гоё харагддаг. Мөн үндэсний хээтэй шаазан аяга, тавгийг хослуулж байна. Үүний цаана монгол брэндүүдийн хөгжил харагдаж байгаа юм. Турк улсын аяга, тавагны бүрдлийг хүмүүс хэрэглэдэг. Хятадын гангар шаазангууд ч чамин харагддаг шүү.
-Аяга, таваг сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй вэ. Өнгө, дүрсний зохицол гээд байдаг уу?
-Үйлдвэрийн чанар нэгдүгээрт. Бид хүнсний бүтээгдэхүүндээ анхаардаг шигээ хоолны аяга, таваг, халбага сэрээгээ зөв сонгох хэрэгтэй. Хар тугалганы хольцгүй, эрүүл мэндэд ээлтэйг нь сонгоорой. Хэчнээн гоё хэрнээ хэдхэн угаалтын дараа хүрээ, хээ нь арилдаг, хагардаг, сэтэрдэг эдэлгээ даадаггүй бол онцгүй. Хоёрдугаарт, хэрэглэхэд хайр хүрдэг загвар, дизайн чухал. Гуравдугаарт, гэрийнхээ интерьер, бусад эд хэрэглэлтэй зохицох хэрэгтэй. Аяга, таваг зай эзэлдэг. Таалагдсан болгоноо авах санхүүгийн боломж, том орон байртай бол гоё. Гэтэл бидэнд тийм боломж хязгаарлагдмал. Тиймээс хольж хэрэглэж болно. Тунгалаг шилэн болон цагаан өнгийн суурь тавгийг бусад сэттэй холиход сайхан зохицдог. Энэ тал дээр франц бүсгүйчүүд тун мэдрэмжтэй. Инстаграмаас харахад франц бүсгүйчүүд ширээ засахдаа ч гаргууд. Цагаан өнгийн сэт ямар ч бүтээлэгтэй хосолдог. Үнэтэй сэтээ хадгалахдаа даавуугаар жийрэглэх зэргээр нандигнах хэрэгтэй.
-Ширээ засалтаар хоббирч байгаа сонирхол нэгтнүүддээ инстаграм, фэйсбүүк хуудсаараа “цахим сургалт өгөх” эмэгтэйчүүдийг санал болгоно уу?
-Өдөр бүр зочилдог цахим хуудас олон бий. Нүүр тулж уулзаагүй ч “Сарнайх” салоны Ү.Сарнайгийн инстаграмыг дагаж, суралцаж байна. Гайхалтай мэдрэмжтэй, ширээ засалтыг урлаг болгодог. Монголд ширээ засалтыг дэлгэрүүлж байгаа учраас Сарнай мастер гэж хувьдаа нэрлэдэг. Мөн жүжигчин Г.Ундармаа ширээ засалтын хоббитой. Донжтой ширээ засдаг. “On’n Off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа эгч, “Централ” телевизийн продюссер Дөлгөөн. “Өөрөөрөө” группийн Ц.Дулмаа, “Zulaa’s handmade”-ийн Наранзул нар инстаграмдаа сонирхолтой зураг оруулдаг. Гадаадын мастеруудыг дагаж болно. Гэхдээ хэн нэгнийг дуурайлгүй, гэр бүлийн аз жаргалтай агшин, халуун дулаан уур амьсгалыг бүтээхийг хичээгээрэй.
-Сүүлийн үед аль зүгийн ширээ засалт трэнд болж байна вэ?
-Интерьер дизайнд Скандинав маяг трэнд болж байна. Ширээ засалтад ч мөн адил. Керамик аяга, таваг хэрэглэнэ. Данийн ширээ засалтын мастерууд “Georg Jensen” брэндийнхээ лааны суурийг ёс юм шиг заавал ашигладаг. Үндэсний үйлдвэрлэлээ ингэж дэмжиж, сурталчилдаг байх. Яг л манай домбо шиг тэдний нэрийн хуудас болгосон. Гэтэл Латин Америкийн эзэгтэй нар хурц, тод өнгөтэй бидний хэлдгээр нүд эрээлжлэм бүтээлэг, чимэглэл хэрэглэдэг. Манайхан энгийн, минималист шинжийн ширээ засалттай. Монгол бүсгүйчүүдийн ширээ засах хэв маяг тогтож байна. Дэлхийн алдартай брэндүүдийг Азийн орнуудаас худалдан авахад учир дутагдалтай тал бий. Тухайлбал, Хятадад суурь таваг хэрэглэдэггүй учраас сэтэд оруулахгүй байх жишээтэй.
-Ширээ засахаас гадна сэтээ зөв байрлуулах хэрэгтэй. Эгнүүлж тавьсан сэрээнүүдийг хүмүүс тэр бүр ялгаж, зөв хэрэглэж чадахгүй шүү дээ?
-Засалтаас гадна хоолны хэрэгслийг зөв байрлуулах нь чухал. Хоёрдугаар хоол, шөлний, зуушны гээд таваг бүр өөр зориулалттай байдагтай адил. Хоолны, зуушны, загасны гээд сэрээ, халбага тусдаа байдаг. Монголчууд хилийн чинадад аялдаг, гаднын зочдыг эх орондоо урьж байна. Европын улс биш ч ширээний ард хооллох соёлыг эзэмших хэрэгтэй. Сайхан ширээ засаад бүтээлч хандсан ч сэрээгээ баруун гар талдаа тавибал “Эзэгтэй арай л болоогүй байна даа” гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Ер нь энэ чиглэлээр хоббироод ирэхээр уншиж судлаад анхны мэдлэгтэй болно. Зарим ресторанд ороход хутга, сэрээнийхээ байрлалыг буруу тавьсан байдаг. Тиймээс би ширээний хэрэгслийг зөв байрлуулах, хэрэглэх тухай зөвлөгөө номдоо оруулсан. Үүнээс гадна зөв хооллох тусдаа соёл байна. Салфетка хаана тавих уу, хажуугийн хүнтэйгээ хэрхэн ярих уу, гараа тохойгоороо тавих уу гээд том сэдэв байдаг. Энэ тухай “Ширээ засах урлаг” номдоо оруулаагүй.
-Эзэгтэй нарын гарын авлага болохуйц хэрэгтэй ном хэвлүүлжээ. “Ширээ засах урлаг” номоо хэвлүүлэх санаа хэрхэн төрөв?
-Үзэмжтэй ширээ засаж, гоё тавганд аягалсан хоолыг харахад л нүд баясна шүү дээ. Аяга, таваг цуглуулж, баярын онцлогийг шингээсэн ширээ засдаг болсон. Энэ нь ойр тойрныхонд минь таалагдаж, сонирхлоо гүнзгийрүүлж эхэллээ. Найз нөхөд, ах дүү нар ширээ засалтын зөвлөгөө хүсдэг. Зарим нь ном гаргаач гэж санал болгодог байв. Хоббигоо хөгжүүлээд судлах гэтэл монгол хэлээр унших ном, сэтгүүл байдаггүй. Ширээ засалтаар дагнасан гурван төрлийн ном АНУ-аас захиалж авсан. Хэдий цахим хуудсаас мэдээлэл авч, бага зэрэг мэдлэгтэй болсон ч ном хэрэгтэй. Хүн бүр англи хэлгүй, гаднынхны хэрэглэдэг аяга, таваг манай улсад тэр бүр байдаггүй. Тиймээс гэрийн эзэгтэй нарт, ширээ засалтыг сонирхдог монголчууддаа зориулаад номоо хэвлүүлсэн. Ширээ засах соёл манайд урлаг болтлоо хөгжөөсэй гэсэн сэтгэлээр бас Монголд анх удаа энэ сэдвээр дагнасан ном хэвлүүлж байгаа учраас “Ширээ засах урлаг” гэж нэрлэсэн. Зорьж хийсэн ажилдаа хайнга хандаж болохгүй. Номныхоо өмнөтгөлд “Зорин, зориглож гаргалаа” гэж бичсэн нь учиртай. Ном гаргана гэдэг сэтгэлийн хөөрлөөр хандах ажил биш юм билээ. Гэрт байсан аяга, тавагны цуглуулгаа нэмсэн. Энэ ном бол миний ойрын үеийн мэдрэмж, хэв маягийн илэрхийлэл. 65 төрлийн ширээ засалт багтаасан. Ингэхдээ аль болох олон өнгө, сэдэв, хэв маягийг харуулахыг хичээлээ. Гэрэл зурагчны ур чадвар муу учраас ширээгээ гутаах зураг дарах гээд байдаг гэмтэй. Тиймээс гэрэл зурагчин В.Цэнд-Аюуштай хамтран ажилласан. Ур чадвартай, мэдрэмжтэй зурагчин учраас зураг авалтын үеэр “Ингэвэл зүгээр” гэж харилцан зөвлөгөө өгдөг байв. Танай сониноор дамжуулан хамтран ажилласанд талархлаа дахин илэрхийлье. Зургаан байршилд зураг авсан. Уншигчдыг уйдаахгүй зурагтай, тайлбартай ном болсон. Ижил хоббитой хүмүүс, мастерууд минь өөрийн гэсэн номоо гаргаасай гэж хүсэн хүлээдэг.
-Интерьер дизайнаас хол мэргэжилтэй ч “Гоё айл” контентыг санаачилсан. Монголчууд тэр бүр нээлттэй хүмүүс биш. Зочдодоо санал тавихад хэрхэн хүлээж авдаг вэ?
-МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. UBS телевизийн санхүү эрхэлсэн захирлаар ажилладаг. Дунд сургуульдаа архитектор, дизайнер болох мөрөөдөлтэй байсан. Гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг дагаж эдийн засгийг сонгосон. Онц сурдаг учир аль ч сургуульд элсэх боломжтой байсан юм. UBS телевизэд ажилладаг давуу талаа ашиглаад интерьер дизайны нэвтрүүлэг бэлтгэлээ. “Гоё айл” нэвтрүүлэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Гэрээ өөрсдөө тохижуулсан залуус манай нэвтрүүлэгт оролцож, бусдадаа зөвлөгөө өгөхдөө цааргалдаггүй. Танай нэвтрүүлгээс санаа авч гэрээ тохижуулсан гэх сэтгэгдэлд урамшдаг. Би ном унших дур сонирхолдоо хөтлөгдөн “Номтой өрөө” нэвтрүүлгийг санаачилж байсан.
-Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн “Тэр намайг дурсдаг болов уу” дууны шүлгийг та бичжээ. Шүлгийн түүврээ ч ижил нэрээр хэвлүүлсэн байна.
-Шүлэг бичих дуртай болохоос яруу найрагч биш. Анх “Зүүдний ханхүү” шүлгээрээ дуу хийлгэсэн. Бичсэн шүлгээ бариад Л.Балхжав захирлын өрөөнд орохдоо “Тоохгүй бол яана” гэж эмээж байсан. Захирал намайг шүлэг бичдэгийг мэдэхгүй учир албан баримтад гарын үсэг зуруулах нь гэж бодсон юм билээ. Тэр оройдоо залгаад “Чиний шүлгэнд ая хийлээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дуулна” гэхэд итгэмээргүй санагдсан. Дараа нь “Тэр намайг дурсдаг болов уу”, “Нулимсаа арч охин минь”, “Чамайг мартаагүй”, “Зүрх минь тэмүүлнэ” гээд олон дууны шүлэг бичсэн. Хэрвээ би Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав захирлын удирдлагад ажиллаагүй бол дуутай болохгүй байсан. Намайг тоож, хамтран дуу хийсэнд баярлаж явдаг.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин