Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр Катарын Доха хотноо хөшгөө нээнэ. Найм хоног үргэлжлэх тэмцээнд 99 орны 670 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгсөн бөгөөд маргааш сугалааны үйл ажиллагаа болно. Тэмцээний эргэн тойрон дахь сонирхолтой мэдээллийг багцлан хүргэе.
ДАШТ-д монголчууд
Монголын эрэгтэйчүүд 1973, эмэгтэйчүүд 1995 оноос дэлхийн аваргад өрсөлдөж эхэлсэн. Одоогоор таван алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчраад байна. Монголын жүдочдоос дэлхийн аваргын анхны медалийг 1989 онд хуучнаар Югославын Белград хотын тухайн үеийн “Хала Пионир” ордонд болсон ДАШТ-ээс Дашгомбын Баттулга (60 кг-д хүрэл), Одвогийн Балжинням нар ( -95 кг мөнгө) эх орондоо анх авчирсан түүхтэй. Тэгвэл Катарын Доха хотноо зохион байгуулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 18 тамирчин зодоглох юм. Энэ удаа эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч гэмтлийн улмаас өнжих нь. Тиймээс уг жинд манайхаас тамирчин оролцохгүй. Ингэснээр дүрмийн дагуу гурван жинд хоёр жүдоч сойхоор болсон. Тэгвэл Монголын жүдогийн холбооны удирдлагууд дасгалжуулагч нартай зөвлөлдсөнөөр 48, 52, 57 кг-д давхарлахаар шийдсэн. Эрэгтэйчүүдийн 66, 73 кг-ын жинд хоёр тамирчин сойно. Дохад очих бүрэлдэхүүнээс Б.Эрхэмбаяр, М.Нандин-Эрдэнэ, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн нар анх удаа ДАШТ-д зодоглох юм. Шигшээ багийнхны дэлхийн аваргын сүүлчийн бэлтгэлд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашням оролцсон бөгөөд энэ үеэр дэлхийн аваргаас алтан медаль хүртвэл 10, мөнгийг тав, хүрэл медалийг гурван сая төгрөгөөр урамшуулахаа амлав. Дохагийн ДАШТ-ий хэсгийн болон финалын барилдааныг Монголд С1 телевиз орон даяар шууд дамжуулна.
Дохад хүч үзэх Монголын жүдочид:
Эрэгтэй
60 кг: Энхтайваны Ариунболд
66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Батхуягийн Гончигсүрэн
+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэй
48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
-78 кг: Отгонбаярын Хүслэн
+78 кг: Амарсайханы Адъяасүрэн
Ч.Болдбаатар: Манайхан гурван жингээс бусдад нь медаль авах боломжтой
Дэлхийн аваргад оролцох Монголын шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сүүлч өнөөдөр Дохаг зорьж байна. Тэднийг хилийн дээс алхахын өмнө шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Манайхан ДАШТ-д өрсөлдөхөд бэлэн болжээ. Бэлтгэл ханасан гэж үзэж болох уу?
-Шигшээ багийн жүдочид жилийн дөрвөн улирлын турш тогтмол бэлтгэл хийсэн. Харин өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Төв аймгийн Батсүмбэр суманд “Чампион кэмп”-нд 21 хоногийн цугларалтад гарлаа. Тамирчдын бэлтгэл сайн байгаа. Энд цугларалтад гарахад бүх талаар тусалж, дэмжсэн холбооны удирдлагууддаа талархал илэрхийлье.
-Өнгөрсөн жил алтан медальтай ирсэн шүү дээ. Энэ жилийн тэмцээнийг дасгалжуулагчийн зүгээс хэрхэн харж байна вэ?
-Мэдээж бүх жиндээ найдаж байгаа. Шуудхан хэлэхэд 70, -78, 81 кг-аас бусад жинд медаль авах бүрэн боломжтой. Ямар ч байсан медалийн буухиагаа таслахгүй гэдэгт итгэлтэй байна.
-Сүүлийн үед Монголын хүнд жингийнхэн эрс сайжирсан. Тэр хэрээр сонирхогчдын төдийгүй, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боллоо. Тэдэнд бэлтгэл хангагчийн асуудал учир дутагдалтай байсан. Үүнийг шийдэж чадсан уу, эсвэл хэвээрээ юү?
-Яг үнэндээ хүнд жингийнхэнд бэлтгэл хангагч дутагдалтай л байна. Манай барилдах дуртай, сонирхолтой залуучууд жин нь 90 кг-аас дээш гарвал үндэсний бөх рүү хошуурдаг болсон. Нуулгүй хэлэхэд, их спортын бэлтгэлийн ачааллыг даадаг залуучууд цөөрсөн. Сэтгэл зүйн хувьд ч ялгаагүй.
-Дэлхийн аваргын өмнө бусад орныхон олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдлаа. Тухайлбал, Узбекистан, Бельгийн жүдочид Японд бэлтгэл хийгээд Дохад очиж байна. Манайхан ийм боломж байсан уу?
-Нэгдүгээрт, хамтарсан бэлтгэлд оролцохын тулд мөнгө, санхүү шаардлагатай. Хоёрдугаарт, монгол хүний биеийн байдал хаврын цагт сулардаг онцлогтой. Тиймээс дотооддоо бэлтгэл хийхийг илүүд үзсэн. Өмнө нь хамтарсан бэлтгэлд оролцсон учраас энэ удаа өнжихөөр шийдвэрлэсэн. Дотооддоо бэлтгэлээ маш чамбай хийлээ.
-Баярлалаа. Монголын далбаа Дохагийн тэнгэрт олонтаа мандаж, төрийн дуулал эгшиглэж, баяртайгаар уулзацгаая?
-Баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.
Оросууд шоконд оруулж, украИнчууд мэдүүлгээ татав
Жүдогийн ДАШТ-д оролцох орнуудын мэдүүлэг хаагдах хүртэл бүх зүйл ном ёсоороо явж байлаа. Туркууд 99 дэх орноор мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ өгч буй хамгийн сүүлчийн орон хэмээн зарлаж байв. Гэвч мэдүүлгийн цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө оросууд ороод ирэх нь тэр. Ингэхдээ улсынхаа жүдо бөхийн нэрийн дор, Оросын далбаа мандахгүй, Төрийн дуулал эгшиглэхгүй гэсэн тохиролцоотой. Ингээд Мадина Таймазова, Тамирлан Башаев, Алиса Кузнецова, Яго Абуладзе тэргүүтэй 18 жүдоч ирэхээр болов. Уг мэдүүлгээс хойш 24 цагийн дараа Украины жүдо бөхийн холбоо мэдэгдэл гаргасан бөгөөд тамирчдаа Доха руу илгээхээс татгалзаж, нэрээ татлаа. Энэ талаар Украины шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виталий Дубров “Олон улсын жүдо бөхийн холбооны сайтаас мэдүүлэг өгөх сүүлийн өдөр оросуудыг бүртгэснийг олж мэдлээ. Бид эрүүл ухаан ялан дийлнэ гэж найдаж байсан. Харамсалтай нь орос рубль эрүүл ухааныг дийллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос “Энх тайвны гүүр” зэрэг уламжлалт хэдэн үгээ хэлээд дараа нь олимпын эрхийн тэмцээнд бүх тамирчин эрх тэгш өрсөлдөх ёстой гэж мэдэгдлээ. Ингээд орос тамирчдын мэдүүлэг гарч ирснээ орой нь Беларусийн тамирчдыг нэмж бүртгэсэн. Тивийн аваргад чансааны эхний 100-д багтдаг тамирчид оролцдог дүрэмтэй. Харин дэлхийн чансааны 175, 215-д бичигддэг беларусь тамирчдыг ч нэмжээ. Оросын шигшээ багийг хүчний байгууллагад алба хаадаг цэргийн албан хаагчид бүрдүүлсэн. Тэднийг хаана харьяалагддаг эсэхийг хэн ч шалгаагүй байна. Бид оролцохгүй” гэжээ. Тэгвэл Украины жүдогийн од олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Дарья Белодед инстаграм хуудастаа “Энэ тэмцээнд бид оролцохоор бэлтгэж байсан юм. Гэтэл тэмцээний мэдүүлэг өгөх сүүлийн өдөр алан хядагч Оросын тамирчдын нэр бүртгэлд гарч ирлээ. Хамгийн сонирхолтой нь энэ биш. ОУОХ-ноос Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулах нөхцөл тавихдаа арми, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчдыг оруулж болохгүй гэж ойлгомжтой заасан. Гэтэд ДАШТ-д оролцох орос жүдочид бүгд цэргийн албан хаагчид байна. Өдөр бүр украинчуудыг алан хядаж байгаа алан хядагч улсын цэргийн алба хаагчдыг олон улсын тэмцээнд оруулахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж бичжээ.
Түрүүлсэн жүдоч 26 мянган евро хүртэнэ
Катарын Доха хотод 670 орны жүдочид цуглаад байна. Тэмцээнд Африкийн 22, Азийн 17, Европын 39, Америкийн 18, Далайн гурван орны жүдочид өрсөлдөх нь ээ. Жин тус бүрдээ түрүүлсэн жүдоч 26 евро хүртэнэ. Харин мөнгөн медалийг 15000, хүрлийг 8000 евро дагалдах юм. Тэгвэл холимог багийн барилдаанд түрүүлсэн нь 90 мянган евротой гэртээ харина. Мөнгөн медальд 60 мянга, хүрэл авбал 25 мянган евро гардах юм. Монголчууд багийн тэмцээнд гурван медаль хүртсэн. Гэхдээ холимог системээр зохион байгуулснаас хойш хараахан медалийн тавцанд зогсож чадаагүй яваа. Холимог багийн тэмцээн эмэгтэйчүүдийн 57, -70, +70, эрэгтэйчүүдийн 73, -90, +90 кг-ын жинд болно.
Дохад барилдахгүй томчууд
Дэлхийн аваргад ямар хүмүүс барилдах нь үргэлж анхаарал татаж байдаг. Эрэгтэйчүүдийн долоон жинд 40-60 тамирчин зодоглоно. 60 кг-ын жинд хамгийн бага буюу 40 тамирчин мэдүүлэг өгсөн бол 90 кг-д 60 жүдоч хүч үзэх нь ээ. Энэ нь тухайн жингийн хувьд дээд үзүүлэлт юм. Эрэгтэйчүүдээс өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Узбекистаны Давлат Бобонов зодоглохгүй. Тэрбээр Японд дэлхийн аваргын өмнөх хамтарсан бэлтгэл хийж байхдаа бэртэл авснаар тэмцээнийг өнжихөөр болжээ. Мөн 60 кг-д дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэтэй Рюжү Нагаяма өнжиж байна. Тэгвэл эмэгтэйчүүдээс -78 кг-д өнгөрсөн жил түрүүлсэн Бразилын Майра Агуайар бэртлийн улмаас өнжихөөр болов. Мөн 52 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч Их Британийн Челсий Гилес, -78 кг-д дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэтэй Францын Маделин Малонга, +78 кг-д дэлхийн чансааны дөрөвдүгээрт жагссан Японы Вакаба Томита нар Дохад ирэхгүй.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна