Ц.Даваажаргал: Гүйлтээрээ байгаль дэлхийгээ хайрлахыг уриална


Нэг жилийн өмнө овортой ачаа тавьсан усны түрдэг тэргийг нуруунаасаа бэхэлж гүйсэн залууг та бүхэн мартаагүй байх. 2500 км гүйсэн түүнийг Ц.Даваажаргал гэдэг бөгөөд Өвөрхангай аймгийнх.

Олны анхаарлыг татах сонирхолгүй байсан нь түүнийг гүйлтээ шөнийн 01:00 цагт эхлүүлэхэд ийн нөлөөлсөн гэнэ билээ. Гэхдээ л цахилгаан холбоо, интернэт хөгжсөн энэ үед тэр сошиалаар олны танил болсон юм. Ц.Даваажаргал ямар нэгэн шагнал горьдоогүй, өөрийгөө ялан дийлэхийг л хүсжээ. 2500 км замыг хэн нэгний тусламжгүй туулахдаа зам дагуу аймгуудын нутагт босгосон үндэсний бөхийн аваргуудын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байдаг. Улаанбаатар-Төв-Архангай-Увс-Баян-Өлгий-Өвөрхангай гэсэн маршрутаар өнгөрсөн жил гүйжээ, Ц.Даваажаргал. Түүний хувьд Монголын хэт холын марафоны холбооны тамирчин, 24 цагийн гүйлтийн улсын аваргын мөнгө, хүрэл медальтай. Ээжээсээ зөвшөөрөл авч, өнгөрсөн жилийн есдүгээр сард гүйлтийн замдаа гарсан тэрбээр энэ удаа долдугаар сард 3000 км зам туулахаар бэлтгэлдээ гарчээ. Ээлжит гүйлтээрээ тэр зүүн аймгуудыг зорино. Тодруулбал, Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй гүйхээр зэхэж байна.

Ц.Даваажаргал бага насандаа ойр дотнынхоо олон хүнийг хорвоогийн мөнх бусаар алдаж, бишгүй зовлон туулжээ. Цэргийн алба хаагаад ирэхэд эмээ нь, бас хайртай нагац нь өөд болсон байж. Тэр өнгөрсөн жилийн гүйлтийнхээ үеэр “Би бурхан болоочдоо маш их санадаг, шаналдаг. Тэднийхээ дурсгалыг хүндэтгэж, дотор байгаа хагацал гунигаа ялж, өөрийгөө ирээдүйд бэлтгэхийн тулд ингэж яваа” гэсэн юм. 3000 км гүйхээр бэлтгэлдээ орсон Ц.Даваажаргалтай  хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

-Хөнгөн атлетик дундаа холын зайн гүйлтийг сонгосон шалтгаан юу байв?

-Өөрийгөө ялан дийлэхүйн бэлгэ тэмдэг гэдэг утгаараа хэт холын марафоныг сонгосон. Зургаан жил энэ спортоор хичээллэхдээ хэд хэдэн амжилт гаргалаа. Хамгийн сүүлд л гэхэд 2500 км гүйж, өөрийгөө ялсан.

-Бага насандаа бусад спортоор хичээллэж байсан уу?

-Чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Би хоёр талаасаа бөхийн удамтай. Миний хоёр өвөө аймгийн арслан цолтой байсан юм. Хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэдэг ч гүйх дуртай. Ер нь хоёр талынхаа бөхийн удмыг таслахгүйн тулд чөлөөт бөхийг сонгосон юм. Гэхдээ надад тохирох спорт биш учраас гүйлт рүү “урвасан”. Цэргийн алба хаахдаа гүйлтийн спортод улам ихээр дуртай болсон. Халагдаж ирснийхээ дараа эргэлт буцалтгүйгээр гүйлтийг сонгосон.

-Чөлөөт бөхөөрөө тууштай барилдсан бол амжилт үзүүлэх байсан уу. Бөхөө орхиход гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

-Хүн дуртай зүйлээрээ л амжилт гаргана гэж боддог. Дургүй зүйлд мянган удаа хүчилсэн ч амжилт үзүүлэхгүй. Хэдийгээр би бөхийн удамтай ч миний сонирхол өөр байлаа. Чөлөөт бөх бол манай гэрийнхний сонголт юм.

-Зургаан жилийн хугацаанд ямар амжилт гаргасан бэ?

-Хэт холын марафон гүйлтийн улсын аваргаас мөнгө, хүрэл медаль авч байсан. Ер нь холын зайн гүйлтийн тамирчны баримтлах гол зарчим нь замаа дуусгах шүү дээ. Замаа дуусгаж чадвал тэр хүн амжилттай гүйлээ гэж үзнэ. Тиймээс би медалийн төлөө бус замаа дуусгахын төлөө л гүйдэг. Хэдэн ч километр гүйсэн заавал үндсэн замаа дуусгаж байж л санаа амардаг хүн. Олон улсын тэмцээнд хараахан оролцож чадаагүй л явна. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байгаа юм.

-3000 км гүйх тухай сонссон. Энэ талаараа мэдээлэл хуваалцах уу?

-Тийм ээ, ирэх долдугаар сард замдаа гарна. Үндсэндээ нэг сарын хугацаанд гүйх юм. Өдөрт 100 км замыг 16-18 цаг гүйхээр төлөвлөсөн. Тэгээд 30 хоногт багтаан бариандаа орох зорилготой. Өнгөрсөн жил 2500 км гүйсний дараа энэ амжилтаа ахиулах ёстой гэсэн бодол төрсөн. Одоогоор Монголд 3000 км замыг 30 хоногт туулсан хүн байхгүй.

-Гүйлтийн гол зорилго юу вэ?

-Монголын ард түмэнд байгаль, эх дэлхийгээ хайрлахыг уриалах зорилготой юм. Мөн өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзэлтэй.

-Өнгөрсөн жил ачаагаа тэргэн дээр тавьж, чирээд ганцаараа гүйсэн байдаг. Энэ жил ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг явах юм. Зураглаач, эмч, жолооч, тэгээд би. Өөрийнхөө гүйлтийг баримтжуулах үүднээс багаар явахаар шийдлээ. Өнгөрсөн жил намайг 2500 км гүйхэд зарим хүн итгэхгүй байх хандлага гарсан. Би үнэхээр гүйж чаддаг, хэн нэгнийг хуурах шаардлагагүйгээ нотлохын тулд зураглаачтай явж, гүйлтээ баримтжуулна.

-Санхүүгийн асуудал, зардлаа хэрхэн зохицуулах вэ?

-Өмнө нь гүйхдээ цалингаа хурааж байгаад л гүйсэн. Энэ удаагийн гүйлтээ өөрийн ажилладаг “Витафит” компанийн 26 жилийн ойд зориулж байгаа юм. Санхүү, зардлын асуудлаа бага багаар шийдвэрлэнэ дээ.

-Маршрутаа тодорхой болгосон уу?

-Улаанбаатараас гараагаа эхлүүлж, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Шилийн богдод хүрнэ. Тэндээсээ Өмнөговь-Өвөрхангай-Баянхонгор-Архангай-Булган-Хөвсгөл-Хатгал гэсэн маршрутаар гүйх юм. Үндсэндээ гүйлтээ Хөвсгөл далайн эрэгт дуусгана гэсэн үг.

-Сонирхолтой маршрут сонгожээ. Замаа судалсан уу?

-Судалсан. Зарим хэсэгтээ эвгүй замтай. Сүхбаатараас Өмнөговь, Өмнөговиос Өвөрхангай хүртэл дан шороон замаар гүйнэ. Сүхбаатараас Өмнөговь хүртэл айл багатай, бартаатай явахад хүндрэлтэй юм билээ. Гэхдээ нэгэнт шийдвэр гаргасан учраас бэлтгэлээ сайтар хангаж байгаад зориглоод гүйнэ. Өмнөговь хүрчихвэл цаашаа зам гайгүй.

-Өнгөрсөн жил усны тэрэг чирээд 2500 км замыг туулахаар гүйхдээ шантраад, замаасаа буцах хүсэл төрж байв уу?

-Байсан. Гэхдээ монголчууд надад урам хайрлаж, дэмжсэн. Монголын ард түмэн ямар тусархуу, нөхөрсөг, сайхан зан чанартайг тэр үед л мэдэрсэн. Зам дагуу гүйж байхад хүмүүсийн хандлага үнэхээр гоё байсан шүү. Хүмүүс урам өгч байхад надад буцах эрх байгаагүй. 

-Ярилцсанд баярлалаа. Гүйлтэд нь амжилт хүсье? 

 -Намайг дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа. Долдугаар сард гүйлтээ амжилттай дуусгаад ирнэ. Миний бичлэгийг үзэж надад урам зориг хайрлаарай. “Витафит” компанийн хамт олондоо 26 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө