Шил шилээ дарсан баяр ёслолын сарууд шувтарч, олон нийтийн улс төр, нийгмийн идэвх ч сэргэж байна. Өнгөрч буй долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал гэвэл Оюутолгойн гүний уурхайн нээлт байлаа. Оюунтолгойн нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг, ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн агуулга өндөртэй байдаг юм байна. Гүний уурхай ашиглалтад оруулснаар Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож эхлэв. Энэхүү гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд бүрэн ашиглалтад орсуулснаар манай улс олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэг болж, эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх том уурхай нээгдэж байгаа нь монголчуудын төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг ч татаж байлаа. Тодруулбал, энэ үйл явдлыг “Reuters”, “Bloomberg”, “Associated Press”, “The Times”, “Le Monde”, “South China Morning Post”, “The West Australian” зэрэг олон улсын 15 редакцын сэтгүүлчид сурвалжлахаар Монгол Улсад ирсэн байна.
Мөн өнгөрч буй долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх тодотголтой хэрэгт УИХ-ын зургаан гишүүн холбогдоод байгаа. Эдгээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал чуулганы хэлэлцэх чухал асуудлуудын нэг байх нь тодорхой. Мөн хаврын чуулган авлигатай холбоотой багц хуулийг хэлэлцэнэ. Тиймээс чуулганы танхимд халуухан маргаан мэтгэлцээн өрнөх нь дамжиггүй. Чуулганы нээлттэй давхцан Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөхөөр болов. Тиймээс МАН дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэн болох вэ гэдэг марафон ирэх өдрүүдэд өрнөх бололтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон янзын таамаг иргэдийн дунд үүсээд байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн мэдээлэл гарч, цахим орчинд багагүй шуугиан дэгдээж амжив.
Гэвч энэ мэдээлэл ор үндэслэлгүй худал гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэж няцаалт гаргалаа. Энэ мэдэгдэлд “Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, хараат бус, бие даасан байгууллага. Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог” хэмээн дурджээ. Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын санаачилсан "5Ш" ажиллгагааг хариуцах эздийг тодорхой болгож, төлөвлөгөө гарган, олон нийтэд танилцуулахыг үүрэг болголоо. "Шүүр" ажиллагаа, "Шилжүүлэн авах" ажиллагааг ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан, “Шилэн” ажиллагааг Н.Учрал сайд, “Шувуу” ажиллагааг Х.Нямбаатар сайд, “Шүгэл” ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо хариуцан ажиллахаар болсон байна. Мөн үүнээс гадна танил тал, хамаатан саднаараа дамжуулан ажилд орж, бусдын боломжийг хулгайлсан хүмүүсийг илрүүлэх чиглэлээр АТГ болон Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарчээ.
Төрийн алба данхгар том бүтэцтэй байгааг ч энэ хурлаар хөндөж ярилцсан бололтой. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон дэлхийн хөгжсөн улс орнуудын жишгийг авч үзвэл нийт ажиллах хүчнийхээ 15 хувьд төрийн албан хаагчид нь оногдож байвал зохимжтой хэмээн үздэг. Гэтэл манай улсын төрийн албан хаагчид ажиллах хүчний 18 орчим хувийг эзэлдэг юм байна. Төрийн албан хаагчдын тоог цөөлөхөөс гадна төрийн нэр барьж газрын наймаа хийдэг бүлэглэлүүдийн асуудлыг хөндөхөө Ерөнхий сайд үүгээр мэдэгдлээ. Тэрбээр нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулах үүрэг өгчээ. Эндээс харахад Улаанбаатар хотыг машин битгий хэл хүн багтах зайгүй болтол барилга барьсан газрын наймаачдын нэр гарч ирж томоохон албан тушаалтнууд хариуцлага хүлээх бололтой.
Өнгөрч буй долоо хоногт ээжийнхээ хамтран амьдрагч Э гэгч залууд зодуулж, хүчирхийлүүлэн хүнд гэмтсэн гурван настай хүүгийн асуудал цахим орчинд дэлгэгдэж Цагдаагийн Ерөнхий газраас энэ хэргийн талаар мэдээлэл өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой, олын сэтгэлийг эмзэглүүлсэн энэ хэрэг Засгийн газрын анхаарлыг ч мөн татаж байгаа бололтой. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гэр бүл, хүүхэд залуучуудын газар нь гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх, бодитой ажилладаг болох нөхцөлийг ойрын хугацаанд хангаж ажиллахыг үүрэг болгожээ.
Намрын чуулганы хаалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгч бүхлээр нь хориг тавьсан. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдоод анх удаагаа хуульд хориг тавьсан энэ. Энэ хоригийг УИХ хүлээж авах эсэх нь Ерөнхийлөгч болон эрх баригч намын хоорондын зөрчлийг илэрхийлнэ гэж улс төр сонирхогчид анхаарал тавин харж байлаа. Юутай ч Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авав.
Өнгөрч буй долоо хоногт улс төрийн намуудын амьдрал ч бас нам гүм өнгөрлөө. Харин УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ардын чуулган нэртэй 37 дахь нам байгуулахаар Улсын дээд шүүхэд дахин хүсэлтээ өгчээ. Ер нь сонгуулийн өмнө улс төрийн намуудын олноор мэндэлдэг. Ш.Сайхансамбуугийн хувьд “Үнэн ба зөв” намыг үүсгэн байгуулаад намаа "тэмцэгч" А.Отгонбаатарт бэлэглэж байсан түүхтэй. Тэрбээр нам байгуулах арвин туршлагатай учраас Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэхээс өмнө шинэ намаа бүртгүүлэхээр яарч байгаа бололтой.
Б.НҮҮДЭЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна