Б.Галсан: Шинэ сэргэлтийн бодлогыг залууст түгээхэд анхаарал хандуулна


МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо өнгөрсөн онд зохион байгуулсан ээлжит хурлаараа нэрээ сольсон. Түүнээс хойш нэг жил орчим хугацаанд багагүй ажил амжуулжээ. Тэдний 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд хийж, хэрэгжүүлсэн ажлынх нь талаар Социал демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Галсантай ярилцлаа.

 

-НАМЗХ нэрээ сольж, бүтэц, бүрэлдэхүүндээ ч бага зэрэг өөрчлөлт оруулснаас хойш үйл ажиллагаа явуулаад нэг жил болжээ. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж амжуулав?

-МАСЗХ, НАМЗХ-ны зүй ёсны үргэлж­лэл болсон Социал демократ Монголын залуучуудын холбоо өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 5-нд ээлжит их хурлаа зохион байгуулж, нэрээ сольсон. Түүнээс хойш маш олон ажил хийлээ. Нэн түрүүнд 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд байгаа салбар холбооны гишүүд, дэмжигчдэдээ чиглэсэн “Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүгээр дамжуулан бүх гишүүн дэмжигчдэдээ социал демократ үзэл баримтлалыг илүү энгийнээр хүргэж байна. Уг компанит ажил хагас жил орчмын хугацаанд үргэлжилж 30 мянган залууст хүрсэн. Өнөөдөр ч социал демократ гэдэг нэр томьёогоо нутагшуулах, хоног­шуу­лахад олон талт арга хэмжээг үргэлж­лүүлэн хэрэгжүүлж байна.

Хамгийн гол нь социал демократ үзэл баримтлалыг залуучуудад болон гишүүд, дэмжигчдэдээ илүү нарийн ойлгуулах, олон нийтэд хандсан кампанит ажил эхлүүлсэн. Үүний эхлэл болгож жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан “WHY-SD” буюу “Яагаад социал демократ гэж” гэдэг арга хэмжээг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулж, 280 гаруй залууг хамрууллаа. Уг уулзалтад нам бус залуучууд оролцож намын дэргэдэх залуучуудын байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, улс төрийн үзэл баримтлал гэж юу вэ, яагаад ийм үзэл баримтлалтай байх ёстой вэ гэсэн ухагдахууныг олж авсан. Мөн хувь хүний хөгжлийн сэдвээр илтгэлүүд тавилаа. Эхний уулзалтад Нийгмийн ардчилал залуучуудын академийн захирал Б.Золбадрал, “Илтгэх индэрийн ирээдүй” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Д.Хүрэлбаатар, “Эртэч Монгол” хөтөлбөрийн зохицуулагч, сургагч багш Б.Төмөр-Очир, МУБИС-ийн багш, доктор, улс төр судлаач Э.Гэрэлт-Од хүрэлцэн ирж залуустай сонирхолтой яриа өрнүүлсэн. Хөтөлбөрийн агуулга, хэлбэр хүрэлцэн ирсэн залууст маань  таалагдсанаар “SDY Up” клуб байгуулах эхлэл боллоо. Тодруулбал, СДМЗХ-г сонирхогч гишүүдийн клуб байгуулагдсан. Клубийн залуус холбооны үйл ажиллагааг дэмжиж, холбоо болон найз нөхдөдөө гүүр болж ажиллаж байна. Бид хүрээгээ тэлэхээр хоёр сар тутамд “WHY-SD” арга хэмжээн зохион байгуулах юм.

 -Социал демократ үзэл баримтлалыг сурталчлах ажил зохион байгуулж байгаа тухай ярилаа. Тэгвэл залуучууд, олон нийт намын дэргэдэх төрийн бус байгууллагын арга хэмжээг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хүн бүр адилгүй. Манайхаас явуулж буй үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ СДМЗХ-ны гишүүн болох зорилго өвөртөлсөн залуучууд олон байсан. Мөн ямар ч ойлголтгүй, түүнчлэн “Намын дэргэдэх байгууллага намаа л сурталчлах биз” гэсэн хандлагатай  хүмүүс ч ирлээ. Ирсэн залууст олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн илтгэгч нар илтгэл тавьж, СДМЗХ-ны талаар анхны мэдэгдэхүүн олгож байна. Ямар ч байсан хүмүүст таалагдаж, тодорхой хэмжээний ойлголт авсан тухайгаа оролцогчид хэлдэг. Манайх 2021 оны наймдугаар сард дэргэдээ НАЗА-ийг байгуулснаар 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн. Энэ сарын 5-11-нд дөрөв дэх удаагийн сургалтаа амжилттай зохион байгуулж, сургагч багш нараа бэлтгэлээ. Ингэснээр хоёр жил хүрэхгүй хугацаанд 90 сургагч багштай болжээ. Сургалтад зөвхөн аймгийн төвийнхөн, нийслэлд амьдардаг хүмүүс оролцдоггүй. Алслагдсан сум, баг, хорооноос оролцуулдгаараа онцлогтой. Нэг ёсондоо засаг захиргааны бүх нэгжээс ирж суралцдаг юм. Яагаад гэвэл анхан шатны нэгжид хүрч ажиллахад дутагдалтай байгаа ч бэлтгэсэн сургагч багш нар тухайн сум, дүүрэг, хороо, баг, орон нутаг­таа “Социал демократ” үзэл баримтлалыг сурталчлахаас гадна хувь хүний хөгжлийн тухай сургалтыг ч явуулах боломжтой болж байна. Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд СДМЗХ нь 21 аймаг,  есөн дүүрэг,  330  сумын салбар холбоодоор дамжуулан үйл ажиллагаа явуулахаас гадна дэргэдээ дөрвөн ч төрийн бус байгууллагатай.

-Социал демократ Монголын залуучуудын холбооны дэргэд хэд хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Хэд хэдэн төсөл хөтөлбөр, аян эхлүүлснийг мэдэх юм. Тэдгээр ажлын үр дүнгээс хуваалцана уу?

-СДМЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Золбадралаар ахлуулсан Нийгмийн ардчилал залуучуудын академи олон ажил хийж, хэрэгжүүлж байна. Дээр цухас дурдсанчлан “Training of Trainer” сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Б.Бумдарь захиралтай Стратеги академитай хамтран, Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан нарын дэмжлэгтэйгээр СДМЗХ-ны 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 90 сургагч багш бэлтгэсэн. НАЗА маань 35 мянган хүнд хүрч ажилласан байна. СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавзандоржоор ахлуулсан “Сошиал хаус” бодлогын хүрээлэн маань эмч, сувилагчдыг дадлагажуулах чиг­лэлээр япон хэлний “Бүнмэ” сургалтын төв, Японы эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 16 эмчийг Японд дадлагажуулжээ. Тэд арлын Японд дадлагажаад бүгд эх орондоо ирсэн. Харин СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэлмэгээр ахлуулсан Нийгмийн ардчилал залуучуудын сан маань эмнэлгийн анхны тусламжийн цуврал контентыг бэлтгэн олон нийтэд хүргээд байна. Мөн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангасан байна.

Төв холбооны зүгээс СДМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд, Н.Учралын санаачилгаар “Гэрэлтэх эхлэл” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор Эх нялхсын эмнэлэг, Улсын төв хоёрдугаар эмнэлэг, 14 аймаг, дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчдын амралтын өрөөг тохижуулаад байна.  Бидний энэ ажлыг Эрүүл мэндийн яамныхан сайшааж, цаашид хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Миний хувьд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад нэг сар орчим болж байна. Аль болох сум, ба­гууд руу, SDY-ийн эд эс болсон залуучууд руу хандсан бодлогын ажилд анхаарал хандуулж явна.

-Цаашид төлөвлөсөн томоо­хон ажлаасаа дурдвал?

-Ойрын хугацаанд төлөвлөсөн хамгийн том ажил бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд тайлбарлан таниулах, ач холбогдол, агуулгыг залууст ойлгуулахаар ажиллаж байна. Жишээ нь, “Шинэ сэргэлт” үндэсний уран илт­гэлийн тэмцээн зохион байгуулна. Түүгээр дамжуулан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олонд түгээх тал дээр анхаарал хандуулах кампанит ажил өрнүүлэн СДМЗХ-ны дэргэдэх, НАЗА-ийн Б.Зол­бадрал даргаар ахлуулан Тогт­вортой хөгжлийн зөвлөл төлөвлөлтөө гарган хэрэгжүүлэх юм. Зөвхөн төв холбоо гэлтгүй салбар холбоод маань багагүй ажил хийж байна. Тухайлбал, Б.Жавхлан даргатай Дархан-Уул аймгийн СДМЗХ маань “Нууцлаг баатрууд” контент хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд эмч, цагдаа, онцгой байдлын ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнийг өсгөхийн тулд орон нутгийн залуустай уулза

лт ярилц­лага зохион байгуулж, тэд­нийг алдаршуулах, баатарлаг түү­хүүдийг нь хуваалцдаг болжээ. Энэ бол сайн жишиг учраас Дар­хан-Уул аймгаар тогтохгүй 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлэх саналтай байна.

Түүнчлэн “Youth open forum” санаачилж, энэ са­рын 20-ноос хэрэгжүүлэх юм. Ингэснээр аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай гэх мэт нийгмийн бүхий л салбарын залууст тулгамдаж буй асуудлаар ярилцаж, шийдэлд хүрнэ. Тус санаачилгын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрүүл мэндийн сайд нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Социал демократ Монголын залуучуудын холбооны өдөр тутамдаа зохион байгуулж буй бүхий л ажилд холбооны ерөнхийлөгч Н.Учрал дэмжлэг үзүүлж, оролцож залуустаа урам зориг өгч байна. Эцэст нь хэлэхэд, манай холбоо намын дэргэдэх бүхий л байгууллагатай хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Холбооноос зохион байгуулж буй бүх ажилд манай Удирдах зөвлөлийн, бага хурлын гишүүд оролцох юм.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22