Г.Өсөхбаяр: Уулчдын оргил бэлд байдаг


Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.

-“Уулчдын өдөр”-ийг тохиолдуулан тантай ярилцаж байна. Та хэвлэлд ярилцлага өгөлгүй олон жил болсон. Манай сонины урилгыг хүлээн авсанд баярлалаа.  Уулчид энэ өдрийг ямар учир холбогдлоор нэрэмжит өдөр болгосон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сонин хэвлэлд ярилцлага өгөлгүй арваад жил болчихож.  Дөрөвдүгээр сарын 21 гэдэг их учиртай тоо л доо. Монголын уулчид нэг уулзаж ярилцаад “Хэдүүлээ уулчдын өдөртэй болъё” гэж шийдээд энэ өдрийг сонгосон. Монголчууд бидний шүтээн, төрийн тахилгат хайрхан Отгонтэнгэр 4021 метрийн өндөртэй. Яагаад монгол орны хамгийн өндөр цэг “Хүйтний оргил” биш гэж хүмүүс асуух байх. Бэлгэдэл талаас нь харсан ч, нийтээрээ мэддэг гэдэг утгаараа Отгонтэнгэр хайрхны өндрөөр “Уулчдын өдөр"-ийг сонгох нь зөв гэж үзсэн хэрэг.

-Зурагтаар л барааг тань харж, хүндэлж явдаг. Нүүр тулан ярилцах завшаан тохиосных дэлгэрэнгүй танилцъя?

-Би өмнийн цэнхэр говьд модон шилбүүр унаж, малчны хотонд тоглож өссөн хүн. 1978 оны морь жилтэй.  Удам судар гэхээр хүмүүс шиг язгууртан, баяд ноёд гаралтай гэж хэлж чадахгүй нь. Эцэг, эх маань эгэл жирийн л малчин хүмүүс. Манай удамд язгууртан ноёд, томхон лам ч байхгүй. Лам, нам хоёроос холхон  явсан улс гэх үү дээ.  Одоо ч тэгээд хүн бүр л боржигон овогтой, тайж гаралтай болсон юм биш үү. (Инээв) Хааяа найзуудаараа  тоглоом, наргиа хийнэ. “Би эгэл ард гаралтай учраас миний цус цэвэр. Харин тайж, ноёд гаралтай та нөхдийн цус эвгүй. Манжийн хаан нэг манж охинд гэг цол олгоод нэг ноёныг нь эфү болгочихно. Тэгээд л холилдсон цустай үр хүүхэд гараад ирнэ” гэдэг юм.

-Ингэхэд говь нутгийн хүү яаж яваад уултай холбогддог байна гэж хэн хүнгүй л боддог байх?

-Хүмүүс харин тэгж асуугаад байдаг юм. Алдарт Алтайн нурууны төгсгөл, урд үзүүр “Гурван сайханы нуруу” манай аймгийн нутагт бий. Манай нутаг далайн түвшнээс дээш 1600 метрт байдаг. Тэр их уулсын өлмийд модон шилбүүр унаж, малчны хотонд тоглож өслөө. Их уулсын бараа харж өссөн хүн өндөр өөд тэмүүлэх хүсэлтэй болдог байх. Гэтэл та бид хоёрын ярилцаад сууж байгаа Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1250 метр.

-Оргилд гарах...энэ яг ямар учиртай юм бэ. Би сайн ойлгодоггүй юм л даа?

-Өөрийгөө сорилтод дуудаж байгаа хэрэг юм уу даа. Оргилд хүрэх тэсвэр тэвчээр, эр зориг хангалттай байна уу. Оргилд хүрэх гэдэг... (бодолхийлэв). Нэг талаараа дэлхий дээр байгаа олон шашны үзэл санаа мэт санагддаг. Оргилд хүрэх нэг л цэг бий. Оргилоос хоёр метрийн доор очоод би оргилд гарлаа гэж хэн ч хэлэхгүй. Тэр цэг рүү аль замаар, ямар арга техникээр, яаж хүрэх нь тухайн уулчны л сонголт. Үүнтэй ижилхэн бүх шашны туйлын зорилго хүмүүнийг номхон хүлцэнгүй, гэгээрэл сэхээрхүйн оргил руу өөрсдийн арга замаар алхаж очдог лугаа адил. Амьдрал ч ялгаагүй. Хүн бүр жамаас зугтаж үл чадах тул очих цэг нэг. Түүнд хэрхэн хүрч очих нь тухайн хүний л сонголт гэж боддог.

-Нээрээ л уулын оргилд гарах, амьдралын эцсийн цэгт очих хоёр утга нэг юм байна. Тэнд хүрэхээр ямар сэтгэгдэл төрдөг юм бэ?

-Түрүүн би хэлсэн дээ, өөрийгөө ялан дийлэх. Өөрийгөө ялж, зорилгодоо хүрч чадна гэдэг хамгийн их сэтгэлийн баяр баясгалан. Ингээд би оргилд гарлаа. Энэ бол амжилтын дөнгөж 50 хувь, бүр 40 хувь ч байж магадгүй. Үнэндээ бол оргил бэлд бий. Оргилд гарлаа гээд уулчдын ажил дуусдаг юм биш. Үлдсэн 50-60 хувийн амжилт нь эсэн мэнд бууж ирэх. Хүмүүс уулчдыг оргил дээр гараад олимпын аварга шиг туг далбаагаа хийсгээд сэтгэл хөдлөлөө гаргадаг байх гэж боддог. Гэтэл дэлхий дээр найман мянгаас дээш метр хүрдэг 14 оргил бий. Ялангуяа энэ оргилууд дээр тэгж сэтгэл хөдлөлөө гаргах ямар ч боломж, нөхцөл, бололцоо байхгүй. Оргил дээр гарлаа, дээр хэлсэнчлэн туг далбаагаа барьж зургаа авахуулаад л буцахын түүс. Тэгээд эсэн мэнд бууж хамт олон, багийнхантайгаа амьд мэнд уулзах нь уулчдын амжилт байдаг. 1953 оны тавдугаар сарын 29-нд Дэнзэн Норгай, Эдмунд Хиллари хоёр хүн төрөлхтнөөс анх удаа дэлхийн дээвэрт гарч мөрөө гаргасан гэдэг. Гэтэл 1924 онд Жорж Маллори, Эндрю Ирвин нар Эверестэд гарахаар явсан байдаг. Багийнхан нь тэднийг оргилд хүрэхийн наад талд барааг нь харсан ч дахин хараагүй байдаг. 1999 онд 8155 метрийн өндөрт Жорж Маллорийн цогцос олдсон түүхтэй. Маллорийн хувцасны халааснаас нарны шил олсон боловч оргилд гаргана гэж амласан эхнэрийнх нь зураг олдоогүй нь маргаан дагуулдаг. Тэдний авч явсан зургийн аппарат олдлоо гэхэд сонин хэвлэлийнхний дунд тэр аппаратаас гарах зураг маш их үнэд хүрсэн. Гэтэл нэг сурвалжлагч Эдмунд Хиллари дээр очоод “Ирвин, Маллори нарын цогцос, аппарат хоёр олдлоо. Хэрвээ аппаратаас гарах зурагт  тэр хоёрын оргил дээр гарсан зураг байвал та Эверестэд гарсан анхны хүн биш болох нь байна” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд Эдмунд Хиллари үнэхээр гайхалтай хариулт өгсөн. “Өө маш сайн. Хэрвээ тийм зүйл болсон бол би Эверестэд гараад амьд бууж ирсэн анхны хүн болох нь байна” гэж хариулсан. “Амьдрал бол эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах” гэж Б.Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг даа.

-Дэлхий дээр байх хамаг өндөр оргилууд дээр хүний мөр гарлаа. Эдгээр оргилд гарч үзээгүй хүмүүст гарч үзэхсэн гэдэг тэмүүлэл мөнхийнх байх. Ингээд цаашдаа энэ спорт яаж хөгжих юм бэ?

-Нэг талдаа таны хэлдэг шиг оргил өөд тэмүүлэх хүмүүсийн хүсэл, тэмүүлэл мөнхийнх байх нь гарцаагүй. Харин нөгөө талдаа энэ спорт өндөр уулын аялал гэдэг чиглэлээр хөгжөөд явж байгаа үйл явцыг ажиглах болсон. Ууланд авирах гэдэг яг л үе давах тоглоомтой адил. Өнөөдөр та 2000 метрт гарлаа гэхэд “Өө болж байна, дараагийн удаа  3000 руу авираад үзье” гэх зэргээр дэлхийн дээвэрт гарах тэмүүлэлтэй болдог. Зарим хүнийг ажиглаж байхад зүгээр л инстаграм хаягаа олон дагагчтай болгохын тулд ууланд авирч байх жишээний. Би одоо нэг тайвань бүсгүйг хараад л байгаа юм. Тэр бүсгүй бол цахим хаягаа олон хандалттай болгох гэж л ууланд авирч байна. Тэгж ч чадаж байгаа бололтой харагддаг.

-Монголд таны хэлсэн өндөр уулын аялал хөгжих боломжтой юу?

-Харин мундаг хөгжөөд байгаа юм биш үү. Амралтын өдрүүдээр Богд уул маань битүү л хүнтэй болчихсон байгаа харагддаг.

-Хүмүүс эрүүл мэнддээ анхаараад алхаж, аялж, байгальд гарч байгаа нь сайн л хэрэг.  Гэхдээ байгаль экологи сүйрэх сөрөг үр дагавар бий. Гадаадын уулчид ирж авирч үзэхсэн гэж боддог тийм өндөр уулс манайд байдаг юм болов уу. Би уулын аялал гэж асуухдаа тэднийг бодож л асуусан юм?

-Бадарчин явсан газар балагтай, батгана суусан бол өттэй гэдэгчлэн манайхан аялж үнэхээр сураагүй хүмүүс. Нийтээрээ биш л дээ.  Амиа бодсон хэдхэн увайгүй хүнээс болоод монголчуудаа ингэж хэлэх хэрэг гарах юм. Алтай Таванбогд зэрэг оргил руу монголчууд аялах л юм. Отоглоод явсан газартаа байгаль экологид хор хохирол учруулах хэмжээний хог новш үлдээснийг нь харахаар  “Аялаад ч хэрэг байна уу даа” гэж боддог. Гадаадын уулын аялал сонирхогчдын хувьд  Монголд ирэх хүсэл маш их. Ганцхан зүйлд гацаад байдаг нь манайх руу ирэх онгоцны тийзийн үнэ. Аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж ярих боловч тэр жуулчдаа авчрах онгоцны тийзийн асуудлыг л зохицуулахгүй байна шүү дээ.

-Өсөхбаяр гавьяат гэхээр хүмүүс өндөр, өндөр уулсын рекорд амжилтаас гадна, Хойд мөсөн далайн аяллын тухай дурсах байх?

-Миний нэр дээр уултай холбоотой хэд, хэдэн дээд амжилт бий. Би ууланд авирахдаа нэр алдрын талаар бодож явдаг юм биш. Зүгээр л бусад орны хүн чадаж байгаа юмыг яагаад монгол хүн чадахгүй гэж. Өөрийгөө сориод үзье, монгол хүний тэвчээр хатуужлыг харуулъя л гэж явснаас “Энэ оргилд гарвал Гавьяат болчих байх” гэж бодож явсангүй. Тиймээс би арваад жил сонин хэвлэлд ярилцлага өгөлгүй явжээ. Одоогоос яг арван жилийн өмнө 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу өөрийнхөө төрсөн өдрөөр Хойд туйлын 90 градуст Монголын тугийг хатгаж байлаа. Ер нь хаа ч явсан Монголынхоо туг, далбааг Монголын хийморь сүлд гэж бодож авч явж намируулах дуртай. Хойд туйлын аяллыг олон жил бодож төлөвлөсөн. Тухайн үед БТСУХ-г тэргүүлж байсан чөлөөтийн Б.Наранбаатар гавьяат маань миний аяллыг маш их дэмжсэн. 1972 онд Монголын туг Өмнөд туйлын нэг арал дээр мандаж. 1981 онд монгол төрийн далбаа сансарт гарч. Одоо Хойд туйлд монгол төрийн далбааг зоох ёстой гэдэг бодол надаас салаагүй. Энд Өсөхбаяр, Гүррагчаа гэдэг хүмүүсийн нэр хамаагүй монгол төрийн далбаа л гэж ярина.

-Хойд туйлын аялалд ганцаараа явсан уу?

-Тэгсэн. Эндээс ганцаараа яваад очингуутаа бусад орны аялагчтай нийлсэн. Бусад орны аялагчтай нийлж гараанд хүрэх онгоцоо хөлслөхгүй бол угаасаа би дангаараа хөлсийг нь дийлэхгүй. Гараа гэдэг маань Хойд туйлын 89 градус яг бариа хүртэлх зам 110 километр. Шулуунаар явбал 110 километр ч гэлээ бидний аяллын зам тоймгүй.

-Чигээрээ явдаггүй гэсэн үг үү?

-Чигээрээ явах ямар ч боломжгүй. Яагаад гэхээр Хойд мөсөн далайд хар хил, цагаан хил гэж хоёр том саад бий. Том нууртай нутгийнхан бол гадарлана. Цагаан хил гэдэг том, том мөсөн овоорго бий болсныг хэлдэг. Зарим цагаан хил хэдэн давхар байшинтай тэнцэхүйц, бүр орой нь харагдахгүй хүртэл байх. Асар өндөр даралттай ус, мөсөн дор давлагаалж, цалгилж байгаа. Тэр цалгиа, давлагаанд нь хагарсан мөс, эсрэг мөсөн тавцантайгаа мөргөлдөөд босоод ирсэн байгаа нь тэр. Ийм цагаан хилийг тойрохыг нь тойроод, давахыг нь даваад гарч болдог. Харин хар хил гэдэг нь мөс хагараад ус нь мэлтэгнээд байж байхыг хэлдэг. Ийм саадыг даваад харайгаад гарчих боломжгүй болохоор төгсгөл нь хаа хүрнэ, тэр хүртэл явна. Зарим өдөр нэг дороо эргэсээр байтал өдөр өнгөрнө. Өдөр өнгөрнө гэснээс тэнд цагаар л баримжаа авна. Бид дөрөвдүгээр сард буюу Хойд туйлын зун цагт очсон. Нараар баримжаалах боломжгүй. Нар нэг л газраа  байгаа мэт сэтгэгдэл төрөх нь гачлантай. Явж явж харна, нар нөгөө л байрандаа. Унтаад сэрэхэд нар нөгөө л байрандаа.

-Ямар ч баримжаагүй болохоор галзуурмаар юм байна?

-Би 2013 онд явсан. Тэгэхэд интернэт, цахим ертөнц өнөөгийнх шиг биш ч гэлээ мэдээлэл авч болдог байсан. Явахаасаа өмнө судалгаа хийж, интернэт ухаж, ном ч уншлаа. Хойд туйлд очсон хүн сэтгэл санаагаар унадаг, галзуурдаг, амиа хорлодог гэсэн түүх, яриа их байна. Надад бол амархан санагдаад байдаг. Чаргаа чирээд, цанаа углаад, үүргэвчээ үүрээд л гулгаад явмаар. Тэгээд дээрээс нь өндөр ууланд гардаг шиг хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй юм чинь гэсэн шүү юм л бодоод байлаа. Гэтэл яг Хойд туйлд очихоор монгол хүний нараар баримжаалдаг цаг хугацаа, зүг чиг, орон зайн мэдрэмж юу ч байхгүй болдог. Яг тийм мэдрэмж байхгүй болохоор  галзуурч мэдэх юм билээ. Ямар сайндаа л би гурав, дөрөв дэх хоногтоо хаашаа, юунд, яах гэж явж байгаа билээ гэж бодож байх вэ. Тэгээд л явахаасаа өмнө уншиж байсан ном санаанд орсон. “Өнөөх галзуурна гэдэг нь энэ юм байна” гэж ойлгоод өөрийгөө хянаад эхэлсэн. Дуулах, өөртэйгөө ярих, бүр хацар амаа алгадаж ч үзнэ. Хамгийн аймаар нь нар хөдлөхгүй. Уг нь дэлхий эргэдгээрээ эргэж л байгаа. Гэтэл бид орчлонгийн яг зулай дээр нь гарсан.  Бөмбөгний  голыг нь олоод хуруун дээрээ эргүүлж байгаа хүн харсан биз дээ. Яг түүн шиг дэлхийн тэр нарийн цэг дээр бид зогсож байгаа хэрэг. Бүх зүг өмнөд. Өрнө, Дорно, Умард зүг гэж байхгүй. Өмнөд туйлд очвол эсрэгээрээ бүх зүг умард болно.

-Цаашид өөрийгөө сорьж, дээд амжилт тогтоох төлөвлөгөө олон байгаа юу?

-Би 2005 онд Эверестэд анх удаа Непал талаас нь авирч төрийн далбаагаа мандуулж байсан бол 2006 онд БНХАУ-ын Төвөд талаас анх удаа монгол хүн гарч байлаа. Тэр үед өөртөө тавьсан нэг том зорилго бол дэлхийн долоон тивийн ноён оргил, хоёр туйлын эцсийн цэг дээр монгол төрийн далбааг мандуулах байсан. Зорилго маань нэлээд бүтэмжтэй явж ирсэн. Азийн оргил Эверест, Европын ноён оргил Эльбрус, Африкийн хамгийн өндөр Килиманжаро, Австралийн оргил Косцюшко, Хойд Америкийн Денали, Өмнөд Америкийн дээвэр Аконкагуа  зэрэг  ноён оргил дээр гарч, Хойд туйлын эцсийн цэгт хүрсэн. Одоо надад Антарктид тивийн эцсийн цэгт хүрч, хамгийн өндөр ууланд нь гарах зорилт дутуу байна. Хэвлэлд ярилцлага өгөхийг хүсдэггүйгээ танд хэлж байсан даа. Энэ удаад танай сонинд ярилцлага өгч байгаа учир нь нэгдүгээрт, “Монголын үнэн” сонины энэ дугаар “Монголын уулчдын өдөр” буюу дөрөвдүгээр сарын 21-нд гарах юм байна. Хоёрдугаарт, миний Хойд туйлын 90 градуст очсоны 10 жилийн ой тохиож байна. Ингээд Монголын нийт уулчдадаа билэг ерөөлт “Уулчдын өдөр”-ийн мэнд хүргэе.


Трамп Төмөрөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө