Ц.Чогсомжав: Улаанбаатараас шилжин ирэгсдэд Хэнтий аймаг нээлттэй


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын дөрөв дэх  салбар буюу  Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хэнтий аймаг ямар онцлох ажлууд хийж байгаа болон бусад цаг үеийн асуудлаар тус аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай ярилцлаа.

 

100 МОРИН ХУУРЧ, 100 УРТЫН ДУУЧИН БЭЛТГЭЖ БАЙНА

- “Алтангадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 100 жилийн үүх түүхтэй Хэнтий аймаг бол Халхын  ууган дөрвөн аймгийн нэг. Мэдээж 100 жилийн түүхэн ойгоо угтан томоохон ажлууд хэрэгжүүлж байгаа болов уу. Бэлтгэл ажлаа хэрхэн хийж буй талаар энэхүү ярилцлагаа эхлүүлье?

-Халхын дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймгийн суурин дээр Хан Хэнтий уулын аймаг маань 1923 онд байгуулагдаж, энэ онд 100 жилийн тэгш ойтойгоо золгож байна. Ойн бэлтгэл  ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж, 30 гаруй ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргасан. Аймгийн төвийн авто замыг шинэчлэх, гудамжны болон албан байгууллагуудын гаднах гэрэлтүүлэг, чимэглэлийг нэмэгдүүлэх, гудамж талбайг тохижуулах, 100 жилийн түүхийн ном, баримтат кино бүтээх, ойн нэрэмжит ногоон төгөл байгуулах, Төв цэнгэлдэх хүрээлэнгээ шинэчлэх ажлын хүрээнд дээвэр, суудал, хана, талбайн зүлэг, гүйлтийн замыг шинэчлэх, сур харвааны талбайг шинээр барих, цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын талбайг тохижуулах, авто зогсоолуудыг шинээр байгуулах ажлуудыг хийж байна. 100 морин хуурч, 100 уртын дуучин, морьтон бэлтгэх, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран хандивын тоглолт зохион байгуулах гэх мэт цөөнгүй ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

-Хэнтий  аймгийг  түүхэн  аялал  жуулчлалын  бүс болгоно гэж  Ерөнхий  сайд нэгэнтээ хэлж байсан. “Монголын  нууц товчоо”,  “Их хуралдай” цогцолборууд  100 жилийн ойгоор  ашиглалтад  орох уу?

-Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болохын хувьд Дэлгэрхаан суманд “Монголын нууц товчоо” цогцолбор, Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор, Норовлин суманд “Шихихутаг” цогцолбор, Батноров суманд “Тэнгэрийн андгай” цогцолборууд баригдаж байна. Мөн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр чиглэлийн, Өндөрхаан-Бэрх, Батноров, Норовлин чиглэлийн хатуу хучилттай замын ажлууд хийгдэж байна. Хан Хэнтий чуулгын барилгын ажил дуусах шатандаа явж байна. “Их хуралдай” цогцолбор, чуулгын барилгуудыг 100 жилийн ойн босгон дээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Шилжин ирэгсэд орон сууцны ипотекийн ГУРВАН хувийн зээлд хамрагдах боломжтой

 

-Монгол  Улсын  Засгийн газрын  хэрэгжүүлж  буй  Шинэ  сэргэлтийн  бодлогын  дөрөвдэх   хэсэгт буй  Хөдөөгийн  сэргэлтийн  талаар  ярилцъя гэж бодож байна.  Улаанбаатар  хотын  төвлөрлийг сааруулж,  хот  хөдөөгийн  тэнцвэрт  хөгжлийг  хангана  гэж  тусгасан  байна. Үүнийг  Засаг даргын хувьд  юу гэж  харж  байна  вэ?

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэлээс аймагт шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр Засгийн газрын шийдвэр гарч, аймаг маань нийт хүн амаа 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдаанаар “Нээлттэй Хэнтий аймаг” хөтөлбөрөө батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Орон сууцны дахин төлөвлөлтийг хийж, 100 гаруй айлын орон сууцыг барьж, Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хороолол байгуулах, аймгийн хэмжээнд 400 гаруй өмчлөлийн газрыг шилжин ирэх иргэдэд олгохоор төлөвлөөд байна. Төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг тооцож, удахгүй болох аймгийн иргэдийн Хурлаараа хэлэлцүүлэхээр зохион байгуулалтыг хийгээд байна. Хэнтий аймагт баригдаж байгаа түүхэн цогцолборуудыг томоохон аж ахуйн нэгжүүдэд менежментийн гэрээгээр хариуцуулж, түүнийг түшиглэсэн худалдаа үйлчилгээний байгууламжийн газрын асуудлыг шийдвэрлэх, ингэснээр орон нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлснээр тодорхой хэмжээнд нийслэлийн төвлөрөл саарна гэж ойлгож байна.

-Нийслэлийн  төвлөрлийг  багасгахын  тулд хөдөө, орон нутаг руу шилжигсдэд  улсаас  татварын  бодлогоор  төрөл бүрийн  хөнгөлөлт үзүүлнэ гэж байгаа.  Мөн хөдөө  амьдарч буй хүмүүсийг  ч дэмжинэ гэж яригдаж буй. Тэднийг тосоод авах, тогтоон барих  орон сууц, газар,  сургууль,  соёл, эмнэлэг  үйлчилгээ,  бизнесээ хийх зах зээл дутмагаас  орон нутагт тогтохгүй байна гэдэг. Хэнтий аймгийн хувьд байдал ямар байна вэ?

-Аймгийн төвд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 698 айлын орон сууц баригдаж байна. Шилжин ирэгсэд ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Дээр дурдсан гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 174 айлын орон сууцыг барьж, үүний 22 өрхөөс бусдыг шилжин ирэгсдийн хороолол болгохоор төлөвлөж байгаа. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургуулийн барилгыг шинээр болон өргөтгөн барьснаар ЕБС-д  суралцагчдын  анги дүүргэлт 26,6, СӨБ-ын бүлэг дүүргэлт 26,2 байгаа нь улсын дунджаас дөрвөөр бага байгаа учраас шилжин ирэгсдийн хүүхдийг сургах бүрэн боломж бий. Дутагдалтай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж  нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгаа гурав, дөрөвдүгээр  дамжааны оюутнуудын сургалтын төлбөрийг тус хөтөлбөрийн хүрээнд олгон аймагтаа ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн Нэгдсэн эмнэлэг, Сум дундын эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж байгаа учраас гуравдугаар шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагагүйгээр эмчилгээ, оношлогоонд хамрагдах боломж бүрдсэн. Соёлын салбарын хувьд музейн шинэ барилга ашиглалтад ороод байна. Одоогоор музейн үзүүлэг дэглэлтийн  ажлыг хийж байна. Үзмэрүүдийг байршуулах шилэн хорго зэргийг өнгөрсөн онд ашиглалтад орсон “Чингис хаан” музейн стандарттай дүйцэхүйц хэмжээнд гүйцэтгэж байгаагаараа онцлог гэдгийг энд цохон тэмдэглэе. Мөн тун удахгүй “Хан Хэнтий” чуулгын барилга ашиглалтад орно.


 Шилжин ирэгсдэд  ажлын байр, газар олгохоор төлөвлөөд байна

 

-Миний  үзэж  харснаар бол Хэнтий аймагт орон сууц цөөнгүй баригдаж байгаа юм билээ. Харин сумдад орон сууц барих боломж ямар байна?

-Өнгөрсөн 2022 онд 100 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Дээр дурдсанчлан хувийн хэвшлийнхэн аймгийн төвөөс гадна сумдад орон сууц барьж байгуулж байна. Бүх сумдыг инженерийн шугам сүлжээнд холбогдсон, үүрэн телефоны операторууд сум, тосгодод үйл ажиллагаагаа явуулж байгаа гээд давуу талууд манай аймагт багагүй бий. Мөн шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудын үнэ зах зээлийн үнээс хямд гэдгээрээ онцлог. Тухайлбал, Баян-Овоо суманд өнгөрсөн хоёрдугаар сард 1 м/кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй 30 айлын хоёр блок орон сууц ашиглалтад орсон. Мөн иргэдийг үнийн уян хатан нөхцөлтэй, зах зээлийн үнээс хямд орон сууцаар хангах зорилгоор “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ыг байгуулан 150 айлын таван блок орон сууц барьж байна. Эхний ээлжийн 60 айлын орон сууц ашиглалтад орж иргэд түлхүүрээ гардан авсан. Уг байрны нэг м/кв-ын үнэ 1.8 сая төгрөг.

-Өнгөрсөн  хугацаанд  Хэнтий аймагт Улаанбаатараас  шилжин  очоод  амжилттай  ажиллаж  амьдарч  буй гэр бүл, албан хаагчид,  бизнесменүүд  байгаа  юу. Байгаа  бол тэдний  үлгэр жишээг  манай уншигчдад  хэлж  болох уу, магадгүй хөдөө амьдрахаар  зэхэж  буй хэн нэгэнд тус болж магадгүй?

-Улаанбаатар хотоос шилжин ирээд аймагт маань шинээр ажлын байр бий болгож, бизнес эрхэлж байгаа залуус, иргэд нэлээд байна. Бид “Нээлттэй Хэнтий аймаг” хөтөлбөрийн хүрээнд цуврал нэвтрүүлгүүд сошиал болон мэдээллийн хэрэгслээр явуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд аймагт шилжин ирж ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг сурталчилсан контент, нэвтрүүлгүүдийг бэлтгэхээр төлөвлөөд байгаа.

-Таны ярианаас Хэнтий аймаг “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн  хүрээнд  байгаа боломжоо ашиглан цөөнгүй ажил хэрэгжүүлж байгаа гэж ойлголоо. Хэнтий аймаг бол нийслэлээс  300 гаруй км зайд оршдог,  дэд бүтэц сайтай аймаг. Улаанбаатарт амьдарч буй Хэнтий  нутгийн уугуул, эсвэл Хэнтийнх биш хэр нь амьдраад үзье гэсэн оргилуун хүсэлтэй залуус шилжин суурьшъя гээд холбогдвол та юу гэж хариулах вэ?

-Нэн шаардлагатай ажлын байрны судалгааг гаргаж байна. Ингэснээр тухайн ажлын байранд ажиллах боломжийг олгох, өмчлөлийн газрын 20 хувийг Улаанбаатар хотоос шилжин ирэгсдэд олгох гэх мэт ажиллаж амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэж хэлэх байна.

-Аймгийн  төвүүдийг бие  даасан хот болгож  хөгжүүлэх, төсвийн  орлогоо  бие даан бүрдүүлэх санхүү эдийн засгийн боломжийг нь  хангаж өгөх зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн байгаа. Энэ хэдий хугацаанд орон нутагт хэрэгжих боломжтой бол?

-Хэнтий аймгийн хувьд төсвөө өөрөө бүрдүүлдэг аймаг болохын тулд Бор-Өндөр хотод аж үйлдвэрийн парк байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулан эскпортод гаргаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгож, орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн аялал жуулчлалын цогцолборуудыг түшиглэсэн худалдаа үйлчилгээний газрууд, түр буудаллах цэгүүдийг бий болгосноор орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа гэж харж байгаа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

 Ж.НАМЖИЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22