Авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх хаврын чуулган нээлтээ хийлээ


УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэллээ.  2022 оны намрын чуулган хоёр сар гаруйн өмнө өндөрлөсөн ч  УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй өрнөсөн гэж хэлж болно. Учир нь чуулган завсарлах хугацаанд хэд хэдэн томоохон үйл явдал өрнөсөн юм. Тухайлбал, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг нийтээрээ  хэлэлцэн тодорхойлох зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар өрнүүлж, хоёр дахь шатны “Зөвлөлдөж шийдье” уулзалтыг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн  800  гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр  Төрийн ордонд зохион байгуулсан.

 Түүнчлэн   Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хэлэлцүүлэг байдлаар гурван ч удаа өрнүүлсэн. Ингэснээр иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлэх үүднээс  хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн.  Ингэхдээ тэрбээр  “Энэ хаврын чуулган Авлигын эсрэг эрх зүйн шинэлчлэл хийсэн чуулган байх болно” хэмээн тодотгосон. Спикерийн хэлсэнчлэн энэ хаврын чуулганаар авлигатай холбоотой олон шийдэл, шийдвэр гаргахаар байгаа юм.  Учир нь  авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн. 

Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг багц хуулийг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална. Нөгөөтэйгүүр  нүүрсний хулгай тойрсон томоохон  шийдвэрүүдийг гаргахаар байгаа. Тухайлбал, одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байгаа учраас чуулганаар түүний асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг ч мөн өөрийн хүсэлтээр Ерөнхий сайд чөлөөлсөн. Орных нь хүнийг 14 хоногт багтаан томилох учиртай. Үүний зэрэгцээ АТГ-аас хамгийн сүүлд хийсэн мэдээллээр  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын   бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорт хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны намар нүүрсний хэргийн талаар шүгэл үлээснээр  өдгөө төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, давуу байдал олгосон  зэргээр авлигын шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа ид өрнөж байна. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 85 хүнийг яллагдагчаар татан шалгасан байдаг. Тэдгээрээс УИХ-ын зургаан ч гишүүний  бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд байгаа юм.  Ийнхүү УИХ-ын хаврын чуулган бүхэлдээ авлигын асуудлыг олон талаас нь авч үзэхээр байна.

 Түүнчлэн энэ удаагийн чуулганаар Боловсролын багц хуулийг эцэслэнэ. Энэ тухайд  олон нийтээр хэлэлцүүлэг өрнүүлж, чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломж бүрдэнэ гэж үзэж буй.  Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч ирээдүй гэрэл гэгээтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэлсэн” гэдийг тэмдэглээд нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжид мэдэгдэхүйц ахиц гарч, стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснийг  онцлов. Хэдийгээр эдийн засагт энэ мэт эерэг үр дүн гарч байгаа ч ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй валютын ханш, үнийн өсөлтийг нэн тэргүүнд хязгаарлаж, гадаад өрийн дарамтыг бууруулан, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогын цогц арга хэмжээ авах нь тулгамдсан чухал шийдвэрлэх асуудал болсныг мэдэгдсэн. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч гардаг. Үүнээс сэргийлэх, улс үндэсний эрх ашгаа дээдлэх нь нэн чухал.

Түүнчлэн цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралыг дагаж үүссэн боломжуудыг ашиглах ёстой. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоодын ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх шаардлагатай. Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна хэмээн  онцоллоо.  Хаврын ээлжит чуулганаар нийт 58 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн.  Үүнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиас гадна  Газрын багц хууль болон  Казино,  Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, морин уралдааны  тухай зэрэг анхаарал татахуйц олон чухал хуулийг хэлэлцэн батлах юм.

 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа 

Хаврын чуулганы нээлтийн дараа ҮАБЗ-өөс  гишүүдэд хаалттай мэдээлэл хүргэсэн. Дараа нь Хууль зүйн байнгын хороо хуралдан, хоёр асуудал хэлэлцлээ. ЦХХХЯ-наас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өргөн мэдүүлснээр намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн баталсан юм.  Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар  сарын 5-наас уг хуулийг мөрдөж эхлэх байсан ч  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьсан учраас үйлчлэлийг нь зогсоосон. Тиймээс Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы  эхний хуралдаанаараа тус хоригийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

Төрийн тэргүүний хувьд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын тайлбарласнаар Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. УИХ уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан болохыг  тодотгосон.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуусангүй. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир байр сууриа илэрхийлэхдээ “Хоригийн агуулга нь хуулийн төслийг баталсан үйл явцтай холбоотой, харин хуулийн зохицуулалтаас үүдээгүй” гэдгийг тодотгоод ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзах үеэр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон холбогдох хуулиудыг дэмжиж байсныг онцолж байлаа.  Цахим орчин дахь гэмт хэргийн хохирогч өдөр өдрөөр нэмэгдэж, цар хүрээ өргөжиж байгааг байгааг Ц.Сандаг-Очир гишүүн дурдаад, Засгийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдсан нөхцөлүүдийг хангаад дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд үг хэлсний дараа  санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж  үзэв. Ингэснээр энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Дараа нь  хаврын ээлжит чуулганын хугацаанд Хууль зүйн байнгын хорооны  хэлэлцэх асуудлын дараалал батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22